| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2511 00571 1030 |
| Дугаар | 2026/ДШМ/533 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/533
Г.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Н.Баатардорж,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-т холбогдох эрүүгийн 2511 00571 1030 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Г-ын С-, 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ДГ-/;
Шүүгдэгч Г.С- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Л.М-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал, бөмбөлгийн дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цээжний баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн хоншоор, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн шанааны цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-аас 1.698.550 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.М- энэ хэргийн улмаас хийлгэсэн болон цаашид хийлгэх эмчилгээний баримтаа, мөн гэм хорын хохирлын баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.С-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.С- нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид яаралтай түргэн тусламж дуудаж эрүүл мэндийн тусламж үзүүлсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан 1.698.550 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Хохирогчийн зүгээс ч өөрийнхөө буруутай байдлаа хүлээн зөвшөөрч “Магадгүй би жаахан ёс зүйгүй авирласнаас болж муудалцсан байх гэж бодож байгаа”, “Би сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгохгүй”, “Надад гомдол санал байхгүй. Надад С-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд хохирогчоор дахин мэдүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм шүүлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалтын дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг судлаагүй ялангуяа сонгох санкцтай гэмт хэргийн тухайд хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх талаар санал, дүгнэлт хийгээгүй болох нь шийтгэх тогтоолоос харагдаж байна. Г.С- нь хавар зуны улиралд барилгын ажил хийдэг бөгөөд ганц бие, өндөр настай аавыгаа харж хандаж ундны ус, түлээний мод нүүрс зэргийг нь дөхүүлж өгөх зэргээр аавыгаа асран хамгаалах үүрэгтэй ганц хүү нь юм.
Иймд шүүгдэгч Г.С-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болон торгуулийг хөдөлмөр эрхэлж төлөх хүсэлтэй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван дөрвөн мянган нэгжээр торгох ялыг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэв.
Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.С- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Л.М-ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал, бөмбөлгийн дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цээжний баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн хоншоор, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн шанааны цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Л.М-ын “... Би тухайн өдөр хажуу айлд хувийн ажилтай байсан. Тэгээд тэр өдөр хүмүүс маань байхгүй байснаар би гэрийнхээ хажуу айл болох С-ынд ороход Содоо ганцаараа байсан. Тэгээд С- бид хоёр нэг шил архи уусан. Архи уугаад маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Цааш нь юу ч санахгүй байна. Бид хоёр ерөнхийдөө зодолдож л байсан. Архи булаацалдаад л байх шиг байсан. Надад гадагшаа гарсан талаар санах юм алга. Содоогоос өөр тэнд уулзах хүн байхгүй, ажлын өдөр байсан учир...” /хх 9/,
гэрч Л.Л-ийн “...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай төрсөн ах болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын хаягт амьдардаг Л.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэнтэй маргасныг мэдэхгүй. Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт хүргэгдэж очсон. Тэгээд би очиж ахтайгаа уулзахад ухаан санаа нь орж гараад юу ярьж байгаагаа мэдэхгүй байдалтай байсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед би ах Л.М-тай уулзахад хөршүүд болох Цагаанбаатар, С- гэх 2 хүнтэй архи уугаад маргалдсан байж магадгүй, нэлээн согтуурсан байсан учир сайн санахгүй байна гэх зүйл ярьсан болохоор би цагдаад хандаж шалгуулахаар болсон юм. ...С- гэх залуутай маргаад байснаа санаж байна. Зодолдсон талаар бол яриагүй, яг хэлэхгүй байгаа юм...” /хх 16/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2051 дугаартай “...Л.М-ын биед тархины баруун тал, бөмбөлгийн дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цээжний баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн хоншоор, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн шанааны цус хуралт, зулгаралт бүхий...” амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон дүгнэлт /хх 24-26/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.С-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.С-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол болон торгуулийг хөдөлмөр эрхэлж төлөх хүсэлтэй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 14.000 нэгжээр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг биелүүлээгүй, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан үндэслэл нь дээр дурдсанаар харгалзан үзэх хуулийн үндэслэлд тохирсон, тухайн зүйл хэсэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.С-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ