Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар  2026/ДШМ/31

 

 

 

 

 

 

  2026        04          15                                        2026/ДШМ/31

 

 

Б.У, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;   

прокурор: П.Итгэл /цахим/,

яллагдагч Б.Ун өмгөөлөгч О.Санчирбал /цахим/

яллагдагч Б.Э /танхим/, түүний өмгөөлөгч С.Болорчулуун /цахим/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа шийдвэрлэсэн, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/103 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлийн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Б.У, Б.Энарт холбогдох 2503009741238 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Яллагдагч нарын хувийн байдлын тухайд:

1.1.Монгол Улсын иргэн ...............урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А. овогт Б.У

1.2.Монгол Улсын иргэн, .............. урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Б.Э.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Яллагдагч Б.У. нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд вагон депогийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, зааварлагч машинч-ахлах жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа,

 2.2.яллагдагч Б.Э.нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд эргэх депогийн түлшний агуулахын эрхлэгчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа тус тус Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 /Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах, 27.5.3-д заасан осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, буруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх хамтран ажиллах  хуулиар хүлээсэн чиг үүргээ  тус тус хэрэгжүүлээгүйн улмаас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 20:30 цагийн орчимд компрессорчин-элс хатаагч ажилтай Г.Э. нь Дорноговь аймгийн Замын-Үүд вагон депогийн байранд ажлаа хийж байгаад тогонд цохиулж, нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлт, яллагдагч Б.у Б.Э.нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн.

4.Анхан шатны шүүх: “…яллагдагч нар нь тухайн осол болох үед ямар чиг үүрэгтэй ажил үүргийг хэрэгжүүлж байсан, ажлын байрны тодорхойлолтоор ямар үүрэг хүлээж байсныг тогтоох шаардлагатай мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болох утаа сорогчийг хэзээ ажиллагаагүй болсныг, ямар учир шалтгаанаас засварлаагүй байсныг, уг тоног төхөөрөмжийн эвдрэлийг хэн шалгаж, хэн хяналт тавих ёстой байсныг тогтоох шаардлагатай, түүнчлэн тухайн хэрэгт иргэний хариуцагчийг тогтоох” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.У., Б.Э. нарт холбогдох эрүүгийн 2503009741238 тоот хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Б.У., Б.Э.р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгч хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,  

шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

5.Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт тухайн хэрэг болох үед буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Б.Ун ажиллаж байсан Улаанбаатар төмөр Замын-Үүд вагон депогийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, зааварлагч машинч-ахлах жижүүрийн, Б.Э.н Улаанбаатар төмөр замын Замын-Үүд эргэх депогийн түлшний агуулахын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь авагдсан. Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Б.У., Б.Э. нар ямар чиг үүрэг хүлээж байсан болохыг тодорхойлох боломжтой. Мөн ажил гүйцэтгэж буй ажилтан /механикч, монтёр, г.м/ эвсэл ажилтан нарын шууд удирдаж буй албан тушаалтан, мастер, бригадын дарга, өртөөний жижүүр ээлжийн ахлах ажилтнаас тус тусын хариуцсан ажлын байранд ажлын /ээлж эхлэх ба ажлын явцын туршид аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлийн байдалд ажил эхлэх бүрд цахилгаан тоног төхөөрөмжийн газар дуудлага, яаралтай зогсоох хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахаар заасан байдаг. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийгээд агаар сорогч хэзээ ажиллагаагүй болсныг тогтоох боломжгүй юм. Тухайн дүрэм журам тодорхойлолтуудаар эдгээр хүмүүс хийх үүрэгтэй байна гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд эдгээр хүмүүсийн үйлдэл нь дүрэм журмыг тогтоосон энэ дүрэм журмыг биелүүлээгүй үйлдэл байна уу, үгүй юу гэдгийг шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэгт тогтоогдох боломжтой. Иргэний хариуцагчийн асуудал яригдсан байгаа. Иргэний хариуцагчийг прокурорын зүгээс юу гэж үзсэн гэхээр тухайн үед Улаанбаатар төмөр замын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 55,704,000 төгрөгийг гаргаж хохирогчийн талд өгсөн. Улаанбаатар төмөр замын зүгээс шууд хохирлыг төлсөн байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол байгаа. Энэ хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол 55,704,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг гаргаад өгсөн учраас Улаанбаатар төмөр замыг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзсэн. Энэ сэтгэцэд учирсан хор уршгийн асуудал яригдана. Сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр Улсын дээд шүүхийн тогтоолд заасан. Дээд шүүхийн сүүлийн тогтоолууд ч гэсэн гэм буруутай этгээдээр төлүүлэх юм байна. Иргэний хариуцагчид хамаарахгүй гэсэн байдлаар Дээд шүүхийн шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдал байгаа учраас иргэний хариуцагчаар татаагүй. Шүүх хэрвээ иргэний хариуцагчаар татах үндэслэл байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Энэ хуульд заасны дагуу 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрөө захирамж гаргаад иргэний хариуцагчаар татаад хэрэгт оролцуулах ийм боломжтой. Тэгэхээр эдгээр үйл ажиллагаануудыг заавал буцааж, хийх шаардлагатай ажиллагаанууд байхгүй байгаа. Тийм учраас энэ хэрэгт авагдсан баримтуудыг бид нар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналыг гаргаж байна.” гэв.

6.Яллагдагч Б.У.н өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан харилцаа буюу хуулийн хамрах хүрээг авч үзэхээр байгаа. Энэ нь өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримттай харьцуулж үзэхэд нэг талаасаа ажил олгогч гэж Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч байх ёстой, нөгөө талаасаа ажилтан байх ёстой. Дээрх субъектүүдийн хооронд үүссэн харилцааны үндсэн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн энэ үйлдэл байхыг шаардсан. Ингээд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал дээр автомат залгахыг хориглоно гэх бичиглэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Цахилгаанд цохиулсан амь хохирогчийн болсон үйл явдалд хэргийн газрын үзлэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор прокурор маань сая тухайн утаа сорогч хэзээ эвдэрсэн талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал байсан гэсэн,  ... ажилтан ямар үүрэг биелүүлэх ёстой вэ гэвэл тухайн тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд 1 дүгээр шатлалын тэмдэглэл үйлдсэн дэвтэр дээр бүртгэх ёстой. Гэтэл Ганхөлөгийн үйлдэл оролцоо энэ дээр бүртгээгүй үйлдэл байгаа. Үүнийг шалгах ёстой гэдэг байдлаар явсан, ...Улаанбаатар болзошгүй гэдэг байдлаар дурдагдсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт гарах үндэслэл бий болсон. Энэ нь өөрөө мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох ажиллагаа байгаа. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоогдоогүй. 55,000,000 төгрөгийг төллөө гээд өөрөө иргэний хариуцагчаар тогтоогдохгүй байна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байгаа учир хэргийг прокурорт буцааж өгнө үү гэдэг саналаа дэмжиж байна.” гэв.

7.Яллагдагч Б.Э.н өмгөөлөгч С.Болорчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э.г тухайн албан тушаалд 2 хоногийн дараа томилсон тушаалыг түр томилсон тушаалыг танилцуулж, гар хөлийн үсэг зуруулсан. Тухайн ажлын байрыг хүлээлцээгүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хийгээгүй. Тэгсэн хэр нь ингээд буруутгаад ороод ирдэг. Би 22 жил яг энэ хуулийнх нь системээр ажиллаж байна. Энэ дээр тухайн байгууллагын ажил олгогч дээрээс нь хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан татаж оруулж ирэх ёстой. ...Эрсдэл бүхий нөхцөл байдал нь шугам сүлжээний компаниас шалтгаалсан юм уу, яг депогийн үйл ажиллагаанаас шалтгаалаад байгаа юм уу гэдгийг нь зайлшгүй тогтоох шаардлагатай байгаа. Үүнийг анхан шатны шүүхээс яг зөв зүйтэй олж харчихсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан тулдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна.” гэв.

8.Яллагдагч Б.Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, үзээд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, шийдвэрлэв.

1.Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг магадлан үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх цаашлаад гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд нотолж, тогтоогоогүй байх тул “Хэргийг прокурорт буцаах” шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

2.Тодруулбал “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжид заасан үндэслэлүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн хийгээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ба прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар ...автоматыг залгахыг хориглоно” гэсэн баримт, гэрч Т.Г.н” цахилгааны самбар 2-р агаар сорогч /винтлятор/ /1хх-ийн 22х/ төхөөрөмж нь осол болохоос сар гаруй хугацааны өмнө нь ажиллахаа больсон байсан, ... хэзээ эвдэрснийг мэдэхгүй... асаах товчлуур дээр нь ажиллахгүй гэсэн бичиг наасан байсан...” гэсэн мэдүүлэг, осол болохоос өмнөх хугацаанд хамрах,  2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/199 Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 3 шатны хяналтыг чанартай зохион байгуулах журам/4хх-ийн 216-220х/-ын дагуу хийсэн 3 шатны хяналт шалгалт хийсэн үзлэг зэрэг баримтад тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон “агаар сорогч” хэзээ эвдэрснийг, тухайн  осол болсон хугацаанд агаар сорогч төхөөрөмжийн аюулгүй байдлыг хэн, ямар албан тушаалтан хариуцаж, хяналт тавьж байсан нь тогтоогдохгүй байх тул  энэ нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж, тогтоох шаардлагатай.    

Түүнчлэн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Замын-Үүд эргэх депогийн техник үзлэгийн 1 болон 2 дугаар сувгийн илчит тэрэгний утаа сорогчийн тэжээлийн самбар, кабель шугам цахилгаан хөдөлгүүрт хийгдсэн үзлэг шалгалтын акт дүгнэлт /4хх-ийн 211х/ нь тухайн осол болсны дараа гарсан байгаагаас үзвэл энэ нь хэрэг учрал болсон цаг хугацаанд тухайн утаа сорогчийн үйл ажиллагаа хэвийн эсхүл эвдрэлтэй байсныг нотолж, тогтоогоогүй ба дурдсан дүгнэлт нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна.

Хэрэгт Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн Замын-Үүд эргэх депогийн нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, мэдүүлэг /2хх-ийн 117х-128х/, /2хх-ийн 133х-140х/-ийг хавсаргасан байх боловч  ослын үед тухайн алба хаагч нарын зүгээс чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, ажилласан  эсэхийг энэ баримтад үндэслэн тодорхойлж, тогтоогоогүй байх тул баримт нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй юм.

Тиймээс шинжээч Л.Э.н “...агаар сорогч WT35-11 No28A төхөөрөмжийг хэн хариуцаж ажиллуулах, шалгах, хяналт тавих эсэхийг ерөнхий инженер болон ашиглалт хариуцсан албан тушаалтнуудаас тодруулж асуух нь зүйтэй” гэсэн мэдүүлэгтэй холбогдуулан тухайн осол болоход нөлөөлсөн хүчин зүйл болох “депогийн утаа сорох зоонтыг амперклеш багажаар шалгахад 1 фаз их биелж утаа сорох зоонт 220 В хүчдэлтэй байсан” гэх хэргийн бодит байдалтай холбоотой, ослын үндсэн шалтгааныг зайлшгүй шалгаж, шийдвэрлэх.

Мөн яллагдагч Б.Э.г 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/621 дугаар тушаалаар түлш дамжуулах цехийн мастерын ажлыг хавсран гүйцэтгэх,  дагалдан ажилтнуудад хяналт тавих ажилтнаар  томилсон/1хх-ийн 134, 2хх-ийн 186/ байх боловч тухайн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг  Б.Э.т мэдэгдэж, танилцуулсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул үүнтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж, тогтоох нь зүйтэй байна.

3.Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдийн үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн зүйл, хэсгээр зүйлчилж, шийдвэрлэдэг учир энэ гэмт хэргийн шинжид хамаарах гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хугацаа зэрэг хэргийн бодит байдлыг зайлшгүй шалгаж, тогтоосноор эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлага үндэслэл бүхий хэрэгжих нөхцөл бүрдэнэ.   

4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар хэрэгт татан оролцуулдаг бөгөөд мөрдөгч, прокуророос тогтоол гаргаж, иргэний хариуцагчийг татах нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул Төмөр замын зүгээс гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг төлсөн учир иргэний хариуцагчаар татаагүй гэх прокурорын эсэргүүцэл, тайлбар үндэслэлгүй.

Эдгээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тогтоогоогүй, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт ажиллагааг хийж, амь хохирогч нь ямар албан тушаалтан, хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирсон нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгах, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлттэй холбоотой нөхцөл байдлыг тодруулж, тогтоох нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцэх учир энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/103 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Б.У., Б.Э. нарт урд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САЙНТӨГС

 

Б.НАРАНЧИМЭГ

                                                      

                                                    Н.БОЛОРМАА