Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 124

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1704000950076 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                             Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                   *******

 Шүүгдэгч                                                   *******-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           ******* нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овгийн ******* ******* 

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч *******- 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд 120 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн . хороон.......д үйл ажиллагаа явуулдаг “....... хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 7 настай Ж.T-гийн уг дэлгүүрт гээгдүүлсэн иргэн *******гийн Хаан банкны ........... дугаартай данснаас 556.550 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие “*******” нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны  8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд кассчинаар ажиллаж байсан. Манай дэлгүүр өглөө 8 цаг 30 минутаас орой нь 22 цаг 30 минута хүртэл ажиллаад хаалгаа барьдаг. Тэгээд тооцоогоо  хийж дуусаад 23 цагт дэлгүүрээс гардаг. Би кассаар ажилладаг мөн пос машиныг хариуцдаг бөгөөд намайг байхгүй үед туслах ажилтан ******* хариуцдаг. Уг хэрэгт дэлгүүрийн эзэн Саруул болон туслах ажилтан ******* нарыг шалгуулмаар байна.  Яагаад гэвэл намайг ажлаас гарахад кассчинаар ажиллана тэгээд кассын машин дээр ажиллаж сурга гээд намайг байхгүйд ******* касс дээр ажилладаг байсан. Дэлгүүрийн эзэн Саруулд илүү түлхүүр байдаг байх, Саруул болон ******* нар хоорондоо холбоотой байдаг учраас энэ 2 хүнийг шалгах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 8 сарын 30-наас 2017 оны 9 сарын 7-ны хооронд хохирогч Б- гэдэг хүний картыг уншуулж ашигласан гэдэг хилс хэрэгт гүтгэгдээд байгаа. …Анх намайг прокуророос дуудаж ирүүлэхдээ үүрийн 5 цагт картыг уншуулсан байсан. Түлхүүр ганцхан чамд байдаг учраас чамаас өөр уншуулах боломжтой хүн байхгүй. Тийм учраас чи энэ хэргийг хийсэн, хохирогчийн хохирлыг барагдуул гээд байгаа. …******* бид хоёр хоёулаа ажиллаад явж байхдаа гэрээ байгуулаагүй хоёулахнаа ажилладаг жижиг газар учраас ажил үүргийн хуваарь гэж байхгүй бүх юмаа хамтраад хийдэг, заалнаас бараа гарахаар бараагаа хамт дүүргэдэг, намайг бие засах өрөө орсон хойгуур эсвэл склад орсон хойгуур бие биеэ орлож кассан дээр ажилладаг. Гэвч ******* мэдүүлэг өгөхдөө би кассан дээр ажилладаггүй, би кассын машинд огт хүрдэггүй, би зөвхөн шал угааж цэвэрлэгээ хийдэг өөр ямар ч ажил хийдэггүй гэж өгсөн мэдүүлгүүд нь хуурамч мэдүүлэг байдаг үүнийг шалгаад өгөөч ээ гээд прокурорын газраас удаа дараа хүссэн боловч хангахаас татгалзсан. …Бие засах өрөө орохдоо хүртэл *******г орондоо зогсоодог тэгэхгүй бол уурхайн байрнуудын дунд байдаг дэлгүүр учраас уурхайчид их орж ирдэг. Хүнгүй орхих ямар ч боломжгүй байдаг учраас *******г үлдээдэг. Тэгтэл ******* би ерөөсөө кассын машинд хүрдэггүй, би зөвхөн мөнгө төгрөг хариулж өгдөг кассын машины түлхүүр ганцхан *******д байдаг гэж худал мэдүүлэг өгсөн байсан. …Карт уншигдсан хугацаанууд нь 1-2 цагийн зайтай. Нэг уншуулахдаа дарааллан уншуулаад байгаа нь хэн нэгэн хүн байхгүй хугацааг, өөртөө олдсон хугацааг  ашиглаж уншуулаад байсан байна гэж би хувьдаа үзэж байгаа. ******* намайг байхгүй хойгуур уншуулаад байсан байна гэж би хувьдаа үзэж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017-08-30-ны өдөр 13 цагийн үед хүү T- охин Энхжин хоёрыг Мобиком руу нэгжинд өөрийн Хаан банкины виза картаа өгөөд явуулсан. Манай 2 хүүхэд 15000 төгрөгөөр нэгж авсан нь ухаалаг үйлчилгээгээр миний гар утсанд ирсэн 1850 төгрөгөөр 3-р хорооны 57-р байранд байрлах “Мянган –Уулс” хүнсний дэлгүүрээс 10ш чихэр, 2ш зайрмаг аваад 48-р байрны гадаа надтай уулзаад би гар утсаар ярьж явсан болохоор карттаа авч чадаагүй. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирээд 2 хүүхдээсээ картаа авах гэсэн чинь мэдэхгүй гээд хаясан юм шиг байсан. Тэрнээс хойш өнөөдрийн хүртэл картаа хэрэглэх хэрэг гараагүй. Мөн картаа маань нууц кодтой болохоор хүн олоод ашиглах боломжгүй гэж бодож байсан чинь 2017-09-10-ны өдөр гар утсаараа  гүйлгээ хийх гэсэн чинь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд өнөө өглөө ХААН банкинаас дансны хуулга авсан чинь 4950 төгрөгнөөс доош гүйлгээ хийгээд 2017-08-30-наас 2017-09-08-наас өдрийг хүртэл нийт төгрөгөөр “*******” хүнсний дэлгүүрт 120 удаагийн гүйлгээ хийж ашигласан мэдээлэл авсан. Мөн миний картны пин кодыг мэддэг хүн байна. Манай нөхөр хүүхэд л мэднэ өөр хүн мэдэхгүй. T- нь 12 настай, эрэгтэй, Энхжин нь 6 настай, эмэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

           Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 8 сарын 30-ны өдөр 2 хүүхдэдээ картаа өгч ээждээ мобикомоос 15 000 төгрөгийн нэгж аваад, зайрмаг аваад та нар ээжийнхээ дуудсан газар хүрээд ирээрэй гээд гаргасан. мобикомоос нэгж авсан мэссэж ирсэн. манай хоёр ирээд нэгжний баримт өгөөд, 2 хүүхэд 2 зайрмаг, 100 төгрөгийн чихэр 10 ширхэгийг авсан гэж надад хэлсэн. Тэр үед хүүхдүүдээсээ картаа гэж хэлэхийн завдалгүй утас дуугараад асуугаагүй. Тэгээд тэр орой нь гэртээ очоод картаа яасан бэ? гэхэд: манай хүү  би танд өгөөгүй юу? гэсэн. Тэгэхээр нь машинд унасан юм байхдаа гэж бодоод маргааш өглөө үзэхэд машинд байгаагүй. Тэгээд хаясан юм байхдаа гээд, нууц кодыг нь хүн мэдэхгүй юм чинь ашиглах боломжгүй гэж үзсэн. Тухайн үед ажил төлөвлөсөн байсан учраас картанд байгаа мөнгийг үрэх шаардлагагүй байсан. Хэрвээ хүн аваад ашиглавал мэссэж үйлчилгээ ирнэ гэсэн бодолтой тоогоогүй. 9 сарын 7, 8-ны үед нэг хүн намайг 20 000 төгрөг мобайлдаад шилжүүлээд өгөөч гээд шилжүүлэх гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд юу болов гэж бодоод компьютерээ асаагаад интернет банк руу ороод хартал Мянган уул хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн баахан гүйлгээ гараад дууссан байсан. Тэр үед би Мянган уул гэж аль дэлгүүрийг мэдэхгүй байсан чинь манай хүү охин хоёр сүүлд зайрмаг, чихэр авсан дэлгүүр байна гээд хэлсэн. Та хоёр ямар сонин юм бэ? картаа орхисон юм уу? гээд асуутал манай охин ээжээ би ороогүй шүү ахын дугуйг хараад гадаа байж байсан гэсэн. Хүү цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн зургаар таниулж олуулахад зургаа таних уу? гэхэд танина гэсэн. Чи нууц кодоо яасан юм бэ? гэхэд би өөрөө тэр эгчид нууц кодоо 6454 хэлж өгөөд тэр эгч өөрөө нууц кодыг оруулсан гэж хэлсэн. Тэгээд хүү маань чихэр, зайрмагаа аваад гараад явсан байгаа юм. Тухайн үед нь нилээн загнасан, нилээн шийтгэлийн маяг үзүүлсэн учраас тухайн үедээ мэдүүлэг өгөхөөс татгалзаад сүүлд нь хүүхдийн сэтгэл зүй тайвшраад зургийг таних ажиллагаанд оролцсон. Миний хувьд тэр хүн 5000 төгрөгнөөс дээш гүйлгээ хийсэн бол би нэг удаа дансаа хаалгах ч юм уу? үйлдэл хийх байсан гэвч тэр хүн тэгээгүй. Таньж олуулах үйл ажиллагаа бол хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Одоо ч миний хүү энэ хүнийг таних уу? гэхэд танина гэж хэлнэ гэж бодож байна. Ер нь энэ нь 100 гаруй удаагын үйлдэл учраас энэ гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзэж байна. Шүүхээс хохирлоо барагдуулахыг хүсч байна гэв...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Насанд хүрээгүй гэрч T-гийн өгсөн: ”...12 цаг өнгөрч байхад ээж Б- надад Хаан банкныхаа виза картыг өгөөд Мобикомын салбараас 15.000 төгрөгийн нэгж аваад мөн хүнсний дэлгүүр ороод 2 ширхэг мөхөөлдөс аваад 48 дугаар байрны урд хүрээд ир ээж нь ажил руугаа явж байя гээд салаад явсан. Тэгээд ээжид нэгж авчихаад 57 дугаар байранд байдаг ******* нэртэй дэлгүүр орж 2 ширхэг мөхөөлдөс 10 ширхэг 100 төгрөгийн үнэтэй чихэр аваад кассын ард зогсож байсан худалдагч эгчид Хаан банкны виза картаа өгсөн. Тэгээд дэлгүүрээс авсан чихэр, мөхөөлдсөө лангуун дээрээс авах үедээ картаа мартсан байх. Би орой гэртээ ирээд ээжийг картаа асуухад нь би өдөр таньд өгсөн ш дээ гэж хэлсэн. Гэтэл ээж машинд үлдээчихсэн юм байлгүй дээ гэж хэлсэн.******* нэртэй дэлгүүрт ороход худалдагч эгчийн цаана бас нэг эмэгтэй лангуун дээр юм өрөөд зогсож байсан. Тухайн үед худалдагч эгч надаас виза картны нууц кодыг асуусан бөгөөд “64-54” гэж хэлж өгсөн. Тэгээд тэр эгч карт уншдаг машинд миний өгсөн картыг уншуулсан. Би карт уншдаг машинд ойртоогүй. Тухайн үед надаас өөр үйлчлүүлэгч дэлгүүрт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн ,,, дүгээр хуудас/,

Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс ******* хүнсний дэлгүүрт ажилд орсон. Энэ өдрөөс эхлэн касс дээр ажиллаж байгаа *******тай хамт ажилласан. ******* энэ өдөр ажлаа хүлээж авч байсан. Манай дэлгүүр Хаан банкны пос машинтай бөгөөд картаар үйлчлүүлсэн иргэдтэй ******* уулзаж гүйлгээг хийдэг. Орой *******тай хамт дэлгүүрээ хаагаад явдаг. ******* пос машин болон дэлгүүрийн түлхүүрийг хариуцдаг. 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр дэлгүүр хаах үед ******* 30 ширхэг өндөг, ундаа, тараг авч гарсан бөгөөд надад хэлэхдээ би өөрийнхөө картыг уншуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…Манай дэргүүр хяналтын камертай бөгөөд камерын бичлэг 10 хоногийн хугацаагаар хадгалагддаг. Дэлгүүрийн кассын ажилтан бүх орлого зарлага, кассын машин болон виза карт уншуулах машиныг хариуцдаг. Манай дэлгүүрийн түлхүүр кассаар ажиллаж байсан *******д байдаг байсан. Өглөө 08 цаг 30 минутанд ******* ирж дэлгүүр онгойлгож, орой 22 цаг 30 минутанд дэлгүүр хаахад хаалга цоожлоод түлхүүрээ аваад явдаг. Тэгэхээр бэлэн мөнгөөр хүнсний бараа зарсан үед нь ******* карт уншуулаад кассанд орсон бэлэн мөнгийг өөртөө авах боломжтой. Тэгэхээр манай дэлгүүрт гээгдүүлсэн гэх Хаан банкины визаа картын орлого нь борлуулалт хийгдэж байж дараа нь карт уншуулахад кассын машины борлуулалтын цаг визаа картын машины төлбөрийн цаг хугацаа тохирч байх ёстой байдаг. Тэгэхэд ******* кассын машинаар огт баримт гаргаагүй, борлуулалт хийгээгүй, касснаас бэлэн мөнгө аваад байсан болж байгаа юм. Манай дэлгүүрт ямарч орлого зарлага зөрүү байхгүй. ******* 21 хоног ажлаад 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  ажиллаасаа гарсан. Манай дэлгүүрт өдөрт бэлнээр 450.000-500.000 бэлэн бусаар пос машины орлого 250.000-300.000 төгрөгний орлого ордог. Манай дэлгүүр нь камертай камерын цаг нь тухайн өдрийн цагтай тохирохгүй байгаа. Манай дэлгүүрийн камерын бичлэгт цагдаагийн эрэгтэй, эмэгтэй 2 ажилтан ирж шалгаж үзээд хуулж аваад явсан. Манай дэлгүүрийн камерын тусгал нь хаана байдгыг ******* сайтар мэднэ. Тэгээд ч пос машиныг хашаач зөөж явах боломжтой. Надад дэлгүүрийн түлхүүр байхгүй ганц л түлхүүртэй харин одоо хаалга солих гэж байгаа. Би өдрийн сайн санахгүй байна. Намайг өдөр 11 цагийн үед дэлгүүрт ороход *******гийн дүү Чимгээ нь ирсэн байхад ******* дүүдээ 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт өгч явуулж байсан. *******гийн дүү нь хаяаа манайд ирж тусалдаг байсан. Манай дэлгүүрийн худалдан авагч нараас *******гийн талаар ааш муутай юмны үнэ нэмж зардаг, тухайлбал 1000 төгрөгний амтат талхыг 1200 төгрөгөөр, 2200 төгрөгний ундааг 2400 төгрөгөөр зарсан гэх гомдол ирж байсан. Тухайн карт ашигласан гэх үйлдэл ******* бид хоёр ашиглах ямарч боломжгүй яагаад гэвэл 1-рт ******* бид хоёр гээгдүүлсэн гэх картыг мэдээчгүй, хараачгүй мөн нууц дугаарын ч мэдэхгүй 2-рт тэр картын нууц дугаарын мэдэж байгаа  хүн ашиглах боломжтой 3-рт ******* уг картаар 4900 төгрөгний бэлэн гүйлгээг уншуулаад өдрийн бэлэн мөнгөний орлогоос авсан байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Картын машинаар 4900 төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэх боломжтой бөгөөд 5000 төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн тохиолдолд харилцагчийн гар утсанд мессеж хэлбэрээр дансны мэдээлэл ирдэг юм. 4900 төгрөгөөр гүйлгээ хийсэн тохиолдолд харилцагчид мэдээлэл ирэхгүй гэсэн үг.  Манай банкны  карт уншигч машин нь сим карттай тэгэхээр карт уншигч машиныг хаана ч ашиглах боломжтой. Виза карт ашиглахын тулд заавал пин кодыг нь мэддэг хүн ашиглах боломжтой. 22 цагаас хойш карт уншигч машинаар хийгдсэн гүйлгээ нь маргааш өдрийн гүйлгээнд орж тооцогддог. Тэгэхээр  харилцагчийн картыг хэзээ ямар цаг хугацаанд ашигласан мэдээллийг тухайн карт уншигч машин ашиглаж байгаа байгууллагын дансны хуулгаар авах боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2017 оны 9 дүгээр сарын 02, 03-ны өдрийн үед байх 1 дүгээр хорооны хэсгийн байцаагч Буянжаргалын хамт Мянган Уулс хүнсний дэлгүүрт очиж камерын бичлэгт үзлэг хийсэн. Камерын бичлэгт худалдан авагч нар орж ирэхэд худалдагч пос машинаа авч өгөөд худалдан авагч картаа хийгээд уншуулж байгаа зөвхөн хүний гар харагдсан бичлэг байсан. Хүний зүс царай, бие нь харагдсан бичлэг байгаагүй.  Нэг бичлэгт дэлгүүрийн гэрэл унтарсан бичлэг байсан. Өөр хэрэгт ач холбогдолтой бичлэг байгааүй. Би өргөдөл гаргасан хүний “Хаан” банкны дансны хуулгын цагтай тулгаж камерын бичлэгт үзлэг хийсэн. Тэгэхэд пос машинаар карт уншуулж байгаа хүний царай төрх харагдахгүй мөн камерын бичлэгийн цаг зөрүүтэй байсан.

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 10-12, 25-26 хуудас/

“*******” дэлгүүрийн дансны хуулга /хх-н 27-29 хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан: ”...яллагдагч *******тай царай зүс, насны хувьд ойролцоо 8 эмэгтэй хүний 9х12 хэмжээтэй өнгөт гэрэл зургийг ханад байрлуулан 1-8 хүртэл дугаараар дугаарласны дараагаар насанд хүрээгүй гэрч Ж.T-г өрөөнд оруулж таны дэлгүүрт орж үйлчлүүлсэн худалдагч эмэгтэйн зургийг зааж өгнө үү гэхэд 3 дугаартай зураг дээр байга эгч миний картаа өгч үйлчлүүлсэнэгч мөн байна гэж M- овогтой *******гийн гэрэл зургийг заасныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” /хх-н 30-31-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан:”..Урьд ял шийтгэлгүй...” гэсэн лавлагаа /хх-н 54-р хуудас/

Оршин суугаа хаягын тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар зэрэг баримтууд /хх-н 55-56 хуудас/

Хаан банкны дансны хуулгад тайлбар хийсэн тэмдэглэл болон депозит дансны хуулга /хх-н 74, 75-р хуудас/

Голомт, Хаан, Хас банкнуудын тодорхойлолт /хх-н 58-66 хуудас/

зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “…Насанд хүрээгүй гэрч T-гийн мэдүүлэг зөрүүтэй, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтууд цуглуулах, бэхжүүлэх асуудал нь хууль зөрчсөн байна…” гэжээ.

Насанд хүрээгүй гэрч 2017 оны 10 дугаар сарын 2, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч /төрсөн эх/ *******г оролцуулан эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгасан байх бөгөөд Ж.T- нь “...худалдагч эгч надаас виза картыг аваад “нууц дугаар чинь хэд вэ” гэхээр нь “64-54” гэж хэлж өгсөн. Би дэлгүүрээс гарахдаа лангуун дээр нь виза картаа мартсан байх...” гэж гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой мэдүүлжээ /хх-ийн 36-37-р хуудас/

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээс үзэхэд, насанд хүрээгүй гэрч Ж.T- нь “дэлгүүрт виза картаа өгч үйлчлүүлсэн худалдагч эмэгтэйг хавтгай жижиг эрүү, хөмсөг зэргээр нь танина” гэж тухайн хүний зүс, царайны онцлог шинжийг урьдчилан тодорхойлсон бөгөөд түүнд гаднах байдлаараа адил төстэй 8 эмэгтэйн гэрэл зургийг үзүүлэхэд “3” гэсэн дугаартай *******гийн зургийг таньж “миний виза картаа өгч үйлчлүүлсэн худалдагч эгч мөн байна” гэсэн тайлбарыг өгсөн ба уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, ажиллагааны явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйлдлийг бүрэн хангалттай, гүйцэд нотолж чадсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй.

Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч *******- нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мянган уулс” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 7 настай Ж.T-гийн уг дэлгүүрт гээгдүүлсэн иргэн *******гийн Хаан банкны дугаарын данстай картнаас 120 удаагийн үйлдлээр 556.550 төгрөгийг карт уншигч машин ашиглан 4950 төгрөгөөс доош гүйлгээ хийж авсан болох нь хохирогчийн “…ХААН банкинаас дансны хуулга авсан чинь 4950 төгрөгөөс доош гүйлгээ хийгээд 2017-08-30-наас 2017-09-08-наас өдрийг хүртэл нийт төгрөгөөр “*******” хүнсний дэлгүүрт 120 удаагийн гүйлгээ хийж ашигласан мэдээлэл авсан…” гэсэн мэдүүлэг, гэрч П.*******гийн “...Манай дэлгүүр Хаан банкны пос машинтай бөгөөд картаар үйлчлүүлсэн иргэдтэй ******* уулзаж гүйлгээг хийдэг. Орой *******тай хамт дэлгүүрээ хаагаад явдаг. ******* пос машин болон дэлгүүрийн түлхүүрийг хариуцдаг...” гэсэн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ж.T-гийн мэдүүлэг, гэрч Н.Гиваамаагийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Хаан банкны ......... дугаартай дансны хуулга, “*******” дэлгүүрийн дансын хуулга зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 *******- нь хохирогч *******гийн Хаан банкны картнаас буюу ........... дугаартай данснаас 556.550 төгрөгийг карт уншигч машинд 120 удаагийн үйлдлээр /1800-4900 төгрөгөөр/ уншуулан авч бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлсэн үйлдэл нь шунахай сэдэлтээр санаатай хандсаныг нотолж байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан Монгол улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар авахыг хориглоно” гэснийг  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд заасан “хүн бүр эд хөрөнгө өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар авч болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгчийн гээгдэл эд хөрөнгө завшсан үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээний хохиролоос дээш  буюу 556.550 төгрөгийн хохирол учирсан байна.

   Шүүгдэгч *******- нь дэлгүүрт гээгдүүлсэн карт гэдгийг мэдсээр байж карт уншуулж мөнгө өөртөө авсан нь санаатай үйлдэл болох нь тогтоогдсон бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол хохирогч картаа гээгдүүлсний улмаас түүнд 556.550 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь *******- хүний гээгдүүлсэн картыг мэдсээр байж авч карт уншуулж мөнгө авсан үйлдэлтэй шууд холбоотой явдал юм.

Өөрөөр хэлбэл *******- хүний гээгдүүлсэн картыг мэдсээр байж авч карт уншуулж мөнгө авсан үйлдэл хохирогч картаа гээгдүүлсний улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд *******-д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хохирогчид 556.550 төгрөгийн хохирол учирсан болох нь Хаан банкны дугаартай дансны хуулга, “*******” дэлгүүрийн дансын хуулга хохирогчийн “… төгрөгийн хохирол нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул уг хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгоно.

Шүүх *******-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******-г гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. ******* овгийн ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******д гурван зуун тавин /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******-гаас хохирол 556.500 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ