Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Д.Соёлзул /цахимаар/  

шүүгдэгч: Г.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Амарбаяр,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаагийн даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаярын гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Г.М.д холбог дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:

Монгол Улсын иргэн, ....Б... овогт Г..М  РД...................

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.М. нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5/34 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон “Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт байрлах ус, дулаан, цахилгаан хангамж, ариутгах татуургын байгууламж, инженерийн шугам сүлжээг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах үүрэг бүхий Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны менежерээр томилогдон ажиллаж байхдаа,

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн гүйцэтгэгч “Чайна камк инженеринг” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгсөн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу  LW500FN загварын ачигч машин 1 ширхэг, ZD160-3 загварын бульдозер 1 ширхэг, КAMA загварын өөрөө буулгагч 3 ширхэг буюу нийт 5 ширхэг машин механизмыг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т хүлээлгэж өгөлгүйгээр албан тушаалын байдлаа ашиглаж,

LW500FN маркийн ачигч машиныг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Д.д 50,000,000 төгрөгөөр,

ZD160-3 маркийн бульдозерыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С.Т.н нэр дээр бүртгүүлж улсын дугаар олгуулах албан бичиг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж, 29-73 УБ дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д ХХК-д зээлийн барьцаанд тавьж,2019 оны 08 дугар сарын 24-ний өдөр тус компанид 73,000,000 төгрөгөөр,

КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607006 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С.Т.н нэр дээр бүртгүүлж .... улсын дугаар олгуулан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А.Э.. 15,000,000 төгрөгөөр тус тус худалдсан,

КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607011 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 89-26 УБЧ улсын дугаар,

KAMA KMC3042 маркийн LWUP8P20C1J0607001 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 9786 УБИ улсын дугаар  тус тус олгуулан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны түрээсийн төлбөр 39,450,000 төгрөгт тооцож,  “Петровис вентер капитал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу нийт 5 ш тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж, худалдан борлуулж, завшсан гэмт хэрэг үйлдсэний улмаас улсын төсөвт 490,000,000 төгрөгийн, их хэмжээний хохирол учруулсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан,  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б., шүүгдэгч Г.М.г нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж, худалдан борлуулж, улсын төсөвт 490,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн.

4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн, шүүгдэгч Г.М.ны үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан, бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.М.д 20,000,000/хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М. оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М.ны цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болон хохиролд нийт 490,000,0000, төгрөгийг шүүгдэгч Г.М.с гаргуулан Барилга хот байгууллагын яаманд олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар эд мөрийн баримтаар хуваагдсан 6 ширхэг бичлэг бүхий Си ди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн битүүмжилсэн .... улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл, Улсын бүртгэлийн Ү2203022029 дугаартай Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 39-13 тоот орон сууц, 700 м2 газар зэргийг хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай байгууллагад шилжүүлж, А.Эрдэнэбилэгийн нэртэй 95-71 УБЦ өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг цуцалж эзэмшигч А.Эрдэнэбилэг буцаан олгож, шүүгдэгч Г.М.с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 200,000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгохоор,

шүүгдэгч Г.М. иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М.нд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс гарсан тогтоолд хохиролтой холбоотой өөрчлөлт оруулах агуулгын хүрээнд гэрч Д.д ашиглалтын өмнөх захиргаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож 50,000,000 төгрөгт буулгагч машиныг өгсөн  мөн бульдозертой холбогдох мөнгөн дүнг түрээсийн төлбөрт тооцож, 2 тээврийн хэрэгслийг өгсөн байгааг анхаарна уу мөн Г.М.ны гэмт хэрэг үйлдсэн газрыг Улаанбаатар хот гэж үзэх үндэслэлтэй, гэмт хэргээс учирсан хор, хохирлыг харгалзан машин механизмыг шилжүүлсэн газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр учир энэ хэрэгт хэргийн харьяалалыг буруу тогтоож, шийдвэрлэсэн байгаа ” гэв.

6.Шүүгдэгч Г.М.н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.

7.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурор Л.Соёлзул шүүх хуралдаан гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн шүүгдэгч Г.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хохиролд нийт 490,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байна. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол нь үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.

1.Хөрөнгө завших гэмт хэргийн талаар:

Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ, хэлцлийн дагуу олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авч, зохих зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн бол завших гэмт хэрэгт тооцогдох бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болно. 

2.Дээр дурдсан хуулийн зохицуулалт болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзвэл:

2.1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь шүүгдэгч Г.М.ыг  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 5/34 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон “Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт байрлах ус, дулаан, цахилгаан хангамж, ариутгах татуургын байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах үүрэг бүхий Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны менежерээр томилогдон ажиллаж байхдаа,

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн гүйцэтгэгч “Чайна камк инженеринг” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргаанд хүлээлгэн өгсөн эд хөрөнгө болох LW500FN загварын ачигч машин 1 ширхэг, ZD160-3 загварын бульдозер 1 ширхэг, КAMA загварын өөрөө буулгагч 3 ширхэг буюу нийт 5 ширхэг машин механизмыг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т хүлээлгэж өгөлгүйгээр

LW500FN маркийн ачигч машиныг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Д.д 50,000,000 төгрөгөөр,

ZD160-3 маркийн бульдозерыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С.Тамирын нэр дээр бүртгүүлж, улсын дугаар олгуулах албан бичиг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж, 29-73 УБ дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д ХХК-д зээлийн барьцаанд тавьж, 2019 оны 08 дугар сарын 24-ний өдөр тус компанид 73,000,000 төгрөгөөр,

КАМА КМС3042 маркийн............. арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 2009 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С.Т.н нэр дээр бүртгүүлж  ............. УБЦ улсын дугаар олгуулан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А..гт 15,000,000 төгрөгөөр  тус тус худалдсан,

КАМА КМС3042 маркийн, ...............1 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 89-26 УБЧ улсын дугаар,

КАМА КМС3042 маркийн, ............... арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд ............ улсын дугаар тус тус олгуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны түрээсийн төлбөр 39,450,000 төгрөгт тооцож “Петровис вентер капитал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын төсөвт 490,000,000 төгрөгийн, их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,

дээрх хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө,орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэж  мөн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

2.2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн “Мөнгө угаах” үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.М...ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

2.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг энэ хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тогтоожээ.

2.4. Мөн шүүгдэгч Г.М.ны гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангахгүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

 Өөрөөр хэлбэл “Мөнгө угаах” гэм хэрэг гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох учир  шүүгдэгч Г.М...ны үйлдлийг энэ гэмт хэргийг шинжид нийцэхгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.Гэхдээ шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хэргийн бодит үйл баримтад үндэслээгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй юм.

Тодруулбал шүүгдэгч Г.М. нь “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн гүйцэтгэгч “Чайна камк инженеринг” ХХК-иас хүлээлгэн өгсөн, хөрөнгийн үнэлгээгээр үнийг 490,000,000 төгрөгөөр тогтоосон/10 хх 12-19, 13хх-140-145/ нийт 5 ш тээврийн хэрэгслээс 3-ыг буюу

LW500FN маркийн ачигч машиныг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Дарханбатад ажлын хөлс 50,000,000 төгрөгт тооцож, шилжүүлсэн,

КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607011 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 89-26 УБЧ улсын дугаар,

КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607001 арлын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд 97-86 УБИ улсын дугаар  тус тус авч улмаар  2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  тус 2 ш тээврийн хэрэгслийг 39,450,000 төгрөгийн түрээсийн төлбөрт тооцож, “Петровис вентер капитал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нөхцөл байдлаас дүгнэвэл эдгээр төлбөр нь дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны үүрэгт хамаарах, өгвөл зохих ажлын хөлс, захиргааны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой зайлшгүй гарсан зардал, түрээсийн төлбөр  байх тул 89,450,000 төгрөг/50,000,000+39,450,000/-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулж, тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Г.М.нь Г.Д.ийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд  1ш тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгт тооцож, шилжүүлж өгсөн нь “...Г.М.г Замын-Үүд сумын Дулааны цахилгаан станцын төслийн менежер гэдгээр нь мэднэ, би тухайн үед гүйцэтгэгч компанийн хятадуудтай хамтран туслах ажилтан, жолооч хийж байсан, гүйцэтгэгч компанийн ажилчид төслөө дуусгаад нутаг буцсаны дараа миний бие Г.М.тай амаар ярилцаж, тохироод ДЦС-ын гадна талбайн замыг цэвэрлэх, нурсан хашааг засах, ДЦС-ын дотор талын будаг, замаскийн ажил, дээврийн засвар, Чөлөөт бүсэд байрлах дулаан дамжуулах 14 ширхэг байрны хаалга, шавар, будгийн ажлыг өөрийн зардлаар хийж, гүйцэтгэсэн, ойролцоогоор 37 сая төгрөг болсон, уг ажилтай холбоотой санхүүгийн баримт, гэрэл зургийг Г.М.нд өгсөн боловч миний мөнгийг өгөлгүй2-3 сар болсон, чиний мөнгийг өгөх санхүүжилт орж ирэхгүй байна, надад нэг ковш байна гэхээр нь би өрөндөө  суутгаж авъя гэж хэлээд АТҮТ дээр очиж өөрийн нэр дээр тухайн ковшийг 50 сая төгрөгт тооцон шилжүүлж авсан” гэж мэдүүлсэн гэрчийн /1хх-ийн 248-250х/мэдүүлгээр,

шүүгдэгч Г.М... нь Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэн, “Петровис вентер капитал” ХХК-ийн оффис“-ын барилгад, дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа явуулахтай холбоотой өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулсан байх ба 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр 39,450,000 төгрөгт тооцон КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607011 арлын дугаартай, 89-26 УБЧ улсын дугаартай, КАМА КМС3042 маркийн, LWUP8P20C1J0607001 арлын дугаартай, 97-86 УБИ улсын дугаартай өөрөө буулгагч 2 ш тээврийн хэрэгслийг тус компанид шилжүүлсэн/2хх-ийн 3х/ нь гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, дансны хуулга /2хх-ийн 15х/-аар,

гэрч Д.Бямбасүрэнгийн “...2018 онд байх надад Дорноговь аймгийн          Замын-Үүд суманд шинээр баригдсан дулааны станцыг Улсын комисст хүлээлгэж өгөх болон станцын туршилтын ажлыг хийх санал тавьсан, би зөвшөөрсөн, Улаанбаатар хотод ажлын оффис төв шуудангийн баруун талд Битүма центрийн 13 давхрын нэг талын хэсэгт байрлаж байсан, надтай хамт инженер техникийн албыг хариуцсан Ө., зөвлөхөөр хүргэн ах М.Чинбат, надтай адил Улсын комиссын бичиг баримт бүрдүүлж байсан М. байсан, даргаар Г.М.ажиллаж байсан, би тухайн ажилд 4 сар ажиллахдаа цалин аваагүй, тэгээд хүргэн ах маань Г.М. даргаас 2,5 сая төгрөгийг цалинд авч, надад өгсөн, би дахиж ажиллаагүй, Замын үүд дэх Дулааны станцын барилгын хог хаягдлыг цэвэрлэсэн байсан” /1хх-ийн 69-70х/ гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон, тогтоогджээ.

Харин зарим гэрчүүдээс “....Г.М.д оффис түрээслэх, цалин, хөлс олгох эрх хэмжээ олгоогүй” гэж мэдүүлснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэхгүй бөгөөд тухайн мэдүүлгүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн зэрэгцээ гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж, мэдүүлээгүй байна. 

3.1.Түүнчлэн Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаас, шүүгдэгч Г.М.г Дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны менежер албан тушаалд томилон ажиллуулахдаа тухайн ажлыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай тухайлбал ажилтнуудын сууж ажиллах албан өрөө, тасалгаа, цалин, ажлын хөлс зэрэг нөхцөл байдлыг хангаж өгөлгүйгээр, албан бусаар үүрэг даалгавар өгч, ажил гүйцэтгүүлж байсан нь шүүгдэгчээс ажлын хөлс болон түрээсийн төлбөрт тооцож,  3 тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нотлох баримтаар нь тус тус нотлогдон, тогтоогдож байх ба эдгээр баримтууд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх тул энэ нөхцөл байдалтай холбоотой шүүгдэгчийн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй ба дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой зайлшгүй төлөгдөх ёстой зардал, төлбөр  гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс шийтгэх тогтоолд заасан 490,000,000/10 хх 12-19, 13хх-140-145/ төгрөгөөс дээр дурдсан 89,450,000 төгрөгийг хасаж, үлдэх 400,550,000 төгрөгийг шүүгдэгч Г.М..учруулсан хохирлын нийт дүн гэж тооцож, үүнтэй холбоотой гаргасан өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангахаар тогтов.

            Шийтгэх тогтоолд, шүүгдэгч Г.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэхдээ шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 450,000 төгрөгийг оногдуулж торгох ялаас хасаж, шийдвэрлээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

4.Өмгөөлөгчийн “...хэргийн харьяаллыг буруу тогтоож, шийдвэрлэсэн” гомдлын тухайд:

Шүүгдэгч Г.М...ны завшсан хөрөнгө буюу Хятад улсын Чайна кэмп инженеринг ХХК-иас, Замын-Үүд сум дахь Дулааны станц ТӨҮГ-т буюу Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан, Ашиглалтын өмнөх захиргааны менежер Г.М.д дулаан станцын технологийн зориулалттай 5 ш техник хэрэгслийг, Замын-Үүд суманд хүлээлгэж өгсөн ба шүүгдэгч эдгээр хөрөнгийг зохих ёсоор холбогдох газарт шилжүүлээгүй, зохих бүртгэлийг хийлгүйгээр, завшсан байж болзошгүй талаар эрх бүхий албан тушаалтнаас гэмт хэргийн гомдол, мэдээллийг Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст гаргасан зэрэг үйл баримтаас үзвэл энэ гэмт хэрэг гарсан, илэрсэн нөхцөл байдлыг Замын-Үүд сум гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох мөрдөн шалгаж ажиллагааг явуулсан нөхцөл байдал болон оролцогч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газраар хэргийн харьяаллыг тогтоож, Замын-Үүд сум дахь анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зохих өөрчлөлтийг оруулж, энэ үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, нийт 450,000 төгрөгийг, оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох шийтгэлээс хасаж, тооцсугай” гэж,

6 дугаар заалтад “...490,000 төгрөгийг ” гэснийг “400,550,000” төгрөгийг” гэж  тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлын заримыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.