Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01178

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01178

 

ХХБ ХХК, Ө.Хнарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00833 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХБ ХХК болон Ө.Хнарын хариуцагч НШШГГ болон СЭ ХХК-д холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 515 тоот шүүгчийн захирамжаар Ө.Хишигмаагаас 89,395,185 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Э.Уянга шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй 3 давхар барилга, нэгж талбарын 18696277559174 бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газрыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн № 6/73 тоот тогтоолын дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээний СЭ XXК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр 693,244,928 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл миний бие 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний АТЕН ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 1,689,042,706,86 төгрөг гэж үнэлсэн нь 2 үнэлгээний компани хоёулаа үнэлгээ хийх эрхтэй, хөндлөнгийн оролцоогүй үнэлсэн хэрнээ асар их их зөрүүтэй байгаа ба СЭ ХХК-ийн хийсэн үнэлгээнд үнэхээр гомдолтой байна. Мөн Барилгын чанарыг тогтоодог оношлогоо, судалгааны болон бусад мэргэжлийн байгууллагаар тогтоосон зүйлгүй мөртлөө үл хөдлөх болон газрын мэдээлэл хүснэгт 4-т одоогийн барилгын чанарыг муу гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Ө.Хишигмаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, зохигчид 88,899,629 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Уянга шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 1,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээ байсан. Банкны зүгээс төлбөр төлөгчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж, НШШГГ Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон. Хөндлөнгийн шинжээч улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаартай 3 давхар барилга, нэгж талбарын 000450441 дугаарт бүртгэлтэй 1 га газрыг чанар байдалтай нь танилцан фото зургаар баталгаажуулан тайланд өнөөгийн зах зээлийн үнийг 693,244,928 төгрөгөөр үнэлсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцан үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалт алдагдсан байдалтай танилцсан боловч ердийн ашиглаж болохуйц хөрөнгүүдтэй жишиж үнэлсэн, мөн харьцуулсан хөрөнгүүд нь Төв аймгийн Зуунмод хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд байх ба энэхүү харьцуулсан байршлууд нь зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэргээр тэс ондоо тул харьцуулах боломжгүй юм. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч Ө.Хишигмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, 3 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн газрын хамт үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 693,244,928 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч Ө.Хболон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргал нарт 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-153/10979 дугаартай үнэлгээний мэдэгдлийг биечлэн хүлээлгэн өгсөн. Анхны албан дуудлага худалдааны мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-153/11830 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч СЭ ХХК тайлбар гаргаагүй болно.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт заасныг баримтлан ННШШГГ, Сэлэнгэ Эстимэйт ХХК нарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2,140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999.6 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 693,244,928 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө.Хишигмаа, ХХБ ХХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/07850 дугаар захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь АТЕН ХХК-аар өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт 3 давхар барилга, нэгж талбарын 18696277559174 бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газрыг хамт 1,689,042,706 төгрөгөөр үнэлүүлсэн байхад хөрөнгийн үнэлгээний СЭ ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нь 693,244,928 төгрөгөөр хэт доогуур үнэлсэн. Уг үнэлгээний 2 компани нь хоёулаа үнэлгээ хийх эрхтэй, хөндлөнгийн оролцоогүй хэрнээ асар их зөрүүтэй байна. Газрын үнийг хэт доогуур үнэлсэн. Түрээсийн жиших хөрөнгө байхгүй хөрөнгө байхгзүй гэсэн шалтгаанаар оролгын хандлагын аргаар тооцоогүй байна. Ямар ч төсөөтэй бус үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж арилжаалагдах үнийг гаргасан. Үнэлгээг албан дуудлага худалдаанд хэрэглэх гэж үнэлгээнд тусгасан нь хэт нэг талын эрх ашгийг хэт дээдэлж үнэлгээ хийсэн. Үл хөдлөх хөрөнгийг хамгийн багаар 693,244,928 төгрөгөөр үнэлж намайг хэт хохироох үйлдлийг хийсэн. Мөн одоогийн барилгын чанарыг муу гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлээгүй хуульд заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээчийг томилоход төлбөр төлөгч Ө.Хишигмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ 669,244,928 төгрөгөөр үнэлсэн. Мөн үнэлгээг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Ө.Хишигмаа, төлбөр авагч нарт 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б41531979 дугаар мэдэгдлийг мэдэгдсэн буюу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Мөн төлбөр төлөгч болон төлбөр авагч нар сөрөг нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч хөрөнгийг хэт доогуур үнээр үнэлсэн гэж үзсэн бол төлбөр авагч хөрөнгийг өндөр үнээр үнэлсэн гэж тайлбарладаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилон зах зээлийн үнэлгээг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч Сэлэнгэ Эстимэйт ХХК тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Нэхэмжлэгч ХХБ ХХК болон Ө.Хнар нь хариуцагч Сэлэнгэ Эстимэйт ХХК болон ННШШГГт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Ө.Хнь нэхэмжлэлийн үндэслэлээ ...эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 дугаартай 9,999 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг хэт багаар үнэлсэн буюу эцсийн үнэлгээ 854,801,600 төгрөг гэж тогтоосон мөртлөө хамгийн багаар 693,244,928 төгрөгөөр үнэлсэн, үл хөдлөх болон газрын мэдээлэл хүснэгт 4-т одоогийн барилгын чанарыг муу гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалт алдагдсан байдалтай танилцсан боловч ердийн ашиглаж болохуйц хөрөнгүүдтэй жишиж үнэлсэн, мөн харьцуулсан хөрөнгүүд нь Төв аймгийн Зуунмод хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд бөгөөд энэхүү харьцуулсан байршлууд нь зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэргээр тэс ондоо тул харьцуулах боломжгүй бөгөөд үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангахгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч ННШШГГ татгалзлын үндэслэлээ ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж, хариуцагч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь татгалзлын үндэслэлээ ... Хөрөнгийн үнэлгээний тайланд бүгд тодорхой тусгагдсан, нэхэмжлэгч Ө.Хнь хуульд заасны дагуу эхлээд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа шүүхэд хандах ёстой гэх агуулгаар тус тус тайлбарласан.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №181/ШШ2018/00515 дугаар захирамжаар Ө.Хнь 88,899,629 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор ХХБ ХХК-д төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

Ө.Хнь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч ХХБ ХХК-ийн хүсэлтээр ННШШГГ төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

Төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч ХХБ ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч ННШШГГ нь Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Сэлэнгэ Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга аргачлалыг зах зээлийн харьцуулан жиших хандлагыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4. Нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Нэхэмжлэгч нь ... үл хөдлөх хөрөнгө болон газрыг хэт доогуур үнэлсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4.б. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 9.1-д үйлчилгээний зориулалттай үл хөдлөх түрээслүүлж байгаа газар ховор, олдоц муу байсан тул орлогын хандлагаар тооцоолол хийх боломжгүй гэж үзсэн учраас энэ хандлагаар тооцоолоогүй болно гэжээ. Нэхэмжлэгч Ө.Хдавж заалдах гомдолдоо Өвөр Жанчивланд гэхэд 3 аж ахуйн нэгж сувиллын үйл ажиллагаа эрхэлж байхад түрээсийн жиших хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар орлогын хандлагын аргаар тооцоолоогүй гэсэн байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй.

4.в. Шинжээч үнэлж буй хөрөнгийг 3 хөрөнгөтэй харьцуулж жишиг үнийг тогтоосон байх ба эдгээр хөрөнгүүдийн ялгаатай байдалд шаардлагатай зохицуулалтыг хийж, нийт зохицуулалтын хувь хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй шалгуурыг баримталсан талаар үнэлгээний тайландаа дурджээ. Иймд ямар ч төсөөтэй бус үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж арилжаалагдах үнийг гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

4.г. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагаар тооцоолоогүй ба өртгийн хандлагаар 693,244,928 төгрөгөөр, жишиг үнийн хандлагаар 854,801,600 төгрөгөөр тус тус үнэлж, дээрх 2 хандлагын тооцооллыг судалж үзээд өртгийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 693,244,928 төгрөгөөр тогтоожээ.

Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үнэлж буй хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар үнэлсэн эцсийн үнэлгээ 854,801,600 төгрөг гэж тогтоосон мөртлөө хамгийн багаар 693,244,928 төгрөгөөр үнэлж намайг хэт хохироох үйлдлийг хийсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

4.д. Шинжээч дүгнэлтдээ үл хөдлөх болон газрын одоогийн чанар байдлыг муу ашиглагдаагүй гэсэн мэдээлэл оруулсан байх ба нэхэмжлэгч Ө.Хнь барилгын чанарыг тогтоодог оношилгоо судалгааны болон бусад мэргэжлийн байгууллага барилгын чанарыг муу гэж тогтоогоогүй гэж маргаж байх хэдий ч шинжээчийн дүгнэлтийг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Хишигмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БЯМБАСҮРЭН