| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 1909004141282 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.6.1., 21.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул, Н.Ихбаяр |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
Г.Н, А.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
прокурор С.Болорзул, Н.Ихбаяр нар /цахимаар/,
хохирогч Ц.С өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /цахимаар/,
хохирогч “Т э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Халиунаа нар /цахимаар/,
хохирогч “О ц” ХХК-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн /цахимаар/,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Баяржаргал /цахимаар/,
шүүгдэгч А.Г өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, Б.Цэцэнбилэг /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/195 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Болорзул, Н.Ихбаяр нарын эсэргүүцэл болон хохирогч “Б ч” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхзулын гомдлыг үндэслэн яллагдагч Г.Н, А.Г нарт холбогдох 1909004141282 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, - оны - дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Б дүүргийн - дугаар хороо - хороолол - байрны - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д овогт Г Н,
Монгол улсын иргэн, - оны - дугаар сарын -нд Т аймгийн З суманд төрсөн, -настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт С дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - гудамж - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д овогт А Г
Яллагдагч Г.Н нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр
- 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд Ц.С “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50,000,000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд найрамдах Хятад улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 113,785,741.85 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Г аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “О ц” ХХК-ийн захирал Л.У тус компанийн захирал мэтээр өөрийгөө ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 135,785,760 төгрөгийн хохирол учруулж залилсан,
-2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1018 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж шийдвэрлэсэн Г аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн үйлдвэрийн байр луу 2019 оны 12 дугаар сарын 09, 2020 оны 03 дугаар сарын 20, 2020 оны 04 дүгээр сарын 20, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан Э.Г, Б.Б болон “О ц” ХХК-ны ажилчдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн биед нь халдах, хөөж гаргах, үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, хэл үгээр доромжлох зэргээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,
Яллагдагч А.Г нь дангаараа
-2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б Ч” хариуцагчтай “1,580,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Б Ч” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,
Яллагдагч Г.Н, А.Г нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр
-2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч бичиг, баримт гарган өгч, хууль бус шийдвэр гаргуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4,031,178.300 төгрөгийн үнэ цэний үнэлгээтэй “Б Ч” ХХК, 20,520,000 төгрөгийн үнэлгээтэй, Ү-1901000080 дугаартай Г аймгийн Б сумын 1 дүгээр баг -р байрны - дүгээр орцны - тоотод байрлалтай 45 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцын эд хөрөнгийн эрхийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4,051,698,300 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл “Т э” ХХК-ийн удирдлагад “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” гэж итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,799,092,302 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.Н, А.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д овогт А Г, Д овогт Г Н нарт холбогдох эрүүгийн 1909004141282 дугаартай хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч А.Г урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сиди, 1 ширхэг плаш диск, хэрэгт хавсаргасан санхүүгийн 16 хавтаст баримтыг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч “Б Ч” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/195 захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Захирамжийн 7 дугаар талд буцаасан үндэслэлийг дурдсан ба түүний 1-д “мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоол, тэмдэглэлээр Б, Б ч эд зүйлс, үйлдвэрийг битүүмжилжээ...эд хөрөнгө нийлсэн, ялгасан эсэхийг огт дурдаагүй үнэлгээ хийсэн” гэжээ. Юуны өмнө үйлдвэр, бусад эд хөрөнгө нь гэмт хэргийн зүйл бөгөөд мөрдөгч бус Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Хосбаярын тогтоолоор битүүмжилсэн. Г.Н нь гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гаргуулахдаа шүүхэд шаардлагатай хэд хэдэн баримтуудыг хуурамчаар үйлдсэн. Тэдгээр баримтыг хуурамчаар үйлдэж, шүүхийн шийдвэр гаргуулах хүртэл хугацаанд эд хөрөнгө холилдсон, эд хөрөнгийн өмчлөлийн ямар ч маргаан байхгүй, шүүхийн шийдвэр гаргуулсан бүх эд хөрөнгийг “Б ч” ХХК-ийн өмч гэж бүрэн хүлээн зөвшөөрч байсан учраас А.Г өмчлөлд шилжүүлсэн. Эдгээр эд хөрөнгийг шилжүүлэхдээ Г.Н нь хэрэв Б ч нь өр, зээлээ төлж чадахгүй бол А.Г “Б ч” ХХК-ийн ийм хөрөнгө, “Б” ХХК-ийн ийм хөрөнгүүдийг өр төлбөртөө шилжүүлнэ гэж дурдаагүй, дандаа “Б ч” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгүүд гэж дурдсан байдаг. Хэрэв гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийдвэр гаргуулахдаа Б, Б ч гэж хөрөнгүүдийг ялгаж, дурдаж шилжүүлсэн бол шүүгчийн захирамжид заасан эд хөрөнгийг ялгах ёстой гэсэн шаардлагыг биелүүлэх үндэслэлтэй юм. Иргэний хэргийн шүүхээр шилжүүлсэн бүх хөрөнгө нь “Б ч” ХХК-ийн өмч болох нь дараах баримтаар тогтоогдоно. Эдгээр баримтыг Г.Н, А.Г нар гэмт хэрэг үйлдэхдээ хуурамчаар зохиож үйлдсэн бөгөөд гол санаа нь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, “Б ч” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Г.Н өөрөө Б ч ХХК-ийн өмчийг А.Г руу шилжүүлэхдээ эд хөрөнгө холилдсон гэсэн асуудлыг хөндөөгүй болохыг анхаарах нь зүйтэй.
Мөн “Б ч” ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Н өөрөө “Б ч” ХХК-ийн нэр дээр гаргуулах бүртгэлийн ажлыг 2011 оны харилцан гүйцэтгэсэн. Учир нь тэр “Б ч” ХХК-ийн захирал байсан тул өөрийнх нь албаны чиг үүргийн дагуу энэ ажлыг хариуцсан. Энэ бүхний эцэст, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасанчлан “Б”, “Б ч” ХХК-ийн өмч хөрөнгө холилдсон зүйл гэмт хэрэг үйлдэхээр бэлдэх болон төгс үйлдэж дуусах хүртэл хугацаанд огт байгаагүй. Иймээс шүүгчид захирамжид заасан 2019 оны битүүмжлэх актын хэрэгжилтийг хангасан тэмдэглэл зэргийг судлах шаардлагагүй. Иймд буцаах захирамжийн буцаах үндэслэлийн 1-д дурдсан асуудал нь ач холбогдолгүй, хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдах үндэслэлүүд байх тул эрхэм шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Захирамжийн 7 дугаар талын 2-т "Б ч" ХХК-ийн 20 хувийг Г.Н гэгч нь эзэмшдэг гэх бөгөөд үүнтэй холбоотойгоор “Б ч” ХХК-нд түүний дээрх хувьд ногдох эд хөрөнгө, эрх байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй гэжээ. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй" гэж заасан. Өөрөөр хэлбэл Г.Н 20 хувь эзэмшиж байгаа ч “Б ч” ХХК-ийн аливаа эд хөрөнгийг 20 хувьдаа тааруулж өмчлөхгүй гэсэн үг юм. Аль ч хувьцаа эзэмшигч хэдэн ч хувийг эзэмшиж болох ч бүх хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн бус компанийн өмч байдаг гэдгийг энэ хууль зохицуулсан. Г.Н болон бусад хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ улсын бүртгэл дээр албан ёсоор бүртгэлтэй хэвээр байгаа. Г.Н нь хэдэн төгрөгийг 2011 онд бодитой хөрөнгө оруулалт байдлаар хийсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй. Учир нь өмнө дурдсанчлан нийт өмч хуулийн этгээд буюу компанийн өмч. 610 сая төгрөгийн гол санаа нь Г.Н компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 610 сая төгрөг байршуулж улсын бүртгэгчид дансанд ийм мөнгө байгаа гэж үзүүлэнгүүтээ мөнгөө буцаагаад татчихсан. Энэ нь 6 хувьцаа эзэмшигчийн хувьд хэн хэдэн төгрөг бодитой оруулсан бэ гэсэн иргэний маргаан юм. Харин энэхүү эрүүгийн хэргийн хувьд “Б ч” ХХК буюу хуулийн этгээд хохирогчоор орж байгаа бөгөөд хуулийн этгээдийн хөрөнгүүдийг бусдад хууль бусаар шилжүүлээд байгаад гол асуудал байгаа юм. Г.Н өөрийн 20 хувьд ногдохыг ч тэр, компанийн нийт хөрөнгийг ч тэр юм. Хуулийн этгээдийн буюу компанийг өмчийг бусад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдад хуурамч бичиг баримт үйлдэж шилжүүлэх эрх хэнд ч байхгүй. Шүүгч 180 сая төгрөгийн талаар дурдсан байх ба хавтаст хэрэгт Б ч ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх үеийн хувийн хэрэг авагдсан байгаа болно. Түүнд компанийг 610 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж бүртгүүлсэн, тэр бүртгэл нь одоо улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн байдаг. Тэрхүү 610 сая төгрөгийг буруу тул буцаав гэсэн утгатайгаар буцаагаад татсан. Харин 180 сая төгрөг гэсэн улсын бүртгэлийн бичилт болон баримт Б ч ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байхгүй. Компанийн үйлдвэр, бүх хөрөнгө оруулалтыг хятад тал гаргасан бөгөөд өөрсдөө хятадаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирж угсарсан. Үүнийг Г.Н өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд хятадууд хямдхан үнэтэй хуучин үйлдвэр оруулж ирж угсарсан гэж шүүх хурал болгон дээр мэдүүлдэг, гомдолсоор ирсэн. Захирамжийн 8 дугаар нүүр 4-т заасан асуудлын тухайд, 2018 оны шүүхийн шийдвэрт заасан эд хөрөнгүүдийн үнэлгээг ялгаад тооцоход хангалттай юм. Учир нь гэмт хэргийн зүйл нь 2018 оны шийдвэрт дурдсан эд хөрөнгүүд юм. Үүнийг үнэлгээний компанийг шүүх хуралд оролцуулж асуулт асуух байдлаар шийдэх боломжтой. Захирамжийн 8 дугаар нүүрний 6-д заасан эд хөрөнгийн хувьд 2 өрөө байр нь эрхийн хувьд “Б ч” ХХК-ийн бүртгэлд, мөн эзэмшлийн хувьд “Б ч” ХХК-ийн мэдэлд байгаа. Г.Н өөрөө энэхүү хоёр өрөө байр нь “Б ч” ХХК-ийн өмч гэдгийг удаа дараа мэдүүлдэг, бид энэхүү эд хөрөнгийг битүүмжлэх шаардлагагүй гэж үзээд хүсэлт гаргаагүй. Нөгөө талаар шүүх өөрөө битүүмжлэх ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 60 хоногийн хугацаанд эдгээр ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд нөхөн гүйцэтгэх боломжтой, мөн үнэлгээний компанийг хуралд оролцуулах боломжтой. Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын үеэр шүүх хэргийг прокуророос хүлээж аваад гарын үсгийн шинжилгээ хийлгэх зэрэг ажлыг 60 хоногт багтаан өөрийн санаачилгаар шинжээч томилж хийлгэж байсан. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/Ш3/195 захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн давж заалдах шатны шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэн чухал ажиллагааг зөвхөн хийлгэх байдлаар захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Ихбаяр нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 2025/Ш3/195 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай" захирамжаар...мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна." гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах гүйцэтгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. Захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж тус тус дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т "...тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" заасан бөгөөд хэрэгт авагдсан гэрч Х К Л, Г.Х, хохирогч Ч Г Х нарын мэдүүлгээр "Б Ч" ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон нийт хөрөнгөд “Б” ХХК-ийн хөрөнгө орсон, тус хоёр компанийн эд хөрөнгө нийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах хөрөнгийн үнэлгээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс гаргасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоож, яллах дүгнэлтэд тусгасан болно. Тодруулбал, хэрэгт авагдсан тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэж байгаа үндэслэл, хууль зүйн дүгнэлтээ шүүх захирамждаа дурдаагүй байх тул бодит хохирол хор уршгийг бүрэн тогтоож чадаагүй талаарх уг заалт нь үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.
2. Хавтаст хэрэгт 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар "Б Ч" ХХК-ийн ерөнхий захирал Г.Н ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Г.Н эс зөвшөөрч дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 386 дугаартай шийдвэрээр Г.Н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 03 дугаар сарын 13-ны 278 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тодруулбал, дээрх иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр яллагдагч Г.Н нь "Б Ч" ХХК-ний хувьд ногдох эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхгүй болох нь тогтоогдсон. Мөн яллагдагч Г.Н нь 610 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 3 цагийн дотор компани байгуулснаар мөнгийг буцаан татсан асуудлыг шалгасан тухай баримт 1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр хуудаст авагдсан байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Түүнчлэн "Б, Н, Э нар нь анх Б Ч ХХК байгуулахад 180,000,000 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалтыг 2021 оны 05 дугаар сарын 25-нд Хадгаламж банкнаас авч хувь нийлүүлсэн гэж мэдүүлдэг тул тэдний хувьд ноогдох эд хөрөнгө үнэлгээ байгаа эсэхийг тогтоох" заалтын хувьд “Б Ч” ХХК-ийг анх үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан, хувьцаа эзэмшигч болох дээрх хүмүүсийн хувьд ногдох эд хөрөнгийн хэмжээг үнэлж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй болно. Учир тэдний зүгээс хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, хохирол, төлбөр нэхэмжилж, гомдол санал гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Захирамжийн 3 дах заалт нь уг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй асуудлыг дурдсан байх бөгөөд мөн хохирогч "Б Ч" гэгчийн нэрийг Б.Ч, Б.Ч гэж мэдүүлэг авсан гэх асуудал нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 3.Н /6-р хх-ийн 173 дугаар хуудас/ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх тухайн хэрэгт авагдсан эсэх, эсхүл 1909004141282 дугаартай уг хэрэгт хохирогчоор мэдүүлэг авахад гарсан техникийн шинжтэй алдаа, зөрчил болох талаар захирамжид тодорхой дурдаагүй байх тул үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Хохирогч “Г м” болон "Б-Ч" ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр авсан төмрийн хүдэр зэргийг нэхэмжилсэн бол" гэсэн заалт нь ойлгомжгүй, учир нь хэрэгт "Г м" гэх хохирогч, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл авагдаагүй. Мөн хэрэгт авагдсан "Б-Ч" ХХК-ийн үйлдвэрийн барилга болон хашаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тухайн хашаанд хүдэр байхгүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн хохирогч болох Л.У болон "Т-Э" ХХК-д учирсан хохирлын хэмжээ нь тогтоогдсон бөгөөд тухайн хохирогч нараас "бутлуур дизель генератор, 3 тонн ган бөмбөлөг, ШТС, сэлбэг хэрэгсэл" зэрэг эд зүйлсийг нэхэмжлээгүй байх тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.
5. Хохирогч Ц.С нь хууль сануулж өгсөн удаа дараагийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ Г.Н бэлэн болон бэлэн бусаар мөнгө өгч байсан талаараа удаа дараа мэдүүлдэг. Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа дээр дурдсан "...хэн авсан нь тодорхой гэх 41,568,199 төгрөг"-ийг хохиролд тооцох, тооцохгүй байх эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар эзэмшлийн орон сууцтай талаар материал хэрэгт авагдсан байх тул хохирол төлбөрийг барагдуулах үүднээс эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх гэх заалтын хүрээнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэхээр заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг заалтын хүрээнд прокурорын шийдвэрээр холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдсэн болно. Харин шүүхийн шатанд шүүгдэгч нарын нэр дээр бүртгэлтэй дээрх хөрөнгүүдийг зайлшгүй битүүмжлэх шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрээр уг хөрөнгүүдийг битүүмжлэх бүрэн боломжтой байна.
7. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/14 дугаартай магадлалын 4 дүгээр заалтад тусгагдсан “Шүүгдэгч Г.Н нь "Б Ч" ХХК-ийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгөнд "Б" ХХК-ийн хөрөнгө давхар орсон бөгөөд нийлээд 4 тэрбум төгрөг болж байгаа..... "Б" ХХК-ийн үйлдвэр дээр хохирогч нарын төмрийн хүдрийг баяжуулдаг байсан.... "Б" ХХК-ийн үйлдвэр болон "Б Ч" ХХК-ийн үйлдвэр нь нэг байшинд 2 шугамаар тусгаарлагдаж байдаг" гэж мэдүүлж байх тул үүнийг шалгаж тогтоох" гэсэн заалтын хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, уг заалтын дагуу "Б Ч" ХХК-ийн үйлдвэрийн байранд үзлэг хийж тухайн асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэрэгт авагдсан "Д А А" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 19 хх-ийн 54-104/ ээр хохирогч болох Ц.С, "О ц" ХХК, "Т-Э" ХХК-ийн хохирлыг хэрхэн яаж тооцож гэмт хэргийн хохирлыг тогтоосон болох нь тодорхойгүй гэх заалтын хүрээнд тухайн хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг дахин тогтоож яллах дүгнэлтэд тусгасан. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах хөрөнгийн үнэлгээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс гаргасан шинжээчийн дүгнэлт /"Д А А" ХХК/-д үндэслэн тогтоохоос өөрөөр тогтоох боломжгүй, энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Түүнчлэн шүүгчийн захирамжид яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдлуудыг нэг бүрчлэн дурдсан атлаа шүүх хуралдааны явцад прокуророос яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлыг няцаан үгүйсгэсэн тайлбар, дүгнэлтийг огт тусгаагүй, энэ талаар хэрхэн үнэлж, дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, прокурорын гаргасан тайлбар, дүгнэлтийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй атлаа ямар үндэслэлээр “...мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна." гэж дүгнэсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэргийн бодид байдалтай нийцээгүй гэж дүгнэлээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг зөрчсөн. Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус заасныг тус тус зөрчсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/Ш3/195 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор С.Болорзул давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлдээ:
Шүүх хуралдаанд прокурорын зүгээс тухайн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг боломжит хэмжээгээр сэргээн дүрслээд Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын зүгээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг боломжит хэмжээгээр хийгдсэн гэж үзэж байгаа. Сая хэлсэн анхан шатны шүүгчийн буцаасан захирамж өмнө нь магадлалд дурдсан 2, 4 дүгээр заалтаас бусад нөхцөл байдлуудыг эргэлзээтэй байна гэсэн үндэслэл яриад буцаах гээд байгаа. Эргэлзээтэй асуудлыг прокурорын зүгээс болон Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхэд эргэлзээтэй байвал шүүх хуралдааны явцад нотлох баримтаа шинжлэн судлаад тогтоогдсон нөхцөл байдалд нь дүгнэлт хийгээд шийдвэрлэх боломжтой, шүүгчийн эрх хэмжээний асуудал байгаа. Тэгэхээр энэ хэрэгт гаргаж байгаа прокурорын эсэргүүцэл маань өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааг боломжит хэмжээнд хийсэн байна, эргэлзээтэй бол шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал байгаад байхад шүүх шийдэх боломжтой асуудлыг шийдэхгүй байна гэсэн үүднээс прокурорын эсэргүүцэл бичсэн. Нийт 7 үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Заалт болгоны дагуу прокурорын зүгээс үндэслэлээ хавтаст хэрэгт авагдсан баримт, хавтаст хэрэгт авагдсан хуудсаар нь тодорхой бичгээр гаргасан учраас прокурорын зүгээс эсэргүүцлээ дэмжиж байна. Эргэлзээтэй гэж үзвэл шүүх хуралдааны явцад шинжлэн судлаад шүүх хэрэгсэхгүй болгох уу, бусад нөхцөл байдлыг нь өөрийн эрх хэмжээнд шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэв.
Шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгчийн захирамжид “Дабль Аксиом” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК гэх шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК, “Б Ч” ХХК-ийн нийт хөрөнгө нь 1 тэрбум, 500 сая байна гээд бичсэн байна. Зөвхөн ганц шинжээчийн дүгнэлтийг бариад энэ хүн 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд бичсэн байхад шүүх яаж хохирлыг тогтоох юм бэ, хохирлын үнэлгээг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой юм уу. Эд хөрөнгө нийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үндэслэл нь шинжээчийн дүгнэлт шүү дээ. “Б” ХХК-ийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зөвхөн 1763,5 м2 үйлдвэрийн барилгыг битүүмжилсэн байдаг. Гэтэл “Б” ХХК-ийн нийт хашаа нь 80,000 м2 том хашаатай. “Б Ч” ХХК “Б” компанийг оруулахгүй 80,000 м2 газрыг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэгдсэн, хоёр компанийн хөрөнгө нийлээд 1,5 тэрбум гэсэн. “Б” ХХК-ийн хөрөнгө ганцаараа 4 тэрбум гээд тогтоосон. “Б Ч” ХХК-ийн 20 хувийн хувьцааг Г.Н гэх хүн эзэмшдэг бөгөөд үүнтэй холбоотой “Б Ч” ХХК-д түүний дээрх хувьд ноогдох эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. “Б Ч” ХХК-ийн 20 хувийн хувьцааг Г.Н эзэмшдэг юм уу, эзэмшдэггүй юм уу гэдгийг тогтоох шаардлагатай Г.Н нь 610,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 3 цагийн дотор компани байгуулснаар мөнгийг буцаан татсан талаар Б Ч мэдүүлдэг. Гэтэл зөвхөн 610,000,000 төгрөг орсон тухай баримт байдаг болохоос тухай мөнгийг буцаан татсан юм уу, буцаан татсан бол хэн татсан талаар баримт байхгүй. Зөвхөн 610,000,000 төгрөг орсон гэх дансны хуулга байгаа. Үүнийг яах вэ. Үнэхээр 610,000,000 төгрөгийг буцааж татсан бол хэрвээ Г.Н хохирол учруулсан бол Г.Н учруулсан хохирол дээр нэмэх үү, хасах уу гэдгийг шийдэх гээд байна. Хэн авсан нь мэдэгдэхгүй баримтаар буцааж татсан гээд Г.Н учруулсан хохиролд нэмж тооцож болох уу. Үүнийг гүйцэтгэж ирэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэх боломжгүй байгаа. Г.Н ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Г.Н эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Н “Б Ч” ХХК-ийн хувьд ноогдох эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхгүй болох нь тогтоогдсон гэж байна. Г.Н гүйцэтгэх захирлаас халсныг хүчингүй болгуулах гэсэн байгаа. Харин эд хөрөнгийн асуудлыг шийдээгүй. Энэ гаргасан нэхэмжлэл болон тухайн шийдвэр 2 хоорондоо уялдаатай байх ёстой. Гүйцэтгэх захирлаас халсныг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болохоос Г.Н эд хөрөнгө эзэмшдэггүй гэж шийдээгүй. Прокурор яагаад зөрүүлж буруу бичээд байгааг ойлгохгүй байна. Б, Н, Э нар нь анх 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Энд тодорхой эд хөрөнгө эзэмшдэг юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоох гэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт Б, Н гэх хүмүүс бид нар хувьцаагаа шилжүүлээд өгсөн. Гэхдээ бид нар мөнгөө аваагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Хэрвээ “Б Ч” ХХК-д хохирол учирсан бол “Б Ч” ХХК-ийн үйл ажиллагаанаас гарсан гэж мэдүүлж байгаа хүмүүст хохирол ноогдох ёстой юм уу, үгүй юм уу гэж шүүх шийдэх гээд байна шүү дээ. Энэ эргэлзээтэй бол шүүхээр шийдье гэж яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруутай эсэхийг эргэлзээгүй тогтооно гэж заасан байхад яагаад эргэлзээтэй хэрэг оруулж ирээд шүүхээр шийдүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Б Ч гэх хүнийг Б.Ч, Б овгийн Б Ч гээд олон янзаар бичсэн байгаа. Хохирогчоор мэдүүлэг авсан байдаг. Дараа нь орчуулагчаар мэдүүлэг авсан байдаг. Орчуулагчаар оруулаад гарын үсэг зуруулсан байдаг. Энэ хүнийг Монгол улсад оршин суух үнэмлэх дээр байгаагаар нь буюу Англи галигаар бич гэж байхад эргэлзээтэй зүйл оруулж ирсэн. Би өөрийгөө өмгөөлөгч Алтанзул эсхүл Алтанцэцэг гэх байдлаар янз бүрээр нэрлэж болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүх зүйл эргэлзээгүй байх ёстой гэж заасан байгаа. Энд хэчнээн хүн яваад байгаа нь мэдэгдэхгүй. Янз бүрийн нэртэй байгаа. Англи галигаар бичиж ирүүл гэснийг залхуураад хийгээгүй, эргэлзээтэй хэргээ шүүхээр шийдүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Үйлдвэрийн хашаанд “Б Ч” ХХК-ийн 6,000 тонн төмрийн хүдэр үлдсэн байсан. Энэ хүдэр нь 500-600 сая төгрөгийн үнэтэй төмрийн хүдэр байсан. Үүнийг хохирогч гээд байгаа энэ Б Ч, Ч Г Х нар үйлдвэрийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж байх хугацаанд авч үрэгдүүлээд байна гэсэн. Хэргийн оролцогч нарын эрхийг тэнцвэртэй хангахын үүднээс шүүх 600 сая төгрөгийн үнэтэй 6,000 тонн төмрийн хүдрийг хохиролд оруулж тооцоод, хохирогч нарын хохирлоос хасах юм уу эсхүл хасах боломжтой юм уу, үүнийг хохирогч нар авсан бол энэ хохирлоос хасах нь зүйтэй. Үүнийг баримтжуулаад аваад ир гэсэн байна шүү дээ. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юм уу. Н авсан 8,800,000 төгрөгийг хэн авсан нь тодорхойгүй. 41,000,000 төгрөгт оруулсан байна. Шууд учирсан хохирлыг хохиролд тооцдог гээд энэ захирамжид зөв бичсэн байна. Гэтэл Н авсан мөнгийг шууд хохиролд оруулаад байгаа нь буруу байна. Үүнийг яах ёстой юм бэ, үүнийг зас гэсэн байна. Шүүгч өөрийнхөө харснаар, өөрөө уншаад ийм, ийм эргэлзээнүүд байна гэж дүгнэсэн байна. Энэ байтугай өчнөөн эргэлзээ байгаа. Энэ эргэлзээг тодруул гэхээр үүнийг тооцох эсхүл тооцохгүй байх асуудлыг шүүх шийднэ үүнийг бид нар шийдэхгүй гэсэн утгатай гомдол бичсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны уг заалтын хүрээнд прокурорын шийдвэрээр холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдсэн болно гэж байгаа. Битүүмжлээгүй гэдгийг шүүгч хараад, хэрвээ хохирол тооцвол шүүгдэгч нарын нэр дээр эд хөрөнгө байна. Үүнийг битүүмжлээгүй байна гэдгийг харсан байна. Гэтэл шүүгч өөрөө шийднэ үү, шүүхийн шатанд битүүмжилнэ үү, бид нарт хамаагүй гэсэн байдлаар энэ хэргийг оруулж ирсэн байна гэж үзэж байна. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай магадлалын 2, 4 дүгээр заалтад заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. Тухайн магадлалд юу гэж заасан гэхээр Н хэдэн төгрөгийг залилаад авсан юм бэ. Хохирогч “Т э” ХХК, хохирогч “О ц” ХХК, хохирогч Ц.С нар бүх мөнгөөрөө “Б Ч” ХХК-ийн төмрийн хүдэр дээр ажиллаж байсан гэдэг нь тогтоогдсон. Мөн өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэ зардалд гаргасан мөнгө, хятад ажилчдын хоол, визэнд гаргасан мөнгөө...Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2, 4 дүгээр заалтад энэ ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн нь энэ захирамжийн 7 дахь заалт шүү дээ. Гэтэл энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Н яг хэдэн төгрөг орсон. Бусад зардал буюу хятад ажилчдаас авсан виз, хоолны мөнгийг яагаад Г.Н халдаагаад байгаа юм бэ, яагаад ажилласан ажилчдын цалин, гаргасан зардлаа Н гэх хүнийг залилсан гэж үзээд байгаа юм бэ, үүнийг тогтоож ир гээд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан байгаа. Энэ ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зөв гарсан байна. Энэ ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй учраас прокурорт буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаагүй ажиллагааг хийж гүйцэтгэ гээд шүүгч захирамж гаргасан байна гээд буруу зүйл яриад байна. Шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд, өөрийн олж харсан энэ эргэлзээнүүдийг арилгахын үүднээс 7 үндэслэлийг зөв бичсэн байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаах тухай 195 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. “Б ч” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхзулын давж заалдах журмаар гаргасан гомдол бол прокурорын эсэргүүцэлтэй бараг адилхан байгаа. Компанийн тухай хууль яриад прокурорын эсэргүүцэлтэй адилхан бичсэн байгаа учраас хүлээж авах үндэслэлгүй байна. Тиймээс хэргийг прокурорт буцаах тухай 195 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Д.Алтантуяа өмгөөлөгчтэй давхцуулахгүй тайлбар гаргая. Прокурорууд бид боломжийнхоо хүрээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж байна. Уучлаарай хуульд боломжоороо хийнэ гэсэн үг байхгүй. Прокурор үг хэллэгээ зөв хэлмээр байна. Шүүгчийн захирамжийг биелүүлэх ёстой. Шүүгчийн захирамжийг биелүүлж ирээд ийм зүйл ярих хэрэгтэй. Боломжоороо гэдэг үг ярихгүй. Энэ хэрэг 10 жил явлаа, 5 жил явлаа, хохирогч нар хохирч байна гэж ярьж байна. 2015 оноос хойш дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорт бүх эрх нь очсон. Цагдаагийн байгууллага дураараа ямар ч ажил хийхгүй. Прокурорын зөвшөөрлөөр, прокурорын даалгавраар хийж байгаа. Прокурорууд 10 жил энэ хэргийн бантанг хутгасан болохоор энэ хэрэг буцаад байгаа. Г.Н болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар ямар нэгэн арга хэрэглээд энэ хэргийг 10 жил болгоод байгаа зүйл байхгүй. Прокурорын боосон хэрэг болохгүй болоод буцаагаад байна. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. “Б ч” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхзулын давж заалдах журмаар гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Яагаад нийцэхгүй байна гэхээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгчийн захирамжид заагдсан, урьд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын яллагдагчаар татсан тогтоол гэхэд 3-4 удаа өөрчлөгдсөн байгаа. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сард өөрчлөгдсөн. Шууд яллах дүгнэлт гардуулаад өгдөг. Яллагдагчаар татсан тогтоолоо уншихаар бүх зүйлүүд нь өөрчлөгдөж байдаг. Тоо, дүнгүүд болон миний хийсэн үйлдлүүд өөрчлөгддөг. Би ийм хэрэгт шалгагдаж байгаа гэхээр шал өөр хэрэг болгоод араас нь яллах дүгнэлт гаргуулж өгдөг. Өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох баримт гаргаж өгөх боломжийг хаадаг. Сая прокурор хэлж байна. Энэ хэрэг олон жил шалгагдаж байна. Энэ олон жил шалгагдахад би олон жилийн ял авснаас ялгаа байхгүй шалгагдаж байна. Бүх зүйлээ битүүмжлүүлсэн. Прокурорын эсэргүүцэлд эд хөрөнгө битүүмжилсэн гэж дурдсан байна. Эд хөрөнгө битүүмжлэхдээ ямар компанийн эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулаагүй шууд “Б Ч” ХХК-ийн хөрөнгө гээд битүүмжилсэн. Манай “Б” ХХК-ийн бусад эд хөрөнгийг ашиглаад үйл ажиллагаа явуулах гэхээр хашааны хаалга эвдсэн гэдэг. Энэ талаараа яллах дүгнэлтэд дурдсан байдаг. Энэ “Б Ч” ХХК-ийн 1763,5 м2 газарт хамааралгүй хашааны хаалга эвдсэн гэж байна. Тэгэхээр би энэ хашаа руу орох эрхээ хасуулсан байна. Өөрсдөө үүнийгээ танилцуулаагүй. Би “Б” ХХК-ийн төлөөлөгчөөр оролцож байгаа. Энэ хөрөнгө битүүмжлэгдсэн, энэ хөрөнгө битүүмжлэгдээгүй гэдгийг ялгаж, салгаж хэлээгүй. Битүүмжлэгдсэн ч юм шиг битүүмжлэгдээгүй ч юм шиг эргэлзээтэй байна. Прокурорууд сая гомдмоор зүйл хэлж байна. Бид нар боломжит хэмжээгээрээ мөрдөн шалгах ажиллагаа явууллаа гэж байна. Энэ боломжит хэмжээгээрээ явуулахдаа хэргийн материал дотор байгаа “Б Ч” ХХК-ийн 1763,5 м2 гэсэн улсын бүртгэлээс ирүүлсэн жагсаалт байгаа. Энэ дотор ямар эд хөрөнгүүд “Б Ч” ХХК-ийн нэр дээр байдаг вэ гэдэг нь байгаа. Намайг захирал биш гээд юу яриад байна. Прокурор эсэргүүцэлдээ 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар “Б Ч” ХХК-ийн ерөнхий захирал Г.Н ажлаас нь чөлөөллөө гэж байгаа. Үүнийг сайн унш. 2014 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар юу гэж шийдсэн бэ гэхээр намайг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн шүү. Намайг ажлаас чөлөөлөөгүй. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрт Г.Н гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцуулах энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Г.Н гэрчилгээ, тамга, гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээг төлөөлөн удирдах зөвлөлд олго гэсэн. Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр байхгүй байхад зохиож яриад энэ нотлогдсон байна, шаардлагагүй байна гэж яриад байна. Прокурор энийг уншаад эсэргүүцэл бичвэл ойлгомжгүй зүйл байхгүй байна шүү дээ. Хүний эрх яригдаж байхад энэ дээр ач холбогдол өгөөд, хариуцсан ажилдаа эзэн байвал энэ хэргийг шийдэж болох байсан. Бид олон жил явж байна. Надаас шалтгаалсан зүйл байхгүй, ингэж явснаараа бусдад хамаг зүйлээ өгч завшуулж байна. Ийм эргэлзээтэй зүйлээ шийдэхгүй байна. Б Ч гэх хүнд хуурамч бичиг баримт үйлдээд өөрийгөө дэд захиралд гэж худлаа яриад... “Б Ч” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээний зүйл заалтаар би захирал биш боловч өөрийн компанид холбоотой үйл ажиллагааг явуулж болно гээд зөвшөөрсөн заалт байгаа. Юу зөрчөөд байгаагаа ойлгохгүй байна. Иймээс прокурорын эсэргүүцэл болон Р.Мөнхзул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Г өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Цэцэнбилэг өмгөөлөгчтэй хамт нэг тайлбар хэлье. Бид нарын хувьд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасан. Хэргийг буцаасан шүүгчийн захирамжтай холбоотой эсэргүүцэл дээр тайлбарлахад шүүхийн шийдвэр, магадлал заавал биелэгдэх ёстой. Магадлал дээр дурдсан асуудал ямар хэмжээгээр биелэгдсэн юм бэ гэх асуудал байгаа. Прокуроруудын ярьж байгаа асуудал бол өмнөх хэргийн нотлох баримтуудыг дахин бид нар нотолж байна гээд аваад ирж байгаа нь дээрх магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, зөрчилтэй асуудал болж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Т э” ХХК-тай холбоотой асуудал дээр бодитой зардлаа нэхэж байгаа, олсон ашгаа нэхэж байгаа, хөдөлмөрийн хөлс ч нэхэж байгаа. Үүнийг ялгаж салгаач ээ... Энэ магадлалд заасан 2, 4 дүгээр заалтад заасан ажиллагааг хий гэсэн байгаа. Энэ 2, 4 дүгээр заалт дээр “Т э” ХХК-тай холбоотой асуудал байгаа. Би үүнийг ярьж байна. Магадлалаар “Б Ч” ХХК болон “Б” ХХК-ийн хөрөнгө нь ялгаатай юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоо гээд буцаахад, прокурор нэмж ажиллагаа хийгээгүй. Ямар ч ажиллагаа хийгээгүй байж өмнөх нотлох баримтуудаар бид нар нотолж чадна гээд аваад ирж байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх зарчмаа зөрчиж байна. Хохирогч “Т э” ХХК-тай холбоотой хохирлыг 2,9 тэрбум гээд хохирогчийн талаас тогтоосон. Энэ нь яллах дүгнэлт дээр 2,7 тэрбум болоод орж ирсэн байна. Юу хасагдаад энэ мөнгөн дүн хасагдаад байгаа нь тодорхойгүй учраас эргэлзээ үүсээд байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд хангалттай биш байна, эргэлзээтэй гэж давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх буцааж шийдвэрлэхдээ хэлээд байхад энэ шинжээчийн дүгнэлтүүдээ оруулаад ирж байна. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Магадлалд заасан ажиллагааг хийгээгүй. Энэ ажиллагааг хийх шаардлагатай учраас захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Г өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч “Т э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т э” ХХК санхүүгийн баримт буюу 3 хавтас эд мөрийн баримтыг хэрэгт өгсөн. Энэ хавтаст хэрэгт өгсөн 3 хавтас баримт дээр санхүүгийн шинжээч томилогдсон нь үндэслэлтэй. Хоёр яллагдагчийн ашиг олсон гэх ямар нэгэн эх сурвалжаар давхар нотлогдохгүй байгаа баримтаар үндэслээд ашиг олсон байж болзошгүй учраас зардал, бусад зүйлийг нь ялгаж зааглах асуудал яригдаж байгаа. Ямар ч ашиг олоогүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно. Санхүүгийн баримтуудаар манай компаниас шууд шилжүүлсэн мөнгөн дүн гэж байгаа. Үйлдвэрт ажиллахаар гаргасан зардал гэж тусдаа байгаа. Үүнээс өөр өгсөн, авсан асуудал байдаггүй. Г.Н, А.Г нараас гэрээний үүрэг биелүүлсэн асуудал байдаггүй. Хамгийн гол нь энэ үйлдвэрийг “Г м” ХХК-ийн өмч гэж хэлээд бид нараас зардал гаргуулсан байдаг. Энэ бол бодит хохирол гэж бид нар үзэж байгаа. Хуульд зааснаар ч бодит хохирол гэж үзнэ. Энэ нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болж байгаа. “Б” ХХК болон “Б Ч” ХХК-тай холбоотой эд хөрөнгийг “Г м” ХХК-ийн өмчлөлд байгаа үйлдвэр гэж хэлээд бид нартай гэрээ хийгээд зардал гаргуулсан. Энэ бол залилах гэмт хэрэгтэй холбоотой бодит хохирол. Энэ хэргийг яаралтай шийдүүлэх хэрэгтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй. Санхүүгийн анхан шатны баримтууд дээр үндэслэж гарсан. Үүнд бид нарын зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Хасагдсан зардалтай холбоотой прокурорууд нэмэлт тайлбар хэлэхдээ хэлээгүй байгаа. Бид нар энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх үүднээс холбогдох тайлбар мэдүүлгээ өгөөд явсан. Энэ шинжээчийн дүгнэлттэй санал нэг байгаа. “Т э” ХХК-ийн төлөөлөгчтэй санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлмээр байна гэв.
Хохирогч “Т э” ХХК-ийн өмгөөлөгч Г.Халиунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т э” ХХК-ийн төлөөлөгчтэй санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлмээр байна гэв.
Хохирогч Ц.С өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой М авсан гэх 8,800,000 төгрөгийн асуудал яригдсан байсан. М авсан мөнгийг Ц.С төлсөн, Ц.С хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод өгсөн. Энэ дүгнэлт юуг үндэслэж гаргасан юм бэ гэхээр Г.Н болон Ц.С гаргаж өгсөн баримтууд, Ц.С болон Г.Н хоёрын тооцоо нийлсэн акт, М мэдүүлэг буюу Ц.С надад өгсөн гэх мэдүүлэг байгаа. Үүнийг үндэслээд энэ дүгнэлтийг гаргасан. Яагаад М авсан 8,800,000 төгрөгийг хасах болов. Ямар үндэслэлээр хасаж байгаа юм бэ, шүүгч 8,800,000 төгрөгийг хэн төлснийг нь харсан юм уу, хараагүй бол яагаад энэ нотлох баримтуудыг үндэслэлгүй гэж хасаж байгаа юм бэ гэсэн асуудал яригдах ёстой. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч энэ нотлох баримтаас хассан тохиолдолд 8,800,000 төгрөгийг Ц.С М өгөөгүй юм байна гэдгийг тооцооноос хасаж болно. Гэтэл М мэдүүлгийг яагаад хасаж тооцож байгаа юм бэ, хасаж тооцсон юм уу гэхээр хасаж тооцсон баримт байхгүй. Тооцооноосоо сайн дураараа хасдаг. Эрх хэмжээг хэтрүүлж дүгнэлт гаргаж болдог юм уу. Энэ хэрэг удаан шалгагдаж байна. Г.Н миний амьдралын 10 жил өнгөрлөө гэж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч танд мөнгө өгөөд 11 жилийн хугацаа өнгөрлөө. 11 жилийн хугацаанд энэ хүн 55 настай байсан бол одоо 66 настай болчихсон байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр хэд хэдэн удаа хянагдаж байгаа. Давж заалдах шатны шүүхээр хэд хэдэн удаа хянагдаж байгаа. Шүүх энэ хэргийг бүхэлд нь хянаад нэг шийдвэр гаргаж чаддаггүй юм уу. Г.Н хохирч байна гэж хэлтэл нь 10 жил прокурор, шүүх дамжиж явлаа. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй шүү дээ. Аль хэсгийг нь үндэслэлгүй гэж үзээд байгаа юм бэ. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол шинжээчийн дүгнэлт ямар тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох юм бэ. Шүүх эргэлзээд байгаа бол шинжээчийг оролцуулаад хэргээ шийдвэрлэж болохгүй байгаа юм бэ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар энэ хэргийг бүхэлд нь хянаад нэг шийдвэр гаргаж өгнө үү. Энэ хэрэг маш их удаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлээд энэ хэргийг шуурхай шийдвэрлүүлье. Үнэхээр арга барагдаж байна. Би 11 жил энэ хэргийн араас явлаа. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.
Хохирогч “О ц” ХХК-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс өмгөөлөгч би энэ хэргийг буцаасан шүүгчийн захирамжтай холбоотойгоор гомдол гаргаагүй. ... тодорхой нөхцөл байдлуудыг шаардлагатай, үгүй эсэх асуудлыг ач холбогдол өгөөд анхаарч харахад зарим зүйл нь прокурорын эсэргүүцлийг дэмжиж тайлбарлах зайлшгүй шаардлагатай байна. Гурав дахь заалтад нэр зааж байна. Энэ техникийн шинжтэй алдаа юм уу, өөр хүн юм уу, албан ёсны нэршлээр буюу гадаад хэл дээр латинаар бичигдэх ёстой гэж байгаа. Бид латинаар бичсэн байсан ч эсхүл Ч гээд 5 үсэгтэй, Ч гээд 6 үсэгтэй кириллээр бичигдсэнээс шалтгаалаад энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийгдэх буюу буцаах үндэслэлд хамааралгүй. Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Б Ч гэх хүн бол нэг хүн шүү дээ. 3 өөр янзаар бичигдсэн байгаа нь ашиг сонирхол, байр суурь болон илэрхийлэгдэж байгаа агуулга нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх зорилгын хүрээнд бичигдсэн нь шүүх үнэлж дүгнэх, нотлох баримтаар авагдсан зүйлд хамааралгүй. Өмнөх шүүх хуралдаан хойшлоход тухайн хүн Монгол улсад байхгүй гэсэн баримт гаргаад өгч байх шиг байсан. Тэгэхээр энэ захирамж биелэгдэх ёстой юу, үгүй юү, өөрөөр хэлбэл прокурорт буцаахаар тэнд энэ захирамжийн биелэлтийг хангуулах гээд гацна, эсхүл тухайн нотлох баримтаар авагдсан баримтуудыг нотлох баримтаас хасах юм уу. Тэгтэл үүний цаад талд Прокурорын байгууллага хохирогч болон хохирогч байгууллагын хөндөгдсөн эрх ашгийг сэргээлгэх, шүүхэд яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэх гээд шүүх рүү оруулах, шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлнэ. С.Болорзул прокурор цагаатгавал цагаатгана биз дээ гэж хэлсэн. Энэ бол үгний буруу сонголт байх шиг байна. Магадгүй би дутуу сонссон юм болов уу. Одоо байгаа баримтын хүрээнд шийдүүлнэ гэдэг бол зүй ёсны зүйл байх. Энэ дотор учир байдлыг нь ялгаж салгаад харвал кириллээр бичсэн, 5 үсэг эсхүл 7 үсэг бичсэн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад үлдэгдэл баяжмал байгаа эсэх асуудлыг тодруулна гэж байна. Тодруулах процесс хангалттай тогтоогдсон шүү дээ. Байхгүй гэдэг нь тодорхой болсон. Баяжмал байгаа эсэх асуудлыг тогтоох шаардлагагүй. Яагаад шаардлагагүй гэж үзэж байгаа вэ гэхээр нотлох баримтаар авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хохирогч субъект буюу “О ц” ХХК-ийн төлөөлөгч Л.У гэх миний үйлчлүүлэгч хамгийн сүүлд энэ компани дээр баяжмал боловсруулаад гараад явсан. Мөн мэдүүлэгтээ ч хэлдэг. Баяжмалын эх үүсвэр буюу хүдрийг авахдаа хаанаас авсан юм бэ, хэр хэмжээтэй авсан юм бэ, хэзээ эндээс гараад явсан гээд тодорхой баримтууд байгаа. Тухайн хашаан дотор аль нэг хэсэгт нь баяжмал байгаа болон байхгүй байгаа асуудлыг бүгдийг нь тогтоосон. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж дээр шаардлагагүй заалт байна гэж үзэж байна. “О ц” ХХК тухайн үед мөнгө шилжүүлж өгсөн болон мөнгөтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгсөн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Шүүх, прокурор үүнийг прокурорын яллах дүгнэлт, хавтаст хэргийн материалыг үндэслээд шүүх өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд компаниар энэ асуудал шийдэгдэх үү эсхүл хувь хүнээр энэ асуудал шийдэгдэх үү, “Б” ХХК, “Б Ч” ХХК-ийн өөрийн хөрөнгө болон бусад биет байдлаар байгаа хөрөнгө гэдгийг баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж прокурорын эсэргүүцлийн зарим хэсгүүд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн 3, 4 дэх хэсэгт тусгагдсан асуудал бол шаардлагагүй байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн захирамжийг давж заалдах гомдол болон эсэргүүцлийн агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Г.Н, А.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх ... хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасны зарим хэсэг нь үндэслэлтэй зөв болжээ.
Шүүгдэгч Г.Н нь дангаараа хохирогч Ц.С 113,758,741.85 төгрөгийн хохирол, “О ц” ХХК-д 135,785,760 төгрөгийн хохирол, “Б Ч” ХХК болон “О ц” ХХК-ийн ажилчдад хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн, шүүгдэгч А.Г нь дангаараа шүүхэд хуурамч нотлох баримыг мэдсээр байж гаргаж өгсөн, шүүгдэгч Г.Н, А.Г нар нь бүлэглэн шүүхэд хуурамч бичиг баримт гарган өгч хууль бус шийдвэр гаргуулан, “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 4,051,698,300 төгрөгийн хохирол, “Т э” ХХК-д 2,799,092,302 төгрөгийн хохирол учруулж тус тус залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс:
2. “Б Ч” ХХК-ийн 20 хувийг Г.Н эзэмшдэг тул түүнд хувьд ноогдох эд хөрөнгө, эрх байгаа эсэхийг тодруулах, мөн Г.Н нь 610 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 3 цагийн дотор компани байгуулснаар мөнгийг буцаан татсан талаар мэдүүлдэг тул сэдэл зорилгын хувьд ямар учиртай мөнгө гуйвуулсан болохыг шалгах, Б.Б, Я.Н, Э нар анх “Б Ч” ХХК байгуулахад 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлдэг тул тэдний хувьд ноогдох эд хөрөнгө үнэлгээ байгаа эсэхийг тогтоох,
3. Хохирогчийн төлөөлөгч Б Ч гэгч нь Г.Н ковш, ачааны машин, lexus 470, 3000 тн баяжмал зэрэг эд зүйл нэхэмжилсэн ... прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч ... гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарласан байна. Б Ч гэгчийг гэрчээр болон хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Ч, Б.Ч гэж мэдүүлэг авсан нь хуульд заасан шаардлага хангаагүй, ... гадаад паспортын англи галигаар бичиж ирүүлэх,
5. Хохирогч Ц.С нь хохирол төлбөртөө БНХАУ-ын иргэн Н авсан 8,800,000 төгрөгийг нэхэмжлэлдээ оруулан тооцсон. Энэ нь хохирол тооцсон баримтын 41,568,199 төгрөгийг хэн авсан нь тодорхойгүй мөнгөн дүнд орж байгаа тул бодит хохиролд тооцох нь эргэлзээ бүхий байна. Гэрчээр Н нь надаас авсан гэж мэдүүлсэн байна. Залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно. Харин шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар эзэмшлийн орон сууцтай талаар материал хэрэгт авагдсан байх тул хохирол төлбөрийг барагдуулах үүднээс эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх,
7. ... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай магадлалын 2,4 дүгээр заалтад заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна.
“Б Ч” ХХК-ийн өмгөөлөгчийн ... анхан шатны шүүх 60 хоногийн хугацаанд өөрийн эрх хэмжээний хүрээнд ... үнэлгээний компанийг хуралд оролцуулах, гарын үсгийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилох зэрэг ажлыг нөхөн хийлгэх боломжтой. ... давж заалдах шатны шүүх зөвхөн зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэн чухал ажиллагааг хийлгэх байдлаар захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын заримыг,
Прокурорын эсэргүүцлийн ... шүүхийн захирамжид заасан үндэслэл нь ойлгомжгүй, түүний дагуу хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаанууд хэрэгт ач холбогдолгүй, шүүхийн шатанд хийх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналын заримыг хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь:
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс 7 үндэслэл зааж буцааснаас :
... Г.Н гэх “Б” ХХК-ийн хөрөнгө түүний хувь эзэмшдэг гэх “Б Ч” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө нийлсэн, ялгасан эсэх тодорхойгүй, ... бодит хохирол хор уршгийг бүрэн тогтоож чадаагүй,
... “Б”, “Б Ч” ХХК-ийн хөрөнгөнд хохирогч нарын гэх эд хөрөнгө давхар бүртгэгдэж нийт хөрөнгөнд оруулан тооцсон эсэхийг нэг бүрчлэн тогтоох, ... хохирогч нарын авсан гэх хүдэр хэдий хэмжээтэй үлдсэн, хохирогч нарт буцаан хохирол төлбөрт өгөх боломжтой эсэх,
... Хохирогч Ц.С нь хохирол төлбөртөө БНХАУ-ын иргэн Н авсан 8,800,000 төгрөгийг нэхэмжлэлдээ оруулан тооцсон. ... Залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно. Харин шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй.
... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай магадлалын 2, 4 дүгээр заалтад заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн 1, 4, 5, 7 дугаар заалтуудыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин бусад 2, 3, 6 дугаар заалтууд болох:
... “Б Ч” ХХК-ийн 20 хувийг Г.Н эзэмшдэг тул түүнд хувьд ноогдох эд хөрөнгө, эрх байгаа эсэхийг тодруулах, мөн Г.Н нь 610 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 3 цагийн дотор компани байгуулснаар мөнгийг буцаан татсан талаар мэдүүлдэг тул сэдэл зорилгын хувьд ямар учиртай мөнгө гуйвуулсан болохыг шалгах, Б.Б, Я.Н, Э нар анх “Б Ч” ХХК байгуулахад 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлдэг тул тэдний хувьд ноогдох эд хөрөнгө үнэлгээ байгаа эсэхийг тогтоох,
... Хохирогчийн төлөөлөгч Б Ч гэгч нь Г.Н ковш, ачааны машин, lexus 470, 3000 тн баяжмал зэрэг эд зүйл нэхэмжилсэн ... прокурор хэргийн хөөн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч ... гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарласан байна. Б Ч гэгчийг гэрчээр болон хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Ч, Б.Ч гэж мэдүүлэг авсан нь хуульд заасан шаардлага хангаагүй, ... гадаад паспортын англи галигаар бичиж ирүүлэх,
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар эзэмшлийн орон сууцтай талаар материал хэрэгт авагдсан байх тул хохирол төлбөрийг барагдуулах үүднээс эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа зэргийг шалгах шаардлагагүй байна.
Тухайлбал: “Б Ч” ХХК-д хувь эзэмшдэг хүмүүс нь хэдий хэмжээний хувь эзэмшдэг болох, хөрөнгийн үнэлгээ, оруулсан хөрөнгийн хэмжээ зэргийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна. Харин Б Ч хувьд хохирогчийн төлөөлөгчөөр хэрэгт дахин тогтоосон тохиолдолд нэрний зөрүүг гаргах шаардлагатай. Мөн Б Ч гэгчийн Г.Н нэхэмжилсэн эд зүйлийн хувьд прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул дахин шалгах шаардлагагүй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “Б Ч” ХХК-ийн өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/195 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Р.Мөнхзул болон прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА