2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/02211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ул******************** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ул*****************тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ГХОХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 5-р сард ******* ******* ******* ГХОХХК-нд уулын олборлолтын хэлтсийн дампын Оператор албан тушаалт хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажилд орж байсан. Миний бие компанийн төлөө өрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан үр бүтээлтэй аюул осолгүйгээр хоёр орчим ажиллаж ирсэн. Гэтэл өнгөрсөн 2025 оны 02-р сарын 11 нд гүйцэтгэх захирлын тушаалаар миний биеийг 2025 оны 01-р сарын 17 ны өдрөөс эхлэн компани эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 3 ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж ажил тасалсан шалтгаан нь компани хэвийн үйл ажиллагаа доголдож бизнесийн алдагдалд оруулсан хэмээн ажил ологчийн санаачилгаар компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* хувьд 2023 оны 05 сард хариуцагч компани болох ******* ******* монголиа ГХОХХК-д олборлолтын хэлтсийн дампын оператор ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд орсон. Ажил үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэж байтал 2025 оны 02 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж, улмаар ажлаас халсан байдаг.

Үндэслэлийн тухайд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан учир таныг ажлын байрнаас чөлөөлж байна гэх үндэслэлээр ажлаас халсан.

Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд холбогдох газарт хүсэлтээ гаргаж, өнөөдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэе, хууль бусаар ажлаас халсныг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан гэж байгаа. Гэтэл Н.******* болон бусад ажилчид тухайн үед албан шаардлагыг хүргүүлсэн байдаг. Албан шаардлагад цалин хөлсний хувьд өмнө нь тавьсан шаардлага биелэгдээгүй байх тул цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмүүлье, шаардлагад хариу ирэх хүртэл ажлаа түр зогсоож байна гэж хүргүүлээд ажлаа түр зогсоосон байдаг. Тухайн үед Н. хувьд ростероор буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг байсан. Н.******* тухайн үед ажлаа хийж байсан. Ажлаа хийж байсан талаарх баримт нь хариуцагч тал ирцийн дэвтэрт үзлэг хийлгэснээр тогтоогддог. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр ажлаа тасалсан зүйл огт байхгүй. Тухайн үед ажлаа хийж байсан. Шаардлага хүргүүлж ажлаа зогсоосон байдаг. 2-т яг ижил нөхцөлөөр тэдгээр ажилчид албан шаардлагыг компанид хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний мэдэж байгаагаар 6 ажилтан энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан. 6 хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. 100 гаруй ажилтан шаардлага хүргүүлж байхад яагаад 6 хүнийг ажлаас нь чөлөөлж байна вэ, хэрэв ажлаа тасалсан гэж үзэж байвал яагаад тэр 100 хүнийг халахгүйгээр 6 хүнийг халж байна вэ, үүнийг нэхэмжлэгчийн зүгээс ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа. 3-т сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан байдаг. Пропорциональ буюу зөвшилцөх байж болно. Халж болох ч заавал хамгийн хатуу шийтгэл ногдуулах ёстой байсан уу, ажилтантай зөвшилцөж үзсэн үү, шууд ажлаас халах үндэслэл тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Тухайн үед ажлаа тасалсан зүйл байхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* нь ******* ******* ******* ГХОХХК-ийн уул олборлолтын хэлт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дамп оператор албан тушаалд ажилд орсон. ******* ******* ******* ГХОХХК-ийн Уул олборлолтын хэлтсийн Дампын оператор албан тушаалтай Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 5 хонгийн хугацаанд дараалан компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан. Энэхүү үйлдэл нь компанийн хүний нөөцийн албанаас бүртгэдэг цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа болно. ******* ******* ******* ГХОХХК-ийн төслийн захирал болон Н.******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 05 дугаар сарын 02- ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2-т Ажил олгогч дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлд заасныг үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн шалтгаан хэлж чөлөө авсан нь санаачилгаар цуцлах эрхтэй: мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4-т Гурав хонг дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, түүнчлэн чөлөө авах зорилгоор худал хуурмаг шалтгаан тогтоогдсон. гэж тус тус зааснаас үзвэл Н.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ******* ******* ******* ГХОХХК-ийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж зааснаас харвал ******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар Н. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчөөгүй байх тул хууль үндэслэлтэй тушаал гэж үзэж байна. Иймд Н. нэхэмжлэлтэй ******* ******* ******* ГХОХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан Ажилд эргүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн Даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх. гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* монголиа ГХОХХК нь аймгийн суманд уул уурхайн олборлолт эрхэлдэг. Энд ******* ******* нь дампын операторын ажилд уул уурхайн олборлолтын хэлт 2023 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа буюу 2025 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн удирдлагын урьдчилсан чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр ажлаа тасалсан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтныг 2025 оны 02 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Манай компани жил бүр ээлжийн төлөвлөгөөг баталдаг бөгөөд A, B, C, D гэх 4 ээлжээр ажиллуулдаг. 2025 оны төлөвлөгөөг 2024/887 дугаар тушаалаар баталсан. Энэхүү тушаалаар Н.******* нь С ээлжид ажиллахаар төлөвлөсөн бөгөөд 2025 оны 01 сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 сарын 22-ны хооронд буюу 14 хоногийн хугацаанд ажиллахаар батлагдсан байдаг. Уурхай дээр ажиллах үе болох 01 сарын 09-ний өдрөөс 01 сарын 22-ны өдрийн хугацаанд буюу 01 сарын 17-ны өдрөөс эхлэн ажилдаа огт гараагүй, тасалсан. Энэ талаар удирдлагаас ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл урьдчилан авсан зүйл байхгүй. Энэхүү үндэслэлийг баримталж, Хөдөлмөрийн гэрээний 10.3.2-т заасны дагуу ажил олгогч нь дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гэж тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэл болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж зааж, 5.3.2.4-т заасны дагуу 2 хоног дараалан зөвшөөрөлгүй ажлаа тасалсан, түүнчлэн чөлөө авахаар худал шалтгаан хэлсэн нь тогтоогдсон гэж тус тус заасан. Энэхүү Хөдөлмөрийн гэрээний заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн. Тухайн ажил тасалсан гэх хугацаанд өөр үйл ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч тэр нь ажлаа таслаагүй гэдгийг нотлохгүй гэж үзэж байна. Тиймээс 02 сарын 11-ний өдөр гарсан ажлаас халсан тушаал үндэслэлтэй. Тухайн ажлаа таслаа тасалсан гэдэг нь ажлын цагийн бүртгэл болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зураагүй, ажилдаа гараагүй гэдэг нь тус тус нотлогдож байгаа учир тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн 2025.02.11-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2025.02.17-ны өдрийн 0161 дугаартай итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.04.09-ний өдрийн 60 дугаартай хуралдааны тэмдэглэл, шийдвэр, 2025.10.23-ны өдрийн 1676 дугаартай итгэмжлэл, Гэр бүл, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2025.02.12-ны өдрийн 07/00-02/004/02 дугаартай албан шаардлага зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.04.30-ны өдрийн итгэмжлэл, 2025.05.15-ны өдрийн хариу тайлбар, 2025.06.04-ний өдрийн итгэмжлэл, 2025.10.01-ний өдрийн хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2025.01.08-ны өдөр ээлжийн автобусаар ирэх ажилчдын жагсаалт, 2025.01.23-ны өдөр ажилчдын ээлжийн автобусаар буусан ажилчдын жагсаалт, 2025.02.05-ны өдөр ээлжийн автобусаар ирэх ажилчдын жагсаалт, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, ******* ******* ******* ******* ГХОХХК-ийн захирлын 2024.12.26-ны өдрийн Ээлжийн хуваарь тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, цагийн бүртгэл, Ээлжийн автобусаар ирсэн, гарсан ажилчдын жагсаалт, 2025.01.18-ны өдрийн шаардлага, ажилчдын гарын үсэг зурсан баримт, ажилчдын мэдэгдэл гаргаж өгсөн байна

 

5. Шүүхийн журмаар зохигчдын хүсэлтээр Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, 2023 оны 05 сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал, 2025.11.20-ны үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* ГХОХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Ажил үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэж байтал 2025 оны 02 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулж, улмаар ажлаас халсан байдаг.

Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан гэж байгаа. Гэтэл Н.******* болон бусад ажилчид тухайн үед албан шаардлагыг хүргүүлсэн байдаг. Албан шаардлагад цалин хөлсний хувьд өмнө нь тавьсан шаардлага биелэгдээгүй байх тул цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмүүлье, шаардлагад хариу ирэх хүртэл ажлаа түр зогсоож байна гэж хүргүүлээд ажлаа түр зогсоосон байдаг. Тухайн үед Н. хувьд ростероор буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг байсан. Н.******* тухайн үед ажлаа хийж байсан. Ажлаа хийж байсан талаарх баримт нь хариуцагч тал ирцийн дэвтэрт үзлэг хийлгэснээр тогтоогддог. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр ажлаа тасалсан зүйл огт байхгүй. Тухайн үед ажлаа хийж байсан. Шаардлага хүргүүлж ажлаа зогсоосон байдаг.

2-т яг ижил нөхцөлөөр тэдгээр ажилчид албан шаардлагыг компанид хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний мэдэж байгаагаар 6 ажилтан энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан. 6 хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. 100 гаруй ажилтан шаардлага хүргүүлж байхад яагаад 6 хүнийг ажлаас нь чөлөөлж байна вэ, хэрэв ажлаа тасалсан гэж үзэж байвал яагаад тэр 100 хүнийг халахгүйгээр 6 хүнийг халж байна вэ, үүнийг нэхэмжлэгчийн зүгээс ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа.

3-т сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан байдаг. Пропорциональ буюу зөвшилцөх байж болно. Халж болох ч заавал хамгийн хатуу шийтгэл ногдуулах ёстой байсан уу, ажилтантай зөвшилцөж үзсэн үү, шууд ажлаас халах үндэслэл тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Тухайн үед ажлаа тасалсан зүйл байхгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 5 хонгийн хугацаанд дараалан компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан. Энэхүү үйлдэл нь компанийн хүний нөөцийн албанаас бүртгэдэг цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2-т Ажил олгогч дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлд заасныг үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн шалтгаан хэлж чөлөө авсан нь санаачилгаар цуцлах эрхтэй,

мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4-т Гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, түүнчлэн чөлөө авах зорилгоор худал хуурмаг шалтгаан тогтоогдсон. гэж тус тус зааснаас үзвэл Н.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ******* ******* ******* ГХОХХК-ийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна.

******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар Н. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчөөгүй байх тул хууль үндэслэлтэй тушаал гэж үзэж байна...гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нь ******* ******* ******* ГХОХХК-ийн Уулын олборлолтын хэлтсийн дампын Оператор албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Song Qingguo-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Уулын олборлолтын Дампын оператор албан тушаалтай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

******* ******* ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4 дэх хэсэг, ******* ******* ******* ГХОХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлээ ...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гурав ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан ... гэж дурджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгч Н.******* шүүхэд гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна гэж шүүх үзсэн. Мөн зохигчид гомдол гаргасан хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ...компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гурав ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэжээ.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Түүнчлэн, ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2-т Ажил олгогч дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй,

10 дугаар зүйлийн 10.3.2.4-т Гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, түүнчлэн чөлөө авах зорилгоор худал хуурмаг шалтгаан хэлж чөлөө авсан нь тогтоогдсон гэж заажээ.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 14.13-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах заалтын 14.13.19-д нийт 3 хоног 2-оос дээш удаа ажил тасалсан, 3 өдөр хоцорч ирсэн бөгөөд энэ тухайгаа шууд удирдлагад мэдэгдээгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.

 

Хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ийн төслийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн SHCM-OVOOT 2024/887 дугаартай Ээлжийн хуваарь тогтоох тухай тушаалаар тус компанийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн нийт ажилтнуудын ажил амралтын цагийн хуваарийг баталсан байх ба 2025 оны 1-р сард ажиллах С ээлжийн ажилтнуудын төлөвлөгөөт нэрсэнд ******* ******* 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хооронд ажиллах хуваарьтай болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нарын бусад ажилчид ******* ******* ******* ХХК-ийн захиргаа хүний нөөц удирдлагад 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн шаардлагадаа ...2024 онд нийт ажилчид цалин нэмүүлэх хүсэлт гаргахад 2025 оны 1 сард нэмнэ гэсэн хариу өгсөн боловч 2025 оны 01 дүгээр сарын 17-нд хариу ирж цалинг 6 хувиар нэмсэн шийдвэр ирсэн. Гэвч энэ шийдвэрийг нийт ажилчид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд ажилчид 30 хувиар нэмэх шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 17-нд ам байдлаар удирдлагад хүргүүлсэн боловч 2025 оны 01 дүгээр сарын 18-нд компанийн зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээс гаднаа компанийн зүгээс ажлаас гарах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл өгнө үү гэсэн шийдвэр ирүүлсэн. Тиймээс нийт ажилчид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир компаниас халах тушаал гаргаж өгсөн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөнө. Тиймээс нийт ажилчдын тавьсан цалингийн 30 хувиар нэмэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх хүртэл ажилд гарахгүй гэжээ. Уг баримт хэрэгт хуулбараар авагдсан боловч тухайн баримтын талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Н.******* нь ажиллах ёстой 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны дуустал ******* ******* ******* ХХК-ийн аймаг дахь сумд байрлах уурхайд байсан боловч ажлын байрандаа гарч ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл түүнд хавсаргасан баримт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны дэвтэр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.******* тухайн өдрүүдэд ажлын байранд гараагүй буюу ажил үүргээ гүйцэтгээгүй болохоо ажил олгогчид цалингаа нэмүүлэхээр шаардлага хүргүүлсэн талаар дурдах бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ныг дуустал 5 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Ажил олгогчийн ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС