| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2407 00423 0123 |
| Дугаар | 2026/ДШМ/478 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/478
Ц.Д-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор В.Дэлгэрмаа,
хохирогч Г.О-,
шүүгдэгч Ц.Д-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Д-ад холбогдох эрүүгийн 2407 00423 0123 дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Ц-ийн Д-, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ......тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:ЕЦ-/.
Шүүгдэгч Ц.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 06 дугаар хороонд байгаа Г.О-гийн хийсэн машины чиргүүлийг авахаар явж байх үедээ тухайн чиргүүлээс болж маргалдаж улмаар Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Баянзүрхийн Ц- тоот хашааны гадна хохирогч Г.О-г угзарч газарт унагаан зодож, биед 2 хавирганы далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Ц.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-аас 66,769 /жаран зургаан мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.О-гийн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан. Мөн тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Г.О- нь оролцоогүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх үнэлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна. 2. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байдаг. Учир нь, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан төдийгүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж дүгнэсэн талаараа тогтоолд дурдаж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилсныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ц.Д- болон хохирогч Г.О- нараас тус шүүх хуралдаанд “гомдолтой холбогдуулан гаргах тайлбаргүй” гэв.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэргийн материал, үйл баримттай танилцахад шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажавын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь, хохирогч Г.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Анхны мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй харилцан уялдаа бүхий нэг, нэгнийгээ баталсан, нотолсон хэлбэртэй. 2 дахь удаагийн мэдүүлгийг тухайн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажавтай нэг хуулийн фермд ажилладаг өмгөөлөгч болох н.Энхболдыг байлцуулж мэдүүлэг авсан байдаг. Ийнхүү мэдүүлэг өгөхдөө хашаа давж байхдаа унаж, уг гэмтлийг авсан, Ц.Д- ямар нэгэн байдлаар зодсон асуудал байхгүй гэх мэдүүлгийг өгсөн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. 3 дахь удаагийн мэдүүлэгт “...Ц.Д- намайг гэрээс ирж аваад, мэдүүлгээ өөрчилчих гэсэн тул би өөрөө унаж бэртсэн талаар мэдүүлэг өгсөн. Миний анхны өгсөн мэдүүлэг үнэн. Миний биед учруулсан гэмтлийг Ц.Д- учруулсан. ...” гэх үйл баримтыг ярьсан. Хохирогч Л.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Ц.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны гомдолдоо мэдүүлгийн зөрүүтэй байдал, шүүгдэгчид ашигтай байдлыг анхаарч үзээгүй талаар дурдсан байсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-г худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14, 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах ёстой байсан гэж үзэж байна.
Хэргийн үйл баримтад хийсэн өмгөөлөгчийн санал дүгнэлтэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай гэж үзэх үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдсан төдийгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй дурдаж, хууль зүйн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Ц.Д- нь Налайх дүүргийн 06 дугаар хороонд байгаа Г.О-гийн хийсэн машины чиргүүлийг авахаар явж байх үедээ тухайн чиргүүлээс болж маргалдаж улмаар Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Баянзүрхийн Ц- тоот хашааны гадна хохирогч Г.О-г зодож, биед 2 хавирганы далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.О-гийн: “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа энэ зун миний хийсэн хоёр ширхэг чиргүүлийг авахаар явж байсан. Д- “ер нь тэр хоёр чиргүүлийг би авна” гээд бид хоёр маргалдсан. ...Д- нь миний араас ирээд “хоёулаа нэг уулзаадахъя” гэж хэлээд дагуулаад хашаанаас авч гараад шууд намайг угзарч унагаагаад зодож эхэлсэн. ...Би Налайх дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд миний хавирга хугарсан байсан. ...Би эмчилгээний зардал болон энэ гэмтлийг аваад ажил хийж чадаагүй учир ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилж авмаар байна.”
“...Намайг хашаа даваад унахад Д- ирээд намайг барьж аваад гараараа миний баруун мөр, гар, цээж, нуруу хэсэгт 3-4 удаа цохисон. Тэр миний цээжний урд хэсэгт цохисон. Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахгүй хохирол нэхэмжлэхгүй өөрийн хүсэлтээр татгалзаж байна.”,
“...нэмж ярих зүйл байна, учир нь Д- намайг зодоод намайг цагдаагийн байгууллагад өргөдөл өгсний дараа над дээр ирээд “мэдүүлгээсээ буцчих, надад зодуулаагүй хашаа давж байгаад өөрөө бэртсэн гээд хэлчих, тэгвэл би чамд зээлсэн мөнгөө авахгүй, чамайг худал мэдүүлэг өгсөн гэж торгоно, би торгуулийг нь төлчихнө” гэж байсан. ... 2025 оны 06 дугаар сард Д- надтай хамт манай хадмын гадаа очоод “Г- дүүг чинь зодоон болсныг хараагүй болгоод мэдүүлэг өгчих гээд гуймаар байна” гэхээр нь би “тэгье” гээд гэрт ороход Г- орон дээр хэвтэж байхаар нь би янз бүрийн юм ярилгүй буцаж гараад Д-ад “Г- байхгүй байна” гэж хэлсэн юм. ...Зулаагийн дүү Г- гарч ирж хараад цаашаа эгчийгээ дуудаад З-, аавтайгаа гарч ирж ... аав нь “чи наад хүнээ эрүүл саруул болохоор нь ирж ав” гээд намайг аваад оруулсан. ...Налайхын эмнэлэгт үзүүлэхэд хоёр хавирга хугарсан байна гэж байсан.” /хх 15, 18-19, 131-132, 134-135/,
гэрч Д.Э-ын: " Өдөр 16 цагийн үед О- таксигаар ирээд араас нь найз Д- нь машинтайгаа хөөж ирээд О-г манай хашаанаас чирч гаргаад манайхаас дээшээ 3 дахь айлын хашааны үүд хүртэл чирээд зодоод байсан. ...Манай дүү Г- бид хоёр харсан. Тэгээд салгаж гэртээ оруулсан.”,
“...О-гийн баруун мөр, булгалга, цээжний баруун хэсэгт битүү хөхөрчихсөн байсан. Зодсон өдрийнхөө орой эргэж хүрч ирээд машиндаа суулгаад аваад явчихсан юм. О-гийн араас Д- ирээд “хамт явъя” гээд чирээд аваад гарахад О- “явахгүй” гээд байсан бөгөөд зугтаагаад манай арын хашаагаар хойшоо давж зугтаасан. Тэгэхдээ тэр хашаанаас унаагүй зүгээр хэвийн даваад цаашаа гүйгээд явсныг би хараад зогсож байсан.” /хх 21, 140-141, 143-144/,
насанд хүрээгүй гэрч Е.Г-ын: "... манай хашааны гадна Д- нь О- ахыг трубагаар баруун мөр, гарын булчин хэсэгт нь 2 удаа цохиж байхаар нь би гэр лүүгээ гүйж ороод эгч, аав хоёрт “нөгөө хүн чинь О- ахыг зодоод байна” гэж хэлсэн. Тэгтэл аав, эгч хоёр зөрж гарч яваад би гэртээ үлдэхэд 10 орчим минутын дараа аав, эгч хоёр О- ахыг дагуулж орж ирээд дээгүүрх хувцсыг нь тайлахад О- ахын баруун мөрнөөс доош тохой хүртэл том хэмжээтэй хөхөрчихсөн, цээжний баруун хавирга орчим атгын чинээ газар хөхөрсөн байсан. Харин зодуулж орж ирснийхээ дараа “хавирга аймаар өвдөөд байна” гээд цээжнийхээ тэнд гараараа дараад байхад нь аав хувцсыг нь тайлуулж харсан. ...2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эгчийг хөдөө яваагүй гэртээ байхад О- ах манайд ирээд эгч бид хоёрт “цагдаад худлаа мэдүүлэг өгчих тэгвэл Д- 6.000.000 төгрөг өгье” гэж байна гэхээр нь эгч бид хоёр “тийм асуудал байхгүй” гэж хэлээд явуулсан.” /хх 27-28/,
гэрч П.Е-ийн: "... Манай нөхөр Б-, охин Э- хоёр гараад “О-г машинд суулгаад аваад явах гэж байхад нь салгаж оруулж ирлээ” гээд оруулж ирэхэд О- нь цээжээ бариад байхад манай нөхөр футболкийг нь тайлахад баруун мөр, баруун булгалга, баруун хавирга орчим бөөрөнхий хэмжээтэй хөхөрсөн байсан бөгөөд өөрөө “Д- зодчихлоо” гэж байсан. Тэр биед нь учирсан хөхрөлтүүдийг би өөрийн биеэр харсан. Анх орж ирэхдээ зодуулсан байгаагүй бага зэрэг халамцуу байсан.” /xx 137-138/,
гэрч Ц.Б-ы: “...охин Э- гаднаас гэрт орж ирээд “нэг хүн гудамжинд О-г зодоод байна” гэж хэлэхэд би охины хамт явж очсон. Очиход манай хүргэн О-гийн гар нь хөхөрчихсөн байсан. О-гийн найз нь “авч явна” гэхээр нь би тухайн үед өгч явуулаагүй. Намайг тухайн үед охины хамт яваад очиход хүргэний шилэн хүзүүнээс нь зуурчихсан шороон дээр гудамжны үзүүр лүү чирээд явж байсан” /хх 151-153/ гэх мэдүүлгүүд,
Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаар: “Ганболдын О-гийн биед хоёр хавирганы далд хугарал, баруун мөр, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /xx 40-41/ гэх дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 128-129/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажаваас “...анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Г.О- нь оролцоогүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг шүүх үнэлэхдээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй, ... анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Г.О-гээс тус дүүргийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1 хх 11/-ыг үндэслэн мөрдөгчөөс тогтоол үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан үндэслэл журмын дагуу Г.О-г хохирогчоор тогтоож, удаа дараа хохирогчоор мэдүүлэг авчээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцож, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгтээ болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн гэдгээ илэрхийлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад гэрч П.Е-ийн “О- нь цээжээ бариад байхад манай нөхөр футболкийг нь тайлахад баруун мөр, баруун булгалга, баруун хавирга орчим бөөрөнхий хэмжээтэй хөхөрсөн байсан бөгөөд өөрөө “Д- зодчихлоо” гэж байсан. Тэр биед нь учирсан хөхрөлтүүдийг би өөрийн биеэр харсан. Анх орж ирэхдээ зодуулсан байгаагүй бага зэрэг халамцуу байсан.” /xx 137-138/ гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Б-ы “манай хүргэн О-гийн гар нь хөхөрчихсөн байсан. ... хүргэний шилэн хүзүүнээс нь зуурчихсан шороон дээр гудамжны үзүүр лүү чирээд явж байсан” /хх 151-153/ гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.Г-ын “... манай хашааны гадна Д- нь О- ахыг трубагаар баруун мөр, гарын булчин хэсэгт нь 2 удаа цохиж байсан, ... О- ахыг дагуулж орж ирээд дээгүүрх хувцсыг нь тайлахад О- ахын баруун мөрнөөс доош тохой хүртэл том хэмжээтэй хөхөрчихсөн, ... зодуулж орж ирснийхээ дараа “хавирга аймаар өвдөөд байна” гээд цээжнийхээ тэнд гараараа дарсан, ... О- ах манайд ирээд эгч бид хоёрт “цагдаад худлаа мэдүүлэг өгчих тэгвэл Д- 6.000.000 төгрөг өгье” гэж байна гэхээр нь эгч бид хоёр “тийм асуудал байхгүй” гэж хэлээд явуулсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-ын “... Д- нь машинтайгаа хөөж ирээд О-г манай хашаанаас чирч гаргаад манайхаас дээшээ 3 дахь айлын хашааны үүд хүртэл чирээд зодоод байсан. ... Д- манай нөхрийн гуя, толгой, гар, цээж рүү, хөл болон гараараа цохиод манай нөхөр лүү харааж орилоод байсан.” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримтын хувьд зөрүүгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг заасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, нотлох баримтын шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Ц.Д-ын хохирогч Г.О-г угзарч газарт унагаан зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба хохирогчоос “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, ажилгүй байсан хугацааны хохирлыг нэхэмжлэх тухай” хүсэлтийг гаргасан хэдий ч анхан шатны шүүхийн шатанд баримт гаргаж өгөөгүй тул түүний гэм хорын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Д-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нэмэлт заалт оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Д.Э-, П.Е- нарыг улсын яллагчийн саналаар оролцуулахдаа шүүх хуралдаан даргалагч нь мэдүүлэг өгсөн гэрчийг мэдүүлэг өгөөгүй гэрчтэй уулзуулахгүйгээр тусгаарласан арга хэмжээ авсан эсэх, мөн хуульд заасан үндэслэлээр нотлох баримтыг шинжлэн судалсан эсэхийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, мөн хуралдааны ирц дээр оролцогчдын нэрийг шийтгэх тогтоолоос зөрүүтэй бичсэн зөрчил тогтоогдсон байна.
Гэсэн хэдий ч дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчилд тооцогдохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ