| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 181/2021/03027/И |
| Дугаар | 210/МА2022/01209 |
| Огноо | 2022-06-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2022/01209
2022.06.27 Магадлал төсөл
Г.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00819 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Эын, хариуцагч ИТДЭХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 5,980,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч ИТДЭХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдаа үйлчилгээний талбай түрээсийн 20/26 дугаартай гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдааны төвийн 1 давхарт М-24 тоот лангууг 1 жилийн хугацаатай, сарын 600,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцон, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 3 ширхэг хөргүүрийн төхөөрөмжийг ашиглахаар болж, 3 ширхэг хөргүүрийн төхөөрөмжийн барьцаа, түрээсийн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,900,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 5,650,000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 8,550,000 төгрөг төлсөн. Гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг сар бүр төлж байсан. 2021 оны 01 сард нэг хөргүүрийг буцаан өгсөн. Гэрээнд нэг хөргүүрийн барьцааг 2,000,000 төгрөг гэж заасан боловч биднээс 2,600,000 төгрөгөөр тооцон авсан. Нэг хөргүүрийг буцаан өгөх үед тухайн хөргүүрийн барьцаа 2,600,000 төгрөгийг бүрэн буцааж өгөөгүй, 2021 оны 4 сарын сүүлээр 1,820,000 төгрөг өгсөн. Гэтэл ИТДЭХХК-ийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/11, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 21/19 дугаартай мэдэгдлийн тус тус өгч, түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Гэрээг цуцалж байгаа бол хөргүүрийн барьцаанд байршуулсан 7,800,000 төгрөгөөс буцаан өгсөн 1,820,000 төгрөгийг хасаад үлдэх 5,980,000 төгрөгийг өгөхийг шаардахад өгөхгүй гэсэн. Одоо хөргүүрийн барьцааны мөнгөө буцаан авах хүсэлтэй байгаа тул үлдэгдэл 6,130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж, 5,980,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээгээр барьцааг буцаан олгохгүй гэж заасан нь хууль зөрчсөн заалт гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ИТДЭХХК нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20/26 дугаартай худалдааны үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг иргэн Г.Этой байгуулан, тус гэрээний үндсэн дээр худалдаа үйлчилгээний талбай болон түүний дагалдах эд хөрөнгүүдийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлж, улмаар түүнд тохирсон төлбөрийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээсийн үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв нь шинээр ашиглалтад орсон, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байсан учир түрээслэгчийн худалдаа үйлчилгээг өргөжин тэлэх, хэрэглэгчээ татах хугацаа олгох, цар тахлын хүнд нөхцлийг хамтран даван дуулах зэрэг ажлын хүрээнд үндсэн төлбөр, ашиглалтын зардлыг хөнгөлөх урамшуулал олгож нөгөө талаас түрээслэгч худалдаа үйлчилгээний ажлаа тогтвортой явуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах, байгууллагад учирсан эрсдлийг даван туулах үүднээс нийт 3 худалдааны лангууны барьцаа болгож, 7,800,000 төгрөгийг урьдчилан түрээслүүлэгчийн дансанд байршуулсан. Улмаар түрээслэгч Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагад хүсэлт гаргаж, худалдааны нэг хөргүүрээ буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд гэрээнд зааснаар барьцаа мөнгө бүхэлдээ суутгагдах нөхцөлтэй байсан боловч тухайн үеийн байдлыг нь харгалзан харилцан тохиролцож барьцаа мөнгөний 30 хувь буюу 780,000 төгрөгийг суутган, үлдэгдэл 1,820,000 төгрөгийг буцаан олгосон. Ингээд Г.Э нь 2 лангууг эзэмшиж манай байгууллагад 5,200,000 төгрөгийн барьцаатай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх үедээ бусадтай үгсэн нийлж, эмх замбараагүй байдлыг үүсгэн, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, цар тахлын халдвар хамгаалалын дэглэм, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх зэрэг олон зөрчлүүдийг нэгэн зэрэг гаргаж, Компанийн болон худалдааны төвийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул энэ зөрчилтэй холбоотой мэдэгдэл хүргүүлж, дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээ цуцлагдах талаар тайлбарласан боловч гэрээгээ дахин зөрчиж, байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд саад учруулах ноцтой зөрчлийн дахин гаргасан тул гэрээг цуцлан, барьцаа болгон байршуулсан 5,200,000 төгрөгийг буцаан олгоогүй болно. Түрээслүүлэгч ИТДЭХХК-ийн зүгээс худалдаа үйлчилгээ явуулах чанар, стандартын шаардлага хангасан худалдаа үйлчилгээний талбайг дагалдах эд хөрөнгийг зохих журмын дагуу хүлээлгэн өгч, гэрээнд заасан болон заагаагүй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Түрээслэгч Г.Э нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахдаа эхлээд 1 лангуутай байсан бөгөөд түүний 50 хувь буюу 300,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 лангуутай үйл ажиллагаа явуулж байсан тул түүний 50 хувь буюу нийт 4,500,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 лангуу түрээслэсэн тул 50 хувийн хөнгөлөлт буюу нийт 1,800,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын төлбөрийг бүрэн чөлөөлж 1,200,000 төгрөгний хөнгөлөлтүүдийг тус тус олгож, нийт 9,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, ашиглалтын зардлыг чөлөөлсөн. Энэ хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлсэн гол шалтгаан нь талуудын хамтран тогтвортой үйл ажиллагааны баталгааг хангах, цар тахлын үед түрээслэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилготой байсан. Гэтэл түрээслэгч Г.Э нь түрээслэгч нартай нийлж бослого, үймээнд оролцон, худалдааны төвийн нэр хүндийг болон бусад түрээслэгч нарын худалдаа үйлчилгээ явуулах эрхэнд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг гаргасан. Дээрх үйлдлийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эхний удаа гаргахад компанийн зүгээс мэдэгдэл хүргүүлж, дахин ийм үйлдэл гаргасан тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Гэтэл Г.Э, түүний худалдагч буюу эхнэр нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг удирдахгүй дахин бослого үймээний зөрчлийн асуудалд оролцож, улмаар түрээслүүлэгч компанийн зүгээс худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулах, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөх, Нийслэлийн Засаг дарга, УОК-ийн гаргасан хууль, шийдвэрийг дагаж мөрдүүлэхийн тулд түрээслэгч Г.Этой байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээний 5.2.3-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх гэсний дагуу түрээслэгчээс түрээсийн нийт хөнгөлөлт буюу 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуула: ИТДЭХХК-ийн 9,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Эын зүгээс түрээсийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй, хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ үйлчилж байх хугацаанд үзүүлсэн хөнгөлөлт болон цар тахалтай холбогдуулах ажиллахгүй байсан хугацааны хөнгөлөлт урамшуулалтай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Г.Э түрээсийн гэрээг цуцлаагүй тул хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч гэрээг цуцлах санал тавиагүй. Цар тахлын үед үзүүлж байсан хөнгөлөлтөө зогсоосон тул хөнгөлөлтөө үргэлжлүүлж, маркетингийн ажлаа хийгээч гэсэн шаардлага тавихад хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах мэдэгдэл өгч,санал гаргасан учир гэрээний 5.2.3-т заасан заалт үйлчлэхгүй. Уг барьцаа нь түрээсийн гэрээний барьцаа биш, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул маргах зүйл байхгүй. Харин эд хөрөнгөд хохирол учирсан, эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд уг хохирлыг арилгах, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой учир барьцааг буцаан өгөх ёстой гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИТДЭХХК-аас 5,980,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эод олгож, хариуцагч ИТДЭХХК-ийн нэхэмжлэгч Г.Эод холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан ид нэхэмжлэгч Г.Эоос төлсөн 113,030 төгрөг, хариуцагч ИТДЭХХК-аас төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИТДЭХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.а. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5.3 дахь хэсгийг үндэслэн түрээслэгч гэрээгээ цуцлаагүй, түрээслүүлэгч гэрээгээ цуцалсан байх тул барьцаа мөнгийг буцаан олгох үндэслэлтэй хэмээн үзсэн. Гэтэл түрээслэгч ашиглаж байсан 3 хөргүүрийнхээ 1 хөргүүрийг цаашид түрээслэх боломжгүй болсон талаар өөрийн хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийн үндсэн дээр талууд харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэсэн байхад тухайн 1 хөргүүрийн барьцаа мөнгийг хүртэл шүүгч буцаан олгохоор шийвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байх ба шүүхийн шийдвэр тодорхой бус, үндэслэлгүй болохыг нотлож байна.
6.б. Түрээслэгчийн урьдчилан байршуулсан барьцаа мөнгийг түрээслүүлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч гэрээг цуцлаагүй учраас гэрээний заалтын дагуу барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгох үндэслэлтэй байна. Гэрээний хувьд тодорхой хэмжээний бичиг үсгийн алдаа, утгын найруулгын алдаа байгаа боловч гэрээгээр түрээслэгчид ойлгуулж буй ерөнхий агуулга нь тодорхой байна. Гэсэн хэдий ч шүүгч зөвхөн тухайн гэрээний заалтын ойлгомжгүй хэсгийг шийдвэр гаргах ерөнхий үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэргийг бүрэн гүйцэт судлаагүй, нотлох баримтуудыг бодитой тогтоохгүйгнээр шударга бус шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй.
6.в. Түрээслэгч Г.Эын хувьд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны талбайг хөргүүрийн хамт түрээслэхдээ манай байгууллагаас нийт 9,000,000 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн. Үүнээс гэрээний журмаар 1,560,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх ба гэрээний бус байдлаар 7,440,000 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн боловч Г.Эын хувьд бусадтай үгэсэн бослого үймээн гаргаж, худалдааны төвийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулан, улс орон даяар зарласан цар тахлын дэг журмыг удаа дараа зөрчиж, манай байгууллагын болон бусад түрээслэгч нарын эрхийг зөрчсөн учраас түрээслүүлэгчийн зүгээс гэрээг цуцалсан. Шүүгч хэргийг бүрэн судлаагүй, нотлох баримтан дээр тулгуурлаж шийдвэр гаргаагүй, талуудаас шаардлагатай санхүүгийн нотлох баримт гаргаж өгөөгүй нь хэргийг бодитой бөгөөд үнэн зөв шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Г.Эоос түүнд олгосон түрээсийн хөнгөлөлт 9,000,000 төгрөгийг гаргуулан манай байгууллагад олгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч ИТДЭХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,980,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 9,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1, 36-38/
3. Хэргийн баримтаас үзэхэд зохигчид 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20/26 дугаар худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ИТДЭХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай гудамжид байрлалтай, Их тойруу худалдааны төвийн 1-р давхарын М-24 тоот худалдааны лангууг үхрийн мах худалдаалах зориулалтаар түрээслэгч Г.Эын эзэмшил, ашиглалтад 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, түрээслэгч Г.Э нь гэрээгээр тохирсон хугацаанд 1 сарын түрээсийн төлбөрт 600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр тогтоогдсон. /хх 4-7/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан нь буруу байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд түрээслүүлэгч нь лангууг түрээслэгч Г.Эын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч нь тогтсон хугацаанд түрээсийн төлбөрийг ИТДЭХХК-д шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг зохицуулсан байх ба талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид нь уг гэрээний дагуу шилжүүлсэн барьцаа мөнгө болон түрээсийн төлбөрийг шаардсан байна.
5. Нэхэмжлэгч Г.Э нь ИТДЭХХК-ийн 3 хөргүүрийг эзэмшиж, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасны дагуу 1 хөргүүрийн барьцаа 2,600,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг барьцаа болгон түрээслэгчид шилжүүлснээс 1,820,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 5,980,000 төгрөгийг аваагүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Гэрээний 5.2.3-д ... түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд ... түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэжээ.
Хэрэгт Их тойруу худалдааны төвийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21/11, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/19 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд авагдсан байх ба уг албан бичгүүдэд Их тойруу худалдааны төвийн зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар дурджээ. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг түрээслүүлэгч хугацаанаас нь өмнө цуцалсан байх тул гэрээний 5.2.3 дахь заалт хамаарахгүй ба түрээслэгч нь барьцаа мөнгийг түрээслүүлэгчээс шаардах эрхтэй байна.
6. Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний 5.2.3-т энэхүү гэрээнд заасан хөнгөлөлтийг эдэлсэн түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх эрх хүчингүйд тооцогдох бөгөөд хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэхээр заажээ.
Түрээслүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан байх тул түрээслэгч Г.Эоос 9,000,000 төгрөг гаргуулах тухай ИТДЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
7.а. Нэхэмжлэгч Г.Э 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэг хөргүүрийг цаашид түрээслэхээс татгалзсан хүсэлтийг хариуцагчид гаргаж, хөргүүрийг буцаан өгсөн байх ба хариуцагч нь тухайн хөргүүрийн барьцаа болох 2,600,000 төгрөгөөс 30 хувийг суутган авч 1,820,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн суутган авсан 780,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гаргаж хөргүүрийг буцааж өгсөн тул гэрээний 5.2.3-д зааснаар барьцаа мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй гэж татгалзжээ.
Гэрээний 5.2.3 дахь заалт нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байх ба нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэг хөргүүрийг буцааж өгснөөр түрээсийн гэрээ цуцлагдаагүй байх тул уг заалтын дагуу үлдэгдэл барьцаа мөнгө 780,000 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Иймд түрээслэгч ашиглаж байсан 3 хөргүүрийнхээ 1 хөргүүрийг цаашид түрээслэх боломжгүй болсон талаар өөрөө хүсэлт гаргаж буцаан өгсөн байхад тухайн 1 хөргүүрийн барьцаа мөнгийг хүртэл шүүгч буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байх ба шүүхийн шийдвэр тодорхой бус, үндэслэлгүй болохыг нотолж байна гэх гомдол үндэслэлгүй.
7.б. Хариуцагч түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан тул барьцаа мөнгийг буцаан олгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж маргаж байх боловч гэрээний 5.2.3 дахь заалтад гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийг нарийвчлан зохицуулаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарч гэрээний уг заалтыг тайлбарласан нь үндэслэлтэй байна. Иймд шүүгч зөвхөн тухайн гэрээний заалтын ойлгомжгүй хэсгийг шийдвэр гаргах ерөнхий үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хэргийг бүрэн гүйцэд судлаагүй, нотлох баримтуудыг бодитой тогтоохгүйгээр шударга бус шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
7.в. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчид гэрээний бус байдлаар 7,440,000 төгрөгийн хөнгөлөлт олгосон ба уг хөнгөлөлтийг гэрээний 5.2.3 дахь заалтаар зохицуулах нь эрх зүйн үндэслэлгүй гэжээ.
Гэрээний 5.3-д түрээсийн төлбөрийн урамшуулал олгох талаар зохицуулсан байх ба үүнд заагдаагүй үндэслэлээр олгосон урамшуулал болох 7,440,000 төгрөгийн хөнгөлөлтийг хариуцагч нь гэрээний 5.2.3-д хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй хэдий ч гэрээг цуцалсан тохиолдолд гэрээнд заагдаагүй урамшууллыг нөхөн төлүүлэх талаар талууд тохиролцоогүй, энэ талаар гэрээнд нарийвчлан зохицуулаагүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх ба гэрээгээр тохиролцоогүй үүргийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй байна.
7.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэнэ. Иймд талуудаас шаардлагтай санхүүгийн нотлох баримт гаргаж өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
7.д. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд шүүх бичиглэлийн алдаанаас шалтгаалсан ойлгомжгүй заалтыг гол үндэслэл болгон хэт нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасны дагуу
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/00819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.БЯМБАСҮРЭН
.