Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/520

 

                       

 

  2026             04            27                                       2026/ДШМ/520


Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Цэндмаа,

хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Гомбо,

иргэний хариуцагч А.Т-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Э.Гомбын гаргасан давж заалдах гомдлоор Д.О-д холбогдох эрүүгийн 2405024620436 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.......... овгийн Д.О, ................................................, /РД:..................../, урьд,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Д-г “Т” ХХК-тай барьцалдуулагч нийлүүлэх ажлыг хөөцөлдөж байгаа, гэрээг байгуулсан, удахгүй ажил эхэлнэ, хамтарч бизнес хийе гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.Д-аас нийт 99.765.000 төгрөгийг “РХ” ХХК-ийн ********** тоот данс болон өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ********** тоот дансаар тус тус шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь хохирогч А.Д-д нийт 67.000.000 төгрөг, иргэний хариуцагч А.Т нь хохирогч А.Д-д 2.058.300 төгрөг тус тус нөхөн төлсөн, иргэний хариуцагчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.О-аас 43.765.000 төгрөг гаргуулж хохирогч А.Д-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 67.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үеэс төлөхөө илэрхийлж байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөгшин настай эцэг, эхийн хамт амьдарч, тэдгээрийг асардаг. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох болон хорих ялыг тус тус оногдуулж болохоор заасан. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон өмгөөлөгч бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин хөнгөрүүлэх эрх нь давж заалдах шатны шүүхэд байдаг учир давж заалдах шатны шүүхээс Д.О-д хүлээлгэсэн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлөх боломжтой байсан боловч холбоо барих боломж байгаагүй. Иймд өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч А.Д-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан тул дэмжиж байна. Давж заалдах гомдолтой холбоотой тусгайлан гаргах саналгүй.” гэв.

Хохирогч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хохирлын үлдэгдэл болох 24.715.000 төгрөгийг бүрэн гүйцэд авах хүсэлтэй байна. Өөр саналгүй.” гэв.

Иргэний хариуцагч А.Т-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах гомдлын хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй.” гэв.

Прокурор Ч.Цэндмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол гарсны дараа 19.000.000 төгрөгийг барагдуулахаар шүүгдэгч болон хохирогч нарын хооронд гэрээ байгуулагдсан байна. Үүний үлдэгдэл төлбөр 24.760.000 төгрөгийг төлөх үүрэг шүүгдэгчид үлдсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирол, хор уршгийг төлүүлэхээс гадна цээрлүүлэхэд оршдог. Шүүгдэгчийн хувийн байдлыг харахад эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй байхад түүнд нэмж торгуулийн ял оногдуулах боломжгүй. Торгох ял биелэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгчийн ар гэрээс гэмт хэргийн хохирол төлбөрийг төлж байна. Үүнтэй холбоотой эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэхгүй байх зарчмын асуудал хөндөгдөж байна. Шүүгдэгчийн ар гэрээс хохирол төлбөрийг төлж байгаа нь шүүгдэгч торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Д-г “Т” ХХК-тай барьцалдуулагч нийлүүлэх ажлыг хөөцөлдөж байгаа, гэрээг байгуулсан, удахгүй ажил эхэлнэ, хамтарч бизнес хийе гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс нийт 99.765.000 төгрөгийг “РХ” ХХК-ийн ********** тоот данс болон өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ********** тоот дансаар тус тус шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Д-гийн “...Т, О нар нь анх надаас мөнгө зээлж авахдаа 2022 оны 09 дүгээр сард эргүүлэн өгнө гэж хэлсэн бөгөөд 7-8 сарын үед Т, О хоёр “Т” ХХК-д барьцалдуулагч нийлүүлэх ажил дээр намайг хамтарч ажиллая, тэгээд олсон ашгаа хуваая гэдэг санал тавихаар нь би зөвшөөрч амаар тохиролцсон. 9 дүгээр сараас эхлэн би Т, О нараас өгсөн мөнгөө авъя гэхэд Т эгч тухайн ажлыг хийж гүйцэтгэхээ болилоо гээд надаас авсан бүх мөнгийг О өгөхөөр тохиролцсон. Би О-аас мөнгөө авъя гэхээр надад өөрийгөө элдэв янзын ажил хийж байгаа, тэрнээсээ мөнгө олохоор өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн...” /1хх 7-8/,

иргэний хариуцагч А.Т-ийн “...О-тай уулзахад тэр өөрөө “Т” ХХК-д барьцалдуулагч нийлүүлэх гэж байгаа, тийшээ өөрийнхөө компаниа оруулсан байгаа, хэрэв зөвшөөрөл нь гарах юм бол их мөнгө олох боломжтой, та компаниа оруулчих гэж хамтран ажиллах саналыг тавихаар нь би тэгье гэсэн,...Д-тай дотно болж өөрийнхөө буюу О-тай хамтран хийх гэж байгаа бизнесийн талаар хэлэхэд Д сонирхохоор нь О-тай уулзуулж, хамтарч ажиллахаар болсон. Түүнээс хойш 80-90 орчим сая төгрөгийг Д хөрөнгө оруулалт хийж байна гэж хэлээд надад мөнгө шилжүүлж, түүнийг нь би О-д шилжүүлж байсан, ...О-ын ярьсан зүйлс бүтэж өгөхгүй байхаар нь би түүнд надаар дамжуулан авсан мөнгөө Д-д буцааж өг гэсэн. “Т” ХХК-тай барьцалдуулагч нийлүүлэх ажлыг 100 хувь О хариуцаж байсан. Д-аас ирсэн мөнгийг бүгдийг нь О зарцуулсан...” /3хх 132-133/,

шүүгдэгч Д.О-ын “...Миний зүгээс Т-аар дамжуулан болон Д-аас нийт 100 орчим сая төгрөгийг авсан. Уг мөнгийг дандаа ажил хөөцөлдөхөд зарцуулсан. Тодруулбал хүмүүсийг хоолонд оруулах, өөр бусад зардалд. Яг бид хэдийг ажил хөөцөлдөж байхад барьцалдуулагч нийлүүлэх ажил “Т” ХХК дээр мөн асуудалтай байсан ба тодруулбал барьцалдуулагч нийлүүлнэ, үгүй гэдэг юм яригдаад хүлээгдэж байхад цагдаа, шүүхийн асуудал үүссэн. Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтийг “Т” ХХК-д өгч байсан боловч хариу өгөөгүй...” /3хх 74/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 103 дугаартай “...А.Д-гийн сэтгэцэд 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” /3хх 37-39/ гэсэн дүгнэлт,

мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 89-93/, Хаан банкны шилжүүлгийн баримт, дансны хуулгууд /1хх 14-107/, “РХ” ХХК-иас Д.О-ын данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /1хх 169-174/, А.Д, Д.О нарын хоорондоо зурвасаар харилцсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /1хх 175-246/, “Т” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүд /2хх 12-13/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 99.765.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч А.Т нар нь танилын харилцаатай этгээдүүд ба иргэний хариуцагч А.Т-д “хамтарч бизнес хийе, “Т” ХХК-д барьцалдуулагч нийлүүлж ашиг олно” хэмээн итгүүлж, улмаар А.Т-аар дамжуулан хохирогч А.Д-тай танилцаж хамтарч бизнес хийх нэрийдлээр А.Т-ийн нэр дээр бүртгэлтэй “РХ” ХХК-ийн эзэмшлийн ********** тоот дансаар дамжуулан 86.000.000 төгрөг, өөрийн харилцах дансаар 13.765.000 төгрөг, нийт 99.765.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч “Т” ХХК-д барьцалдуулагч нийлүүлэх гэрээ байгуулаагүй талаар хэргийн 3 дугаар хавтасны 12-13 дахь талд “Т” ХХК-иас ирүүлсэн албан бичгээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Э.Гомбо “...шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх шаардлагатай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинж, хохирогчид учруулсан хохирлоос тодорхой хэмжээг буюу 67.000.000 төгрөгийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл хэмжээний дотор, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох эрх олгосон зохицуулалт юм.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн хууль бус үйлдэлдээ харамсан гэмшиж буйгаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь хохирогчид “Toyota Prius Alpha” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 19.000.000 төгрөгөөр тооцож, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчаар 0956 дугаартай бүртгэлийн дугаартайгаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн.

Гэвч уг гэрээний дагуу 19.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авар харилцааг зохицуулснаас бус тус тээврийн хэрэгслийг хохирогчийн өмчлөлд бүрэн шилжсэн болохыг нотлохгүй учраас хохирлыг шууд нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг торгох ялаар солиулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Э.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

           ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ