Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 456

 

М.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 543 дугаар магадлалтай, М.О-д холбогдох 1911010310644 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. М.О нь тухайн газарт ажилладаг талаар хохирогч Т.Б ба гэрч Б.Г болон шүүгдэгч М.О нарын мэдүүлгээр тогтоогддог. М.О нь “Би Эл Эс Кэй компаниас 3-4 сарын цалингаа авч чадаагүй учраас ажил тарчхаад пиво уучхаад буцаж орж мөнгийг авсан” гэдэг ба хохирогч болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй хохирогч шүүгдэгчийг тухайн компанид ажиллаж байгаагүй, манай компанийн ажилтан биш гэх мэтээр үгүйсгэсэн мэдүүлэг өгч байгаагүй. Улсын дээд шүүхийн тогтоолуудыг харахад М.О нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийг ажилладаг бейкериний газар руу хууль бусаар нэвтрээгүй байна. Тухайлбал, М.О нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд тус бейкерийн газар ажилладаг байсан, өөрийн ажилладаг ажлын байр руу нэвтрэн орох эрхтэй байсан, М.О нь харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.Г-с зөвшөөрөл авч өөрийн ажлын байрны түлхүүрийг авч ажлын байр руу нэвтэрсэн. Харуул Б.Г-т бейкерийн тулхүүр байдаг тухайн объектыг хариуцан хамгаалах үүрэг гүйцэтгэж буй итгэмжлэн хариуцсан этгээд байсан юм. Шүүгдэгч М.О нь харуулаас түлхүүрийг нь авч ажлын байр руу орсон ба өөрийгөө тус газарт ажилладаггүй мөртлөө ажилладаг гэх итгүүлэн байж нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Учир нь тухайн бейкерт ямар нэгэн этгээд нэвтрэхээр болбол тус компанийн эрх бүхий этгээдээс заавал зөвшөөрөл авч байж нэвтрүүлэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон зүйл байхгүй ба хэрвээ үнэхээр тийм байдал байсан бол тус өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан гэрч Б.Г болон хохирогч Т.Б нар нь энэ талаар тодорхой мэдүүлэх байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж зөв хэрэглэсэн. Тус гэмт хэрэг гарах болсон гол нөхцөл шалтгаан бол ажил олгогч гадаадын аж ахуй нэгжийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж өмгөөлөгч миний зүгээс үздэг. М.О нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаад цалин хөлсөө олоод авах боломжтой мэт боловч тус компанийн захирал нутаг буцахын өмнөх Монгол ажилчдын 3-4 сарын цалин хөлсийг олгохгүйгээр хил гараад явчихсан учраас хариуцагч олдохгүй, иргэний шүүх нэхэмжлэлийг хариуцагч Монгол улсад байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж байна. Мөн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулдаггүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр нотлох баримтгүй болчхоод байна. Энэ дундаас хууль эрх зүйн мэдлэггүй, ажлын байр олдохгүй ядуу буурай орны иргэд хөдөлмөрөөрөө хохироод хоцорч байгаа нь туйлын харамсалтай байна. Ажил олгогч цалин хөлсөө цаг хугацаандаа олгочихсон бол энэ гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн М.О-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Прокуророос М.О-г 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах “Эл Эс Кэй” ХХК-ийн нарийн боов үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123,000 төгрөгийн хүнсний эд зүйл, бэлэн 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 473,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, М.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг хууль бус нэвтрэлт байж болзошгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн шийдвэр гэж үзлээ.

 

Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэх үйлдлийн тухайд тухайн байр, агуулахыг хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, харуул, хамгаалалтын ажилтныг төөрөгдүүлэн, хуурч мэхэлсэн идэвхтэй үйлдлээр нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бус нэвтэрсэн гэх шинжид хамаатуулан хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй боловч харуул, хамгаалалтын ажилтан нь харуулын дүрмийн дагуу ажиллаагүй, ажлын хариуцлага алдаж нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэвтрэлт явагдсан бол хэдийгээр нэвтрэх эрхгүй байсан ч энэ бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхгүй. Энэ тохиолдолд хамгаалагч наад зах нь гаднаас нэвтэрч буй этгээдийн бичиг баримтыг шалгаж, тухайн байгууламжид нэвтрэх зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, шаардлагатай тохиолдолд нэгжийн удирдлагаас тодруулах ёстой байсан боловч зүс үзсэн төдий хүнийг саадгүйгээр нэвтрүүлсэн нь шүүгдэгчийг буруутган эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх нөхцөл байдал болох ёсгүй.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эл Эс Кэй” ХХК-ийн байгууламжид харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.Г нь дээр дурдсан харуул, хамгаалалтын ажилтны тавих ёстой энгийн шаардлагыг умартаж, шүүгдэгч М.О-г өмнө зүс харсан гэх өнгөцхөн бодолдоо итгэж, хайхрамжгүй хандан түлхүүрийг өгч гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон байх тул М.О-н үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн гэж хүндрүүлэн үзэхгүй.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 543 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авсугай.  

 

                                               ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН