Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1033

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т-А” ХХК 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0000035, 0000036, 0000195-0000256 дугаартай шийтгэвэрүүдийг хүчингүй болгуулах, 

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/19-7/33 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/36-7/54 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7/55-7/83 дугаар бүхий албан шаардлагуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т-А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь барилга угсралт, захиалгаар орон сууц барих, худалдаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. 

Манай компанийн “Алтай” болон “Олимп” хотхонуудын худалдан авагч буюу оршин суугчдын байр, орон сууцны талбай /м2/-н хэмжээтэй холбогдох гомдлын дагуу ШӨХТГ-аас 7/19-7/33, 7/36-7/83 тоот албан шаардлагууд ирүүлсэн. Манай компанийн зүгээс тус шаардлагуудыг эс зөвшөөрсөн. Улмаар улсын байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0000195-0000256, 0000035, 0000036 тоот шийтгэвэрүүд ногдуулсан. Тус шийтгэвэрүүд нь хууль зүйн үндэслэлгүйгээр манай компанийг хохироож, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж гэж үзэн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээр бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гаргасан боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны дүгээр сарын 22-ны өдрийн ***тоот албан бичгээр шийтгэвэрүүдийг хэвээр үлдээсэн тухай гомдлын хариу өгсөн. Иймд дээрх шийтгэвэрүүдийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна” 

Шийтгэвэрт хавсаргагдсан зөрчлийн тухай тэмдэглэлүүдийн “Учруулсан

хохирол” гэсэн тэмдэглэх хэсэгтээ “борлуулсан орон сууцнаас ...м2 дутсан” гэх агуулга бүхий зөрчлийг тэмдэглээд хариуцлага ногдуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсгийн “улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэсэн заалтыг баримтлан нэг шийтгэвэрт 960,000 төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ байдал нь учруулсан хохирол буюу зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага харилцан уялдаагүй байна. Иймд тус захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 

Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 45 дугаар тогтоолын 2-т “Захиргааны нэг төрлийн зөрчлийг давтан буюу удаа дараа үйлдсэн бөгөөд алинд нь ч хариуцлага хүлээгээгүй этгээдэд нэг шийтгэврээр, нэг төрлийн шийтгэл ногдуулах бөгөөд түүний хэмжээг тухайн төрлийн зөрчилд ногдуулж болох шийтгэлийн дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж тайлбар хийсэн байдаг. Гэтэл нэг төрлийн зөрчлүүдэд нэг биш 62 ширхэг шийтгэвэрээр нийт 59,520,000 төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь хуулийн заасан хэмжээнээс хэтрүүлсэн хариуцлага хүлээлгэж, компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй хэрэг болж байна. 

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0000035, 0000036, 0000195-0000256 дугаартай шийтгэвэрүүд нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 тоот удирдамжийн дагуу барилгын ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Тус газарт “Т-А” ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай” хотхоноос орон сууц худалдан авсан хэрэглэгчдийн зүгээс орон сууцны нийт талбайн хэмжээ гэрээнд заасан талбайн хэмжээнээс зөрүүтэй байгааг холбогдох байгууллагаар хэмжилт хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан өргөдлүүд ирүүлснийг энэхүү хяналт, шалгалтын ажилд хамруулан шалгасан болно. 

Нэр бүхий 63 иргэнээс “Т-А” ХХК-иас худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутсан талаар өргөдөл ирүүлсний дагуу холбогдох баримт, материалыг судлан шалгахад гэрээнд заасан хэмжээнээс дутсан нь тогтоогдсон. 

“Т-А” ХХК нь хэрэглэгчидтэй байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ"-ний 1.1-д орон сууцны нийт талбайн хэмжээг хоёр янзаар МNS-6058-2009 стандартын дагуу болон компанийн зүгээс хэмжээ гарган нийт талбайн хэмжээг тооцож борлуулсан ба нийт талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй орон сууц худалдан авсан иргэд орон сууц ашиглалтын зардалд илүү үнэ төлж одоо хүртэл хохирсоор байна. 

“Т-А” ХХК-ийн бусдад орон сууц худалдаалахдаа сууцны талбайн

хэмжээний талаар худал зөрүүтэй мэдээлсэн, төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хэрэглэгч бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн Норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Бараанд биет байдлын доголдол /тоо, хэмжээ, чанар, хугацаа/ он эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа гаргаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй”, 6.3.3-т “гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу баргаа барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл үнийг тооцож авах”, 12.9-т “Бараа, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно", Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “өөрийн бараа  бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг болон Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /МNS-6058-2009/-ыг тус тус зөрчсөн болох нь байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 

“Т-А” ХХК-д нэр бүхий 63 иргэнд хохирлыг барагдуулж, зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд уг захиргааны актыг эс зөвшөөрч маргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. 

“Т-А” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтан нь шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон 63 улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.

Нэр бүхий 63 иргэнд учруулсан хохирлыг барагдуулж, зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасны дагуу албан шаардлага биелүүлээгүй зөрчил тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. 

Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуульд нийцэж байгаа бөгөөд Улсын

д шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 45 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт үл хамаарна. Тодруулбал улсын байцаагчийн албан шаардлага бүр тус тусдаа захиргааны акт бөгөөд өөр өөр төрлийн актыг биелүүлээгүй зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан болно. 

Иймд “Т-А ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн

00035, 0000036, 0000195-0000256 дугаартай шийтгэвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ 

Нэхэмжлэгч “Т-А” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2014 онд ШӨХТГ-аас нэр бүхий иргэдийн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутаасан гэж орон сууцны талбайн зөрүү мөнгийг шаардлагад дурдсан иргэдэд өгөх агуулга бүхий албан шаардлагуудыг манай компанид ирүүлсэн байдаг. Улмаар албан шаардлагуудыг биелүүлэхгүй бол Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахыг анхааруулан албан шаардлага тус бүр дээр шийтгэврийн хуудас бичиж торгосон байдаг. 

Дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 41.1.1-д заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай, 41.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар албан шаардлага бичсэн байдаг. Тухайлбал, ШӨХТГ-ын улсын байцаагч нь нэг төрлийн зөрчилд нэг албан шаардлага бус иргэн тус бүрээр шаардлага ирүүлсэн болон хэрэглэгчийн эрхийг зөрчиж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн гэх атлаа Өрсөлдөөний тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээ авахыг мэдэгдсэн зэрэг нь тус албан шаардлагын агуулгын илэрхий алдаатай болохыг харуулж байна. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 16.1.7-д зааснаар шаардлагыг

биелүүлэхгүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллага буюу шүүхэд нэхэмжлэл гаргах болохыг анхааруулах ёстой байтал Өрсөлдөөний тухай хуульд заасан хариуцлага авахыг анхааруулан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар “Т-А” ХХК-г шаардсан байгаа юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Бын 2014 оны 01 сарын 15 өдрийн 7/19-7/33 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 7/36-7/54 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 7/55-7/83 дугаар бүхий албан шаардлагуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,М, У.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 тоот удирдамжаар барилгын ажил, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтад барилгын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулсан байна. Худалдаж авсан иргэд орон сууцны нийт талбайн хэмжээ нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-нд заагдсан талбайн хэмжээнээс дутаж байгаа тухай гомдлууд ирүүлсэн нь тус хяналт шалгалтыг явуулах гол үндэслэл болсон. Хяналт шалгалтад “Т-А” ХХК хамрагдсан бөгөөд барилгын талбайн хэмжээг хэмжих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэрэглэгчийг хохироосон нь тогтоогдсон, хохирлыг барагдуулж, зөрчлийг арилгаагүй байна. 

Тиймээс ‘Т-А’ ХХК-д улсын байцаагчийн 2014 оны 7/19-7/33, 7/35-

7/83 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд тус албан шаардлагыг тогтоосон

хугацаанд биелүүлээгүй тул 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн

Тэмдэглэл үйлдэж, 0000035, 0000036, 0000195-0000256 дугаартай шийтгэвэр ногдуулсан.

Дээрх албан шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлийн дагуу хүргүүлсэн. Үүнд: 

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.” 

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” 

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Бараанд биет байдлын доголдол /тоо, хэмжээ, чанар, хугацаа/ болон эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа заагаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй”

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т “гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл үнийг тооцож авах” эрхтэй, 

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” 7.2.5 дахь хэсэгт “ барааны хэмжээ, хэмжих нэгж”, 

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно, 

• Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 

• Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” 

Өрсөлдөөний тухай хуулийн Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасан, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх" бүрэн эрхтэй төрийн захиргааны байгууллага бөгөөд хянан шалгах эрх бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм. ШӨХТГ-ын улсын байцаагч нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг мөрдлөг болгон ажилладаг. 

Нэхэмжлэгч талын зүгээс захиргааны актыг утга агуулгын алдаатай, нэг

төрлийн зөрчилд олон шийтгэвэр ногдуулсан нь хууль бус гэж үзэж байгаа ч

ШӨХТГ-т тухайн айл тус бүрээс гомдол ирүүлсэн бөгөөд дээр дурдсан

Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн заалтыг үндэслэн хяналт шалгалт хийж, улсын байцаагч өөрт олгогдсон эрхийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. 

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэвэр ногдуулсан шийтгэврийн хуудсыг хууль ёсны болохыг нотолж, “Т-А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, төрийн байгууллагын хяналт шалгалтын ажилд шаардлагатай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлсэн” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэг дэх шаардлага буюу шийтгэвэр тус бүр дээр 960,000 төгрөг тогтоосон тус шийтгэврүүд нь “Т-А” ХХК-ийг барьж борлуулсан орон сууцны метр квадратыг дутуу өгсөн гэсэн үндэслэлээр шийтгэврийн хуудас өгсөн байдаг. Тус шийтгэврийн хүчингүй болох үндэслэл нь 1-рт метр квадрат дутуу борлуулсан гэж Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцлагын арга хэмжээ авсан байгаа. Өөрөөр хэлбэл орон сууцны метр квадрат дутсан буюу хэрэглэгчийн эрхийг хохироосон гэж үзсэн атлаа Өрсөлдөөний тухай хуулийн хариуцлагыг ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. 2-р үндэслэл нь Улсын дээд шүүхийн 2007 оны  11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Захиргааны нэг төрлийн зөрчлийг давтан буюу удаа дараа үйлдсэн бөгөөд алинд нь ч хариуцлага хүлээгээгүй этгээдэд нэг шийтгэвэр ногдуулах бөгөөд түүний хэмжээг тухайн төрлийн зөрчилд ногдуулж болох шийдвэрийн дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж тайлбарласан байдаг. Гэтэл нэг төрлийн зөрчилд 1 биш 62 төрлийн шийтгэвэр ногдуулаад нийт 59,520,000 төгрөгийн торгууль ногдуулж арга хэмжээ авсан байгаа. Хариуцагчийн зүгээс айл бүрээс тусдаа гомдол ирсэн учраас гомдол бүрийн дагуу шийтгэвэр ногдуулсан гэж тайлбарладаг. Дээр дурдсан Дээд шүүхийн тайлбараар тус шийтгэвэр нь дээд хэмжээгээ хэтрүүлсэн, нэг төрлийн зөрчилд хэд хэдэн шийдвэр ногдуулсан  нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн 035, 036, 0195-0256 хүртэлх дугаартай шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1, 6.2, 7.2, 12.9 дахь заалтуудыг тус тус баримталсан гэж ярьсан. Хавтаст хэрэгт хавсаргасан улсын байцаагчийн албан шаардлагад сая дурдсан хуулийн заалтууд байгаагаас гадна Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж дурдсан. Хэрэв нэхэмжлэгч тал үүнийг уншсан бол тодорхой бичсэн байгаа юм. 

Хэрэглэгч нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангагдах эрхтэй. Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2 дахь хэсэгт “өөрийн бараа бүтээгдэхүүний үнэн бодит байдлыг гуйвуулах зэрэг бусдыг төөрөгдүүлэх” мөн хуулийн 12.1.10 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох, худалдааны арга хэрэглэсэн” гэж улсын байцаагч дүгнээд улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг хохироож худалдааны хууль бус арга хэрэглэсэн. 

“Т-А” ХХК тухайн хүнд метр квадратаар хэмжээд мэдээллийг үнэн зөв өгөх ёстой. Энэ нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зөрүүтэй гэдэг нь нотлогдсон. Нөгөө талаас зах зээл дээр “Т-А” ХХК шиг барилгын олон компани байгаа бөгөөд хэрэглэгчийг өөр байгууллага сонгох боломжийг хязгаарласан. Шийдвэр гаргахдаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлдэг. Үүний дагуу улсын байцаагч албан шаардлага оногдуулсан байгаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн юм гэж Өрсөлдөөний тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан байдаг. 

Улсын байцаагчийн албан шаардлагыг нөгөө талаас нь авч үзэхэд тухайн орон сууцны метр квадратын зөрчлийг байна гэж үзээд улсын байцаагч албан шаардлага гардуулсан байгаа юм. Гэтэл өмнөх хурлууд дээр 2014 оноос өдийг хүртэлх хугацаанд  орон сууцны МN6050282009 гэсэн стандартыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байсан. Үүнийг хэвээр үлдээсэн байдаг. Орон сууцны метр квадратыг тооцох аргачлалын 8.1 дэх заалтад барилга геодези зураг зүйн чиглэлээр эрх бүхий байгууллага энэ хэмжилтийг хийнэ гэж заасны дагуу мэргэжлийн байгууллага хэмжээд тус хэмжилтийг үндэслээд улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн байдаг. Тиймээс илт хууль бус гэж үзэхгүй байна. 

Манай байгууллага дээр дурдсан 2 хуулийг хэрэглэдэг байхад утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй юм. Өрсөлдөөний тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан байхад өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудал гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлдэг. Нэг талаас энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байхад яагаад өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудал гэж үзэж байгаа юм”

Бид хэрэглэгчийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Иргэн шүүхэд гаргах асуудалтай байвал өөрсдөө нэхэмжлэлээ гаргана. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэгт хамаарах бас нэг асуудал нь Өрсөлдөөний тухай хуулийг орон даяар хэрэгжүүлээд түүний биелэлтийг хангуулах юм” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т-А” ХХК нь

1. “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ************ дугаартай шийтгэврүүдийг хүчингүй болгуулах, 

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/19-7/33 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/36-7/54 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7/55-7/83 дугаар бүхий албан шаардлагуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцааг  илүү нарийвчлан, тусгайлан зохицуулсан зохицуулалт бүхий хууль бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэхдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах буюу хэрэглэх нь зүйтэй юм. 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 16 дугаар зүйлийн 16.1.7-д “хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тус тус хуульчилсан байна.  

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хэрэглэгчийн эрхийг хохироосон буюу орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй, дутсантай холбоотой иргэний эрх зүйн гэрээнээс үүссэн маргааныг гэрээнд оролцогч аль нэг талын нэхэмжлэлээр иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Гэтэл орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй, дутсаны улмаас хэрэглэгчид гэм хор учирсан эсэхийг иргэний хэргийн шүүх тогтоогоогүй байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлагаар гэм хор учирсан тогтоогдсон гэж үзэж буюу орон сууцны талбайн хэмжээ дутсан нь тогтоогдсон гэж үзэж, холбогдох хохирол /зардал/-ыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх буюу захиргааны байгууллага өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан бол уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэхээр хуульчилсан байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг нэрлэн зааж, уг үйл ажиллагааг явуулахыг аж ахуй эрхлэгчдэд хориглосон ба 12 дугаар зүйлийн 12.1.2-т “өөрийн байгаа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасан. 

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан ба уг заалтаас үзэхэд хэрэглэгчийн эрхийг хохироосон эсэхтэй холбоотой харилцаанд Өрсөлдөөний тухай хууль хамааралгүй буюу энэ харилцаанд Өрсөлдөөний тухай хуулийг хэрэглэхгүй.  

Дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй, дутсан гэх зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байх тул маргаан бүхий улсын байцаагчийн албан шаардлагууд болон шийтгэврийг гаргахдаа Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан нь буруу гэж шүүх дүгнэв. 

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** тоот албан шаардлагаар иргэн Э.Г-ийн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ 8.65 м.кв-аар дутсан гэж үзэж илүү төлсөн квадратын үнийг Э.Гт буцаан олгох үүргийг “Т-А” ХХК-д хүлээлгэсэн байх ба улмаар тус газрын улсын байцаагчийн  2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар **** тоот шийтгэврээр “Т-А” ХХК-г Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг үндэслэн 10 сая төгрөгөөр торгосон байна. 

Дээрх үйл баримтаас үзэхэд  улсын байцаагчийн  2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** тоот албан шаардлагаар Э.Г-йн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутсан гэж үзэж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар **** тоот шийтгэврээр уг үндэслэлээр “Т-А” ХХК-д торгох шийтгэл ногдуулсан атлаа улсын ахлах байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***** тоот албан шаардлагаар мөн адил Э.Гийн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутсан гэж үзэж, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаартай шийтгэврээр мөн торгох шийтгэл ногдуулсан нь нэг зөрчилд хоёр удаа захиргааны шийтгэл ногдуулсан байх ба энэ нь нэг зөрчилд нэг удаа шийтгэл хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй. 

Мөн дээрх Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **** тоот албан шаардлага, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ****** тоот шийтгэврийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 276 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ****** тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ***** тоот тогтоолоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн агуулга, үндэслэлээр  хүчингүй болгосон байна. 

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Түүнчлэн “Т-А” ХХК нь “орон сууцны талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутаасан” гэх нэг төрлийн зөрчил гаргасан ба “Т-А” ХХК-д орон сууц худалдан авсан иргэн тус бүрийн тоогоор захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, нэг төрлийн зөрчил гаргасан тул нэг удаа шийтгэл ногдуулах ёстой” гэсэн агуулгаар маргаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1.7, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ****, 0000036, ******** дугаартай шийтгэвэрүүдийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1.7, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Бын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/19-7/33 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/36-7/54 дугаар бүхий албан шаардлагууд, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7/55-7/83 дугаар бүхий албан шаардлагуудыг илт хууль бус болохыг тогтоосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАТЗОРИГ