Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1436

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Дамба

шүүгдэгч: Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Ж Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806068951637  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ж Г, 19 оны  дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,  хувиараа наймаа эрхэлдэг, ам  бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:     

Холбогдсон хэргийн талаар:

          Ж.Г нь 2018 оны 8 дугаар сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  хэсэгт А.Ш маргаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

        Шүүгдэгч Ж.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын -ны өдөр миний ээжийн хорин нэгэн хоног болж байсан. Тухайн өдөр лангуун дээрээ сууж байсан чинь гаднаас үл таних хүн орж ирсэн. “Тэр хүн нь Шг байсан” орж ирээд лангуун дээр байсан хөзөр авч ураад шидсэн. Тэр үед үйлчлүүлэгч нар байсан тэд нар луу бас шидлээд байсан. Би  та хогоо аваад гар  гэсэн чинь би хог авдаг хүн биш гээд агсархаар нь би ар нуруу руу нь нэг удаа цохьсон чинь эмээл угсардаг төмөр дээр унасан. Тэгээд босоод гараад явсан. Эхнэр нь орж ирсэн чинь би болсон зүйлийн талаар хэлсэн чинь манай нөхрийн зөв гэж хэлээд гараад явсан. Дараа нь цагдаад өгсөн байсан гэв.

          Шүүгдэгч  Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би ажлын байран дээрээ  хийгээд сууж байтал 16,00 цагийн орчимд нэг согтуу 50 орчим настай эрэгтэй хүн ирэхэд манай хажуу талын лангуун дээр байдаг охин та лангуунаас холд гэтэл нөгөө хүн холдохгүй охин тэр хоёр маргаж эхэлсэн. Тэгээд хажуу талын лангуун дээрээс шинэ хөзөр аваад ураад хаячихаар нь би очоод наад хогоо аваад гар гэхэд би үүнийг цэвэрлэхгүй энэ миний эрхийн асуудал гэж хэлээд над руу тулаад ирэхээр нь би нуруу руу  нь нэг удаа баруун гараараа  цохисон.  Тэгтэл нөгөө хүн яваад өгсөн. Би нуруун дунд нь л цохисон. Өөр газар цохиогүй гэжээ. /хх-ийн 12/

          Хохирогч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би  хүмүүсийг тоглож байхаар нь хажууд нь очсон. Тэд нар 3-уулаа тоглож байгаад дуусчихаар нь би дахиад хэдүүлээ тоглий гэхэд тоглоогүй. Тэгэхээр нь би хөзрийг нь аваад газар хаячихсан юм. Гэтэл урдаас нэг цагаан подволктой залуу намайг чи миний хөзрийг хаядаг юу юм бэ наашаа хүрээд ир гэж дуудсан. Намайг яваад очтол үгийн зөрүүгүй шууд цохисон. Миний харснаар гэрийн цагаан бүрээс зардаг залуу байсан. Тэр үед миний хамарнаас цус гараад би угаалгын өрөөнд очиж угаачихаад шууд цагдаа дээр очсон. Би 2016 онд Бээжинд суулгадаг 3 ширхэг шүд хийлгэсэн байсан. Тухайн үед би 100 грамм архи л уусан байсан гэжээ. / хх-н 6-10/   

           Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын -ны өдөр лангуун дээрээ байж байтал зүүн талаас О гэх авгай надтай хөзөр тоглох гэж байтал Ш гэх залуу согтуу ирээд бүх хүмүүстэй мэндэлчихээд ширээн дээр байсан хөзрийг шүүрч аваад тоглоё гээд орилоод байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс бүгд тоглохгүй гээд босоод явахад нь би мөн адил босоод явчихсан. Би өөр тийшээ явж байгаад эргээд иртэл Ш амаа дараад зогсож байсан.  гар гар гээд явуулсан. Би яг цохисоныг нь хараагүй. Манай тэр хавиар сүртэй цус, шүд байсныг хараагүй. Ш бол дандаа согтуу ирээд элдэв юм яриад сууж байдаг хүн. Угийн онгорхой шүдтэй байсан санагдаж байна. Би шүд унахыг хараагүй гэжээ. / хх-н 16-18/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 22/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 10401 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1,А.Ш биед 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1, 2,4,2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4,Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна.

5,Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх-н 23/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 24,46/

           Эмчилгээний зардлын талаарх баримтууд: /хх-н 26-27 /нийт 243.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

           Ж.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас: урд ял шийтгэгдэж байгаагүй байна./ хх-н 31/

           Ж.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/

           Ж.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/ зэрэг болно.

           Ж.Г нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэсэгт А.Ш хөзөр ураад шидэхээр наад хогоо аваад гар гэхэд нь өөдөөс нь би үүнийг цэвэрлэхгүй энэ миний эрхийн асуудал гэж хэлэхэд нь нуруу орчимд гараараа цохиосоноос А.Ш урагшаа унаж 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

         А.Ш биед 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1, 2,4,2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 10401 дугаартай шинжээчийн дүгнэлт  / хх-н 23/

         Хохирогч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би хөзрийг нь аваад газар хаячихсан юм. Гэтэл урдаас нэг цагаан подволктой залуу намайг чи миний хөзрийг хаядаг юу юм бэ наашаа хүрээд ир гэж дуудсан. Намайг яваад очтол үгийн зөрүүгүй шууд цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад би угаалгын өрөөнд очиж угаачихаад шууд цагдаа дээр очсон. Би 2016 онд Бээжинд суулгадаг 3 ширхэг шүд хийлгэсэн байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 6-10/   

          Шүүгдэгч  Ж.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд хажуу талын лангуун дээрээс шинэ хөзөр аваад ураад хаячихаар нь би очоод наад хогоо аваад гар гэхэд би үүнийг цэвэрлэхгүй энэ миний эрхийн асуудал гэж хэлээд над руу тулаад ирэхээр нь би нуруу руу  нь нэг удаа баруун гараараа  цохисон гэсэн хх-ийн 12/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай  тогтогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

    Ж.Г А.Ш нуруу орчимд цохиосноос хохирогч эмээл хийдэг төмөр дээр нүүр хэсгээр унасанаас шүдний булгарал, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна, Т.Г дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв тохирсон байх тул  Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

            Хохирогч А.Ш эмчилгээний зардалд 243.500 төгрөгийг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Ж.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар    Ж.Г нь   торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  Ж. Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.

5. Ж.Г  нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ж.Г   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ж.Г  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж. Г  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН