Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Э.Днарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Э.Дд холбогдох 1711012670718 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангай 24-134 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 17 хороо, 76-54 тоотод оршин сууж байгаа гэх, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э.Д, (РД:),

нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах "17" нэртэй баарны гадаа хохирогч Х.Түвшингийн Самсунг галакси Эс-6 загварын гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч залилан авч 288 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Днь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дмэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Э.Дмөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед 17 дугаар сургуулийн ойролцоох 17 шөнийн клубт орсон юм. Тухай өдөр пиво уух гээд баар руу орсон. Бааранд байж байхдаа 17 дугаар сургуульд манай дээд ангид сурдаг байсан Түвшинтэй тааралдаад пиво уугаад хамт сууж байгаад гар утсыг нь ярьчихаад өгье гэж хэлээд авсан. Гар утсыг нь 01 цагийн үед гуйж авсан. Гадаа гараад утсаар нь эхнэр Урангоотой ярьчихаад өгөхөө мартаад явсан. Тэр өдрөө дахин архи уух гээд мөнгөгүй болчихсон учир Түвшингийн гар утсыг аваад модны хоёрын шөнийн ломбарданд 280000 төгрөгний барьцаанд тавьсан. Гар утсыг барьцаанд тавихдаа ганцаараа явсан. Утас барьцаанд тавьсан мөнгөөрөө найз Бямбаа, хамт явсан эрэгтэйтэй хамт архи уугаад дуусгасан. Түвшингийн утас нь Самсунг эс 6 загварын гар утас байсан. Би тухай үед согтолт ихтэй байсан учраас гар утсыг нь авч явсан юм. Би гар утасны хохирлыг төлж барагдуулна. Надад гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

Хохирогч Х.Түвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг өнгөрөөд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудалд байрлах 17 бааранд ороод сууж байгаад гадаа гарч ирээд тамхи татаад зогсож байхад зүс таних Э.Д гэх залуу ирээд утсаа өгч бай 1 ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн чинь утсаа авахгүй байна бааранд ороод залгаж хүмүүсээ хайж байгаад гараад ирье гээд орсон. Тэгээд тэр чигтээ утас аваад алга болсон. Би тэгээд хүнээс Э.Дий дугаарыг нь олоод залгахад утсыг чинь өгсөн гэсэн, орой очиж байгаад учрыг нь олж өгье гэсэн ба ирээгүй. Тэгээд дахиад залгахад утсыг чинь өгсөн юу яриад байгаа гэсэн” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…гэх имэй кодтой Самсунг Эс-6 маркийн гар утсыг 2017 оны 10 дугаар сард зарсан нь үнэн. Худалдаж авсан хүнээс миний данс руу 250.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын дундуур орсон байсан тийм болохоор ломбарданд тавигдаагүй байх. Уг гар утсыг ямар хүнээс худалдаж авсанаа мэдэхгүй байна. ...өөрт учирсан 180.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэжээ.

Гэрч Ч.Буянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сард Модны хоёр Мөнх хүнсний зах гэх газрын 1 давхарт байрлах гар утасны лангуун дээрээс 280.000 төгрөгөөр Самсунг Эс-6 гар утсыг нөхөртэйгөө хамт явж байгаад худалдаж авсан. Гар утсыг худалдаж авахад 50.000 төгрөгийг бэлнээр өгөөд 230.000 төгрөгийг нөхрийн дансаар шилжүүлсэн” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Днь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах "17" нэртэй баарны гадна талд хохирогч Х.Түвшингийн Самсунг галакси Эс-6 загварын гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч залилан авч 288 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Түвшингийн “…Би гарч ирээд тамхи татаад зогсож байхад зүс таних Э.Д гэх залуу ирээд утсаа өгч бай 1 ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн чинь утсаа авахгүй байна бааранд ороод залгаж хүмүүсээ хайж байгаад гараад ирье гээд орсон. Тэгээд тэр чигтээ утас аваад алга болсон” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлпүрэвийн “Уг гар утсыг ямар хүнээс худалдаж авсанаа мэдэхгүй байна. ...өөрт учирсан 180.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч Ч.Буянжаргалын “…2017 оны 10 дугаар сард Модны хоёр Мөнх хүнсний зах гэх газрын 1 давхарт байрлах гар утасны лангуун дээрээс 280.000 төгрөгөөр Самсунг Эс-6 гар утсыг худалдаж авсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Хотон овогт Энхтуяагийн Э.Дийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.  

Хохирогч нь хохирлоо барагдуулж авсан гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин шүүгдэгчээс 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Э.Дийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дторгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгчээс 180.000 (нэг зуун наян мянга) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Ганзамын Хүрэлпүрэв (РД:УЗ89110211)-т олгосугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ