Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01122

 

 

 

 

 

 

2022 06 13 210/МА2022/01122

 

 

В.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01027 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Т, хариуцагч Б.Г ХХК-д холбогдуулан 2,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: В.Т би Б.Г ХХК-ийн манаачийн ажил хийдэг байсан. Тухайн ажиллах хугацаанд нэг ч амралт авч, 2014.09.01-ээс 2019.11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын мөнгө аваагүй. Иймд Б.Г ХХК-аас нийт 5 жил 2 сар ажилласан болон 1 жилийн 420,000 төгрөг, нийт ажилласан хугацааны амралтын мөнгө 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь 2021.10.24-нд ээлжийн амралтын мөнгө авах ёстой гэдгийг хуульчаас зөвлөгөө аваад мэдсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул татгалзлыг зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. В.Т нь 2014-2019 онд захирлын хувийн аж ахуйн нэгж дээр манаачийн ажил хийсэн байсан гэдэг. 2019.11.08-ны өдөр ажлаас гарсан. Нэхэмжлэгч нь манай байгууллагын үндсэн ажилтан биш тул ээлжийн амралтын олговор олгох үндэслэлгүй болно. Ажилтан цаг тухай бүрд нь, мөн ажлаас гарсан үедээ ч байгууллагад ээлжийн амралтын мөнгө авах талаар хандаж байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллагатай байнга маргаан үүсгэж явдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г ХХК-д холбогдох ээлжийн амралтын олговорт 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч В.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: В.Т нь Б.Г-т 5 жил 2 сар ажиллаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажиллаас чөлөөлөгдсөнөөр уг ажил дуусгавар болсон байдаг. Б.Г ХХК-ын захирал Ц.Батбаяр ээлжийн амралтыг нэг мөр өгнө, ажиллаж бай гэснээр тасралтгүй ажилласан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч В.Т нь хариуцагч Б.Г ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын олговорт 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 18/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч Б.Г ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт 2,100,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч В.Ттай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үндсэн ажилтан биш, мөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах хуульд заасан гурван сарын хугацаа дууссан гэж тус тус тайлбарласан.

3. Нэхэмжлэгч В.Т нь Б.Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15/02 дугаар тушаалаар сахиулаар ажилд орж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 25/02 дугаар тушаалаар сахиулын ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /хх 1, 3-4, 56/

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь дээрх хугацааны ээлжийн амралтын олговор авах эрхтэй гэдгээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуульчаас зөвлөгөө авч мэдсэн гэх тайлбар нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч В.Т нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Тын хариуцагч Б.Г ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын олговор 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН