| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0642/Э |
| Дугаар | 663 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.Т-Т холбогдох 1811021000797 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 1-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол Энэбишийн гудамж 21 байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т.Т(РД:),
нь 2018 оны 7 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зусланд хохирогч С.Төмөрбаатарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Тнь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Тмэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Т.Тмөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би Базараа ахын зусланд эхнэр хүүхдийнхээ хамт очсон юм. Тэгээд Базараа ахтай хамт архи уусан. Шөнө 01 цагийн орчимд хоёр хүн хаалга нүдээд байхаар нь би гараад тэр хоёр хүнтэй маргалдаад зодолдсон. Тэр үед энэ Төмөрбаатар гэж хүнд гэмтэл учруулсан юм. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна гэжээ.
Хохирогч С.Төмөрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би тэр залуугийн гарыг нь тавиулах гээд гарнаас нь барьсан чинь тэр залуу миний баруун талын нүдний орчим гараараа цохьсон. Тэгээд би газар унасан чинь нөгөө залуу миний цээжин дээр 3 удаа дэвссэн. Тэгээд би түлхээд босоод иртэл Болдоо гээд тэдний хамаатны залуу гарч ирээд намайг бариад авсан, энэ үед анх гарч ирсэн залуу хатаагчны нарийн төмөрөөр зүүн талын чих рүү цохьсон. Тэгээд би Болдоог түлхээд гэр рүү яваад гэрийн үүдэнд байсан хутга, жижиг сүх, хоёроо аваад Базараа ахын гэр рүү ойртвол ална шүү, Зоригоо явъя гээд дуудсан. Тэгтэл анх маргалдсан залуу шалны мод барьж ирээд миний зүүн талын мөр рүү цохьсон. Тэгээд би хутга сүхээрээ сэжсэн чинь гарыг нь зүссэн. Тэгтэл Базараа ах, мөн хамаатны эгч гэрээсээ гарч ирсэн. Базараа чи юу барьчихсан юм, аваад ир гэхээр нь би барьж байсан хутга сүхээ Базараа ахад өгсөн гэжээ.
Гэрч Б.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манай Т.Тгэдэг дүү гадаадад олон жил болж байгаад өчигдөр орой 22 цагийн манайд эхнэр хүүхдийн хамт ирсэн. Ирэхдээ 2 ахдаа амсуулна гээд 1 шил Виски авчирсан. Төгөлдөрийн авчирсан вискийг Базараа ах, дүү Энхболд нар уугаад сууж байсан. Би хүүхдүүдээ унтуулчихаад энэ гурвыг юу болж байгаа бол гээд хартал гурвуулаа юм яриад сууж байсан. Хүүхдүүдийнхээ хажууд хэвтэж байтал дуу чимээ гарахаар нь гүйгээд иртэл Төмөрөө Т.Тэй маргалдаад барилцах гээд байж байсан тэгэхээр нь Т.Т гэр рүүгээ оруулсан. Т.Т гэр рүүгээ оруулчихаад иртэл Т.Тнамайг хутгалчихлаа гээд ирсэн гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.19-ний өдрийн ¹8920 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.С.Төмөрбаатарын биед духанд шарх, баруун зовхи, цээж, баруун бугалга, хэвлий, баруун шилбэ, баруун шагай, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Духны шарх, баруун зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Т.Тнь 2018 оны 7 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зусланд орших хүргэн ах Д.Базарын гэрт ах, эгч, эхнэр хүүхдүүдийн хамт байж байх үедээ С.Төмөрбаатар, Зоригоо нарыг шөнийн цагаар айлын хаалга нүдлээ гэх шалтгаанаар тэд нартай маргалдан, С.Төмөрбаатарыг шалны модоор цохьж, зодсоноос түүний биед духны шарх, баруун зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Төмөрбаатарын “…Би тэр залуугийн гарыг нь тавиулах гарнаас нь барьсан чинь тэр залуу миний баруун талын нүдний орчим гараараа цохьсон. Тэгээд би газар унасан чинь нөгөө залуу миний цээжин дээр 3 удаа дэвссэн. ... Тэгтэл анх маргалдсан залуу шалны мод барьж ирээд миний зүүн талын мөр рүү цохьсон” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.7.19-ний өдрийн ¹8920 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Хороод овогт Тарваагийн Т.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хохирогчийн шөнийн цагаар айлын хаалга удтал нүдсэн хууль бус үйлдэл, мөн түүний хутга, сүх барьж шүүгдэгч рүү дайрч давшилсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж үзсэн болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 480.000 төгрөг төлсөн ба хохирогч нь “Уг хүн надаас уучлалт гуйсан, миний эмчилгэний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт Т.Т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ