Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01232

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01232

 

Ж.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01261 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Аын хариуцагч ТӨСК ХХК-д /цаашид ТОСК гэх/ холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номун-Эрдэнэ, Ч.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би ТӨСК ХХК-д тасралтгүй 14 жил орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 684 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар миний бие ТОСК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдож, 17-ны өдрөөс эхлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Ингэж байтал өдрийн Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор компанийн бүтцийг өөрчилж, орон тоог хасаж бууруулсан үндэслэлээр намайг ажлаас дахин чөлөөлөх мэдэгдлийг өгч, гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/99 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Харин миний бие Б/99 тоот тушаалыг зөвшөөрөхгүй байна. Тушаалын үндэслэлд ТӨСК ХХК-ийн 14 дүгээр тогтоол болон бусад холбогдох баримтыг үндэслэл болгож Орон сууц ашиглалтын хэлтэс татан буугдаж, Маркетинг, борлуулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан гэдэг. Гэвч уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд Орон сууц ашиглалтын хэлтсийн зөвхөн нэршил өөрчлөгдөж, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс болж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлыг У.Насанчимэг гэх хүн хийж гүйцэтгэж байгаа буюу нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж харагдана. Гэтэл түүнийг үлдээчихээд намайг орон тоо байхгүй болсон гэж, мөн байгууллагын даргатайгаа муудалцсан, Авлигатай тэмцэх газарт хандсан зэргээс нь шалтгаалан халсан. Ямар шалтгааны улмаас Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгах болсон уг ажлын байрыг байгууллагын бүтцээс хасах болсон шалтгаан нь юу гэдгийг тодорхойлоогүй. ТӨСК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудалд бүтцийн өөрчлөлт хийх тухай гэж дурдсан байгаа боловч яг ямар шалтгааны улмаас бүтцийн өөрчлөлт хийх болсон нь байхгүй байсан. Төлөөлөн удирдах зөвлөл нь 14 дүгээр тогтоолоор Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг тавьж, хэлтэс, нэгжийн нэршлийг өөрчилж, өөрөөр хэлбэл Орон сууц ашиглалтын хэлтэс-ийг Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар болгон өөрчилсөн бөгөөд орон тооны хязгаарыг 50 гэж тодорхойлсныг харах юм бол бүтэц, орон тоо хасагдаагүй цөөрөөгүй байна гэдэг нь харагддаг. Мөн Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын албан даалгавраас үзвэл шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх зэрэг бусад асуудлын талаар хэмнэлт хийх чиг үүрэг өгсөн болохоос биш бүтцийн өөрчлөлт хийгээд, орон тоо хас гэж хэлээгүй байхад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд намайг Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 14 тоот Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай, гүйцэтгэх захирлын А/59 тоот ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал тус тус гарсан бөгөөд үүний хэрэгжилтийн дагуу компанид бүтцийн өөрчлөлт орж, зарим газар, хэлтэс, ажлын байрыг татан буулгаж, орон тоог хассан байдаг. Тодруулбал албан даалгавар, ТУЗ-ын тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд байгууллагын бүтэц зохион байгуулалтыг хийж, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын харьяа Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгасан, үүнтэй холбоотойгоор борлуулалтын мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй болсон. Энэ талаар бид хуульд заасны дагуу Ж.Аод мэдэгдэх ажиллагааг явуулсан. ТУЗ-ийн 14 тоот тушаалд үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байна гэж тусгасан нь заавал 50 ажилтан байх ёстой гэх ойлголт бус ТУЗ нь уг орон тоонд багтаан ажлын байрны тоог тогтоож болох эрхийг гүйцэтгэх захиралд олгож буй явдал. Нэхэмжлэгчийн нэршил өөрчлөгдсөн гэж тодотгоод буй Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар нь газрын дарга, стратегийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, эдийн засагч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэх 5 албан тушаалаас бүрдэж байна. Эдгээр албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын мэргэжилтний гүйцэтгэх ажил, үүрэг огт байхгүй буюу дурдаагүй, энэхүү албан тушаал нь уг газартай чиг үүргийн хувьд огт холбоогүй, шинээр байгуулагдсан газар тул нэршил өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй. У.Насанчимэгийн хувьд одоо ажиллаж байгаа түрээсийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллах шаардлагыг хангасан, санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн байсан. Харин Ж.Аын хувьд эзэмшсэн мэргэжил нь түрээсийн мэргэжилтэн гэх албан тушаалын шаардлагыг хангахгүй байгаа. Мөн түрээсийн мэргэжилтэн гэдэг ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын мэргэжилтний борлуулалт хийх, авлага цуглуулах чиг үүрэг үлдсэн байдаг. Ж.А тухайн үедээ Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллын борлуулалт хариуцаж байсан. Харин эдгээр орон сууцууд зарагдаад дууссан, хэдэн ширхэг авто зогсоол үлдсэн байдаг. Цаашид байгууллагын үйл ажиллагаанд түрээсийн үйл ажиллагаа чухал болж байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалтын мэргэжилтэн, түрээсийн мэргэжилтэн хоёрыг өр цуглуулах чиг үүрэг давхцдаг, харин борлуулах гэсэн ганц чиг үүрэг л түрээсийн мэргэжилтэнд шилжсэн байдаг. Үүнийг борлуулалтын мэргэжилтний ажлын байр байгаа гэж үзэхгүй юм. Байгууллага мөн ажилтнаа бодож тухайн үед ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө хийхгүй гэсэн байгаа. Иймд байгууллага хууль ёсны дагуу, эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, энэ хүрээнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс татан буугдаж, ажлын байр нь байхгүй болсон бөгөөд үүнд байгууллагын удирдлагын зүгээс ямар нэгэн субъектив хандлага гаргаагүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар ТӨСК ХХКд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ж.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Байгууллагын салбар нэгж, хэлтэс татан буугдсан ч тухайн ажлын байр өөр сөлбар нэгж рүү шилжих зэргээр бодит байдалд үгүй болоогүй бол түүнийг орон тоо хасаглсан гэж үзэх үндэслэлгүй юм. хуучин болон шинэ ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ихэнх хэсгүүдэд огт өөрчлөлт ороогүй, зарим хэсгүүдэд зөвхөн үг, өгүүлбэрийн хувьд эсхүл байршлын хувьд өөрчлөлт орсноос биш агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт орсон зүйлгүй байна. Маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт ямар нэг өөрчлөлт ороогүй, тус ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа юм. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын хувьд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 9,471,984 төгрөгөөс тооцож 166,502 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно. Харин ажлаас үндэслэлгүй буруу халсан болохыг тогтоож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлгэн тогтоолгох шаардлагын хувьд тус маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Энэхүү шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч Ж.Аын орон тоо хасагдсан нь үнэн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрнаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэдэг байдлаар оролцож байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Тус хуулийн 40.1.1-д аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл бүхий зүйлийг дурьджээ. Үүнээс үзвэл орон тоо хасагдах асуудал нь дангаараа болон салбар нэгж буугдсан үндэслэлээр бий болох боломжтой хуульд тусгайлан заасан. Харин 2006 оны хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай улсын дээд шүүхийн тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1-д хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заажээ. Энэхүү тайлбар нь орон тоо хасагдах гэдгийг бид хууль хэрэглээнд хэрхэн баримталж ашиглах вэ гэдгийг нарийвчлан заасан зохицуулалт болохоос орон тоо хасагдах үндэслэлийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан бусад зохицуулалтаас байнгын ангид авч үзэх ёстой гэсэн ойлголт зохицуулалт огт биш. Тодруулбал нэхэмжлэгч нь энэхүү зохицуулалтыг буруу ашигласан буюу анхан шатны шүүх хуралдаанаас хойш одоог хүртэл газар нэгж татан буугдсан нь чухал бус зөвхөн ажлын байр үгүй болсон байх ёстой гэсэн агуулгаар тайлбарлан ашигласаар байгаа бөгөөд газар нэгж татан буугдсан үндэслэл ажлын байр үгүй болох хасагдах хууль зүйн нөхцөлийг үгүйсгэсээр байгаа. Гэтэл энэхүү зохицуулалт нь өөрөө хуульд заасан өөрчлөгдөшгүй хөдөлмөрийн гэрээг цуцалж болох эрх олгосон заалт. Түүнчлэн ТОСК нь иргэн Ж.Аын ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэхдээ ТОСК-ийн бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан бөгөөд орон сууц ашиглалтын хэлтэст татан буугдаж маркетинг борлуулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан гэх нөхцөл байдлыг тодорхой тусгасан ба энэхүү нөхцөл нь бодитоор бий болж нотлогдсон төдийгүй одоог хүртэл хэрэгжсээр байгаа тул нэхэмжлэгчийн ажлын байр одоо хүртэл хадгалагдаж байна гэж үзэх боломжгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт орон тоо хасагдсаныг үндэслэлгүй гэж тооцох нөхцлийг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1-д орон тоо хасагдсан гэх боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болгож орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эргүүлэн тогтооно гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан гэх үндэслэл нь энэхүү заалттай нийцэхгүй. Мөн ТОСК нь дээр дурьдсаны дагуу одоог хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 14 тоот тогтоолоор баталсан бүтэц орон тооны өөрчлөлтийг хэрэгжүүлсээр байгаа тул нэхэмжлэгчийн гомдолдоо дурьдсан орон тоо хасагдаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгахдаа өөрсдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд манай дээд газар болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манайд чиглэл өгөн түүний дагуу манай ТУЗ хуралдаж энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг давахаар бүтэц орон тооны зохицуулалтыг хийсэн бөгөөд борлуулалт багассан, цаашдаа борлуулалт байхгүй болох, ойрын 2-3 жил борлуулалт хийхгүй үндэслэлээр борлуулалтын мэргэжилтний ажлын байрны зарим чиг үүргийг урьд байсан түрээсийн мэргэжилтний албан тушаалтан руу шилжүүлсэн. Үүний шалтгаан нь түрээсийн орон сууцны тоо ихэссэн бөгөөд тогтмол санхүүгийн эх үүсвэрт энэхүү ажлын байрыг хэвээр үлдээж бараг үйл ажиллагаа явагдахгүй болсон ажлын байранд сул цалин олголтоос зайлс хийх зорилготой байсан. Харин нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны чиг үүрэг өөр албан тушаалд шилжиж орон тоо хасагдсан болон буруу ажлаас халсан үндэслэлийг андуурч ойлгоод байх бөгөөд энэ нь хууль хэрэглээний хувьд тодорхой харагдаж байна. Түүнчлэн ажил үүрэг өөр албан тушаалтанд шилжиснээр тухайн ажилтныг заавал ажлын байранд дахин томилох үүрэг хууль болон гэрээгээр хүлээхгүй. Харин ч тухайн иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй зорилгоор боломжит өөр ажлын байр санал болгох зүйл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Борлуулалтын мэргэжилтэн албан тушаалтан зарим чиг үүргийг түрээсийн мэргэжилтэн рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн буюу голчлон түрээсийн мэргэжилтний ажлын байрны зорилго, зорилтоор боловсруулагдсан байгаа. Зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс ажлын байр одоо хүртэл хадгалагдаж байна гэх утга бүхий зүйлийг гомдлын турш дурьдсан. Гэхдээ зарим чиг үүрэг шилжсэн гэдэгт хариуцагч огт маргаагүй, одоог хүртэл маргахгүй явсаар байгаа. Гэвч борлуулалтын мэргэжилтний ажлын байр нь борлуулалтаас гадна бүтэн цогц маркетинг борлуулалтын хосолсон зорилт, зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь өмнөх ажлын байрны тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Борлуулалтын мэргэжилтний үндсэн ажлын байрны зорилго, зорилтын хүрээнд ямар цогц үйл ажиллагаа явуулдаг байсан бэ, борлуулалт маркетингийг хэрхэн хослуулж явдаг байсан бэ, хэрхэн цогц үйл ажиллагаа явуулдаг байсан бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Харин түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг харвал дийлэнх үйл ажиллагаа нь түрээсийн орон сууц руу чиглэсэн ба үлдсэн цөөхөн хэдэн орон сууцнуудыг борлуулах зорилгоор түүнтэй холбоотой ерөнхий чиг үүргийг борлуулалтын мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод оруулсан байна. Түрээсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг харвал хоёр ажлын байрны зорилго, зорилт чиг үүргийн 2 дахь хэсэг ажлын байрны үндсэн зорилт. Үндсэн зорилтоор бид нийт 11 зүйлийг тодруулжээ. Үүнээс 8 болон 11 дугаартай хоёрхон үндсэн зорилт бол өөрөө борлуулалт руу чиглэсэн байгаа. 2.1 буюу гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт мөн адил нийт 11 шалгуур үзүүлэлтээс 8 болон 11 дугаар зөвхөн борлуулалтын үйл ажиллагаа руу чиглэсэн байгаа. 3 дугаарт ажлын байрны үндсэн үйл ажиллагаанд нийт 12 үйл ажиллагаа байгаа. Ажлын байрны 8, 10, 11-д 1 болон 2 үндсэн зорилтуудыг дурьдсан байгаа. Мөн ажлын байрны зарим чиг үүрэг шилжсэнээр түрээсийн мэргэжилтэн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн. Борлуулалтын мэргэжилтэн дээр дурьдсан маркетингийн хосолсон цогц үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маркетинг, бизнесийн удирдлага чиглэлээр баклаврын зэрэг горилсон иргэнийг тус ажлын байранд ажиллуулах боломжтой болсон. Харин тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгч Ж.Аын эзэмшсэн мэргэжил нь түрээсийн мэргэжилтний ажлын байранд ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас боломжит өөр ажлын байр санал болгосон. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Аыг ажлаас чөлөөлсөн шийдвэр тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд хууль ёсны дагуу ажлаа хийж байгаа иргэнийг ажлын байрнаас нь чөлөөлж нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд нь томилох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч ТОСК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

4. Нэхэмжлэгч Ж.Аыг ТОСК ТӨХХК-д маркетинг, борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байхад нь гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/99 тоот тушаалаар аж ахуйн нэгж, байгууллагын нэгж татан буугдсан үндэслэлээр цуцлахдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, ТОСК ТӨХХК-ийн дүрмийн 10.10.8 дахь заалт, төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, ажил олгогчоос Хамтын хүч Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан А/1 тоот хамтын гэрээний 2.5.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 16/

Нэхэмжлэгч Ж.А ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Орон сууц ашиглалтын хэлтсийн зөвхөн нэршил өөрчлөгдөж Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс болж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлыг У.Насанчимэг гэх хүн хийж гүйцэтгэж байгаа буюу нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж Хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газрын албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын мэргэжилтний гүйцэтгэх ажил үүрэг огт байхгүй, энэхүү албан тушаал нь уг газартай чиг үүргийн хувьд огт холбоогүй шинээр байгуулагдсан газар тул нэршил өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй. Борлуулалтын мэргэжилтний борлуулах гэсэн ганц чиг үүрэг л түрээсийн мэргэжилтэнд шилжсэн: Үүнийг борлуулалтын мэргэжилтний ажлын байр байгаа гэж үзэхгүй гэж маргажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд хамаарна. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан бол хуулийн этгээдийг татан буулгана.

6. Хэрэгт цугларсан баримтаар ТОСК ТӨХХК-ийн дүрмийн 9.3.3-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ эрхийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаар тогтоолоор ТОСК ТӨХХК-ийн бүтцийг гүйцэтгэх захирал, дэд захирал, Хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газар /Төслийн хэлтэстэй/, Тамгын газар /Санхүүгийн хэлтэс, Түрээсийн хэлтэстэй/ байхаар баталж, орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байхаар тогтоожээ.

Тэрээр компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаа, менежментийг боловсронгуй болгож ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан байна. Гүйцэтгэх захирал нь уг тогтоолыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/59 тоот тушаалаар ажил, албан тушаалын жагсаалтыг баталжээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх тогтоолоор Орон сууц ашиглалтын хэлтсийг татан буулгасан байх тул ах ахуйн нэгж, байгууллагын нэгж татан буугдсан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх талаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,502 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.