Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Агар,

            Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш овогт Г.Б холбогдох 1811018150766 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Сит бааранд хамгаалагч ажилтай, сард 900.000 төгрөгийн цалинтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк 106-109 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Г.Б(РД:),

нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Пийс моллын гадна Д.Нямдоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Г.Бмөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-...би буцаж баар руу орох гээд нэг давхарт лифт хүлээгээд зогсож байтал маргалдаж байсан ах найз нартайгаа бууж ирсэн. Тэгээд маргаан үүсээд гадаа гарцгаасан. Би уурандаа түүнийг мөргөсөн, мөргөхөд тэр ах газар унасан. Босоод ирэхээр нь цээж рүү нь жийж газар унагаад өшиглөсөн. Энэ үед манай найз Долгион ирээд намайг аваад явсан. Би тэр ахыг ганцаараа зодсон гэжээ.

Хохирогч Д.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:- ...08 цаг өнгөрч байхад бид нар гарах гээд үүд рүү явж байхад нөгөө залуу таараад над руу дайраад хэрүүл хийгээд байхаар нь цаанаас нь нэг хамгаалагч ирээд тэр залууг тэвэрч авсан. Бид дөрөв баарнаас гараад 15 давхарт байдаг манай өрөөнөөс цүнхээ аваад гадаа үүдэн дээр гартал нөгөө залуу намайг мөргөөд газар унагаасан гэжээ.

Гэрч О.Дэлгэрмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-тэр залуу Нямдорж руу чи ямар том юм бэ гээд дайрахаар нь бид нар салгаж тэр залууг гарсаны дараа хойноос нь бид нар гадаа гарсан чинь гадаа үүдэнд тэр залуу үгийн зөрүүгүй Нямдоржийг цохиж унагаасан гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.12-ны өдрийн ¹7338 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1. Д.Нямдоржийн биед тархи доргилт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Бнь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Пийс молл худалдааны төвийн гадна талд Д.Нямдоржийг мөргөж, өшиглөж зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “Би уурандаа түүнийг мөргөсөн, мөргөхөд тэр ах газар унасан. Босоод ирэхээр нь цээж рүү нь жийж газар унагаад өшиглөсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн “...Бид дөрөв гадаа үүдэн дээр гартал нөгөө залуу намайг мөргөөд газар унагаасан” гэх мэдүүлэг, гэрч О.Дэлгэрмөнхийн “...бид нар гадаа гарсан чинь гадаа үүдэнд тэр залуу үгийн зөрүүгүй Нямдоржийг цохиж унагаасан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.12-ны өдрийн ¹7338 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Шарайд овогт Ганболдын Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 350.000 төгрөг төлсөн гэх ба хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ш овогт Г.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ