Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/43

 

 

2026 оны 05 сарын   05                                                 2026/ДШМ/43                        

 

О.А  , Ч.А  ,

Т.Х   нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд               

Прокурор А.Алтангэрэл

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг

Шүүгдэгч О.А   

Шүүгдэгч Ч.А   

Шүүгдэгч Т.Х   

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр О.А, Ч.А, Т.Х   нарт холбогдох эрүүгийн 2426004170014 тоот хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О.А

Монгол Улсын иргэн, Ч.А

Монгол Улсын иргэн Т.Х

О.А, Ч.А, Т.Х  нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн Н  сумын 2 дугаар багийн “Хүрмийн Үзүүр” гэх газарт байрлах И” алтны уурхайн баяжуулах цехийн цонхоор нэвтэрч, ... БНА улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгслийг ашиглан, 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5.6 кг үлээлгийн хар шлик, 1 ширхэг металийн жин зэрэг эд зүйлсийг авч хохирогч Д.Г-т 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.А   , Ч.А , Т.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А, шүүгдэгч Таахынхан овогт Ч.А , шүүгдэгч Дамдин овогт Т.Х нарыг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.А, шүүгдэгч Ч.А , шүүгдэгч Т.Х  нарыг 1 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч С.Агваанлувсан, Ч.А, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Г  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, Ч.А  , Т.Х   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, шүүгдэгч Ч.А , шүүгдэгч Т.Х  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл би, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүгдэгч Ч.А  , О.А  , Т.Х   нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Н  сумын 2 дугаар баг Хүрмийн үзүүр гэх газарт байрлах И алтны уурхайн баяжуулах цех буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын цонхоор хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор .... БНА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40кг нарийсалтын хар шлик, 23кг соронзонгийн хар шлик, 5.6кг үлээлгийн хар шлик, металл жинэлдэг 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Г-т нийт 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ч.А, О.А, Т.Х нарт холбогдох 2426004170014 дугаартай хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг "... шүүгдэгч Ч.А  , О.А  , Т.Х   нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03-н цагийн үед Өвөрхангай аймгийн Н  сумын 2 дугаар баг Хүрмийн үзүүр гэх газарт байрлах И алтны уурхайн баяжуулах цех буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор .... БНА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...”, мөн шүүгдэгч нар тус Хүрмийн үзүүр гэх газарт хүрэхдээ хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэлт, зорилготой байсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй, шүүгдэгч нарын мэдүүлэгт “цасан шуурганд төөрөөд тэнд очсон” гэх үйл баримт дурдагддаг... .... БНА улсын дугаартай Тоёота Приүс-30 маркын тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг тээвэрлэхэд ашигласан гэх баримт мөн хэрэгт авагдаагүй...” гэж илтэд үндэслэлгүй дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулах байр саванд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.А  , О.А  , Т.Х   нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Ч.А  , О.А  , Т.Х   нарт холбогдох хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон, түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Ч.А, О.А, Т.Х нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна.

Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор хүндрүүлэн үзэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нарийвчлан тогтоож хуульчилсан бөгөөд мөн хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглах” гэдэг нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг тус тус хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.

Шүүгдэгч Ч.А  , О.А  , Т.Х   нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм.

Тухайлбал гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд гэмт этгээдүүд нь тээврийн хэрэгслийг анхнаасаа бэлтгэж урд, ард талын улсын дугаарыг авсан, цасанд суусан гэж мэдүүлдэг боловч хэргийн газраас зугтаахдаа огт цасанд суугаагүй бөгөөд таслан зогсоох гэсэн хамгаалалтын ажилтнуудыг тойрч удаан хугацаанд зугтсан байдлаас үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь огт цасанд суугаагүй болох нь маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад мэдүүлж буй “цасанд суугаад явж болохоор нь цас ухах хүрз хайж очсон” гэх мэдүүлгүүд нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч Т.Х  ын өмгөөлөгчөөс асуусан “та нар тухайн агуулах савыг шөнө яаж олж очсон юм бэ” гэх асуултад шүүгдэгч Т.Х   нь “хажууд нь кэмпийнх нь гэрэл асаалттай байсан юм” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт үлдсэн байгаа бөгөөд дээрх байдлаас дүгнэхэд гэмт этгээдүүдийн сэдэл, санаа зорилго анхаанаасаа тодорхой байсан нь илт байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжид зааснаар тээврийн хэрэгсэл ашигласан байдлыг тогтоож, ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

Мөн улсын яллагчаас эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлтдээ дурдсан байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан шийтгэх тогтоолдоо шүүхэд үүрэг болгосон заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг ... бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Учир нь шүүгдэгч нар нь хуулийн байгууллагаас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоосон үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу зэрэгтэй маргалдаж үл зөвшөөрдөг бөгөөд энэ байдал нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгч буй худал мэдүүлгүүдээс нь харагддаг.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл юм.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын зөвшөөрөл, түүний хүсэл зоригийн дагуу хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг бий болгоогүй, Эрүүгийн хуулиар шаардсан үр дүн гаргаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч нарт ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ХШТ/67 дугаар тогтоолд тодорхой тайлбарлажээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс О.А, Т.Х, Ч.А   нарт холбогдох хэргийг хэд хэдэн удаа шийдвэрлэсэн. Сүүлийн шүүхийн шийдвэрт тээврийн хэрэгсэл ашигласан үйлдлийг илтэд хэргийн бодит байдалтай нийцээгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх эсэргүүцлээ дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Ч.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Т.Х  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэж дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг үйлдсэн гэх нотолсон нотлох баримтууд тогтоогдохгүй байгаа. Тухайн үед шүүгдэгч нарын машин нь цасанд сууж түрэх явцад машины номер нь ойчсон гэдэг асуудлаа давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байгаа. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Кемп нь нэлээн хол зайтай байсан. Гэмт хэргээс үүссэн хохирол төлбөр 5,904,000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

            Прокуророос О.А   , Ч.А , Т.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч О.А, шүүгдэгч Ч.А, шүүгдэгч Т.Х нарыг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлага хангаагүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Учир нь: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар ... БНА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгслийг ашиглан Өвөрхангай аймгийн Н  сумын 2 дугаар баг, Хүрмийн Үзүүр гэх газарт хүрэхдээ хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэлт, зорилготой байсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шийдвэрлээгүй нь хуулийн шаардлага хангаагүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Хавтас хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч Д.Г  ... 2024 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цаг өнгөрч байх үед гар станц дуугараад хүмүүс баяжуулах цехийн цонхыг хагалаад чулуу шидээд зугтаагаад байна гэхээр нь би уурхайн кемпээс ганцаараа гараад замаасаа Батжаргалыг аваад нөгөө баяжуулах цехийн дэргэд ирэхэд 3 залуу цагаан өнгийн номер дугааргүй prius-30 маркын машинд суугаад надаас зугтаасан...гэх, гэрч Б.Бямбадорж ... Тухайн өдөр би ажлаа хийгээд байж байтал шөнө 03 цаг өнгөрч байх үед станцаар ковш-2-ын жолооч Цэвээндүгэр үхэр ороод ирлээ гэх шиг болохоор нь лавлаж асуусан чинь үхэр бишээ, хүн гэж хэлэхээр нь би ковшоо унаад очтол 3 хүн жалга өгсөөд алхаж байсан. Тэгээд ойртоод очтол нэг гепкэн малгайтай намхан залуу газраас чулуу аваад над руу шидэх гэхээр нь би ковшийнхоо цонхыг хагалуулчих ч магадгүй гэж бодоод жоохон барьсан. Тэгээд нөгөө 3 залуу жалга өгсөж гүйгээд дэнж дээр байсан машин руугаа гүйгээд машиндаа суусан. Тэр машин нь цагаан өнгийн приус маркын дугаараа авсан машин байсан...гэх мэдүүлгүүдийг өгсөн байхад няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгч нар .... БНА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгслийг ашиглан Өвөрхангай аймгийн Н  сумын 2 дугаар баг, Хүрмийн Үзүүр гэх газарт хүрэхдээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, зорилготой байсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

            Энэ талаар бичсэн прокурорын шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийг анхнаасаа бэлтгэж урд, ард талын улсын дугаарыг авсан, цасанд суусан гэж мэдүүлдэг боловч хэргийн газраас зугтаахдаа огт цасанд суугаагүй бөгөөд таслан зогсоох гэсэн хамгаалалтын ажилтнуудыг тойрч удаан хугацаанд зугтсан байдлаас үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь огт цасанд суугаагүй болох нь маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад мэдүүлж буй “цасанд суугаад явж болохоор нь цас ухах хүрз хайж очсон” гэх мэдүүлгүүд нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байна гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.

            Мөн прокурорын шүүгдэгч нар нь хуулийн байгууллагаас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоосон үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу зэрэгтэй маргалдаж үл зөвшөөрдөг бөгөөд энэ байдал нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгч буй худал мэдүүлгүүдээс нь харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл байдаг. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.А  , Ч.А  , Т.Х   нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.А  , Ч.А  , Т.Х   нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                           ШҮҮГЧИД                                Л.НЯМДОРЖ

                                                                                            Б.ЦЭРЭНПҮРЭВ