Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01233

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01233

 

Л.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01457 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Нгийн хариуцагч Ж-У ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 62,917,799 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.Н миний бие 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ж-У ХХК-тай үйүлчилгээний талбайн захиалга хөрөнгө оруулалтын 20/Ү/148 дугаартай гэрээ байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 05-нд мөнгөө төлж засварын ажлаа эхлэхээр гүйцэтгэгч талд зургаа үзүүлэхэд та аваарын гарц хаалгыг дарж, хана хийж болохгүй, гал гарвал энэ хаалга бэлэн байх ёстой, гэхдээ гал гарахгүй байх л даа, хана хийлгэхгүй, танайх гарц гаргах үүрэгтэй, хаалт хийлгэхгүй гэсэн. Би та нар анх надад аваарын гарц гэсэн бол авах эсэхээ шийдэх байсан гэхэд дуугүй байсан. Би ажлын байртай болох гээд зээл авсан тул зээл, түүний хүүг төлж, ажлын байраа ашиглах боломжгүй тул өмнөх худалдааны талбайн түрээсийн төлбөрийг сар бүр төлж, худалдаа эрхэлж мөнгө олж, энэ олсон мөнгөөрөө Ж-У ХХК-ийн хэрэглэж байгаа мөнгөний үндсэн зээл, хүүг нэмж төлөн өрөнд орж эхэлсэн. Ж-У ХХК-аас мөнгө буцааж өгөхгүй 4 сар хүлээлгэсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан бөгөөд 02-02/1173 дугаартай хариуд Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг хангахгүй байна гээд шилэн ханыг буулгаж аваарын гарцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Эцэст нь худалдах худалдан авах гэрээг цуцалж 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдсэн. Би 2020 оны 12 дугаар сар гэхэд худалдааны талбайтай болох байсан боловч шаардлага хангахгүй, аюулгүй стандарт зөрчсөн аваарын гарц хонгилыг надад зарсан тул өмнөх ажлын байраа 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулж, авсан зээл түүний хүүг төлсөөр давхар давхар хохирсон. Ж-У ХХК нь барилга барьж, Улаанбаатар хотод хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж байгаа атал иргэн надад шаардлага хангахгүй ажлын байр зарж намайг хохироосон төдийгүй өөрийн хэрэглэж байгаа мөнгөний хүүг надаар төлүүлж, үндэслэлгүй түрээсийн мөнгө төлүүлж, зардал гаргасан. Иймд зээлийн хүүнд төлсөн 33,600,000 төгрөг, түрээсэнд төлсөн 29,317,799 төгрөг, нийт 62,917,799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Компанийн зүгээс Л.Нтэй 2020 оны 09 сарын 04 өдөр 20Ү/148 дугаартай Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдах үед Л.Нд тухайн үйлчилгээний талбай нь аварын гарцтай хэсэг гэдгийг компанийн борлуулалтын менежер анхааруулсан байдаг. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Л.Н энэ гарцыг чинь таглаж болохгүй юм байна одоо больё, мөнгөө буцааж авья гэж удаа дараа мэдэгдсэн. Гэрээ байгуулахад тухайн үйлчилгээний талбайд аваарын гарц байрладаг талаар мэдэгдсэнийг Л.Н хүлээн авч, Л.Нгийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан тул уг гэрээ цуцлах үндэслэлгүй хэдий ч Л.Нгийн данс руу үйлчилгээний талбайн захиалга хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийн буцаалтанд 194,400,000 төгрөг, олох байсан орлого ашгийг нь тохиролцоод зээлийн хүүгийн төлбөрт банкинд төлсөн хүү болон зээлийн шимтгэл, даатгал, нотариатын төлбөрт 33,600,000 төгрөг, нийт 228,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-нд шилжүүлж, гэрээ цуцалсан акт үйлдэж баталгаажуулан санал гомдолгүй салсан. Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж ажилласан гэрээний зүйлийн талаар биет байдлын доголдолд эрхийн зөрчилтөй бол гэрээнээс татгалзаж, авсан өгсөн зүйлээ буцаах байсан бол бидний зүгээс энэ хүний хувийн байдал зовлон жаргалыг бодож хохирлыг барагдуулж тооцоо нийлэн хүсэлт бичүүлэн авсан баримтаар нотлогдоно. Тооцоо нийлэх гэрээг байгуулсан тул уг гэрээг хүчингүй болгох шаардлага гаргаагүй тул үндсэн гэрээнээс үүдсэн шаардах эрх үүсэхгүй харин тооцоо нийлэх гэрээний дагуу шаардах эрх үүсэх боломжтойг шүүх анхаарч үзэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж-У ХХК-аас хохиролд 62,917,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 472,538.95 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.а. Шүүхээс талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь стандарт шаардлага хангахгүй ажлын байр худалдаанаас үүдэн цуцлагдсан байгаад дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ гэрээг 2021 оны 1 дүгээр сард цуцлалсан гэж маргаж нэхэмжлэл гаргасан байхад мөн дүгнэлт хийгээгүй. Шүүхээс шаардлага хангаагүй ажлын байр худалдсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргасан өдрөөр тогтоогдсон гэж үзэж, энэ өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцласан гэж үзэх үндэслэлтэй.

4.б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 29,317,879 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч нь 2020 болон 2021 он түрээсийн гэрээний төлбөрт төлсөн тооцоог хэрэгт нотлох баримтаар өгч, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны бүтэн 12 сарын төлбөр гэж нийт 29,317,879 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн байхад зөвхөн 2020 онд хамаатуулж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.

4.в. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Ж-У ХХК-аас мөнгөө нэхэхэд буцааж өгөхгүй байсан мөн гомдолгүй гэж бичиж өгвөл мөнгийг буцааж төлнө гэж сэтгэл санаагаар дарамталсан талаар бичиж маргасан билээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний стандарт нөхцөлийн талаар бичиж, шүүх хурлыншатанд энэ талаар маргасан байхад шүүхээс үндэслэх хэсэгт дүгнэж бичилгүй орхигдуулсанд гомдолтой. Түүгээр ч үл барам шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохирол тооцно гэсэн нь хамаарахгүй болгосон үндэслэлээ заагаагүй гэж үзэж байна.

4.г. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсгийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурьдалгүй орхигдуулж улмаар хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Л.Н нь лангуу түрээслэн бараа зарж байсан бөгөөд энэ ашгаа өөртөө хэрэглэж бизнесээ өргөжүүлж байтал Ж-У ХХК-ийн хэрэглэж байгаа мөнгөний хүүг төлж хохироосон болно. 194,4 сая төгрөгний үр шимийг Ж-У ХХК хэрэглэж, тэдний хэрэглэж байгаа мөнгөний үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү 33,600,000 төгрөгийг төлж, давхар хохирсон болно. Нэхэмжлэлийн уг шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо бичээгүй байна. Хариуцагч тал бусдад стандарт шаардлага хангахгүй ажлын байр зарсны хариуцлагыг хүлээлгэхгүй үлдэж байгаа нь хуулийг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээ цуцалсантай холбоотойгоор өгсөн, авсанаа буцаахтай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан өгсөн, авсанаа буцаасан харилцаа хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шаардаж байгаа зүйл нь олох ёстой орлого буюу үр дагавар шаардаж маргаж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хохирлыг хэн аль нь төлсөн. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар орох ёстой байсан орлого зайлшгүй байсан уу гэдэгт анхан шатны шүүх анхаарлаа хандуулан зөв дүгнэлт хийсэн. Мөн хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу тооцоо нийлэх харилцаа бид үүссэн гэж үзэж байгаа. Учир нь талуудын хооронд гэрээгээ цуцлаад гэрээ цуцалсантай холбоотойгоор тооцоо нийлэх гэрээ байгуулж, тооцооны үлдэгдэлийн баталгаагаа дуусгавар болгож, харилцан өгсөн, авсанаа буцаах, мөн хохирлыг талууд тохиролцож зээлийн хүүг нь төлж өгсөн нөхцөл байдлууд байгаа. Иймд дахин олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ цуцалсан акт авагдсан нь тооцоо нийлсэн гэрээний шинжийг агуулж байна хэмээн маргасан байгаа. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт иргэний хуулийн 205, 206, 227 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ж-У ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 62,917,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20Ү/148 тоот үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ж-У ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Голден будда цогцолборын 15Д байрны 4 давхарт 4.28А тоот 54 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Л.Нд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 194,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 1-5, 8-9/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд үйлчилгээний талбай аваарын гарцыг хааж Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч тухайн талбайг ашиглах боломжгүй болж, улмаар талууд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг гарсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцлагдсан гэсэн байх боловч талууд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэж гэрээг цуцалсан байна. Иймд гэрээ цуцалсан акт үйлдсэн өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.б. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Зайсан Стар Шоппинг Центр ХХК-ийн үйлчилгээний төвд талбай түрээсэлсэн түрээсийн төлбөр болох 29,317,799 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч биет байдлын доголдолтой үйлчилгээний талбай худалдсанаас нэхэмжлэгч түүнийг ашиглах боломжгүй болж өөр газар талбай түрээсэлсэн байх хэдий ч тухайн түрээсэлсэн талбайн үр шимийг нэхэмжлэгч хүртэж байх тул түүний төлсөн түрээсийн төлбөрийг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэхгүй.

Иймд түрээсийн төлбөрт төлсөн гэх 29,317,799 төгрөг гаргуулах тухай гомдол үндэслэлгүй.

4.в. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээ цуцалсан актын 3.3-д 228,000,000 төгрөгийг хүлээн авснаар дахин уг гэрээтэй холбоотой гомдол санал болон бусад хохирлыг шаардахгүй байх гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсгийг зөрчсөн гэжээ.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ

Гэрээ цуцалсан актын 3.3 дахь заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөл биш юм.

4.г. Нэхэмжлэгч үйлчилгээний талбайн үнийг төлөхийн тулд Голомт банкнаас зээл авсан ба уг зээлийн хүүг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл төлсөн гэх үндэслэлээр зээлийн хүүд төлсөн гэх 33,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь Голомт банктай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж үйлчилгээний талбайн зориулалтаар 194,400,000 төгрөгийн зээл авсан ба 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уг зээлийг хаасан талаар Голомт банкны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/104 дүгээр тодорхойлолтод дурджээ. Хэрэгт авагдсан эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт нийт 58,537,924 төгрөг төлөхөөр, үндсэн зээлийн үлдэгдэл 162,000,000 төгрөг, нийт 220,537,924 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байжээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээний талбайн үнэ 194,400,000 төгрөг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Голомт банктай байгуулсан зээлийн хүү болон түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг нэхэмжлэгчээс гарсан хохиролд тооцон 33,600,000 төгрөг, нийт 228,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн Голомт банкнаас авсан зээлийн хүүд төлсөн мөнгийг хариуцагч төлсөн байх тул зээлийн хүүд төлсөн гэх 33,600,000 төгрөг гаргуулах тухай гомдол үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 472,538.95 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.