Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01099

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01099

 

 

М.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01323 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Хын хариуцагч И.М.К ХХК-д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 88,542,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие М.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр И.М.К ХХК-тай 05/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 03 дугаар сараас хойш 2021 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 105,542,000 төгрөгийг Г.Мөнх-Очирын дансанд шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээсээ өмнө буюу 2021 оны 07 дугаар сард барилгыг ашиглалтанд оруулахад ердөө 2 сарын хугацаа үлдсэн байхад Г.Мөнх-Очиртой очиж уулзахад барилгын ажлыг огт эхлүүлээгүй, ямар ч ажиллагаа хийгээгүй байсан. Ингээд би хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Очирт хандаж барилгын ажлыг эхлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн талаар удаа дараа мэдэгдсэний эцэст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уулзахдаа гэрээг цуцалж байгаа болохыг мэдэгдсэн. Харин Г.Мөнх-Очир нь үүнийг хүлээн зөвшөөрч, 105,542,000 төгрөгийг надад эргүүлж төлөхөө илэрхийлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын засаг даргаас 130 тоот гэрээ цуцлах тухай гэрээ байгуулагдсанаас хойш даруй 5 сарын хугацаа буюу орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын ажил эхлүүлээгүй, зураг төсөл, төсөв, ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэх албан тоотоос үзвэл бидний харилцан тохиролцсон барилгын ажил цаашид хэрэгжих боломжгүй болох нь тодорхой байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч миний бие Г.Мөнх-Очирт шилжүүлсэн 105,542,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас 105,542,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулсан. Талуудын харилцан тохиролцсон 3 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд БА-2.1 тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэх ёстой байхад хариуцагч И.М.К ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хэрнээ барилгын ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгч М.Хтай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх захирал Г.Мөнх-Очирын данс руу нийт 22 удаагийн гүйлгээ нийт 88,542,000 төгрөг шилжүүлсэн. Иймд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид шилжүүлэн өгсөн 88,542,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхтэй байна. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/01 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож 88,542,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Энэ орон сууцны барилга бол М.Х нь дараагийн Улсын Их Хурлын сонгуульд бэлдэж тойргоо услах зорилгоор хэрэгжүүлэх төсөл байсан. Гэрээг байгуулахад М.Хын талаас санхүүжилтээр тасралтгүй хангаж ажлыг зогсоохгүй байж чадна гэсэн амлалтад нь үнэмшээд Улаанбаатараас 538 км-ийн хол орон нутагт барилга барихыг зөвшөөрсөн. Замын-Үүд хүртэлх зардал 8,4821.63 юань болсныг төлж, Монгол улсын хилээр оруулж ирэн гааль болон ачиж буулгах, тээврийн зардал бүгд нийлэн Монгол мөнгөөр 50,435,980 төгрөг болсон. Манай компани М.Хаас нэг төгрөг бэлнээр аваагүй бүх мөнгө захирал Г.Мөнх-Очир миний Хаан банкин дахь дансанд бэлэн бусаар орж ирсэн ба энэ мөнгөөр дээр дурдсан зардлуудыг санхүүжүүлсэн. Энэ бүхэн банкны баримтаар нотлогдоно. Ажлын зураг Улаанбаатарт хийгддэг тул би хөөцөлдөж хийлгэсэн. Энэ зургийн төлбөрийн хагасыг нь гаргасан. Зураг одоо бүрэн эхээрээ М.Хт байгаа. Харин 4 ажилтныхаа цалин, томилолтын зардлыг манай компани гаргасан. Ингээд газрын гэрчилгээ бусад баримт бичгүүд гарахгүй болохоор нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүмүүсээ Улаанбаатар хот руу татаж авсан. Би гэрээ ёсоор хөрөнгө оруулалтыг та хариуцаж байгаа, би барилгын ажлаа хийх ёстой мөн дээр нь газрын бичиг баримт, бусад ажил явуулах нөхцөл бүрэлдэхгүй, газар байхгүй юм чинь агаарт барилгаа барих юм уу, харин ч манай компани баахан хохирлоо гэж маргалдаад энэ төсөл зогссон юм. Хамтран ажиллах гэрээ хугацаандаа биелүүлээгүй. Гэрээн дээр газар олгосон захирамж, газрын гэрчилгээний дугаар, нэгж талбайн дугааргүй байгаа юм. Нэхэмжлэлийн багасгасан шаардлага 88,542,000 төгрөгийг авсан нь үнэн, хүлээн зөвшөөрдөг. Энэ мөнгийг барилгын ажилтай холбоотой ажлуудад зарцуулсан. Манайх бүх зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. М.Х энэ хоёр хоорондоо гэрээ хийсэн гэдгийг мэдэхгүй, хараагүй, үзээч үгүй. М.Х бол надад барилгын компани олж өгсөн гэж ойлгосон гэж мэдүүлсэн. Тэгэхэд М.Х энэ гэрээний нэг тал болсон. Тэгээд өнөөдөр хүнийг хуурсан мэхэлсэн ийм гэрээ хийсэн зүйл ярьж байна. Тэгвэл 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/01 тоот хамтран ажиллах гэрээний зорилго нь орон нутгийн 24 өрхийн орон сууцны асуудлыг шийдэж нийгмийн сайн сайхны төлөө орон нутгийн иргэдийг зах зээлийн үнээс хямд чанартай орон сууцаар хангах гэж тодорхойлж байгаа юм. М.Х 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 тоот гэрээний 2.2-т Хөрөнгө оруулагч төсөл хэрэгжиж дууссаны дараа нийт ашгийн 20 хувийг авна гэж байгаа. Нэг ёсондоо М.Х голд нь залилан хийж байгаа юм. Гэрээнд тохиролцсоноор бол 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2021 оны 04 дүгээр арын 01-ний өдрийн дотор оруулна гэжээ. Гэтэл өнөөдөр нэхэмжилж байгаа нь 88,542,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэж ярих юм бол хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар ярих юм. М.Хт газрын гэрчилгээгээ өгөөгүй, үзүүлсэн гэдэг зүйлүүд ярьдаг. Тийм учраас хоёр тал хоёулаа хар юм байна. Манайх бол тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч М.Х нь манай 4 ажилтны цалин, томилолтын зардал, замын зардал, БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх тээврийн зардал, хоол, ундны зардалд нийт 17,120,126.19 төгрөгийн зардлыг манай компани гаргасан болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолын агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /хамтран ажиллах гэрээ гэх нэртэй/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч И.М.К ХХК-иас 42,542,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Хаас 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай хариуцагч И.М.К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,660 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 370,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ойлгомжгүй буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн атлаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

4.б. Тоосготой холбоотой зардал болох 7,500,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь уг тоосгыг М.Х өөрийн Хэнтий аймгийн Норовлин сумын төв дээрх хашаандаа зөөж аваачсан.

4.в. Хэнтий аймгийн Норовлин сумын засаг дарга А.Мөнхбайгаль сумандаа төрийн албан хаагчдад зориулан барилга бариулах хүсэл зорилготой байхад М.Х нь гэрээ байгуулах ямар нэгэн эрхгүй этгээд байсан. Барилга бариулах компани хайж байгаа засаг дарга А.Мөнхбайгальд компани олж өгнө гэж итгүүлэн, нөгөө талдаа И.М.К ХХК-ийг бас хуурч мэхлэн хийсэн ажлаас нь хувь хүртэх өөртөө ашиг олох зорилго байсан байна.

4.г. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмыг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй.

4.д. Гурван тоног төхөөрөмжийн үнэ, гаалийн, тээврийн зардал бүгд 50,435,980 төгрөг, мөн тайгийн хөрөө 14,060,000 төгрөг болсон зэрэг нь банкны хуулгаар, цахим харилцаа, цахим зурвасаар нотлогдож байхад зөвхөн 2 тоног төхөөрөмж зараад М.Хт орж ирсэн мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэлээ хэрэгсэхгүй болгож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч авчихсан зүйлээ дахин авч үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Тоног төхөөрөмж оруулж ирсэн бүх зардал 50,435,980 төгрөг байхад шүүх 46,000,000 төгрөг тооцож хассан.

4.е. М.Хт гэрээ байгуулах эрх хэн ч олгоогүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд хугацаа нь дууссан. Энэ гэрээг байгуулах үед тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байсан нь үнэн. Гэхдээ М.Хын бариулж байгаа байшин гэж ойлгож хууртсан. Иймд шийдвэрийг залруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга: Хэнтий аймгийн Норовлин сумд баригдах 24 айлын орон сууц төрийн орон нутгийн өмч, төсвийн хөрөнгөөр баригдаагүй тул сумын засаг дарга н.Мөнхбайгаль зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй. М.Х 24 айлын орон сууцыг барих эхний санхүүжилтийг гаргасан. Барилгыг ашиглалтад оруулах, угсрах ажлыг И.М.К ХХК хүлээж байгаа. Тус компани сумын засаг дарга н.Мөнхбайгаль нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр барилга барих, цаашдын санхүүжилтийг тус суманд ажиллаж, амьдарч буй төрийн албан хаагчдаас орон сууцын урьдчилсан захиалга авах, хөрөнгө босгох талаар тохиролцсон. Сумын засаг даргаас ирүүлсэн албан тоотод тодорхой заасан. Иймд орон сууц барихтай холбоотой асуудалд сумын засаг дарга дэмжлэг үзүүлэх байдлаар оролцсон, барилгыг барих зардал, захиалагчаар оролцоогүй. М.Х, И.М.К ХХК, сумын засаг дарга нарын хоорондоо уулзсан хоолойны бичлэг хавтас хэрэгт авагдсан. Тус сумын засаг даргын хувьд зөвхөн шаардлагатай бичиг баримт авах асуудалд дэмжлэг үзүүлэх байр суурьтай байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд үнэн, зөв тайлбар гаргах үүргээ ноцтой зөрчиж байна. Мөн барилгын талбайд тоосго, зураг төслийн үнийн тухай сумын засаг даргаас гэрчийн мэдүүлэг авахад бүх талууд уг асуудлын талаар зөвшилцсөн. Барилгын талбайд тоосго хураагдсан хэвэндээ, зураг төсөл цаасан хэлбэрээр бидэнд байдаг. Барилгыг шинэ гүйцэтгэгчид тоосго, зураг төслийг тухайн үнээр нь худалдаж авъя татгалзах зүйлгүй гэсэн саналыг сумын засаг дарга хариуцагч талд тавьсан. Хариуцагч талын ажилтан архи ууж хөөгдөж явсан, үүнээс хойш талбайд ирээгүй тул болсон үйл баримтыг мэдэхгүй байна. Хүлээлгэж өгсөн гэх тайлбар хэлсэн техник тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн үр дагавар нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу өгсөн, авснаа буцаах учиртай. Хууль бус үйл ажиллагааны улмаас аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Гэтэл хариуцагч худалдан авсан миксер, помпыг хоорондоо тохиролцон 46,000,000 төгрөгөөр бусдад зарсан орлого нь М.Хын дансанд орж ирсэн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасан, үлдэгдэл төлбөрийг хангасан шийдвэр үндэслэлтэй. Миксер, помпын бодит үнэ 25,825,000 төгрөг хил гааль хаагдахаас өмнө захиалсан, одоогийн нөхцөлд худалдвал илүү үнэтэй. Хариуцагч тал тоосго, зураг төсөл зэргийг худалдаад хангалттай хохирлыг барагдуулах боломжтой. Мөн барилга, хот багуулалтын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан тушаал, 2018 оны тушаал хоорондоо агуулгын хувьд адилхан. Журам хэзээ батлагдсанаас үл хамааран барилгыг барихад тусгай зөвшөөрөл шаардлагатай, зураг төслийг хийлгэхэд ч тусгай зөвшөөрөл шаарддаг. Энэ шаардлагыг хангасан ч гол нь барилга угсралтыг гүйцэтгэхэд мөн тусгай зөвшөөрөл шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч И.М.К ХХК-д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 88,542,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч 17,120,126 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 65-68/

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Хэргийн баримтаас үзэхэд зохигч 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Норовлин суманд 2021 оны 05 дугаар сараас өдрөөс 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд баригдах тус бүр 12 айлын 1 орцтой, 3 давхар, 2 орон сууцны барилгын ажилд шаардлагатай 200,000,000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч М.Х хариуцах, харин барилгын ажлыг 100 хувь хариуцах, барилгын зураг төсөл, төсөв зохиох, гадна дулаан, цэвэр ба бохир ус, цахилгаан хангамж, холбооны инженерийн шугам, сүлжээний зураг төсөл, төсөв зохиох болон барилгыг техникийн бодлогоор удирдах, барилга угсралтын ажлыг дангаар төлөөлөн удирдаж, барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулах үүргийг хариуцагч И.М.К ХХК хүлээхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээгээр тогтоогдсон. /хх 5-8/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Талуудын тайлбар, гэрээний 2.2-т хөрөнгө оруулагч нь төсөл хэрэгжиж дууссаны дараа нийт ашгийн 20 хувийг авна гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

Харин хамтран ажиллах гэрээний онцлог нь талууд тодорхой үр дүнд хүрч, ашиг олох, бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтын үйл ажиллагаагаар нэгдэж, хамтын удирдлагыг хэрэгжүүлэх явдал байдаг. Нөгөө талаар хамтран ажиллах гэрээ нь богино хугацааны болон урт хугацаанд үргэлжлэх шинжтэй.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.а. Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/474 дүгээр лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээс үзэхэд И.М.К ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн эрх 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна. /2хх 79/ Өөрөөр хэлбэл, И.М.К ХХК нь М.Хтай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон буюу гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх эрхгүй байжээ. Иймээс хариуцагч И.М.К ХХК-ийн нэхэмжлэгч М.Хтай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.б. Хариуцагч нь тоосготой холбоотой зардал болох 7,500,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй, уг тоосгыг М.Х нь Хэнтий аймгийн Норовлин сумын төвд байрлах өөрийн хашаандаа зөөж аваачсан гэх агуулгаар гомдол гаргасан боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.в. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.Х, И.М.К ХХК-ийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 05/01 дүгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр М.Х хөрөнгө оруулах, И.М.К ХХК барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газар И.М.К ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, И.М.К ХХК гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцалсан байна.

Дээрхээс үзэхэд И.М.К ХХК нь М.Х болон Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газартай тус тусад нь гэрээ байгуулж, гэрээ тус бүрээр талуудын хүлээх үүргийг тодорхойлсон байна.

М.Х хамтран ажиллах гэрээгээр барилгын ажилд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, төсөл хэрэгжиж дууссаны дараах нийт ашгийн 20 хувийг авахаар тохиролцсон гэрээний нэг тал байх тул түүнийг гэрээ байгуулах ямар нэгэн эрхгүй этгээд гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, М.Х хамтран ажиллах гэрээнд тодорхой үүрэг хүлээж, ашиг олох зорилгоор оролцсон гэрээний бие даасан нэг оролцогч тул түүнийг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.г. Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч М.Хаас шилжүүлсэн 88,542,000 төгрөгөөс 19,270,500 төгрөгөөр помп, 6,556,000 төгрөгөөр шавар зуурагч, 10,410,500 төгрөгөөр ковш гэх 3 төрлийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдаж авсан, гаалийн татварт 12,860,000 төгрөг, ачилт буулгалт 1,338,500 төгрөг, нийт 50,435,980 төгрөгийг төлсөн байхад шүүх 46,000,000 төгрөгт тооцож хассан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь эдгээр тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч М.Х нь бусдад худалдсан болох нь түүний Голомт банк ХХК дахь 2205111519 тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миксерний мөнгө гэх гүйлгээний утгатайгаар 11,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шаврын помп авав гэх гүйлгээний утгатайгаар 15,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийн баримтаар нотлогдож байна. Иймээс хариуцагчийн нэхэмжлэгчид буцааж төлөх ёстой 88,542,300 төгрөгөөс 46,000,000 төгрөгийг хасч үлдэх 42,542,000 төгрөгийг хариуцагч И.М.К ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Хт олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Хариуцагч И.М.К ХХК-ийн М.Хаас 17,120,126.19 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

7. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найрууллагын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 476 дугаар зүйлийн 476.1 гэж, ажил гүйцэтгэх гэрээ /хамтран ажиллах гэрээ гэх нэртэй/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэснийг хамтран ажиллах гэрээг гэж,

2 дахь заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 476 дугаар зүйлийн 476.1 гэж,

3 дахь заалтын 60.1-д гэснийг 60.2 гэж тус тус өөрчилж, 60.2 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БЯМБАСҮРЭН