Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Г.Э холбогдох 1811017030622 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хааны харуул” ХХК-д харуулын ажил эрхэлдэг гэх, хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай, сард 280.000 төгрөгийн тэтгэмж авдаг гэх, ам бүл 5, охин, хүү, зээ хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Э, (РД:),

нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 28 тоот хаягт оршин суух Ц.Ганбаатарын гэрт түүнтэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:-Тухайн үед намайг ажлаасаа буугаад байж байхад хохирогч намайг Цэцгээгийн гэрт дуудсан. Тэгээд гэрт нь очиж архи уусан. Би хохирогчоос архи нэхээгүй. Эхлээд Цэцгээ, Ганбаатар хоёр маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Ганбаатар өөрөө Цэцгээгийн ирж амьдардаг атлаа түүнийг гэрээс нь хөөхөөр нь би уурлаж, чи хүний гэрт ирчихээд өөрийг нь хөөлөө гээд Ганбаатарын нүд рүү нэг л цохьсон. Цэцгээгийн манай хоёр олон жил хөрш айл юм. Би архи нэхээгүй. Өөртөө гэмшиж байна гэв.

Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 6 дугаар сарын 02-ны өглөө би ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд хашаандаа байж байхад хажуу талын айлын Ганбаатар гэгч нэг залуутай архи барьчихсан гэр рүүгээ орж байсан. Тэгээд намайг ороод ир гэж дуудсан. Тэгээд би гэрт нь орсон юм. Тэгээд архиа хувааж уусан. Намайг орохоос өмнө Ганбаа уучихсан жаахан халамцуу байсан юм. Тэгээд хамт архи уусан. Би жаахан согтсон байсан. Удалгүй Ганбаа орон дээрээ суучихсан авгайгаа элдвээр хэлээд агсам тавиад эхнэрээ хөөгөөд хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэрнээс болоод Ганбаатай би маргалдаад босоод барьцалдаж авсан. Тэгээд хоорондоо зодолдоод би нэг хоёр цохиж авсан байх. Би тэгээд гэр рүүгээ орсон юм гэжээ.

Хохирогч Ц.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Эхнэр бид хоёр гэрт байж байтал Г.Эбуцаад орж ирсэн. Тэгснээ архи авч өг гээд нэхээд байсан. Би тэгэхээр нь чадахгүй гэсэн. Тэгээд маргалдаад байж байтал манай эхнэр Цэцэгээ ирээд маргалдаж яах гээд байгаа юм бэ боль гээд намайг сандал дээр дарсан. Тэгж байхад Г.Эирээд миний зүүн талын нүд рүү цохисон гэжээ.

Гэрч Ч.Цэцэгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- Г.Эорж ирээд Ганбаатар тэр хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд согтоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би очоод нөхөр Ганбаатарыг сандал дээр дараад авсан. Дараад байж байхад Г.Эирээд Ганбаатарын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Ганбаатарын нүднээс нилээн их цус гарсан гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.11-ний өдрийн ¹7223 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Ц.Ганбаатарын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.ШЭГЗТЖ-ийн 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ.

 

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018.8.10-ны өдрийн ¹913 тоот дүгнэлтэд:

            1.Ц.Ганбаатарын биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

            3.Ц.Ганбаатар нь 2018.7.16-ны өдөр буюу хэрэг болсон гэх өдрөөс 45 хоногийн дараа нүдний эмчид үзүүлэхэд баруун нүдний хараа 0.3, зүүн нүд гэрэл мэдрэх төдий, зүүн нүдний болорын цайлттай байх тул 2018.6.02-ны өдөр Ц.Ганбаатар бусдад зодуулснаас зүүн нүдний харааны бууралт үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.  

            4.Ц.Ганбаатарын биед учирсан зовхины цус хуралт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5.Шинжээч эмч С.Одончимэг 2018.6.11-ний өдөр гаргасан №7223 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Энь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 28 тоот хаягт оршин суух Ч.Цэцэгийн гэрт түүний хамтран амьдрагч Ц.Ганбаатартай архи ууж, маргалдах явцдаа түүний зүүн нүд рүү нь цохьсноос хохирогчийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “Эхлээд Цэцгээ, Ганбаатар хоёр маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Ганбаатар Цэцгээг гэрээс нь хөөхөөр нь би уурлаж Ганбаатарыг цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн “Эхнэр бид хоёр гэрт байж байтал Г.Эбуцаад орж ирсэн. Тэгснээ архи авч өг гээд нэхээд байсан. Би тэгэхээр нь чадахгүй гэсэн. Тэгээд маргалдаад байж байтал манай эхнэр Цэцэгээ ирээд маргалдаж яах гээд байгаа юм бэ боль гээд намайг сандал дээр дарсан. Тэгж байхад Г.Эирээд миний зүүн талын нүд рүү цохисон” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цэцэгийн “Г.Эорж ирээд Ганбаатар тэр хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд согтоод хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би очоод нөхөр Ганбаатарыг сандал дээр дараад авсан. Дараад байж байхад Г.Эирээд Ганбаатарын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Ганбаатарын нүднээс нилээн их цус гарсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.11-ний өдрийн ¹7223 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018.8.10-ны өдрийн ¹913 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзсан болно.

Хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 8.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэв. Харин хохирогч нь цаашид эмчилгээнд гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Г.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Э өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Элэгбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Эс 8.000 (найман мянга) төгрөг гаргуулж хохирогч Ц.Ганбаатар (РД:ХЙ64040919)-т олгож, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ