Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01098

 

 

 

 

 

2022 06 08 210/МА2022/01098

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 102/ШШ2022/01216 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.С-ийн хариуцагч Д.Х-д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Д.Х-, түүний өмгөөлөгч Ц.Монгол, нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Н.Ууганбаатар гэх хүний фэйсбүүк зараар холбогдоход маргааш нь Д.Х- гэдэг хүнтэй хамт ирсэн. Бид өрхийн хэмжээнд худаг гаргуулах талаар хэлж 180,000 төгрөгөөр тохиролцсон. Худаг гаргах, труба суулгах, цахилгаан болон хоолой, худгийнхаа усыг гаргасны дараа насос тавих гээд бүх үйлчилгээ багтсан. Тухайн үед бид Н.Ууганбаатарыг хийх юм байх гэсэн чинь Д.Х-той холбож өгсөн. Бид шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж хайгуул хийсний дараа гэрээг байгуулна гэж тохирсон. Худаг гаргуулахаар Д.Х-од 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 08-нд 2,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Бидний хоорондын тохироогоор Д.Х- нь худгийн хайгуул хийж дүгнэлт гаргах, тэдэн метрээс ус гарна гэсэн усны нөөц гаргаж өрөмдлөг хийж трубагаар хийхээр тохирсон. Д.Х-оос хайгуул хийх тусгай зөвшөөрөл байгаа юу гэхэд 1 компанийн хугацаа нь дууссан, нөгөө компанийнх нь тусгай зөвшөөрлийг аваад өгье гэсэн тул бид гэрээ байгуулахаас өмнө амаараа 180,000 төгрөгт хайгуул хийх, труба суулгах, усны ган хоолой суулгах, тороос цахилгааны утас оруулах, ус гарсан газраа цахилгаан худгийн насос тавих гэх мэт 7 төрлийн ажил багтахаар тохирсон байсан. Гэтэл энэ хүн 14 метр нүх ухаж бидний тохиролцоогүй 156 метр диаметрийн нарийн трубагаар ухсан. Шинжээч 219 диаметрийн трубагаар 14 метр, цааш 58 м өөр трубагаар ухсаныг тогтоосон. Бидний хооронд ийм нөхцөл байдал үүссэн тул урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг хариуцагч Д.Х-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Д.Х- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 06 дугаар сарын 04-нд н.Ууганбаатар гэдэг залуу хайгуул хийсэн зөвшөөрөлтэй бэлэн цэг байна. Та ухаад үзэх үү гэхээр нь зөвшөөрч бид Их дэлгүүрийн хажууд уулзсан. Д.Ганбаяр гэдэг хүнээр геофизикийн хайгуул хийлгэсэн. 50 метр ухаад ус гарна гэхээр нь би болчих юм байна гээд ажлыг 9.000.000 төгрөгөөр хийхээр тохироод урьдчилгаа 4.500.000 төгрөг авсан. Миний гэрээг зураад авчраад өгнө гээд авч явсан. Худаг гаргахад 10 төрлийн материал буюу газрын кадастрын зураг, гэрчилгээ, паспортын хуулбар, хашаан дотор 00 байхгүй гэсэн Байгаль орчны бичиг, сумын Засаг даргын бичиг, нэхэмжлэгчийн өргөдөл, надаас болохоор байгууллагын тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, геофизикийн хайгуул хийсэн дүгнэлт шаарддаг. Би н.Оюуннаранд материалаа мэйлээр явуулсан. Эхний өдөр ухахад 20 метрт чулуу тулсан. Нүдсээр байгаад 24 метрт чулуу тулаад байхаар нь Солонгос өрмөөр өрөмдөхгүй бол болохгүй нь гэхэд тэг гэсэн тул найзаасаа авч өрөмдөөд 61 метр болгоод эдний нөхөрт хэлсэн. 61 метр болж байна яах уу гэхэд мэдэхгүй ахаа гэсэн. 82 метр дээр жоохон ус шүүрч байсан. Тэгээд геофизикийн хайгуул хийдэг сайн багаж олж ирээд нэг өдөр хэмжилт хийж үзэхэд бараг 150 метрээс нааш ухаад ч нэмэргүй юм байна гэхээр нь орхисон. 50 метр ухсан мөнгөө өгч чадахгүй юм чинь 150 метр ухаад яахав гэж бодоод орхисон. Тэгээд Хөрөнгийн үнэлгээ хийх компани очиж хэмжилт хийхэд 58 метрээс цааш лоом нь явж өгөөгүй. Нэхэмжлэгчийн худгийг ухах ажил 10 хэдэн сая төгрөг болсон. Эдний төлсөн мөнгөнөөс 20 метр ган хоолой худалдаж авахаар н.Ууганбаатарт 1.100.000 төгрөг өгсөн. Гарсан зардалд үнэлгээ хийлгэхэд 11.800.000 төгрөг болсон. Би зардалд 3.400.000 төгрөг авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Өрөмдлөгийн худгийн өртгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргахдаа эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр нийт 10,000,000 төгрөг болсон. Тиймээс шинжээчийн гаргасан үнээс нэхэмжлэгчийн өгсөн 4,500,000 төгрөгийг хасаад үлдэх ажлын хөлс 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сээс нэхэмжилнэ гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу Д.Х-той холбогдож 180,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохирсон. Тууш метрийн 180,000 төгрөг худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийх, труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус хийгдэнэ гэж тохирсон. Гэтэл 14 метр ухаад орхисон. Бусад ажлаа огт хийгээгүй байж ямар гарсан зардал яриад байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа худаг гаргахдаа технологийн дагуу ажлаа хийлгүй дурын газар ухсан учир бид хохироод байна. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө тухайн газар хайгуулаа хийж хайгуулын дүгнэлт гаргаж, худгийн зөвшөөрөл авч байж худаг гаргуулах талаар Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан байдаг. Миний зүгээс ус хэрэглэгч болохын хувьд өөрөөс шаардагдах бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны байгууллагад хүргүүлсэн. Д.Х- худгийн зөвшөөрөл болон өөрөөс хамаарах бичиг болох хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрлийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл огт гаргаагүй. Дээрх нөхцөл байдлаас харахад Д.Х- хайгуул хийлгүйгээр худаг өрөмдөх зөвшөөрлийн материалаа дутуу өгч зөвшөөрөл гаргаагүй байхад худаг өрөмдөж хууль зөрчсөн. Үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас хохирсон гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж хэлсэн атлаа хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтийг үндэслээд сөрөг нэхэмжлэл гаргасан нь бас үндэслэлгүй. Иймд Д.Х-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д.Х-оос 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-оос 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ст холбогдох ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Х-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Хүрд-Ус ХХК, Б.Баясгалан нарын хооронд байгуулсан Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажилын гэрээний дагуу худаг гаргах үйл ажиллагаатай холбогдох маргааныг шийдвэрлүүлэхээр Н.С гэх этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Мөн хариуцагч нь Хүрд ус ХХК-ний байсаар байхад иргэн Д.Х-оос нэхэмжилсэн нь үндэслэлгүйгээр байна.

6.б. Н.С нь Б.Баясгалангийн хамаарал бүхий этгээд болохоос, нэхэмжлэгч биш юм. Б.Баясгалан нь Хүрд-Ус ХХК-тай гэрээ байгуулж, худгийн зөвшөөрөл авсан гэж иргэн Ц.Ууганбаатартай их дэлгүүрийн хажуу гудамжинд үзүүлсэн зөвшөөрлийг ньгар утсандаа зургийн авч үлдсэн. Б.Баясгалан нь өөр газарт худаг гаргах зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамж үзүүлж, мөн усны хайгуул хийсэн гэж Д.Ганбаяр гэдэг хүний хийсэн дүгнэлтийг үзүүлсэн. Дүгнэлт гэж бичээгүй ч агуулгаараа дүгнэлт гэдэг нь тодорхой байна. Энэ дүгнэлтэнд заасан гүнээс ус гараагүй, чулуугүй гэсэн хэсэг нь битүү чулуу байсан тул дүгнэлт гаргуулсан нэхэмжлэгч тал хохиролоо Д.Ганбаяраас нэхэмжлэх ёстой. Дүгнэлт нь үндэслэлгүй байсан бөгөөд Д.Ганбаяр нь олдоогүй, шүүхээс ч олж гэрчээр асуух боломжгүй байсан. Иймд Хүрд-Ус ХХК-ийг албан ёсоор төлөөлөх эрхгүй Д.Х-оос шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.в. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт тусгагдсан тайлбартаа Д.Ганбаяр нь танай газраас ус гарна гэсэн тул түүни гаргасан дүгнэлтийг үндэслэн Д.Х-той гэрээ байгуулсан гэж тодорхой хэлсэн байна. Тэгэхээр гэрээг Хүрд-Ус ХХК-тай байгуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх бөгөөд, Д.Х-той гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь худгийг тусгай зөвшөөрөл бүхийн хуулийн этгээд гаргадаг болохыг бүгд мэднэ.

6.г. Д.Х- компанийхаа өгсөн үүргийн дагуу худаг өрөмдөж байх үед Б.Баясгалан гэгч өрмийн тоног төхөөрөмжийг нь барьцаалж, заналхийлэн айлган сүрдүүлсэн тул хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээр өөрийн тоног төхөөрөмжийг түүнийг байхгүй хойгуур очиж авсан: Манай компани 100 метр гүн ухсан байсан бөгөөд өвөл газар хөлдүү үед шинжээч очиж хэмжилт хийсэн тул нь багаж нь 58 метрээс цааш яваагүй.

6.д. Худаг гаргах зөвшөөрлийг гэрээнд зааснаар болон ер нь захиалагч тал авдаг. Гэтэл зөвшөөрлийг өөрсдөө санаатайгаар аваагүй, өөр зөвшөөрлөөр халхавчилж, аргацаах гэсэн атгаг санааны улмаас ажил нь бүтээгүй тул хариуцагч биш этгээд болох Д.Х- намайг хохироож байгаад гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие нөхөр н.Баясгалангийн хамт Төв аймгийн Аргалант сумын газарт өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар фейсбүүк дээрх зарын дагуу Д.Х-, н.Ууганбаатар нартай уулзаж, 9,000,000 төгрөгөөр худаг гаргуулахаар амаар тохиролцож урьдчилгаа 4,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны данснаас Д.Х-ын данс руу шилжүүлсэн .Д.Х- бидэнд Хурд Ус ХХК-ний гэрээг үзүүлсэн бөгөөд бидний хооронд гэрээ хийгдээгүй. Учир нь Д.Х- гэрээний хавсралт компанийн зөвшөөрөл, гэрчилгээ, ажил мэргэжлийн үнэмлэх зэргийг үзүүлээгүй тул гэрээнд гарын үсэг зураагүй. Иймд Хурд Ус ХХК хариуцагч биш. Д.Х-той бид тохиролцсон бөгөөд төлбөрийг Д.Х-ын данс руу шилжүүлсэн тул хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Иймд намайг нэхэмжлэгч биш гэж үзэх нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч гомдолд дурдсан худаг гаргуулах зөвшөөрлийг нэхэмжлэгч тал авах нь зүйтэй гэх тайлбар үндэслэлгүй. Д.Х-той тохиролцоход Төв аймгийн байгаль орчны газрын мэргэжилтэн н.Оюуннаранг таньдаг, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, н.Оюуннаранд байгаа тул зөвшөөрлийг гаргаж өгнө. Биднийг иргэний үнэмлэх, газрын гэрчилгээ, Жаргалант сумаас авсан тодорхойлолтыг н.Оюуннарангийн и мэйл хаяг руу явуулчих гэсний дагуу материалаа илгээсэн. Гэтэл н.Оюуннаран материал дутуу, компанийн тусгай зөвшөөрөл, Д.Х-ын хийсэн хайгуулын дүгнэлт байхгүй учир танайд зөвшөөрөл гарах боломжгүй гэх хариу хэлсэн. Энэ талаар Д.Х-од мэдэгдэхэд санаа зоволтгүй, би материалаа илгээчихсэн тул зөвшөөрлөө авна гэж хэлсэн. Д.Х- зөвшөөрөл гараагүй байхад Усны тухай хуулийг зөрчиж, би насаараа худаг гаргасан мэргэжлийн хүн хэмээн хайгуул хийхгүй, зөвшөөрөл авалгүй худгийн цоныг өрөмдсөн. Бид Д.Х-од худгийн зөвшөөрөл гараагүй талаар сануулахад н.Оюуннаран гэх хүнийг танина, материалаа илгээчихсэн гэж хэлсэн тухай анхан шатны шүүх баримтаар тогтоосон. Анх Д.Х-той тохиролцсон 219 метрийн өргөн цонг ухаагүй, 100 метрийг ухсан гэж гомдлын тайлбарт дурдсан нь Д.Х-ын амнаас гарч байгаа үг, цонг ухсан баримт нотолгоо байхгүй. Шинжээч томилоход 58 метр ухсан гэх дүгнэлт гарсан бөгөөд 14 метрийг Д.Х- ухсан, үлдсэн 44 метрийг чулуу тээглээд байгаа тул тоног төхөөрөмж авчирлаа гэж хэлсэн. Өөр компаниар ухуулах тухай хэлээгүй. Иймд Д.Х- нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй атлаа ус гарахгүй, ковид туссан, нүдэн дээр хатиг гарсан гэх зэрэг шалтгаанаар сар гаруй хугацаанд ирээгүй. Д.Х- руу худаг гаргуулахыг шаардаж, мөнгө өгөхгүй бол шүүхэд хандана гэхэд шөнө хүмүүсийг унтаж байхад гэрийн гаднаас техник тоног төхөөрөмжийг ачиж явсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Д.Х-од холбогдуулан 4,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 5,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1, 12, 130, 137/

3. Хариуцагч давж заалдах гомдолдоо ... Хүрд-Ус ХХК-ийг албан ёсоор төлөөлөх эрхгүй Д.Х-оос шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт цооног өрөмдөх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр заасан байна.

Хэрэгт Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ авагдсан байх ба уг гэрээг Хүрд-Ус ХХК-ийн захирал Х.Түвшинтөр баталж гарын үсэг зурж компаний тамга дарагдсан, гүйцэтгэгчийг төлөөлж Хүрд-Ус ХХК-ийн гидрогеологич Д.Х- гарын үсэг зурсан, захиалагчийг төлөөлсөн этгээд гарын үсэг зураагүй байна.

Нэхэмжлэгч Н.С нь ХААН банкны 5022543173 тоот өөрийн данснаас 5029656827 тоот данс руу 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр Хишигтогтох гэдэг хүнтэй амаар тохиролцоод түүний данс руу мөнгөө шилжүүлсэн болохоор энэ хүнээс л мөнгөө нэхэмжилж байгаа юм гэж тайлбар гаргасан /хх 143/ хэдий ч уг тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг Хүрд-Ус ХХК, иргэн Д.Х- нарын хэнтэй байгуулсан нь тодорхойгүй, хөлсийг хэнд төлсөн нь тогтоогдоогүй байна. Иймд уг асуудлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг гаргуулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх, хариуцагч Д.Х- нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээх эсэхийг тодорхойлох боломжгүй.

Иймд, маргаанд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 102/ШШ2022/01216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч саранцэцэг нь хариуцагч хишигтогтоход холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн талуудын маргаантай үйл баримтын талаар бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. нэхэмжлэгч нь хариуцагчаар хишигтогтохыг тодорхойлж ХХША-нд оролцуулсан. Хариуцагч Хишигтогтох нь тайлбартаа энэхүү гэрээг хүр ХХК-тай байгуулсан гэх тайлбарыг гаргасан. Мөн энэ үндэслэлээр гомдол гаргасан. Хэрэгт авагдсан мөнгөн төлбөрийн хаан банкны баримтад нэхэмжлэгчээс зарлагын гүйлгээ гарсан данс хэн гэдэг хүний данс гэдэг нь тодорхойгүй байна. үүнийг тодруулснаар ажил гүйцэтгэх гэрээний талуудын доголдлын талаар ярихад ач холбогдолтой гэж үзэж байна. иймээс дээрх байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь