Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821000000212 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Гурванзагал суманд ******* оны ..... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******..../, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 1 нас 6 сараас 5 насны 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн *********************..т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “” гэх газар хамтран амьдрагч жирэмсэн *******-г зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 сарын 29-нд гэрээ зусланд гаргах гээд засаж байхад манай эхнэр хүүхдээ тэврээд сүүдэрт сууж байсан. Бид хэд хоол идэж байтал манай ээж “эхнэр чинь хувцасаа аваад урагшаа явж байна” гэсэн. Тэгээд би араас нь том охинтойгоо очоод “явья” гэхэд манай эхнэр “үгүй, би сум явна” гэсэн. Тэгэхээр нь би “чамайг сум хүргэж өгье” гээд сумын төвд хүргэж өгсөн. Зодож цохисон гэдэг асуудлын хувьд манай эхнэр наашаа ирэхээс 2-3 хоногийн өмнө “буудал” гэдэг газар согтуу найздаа зодуулсан байхад нь манай ээж авч очсон. Тэгээд эмнэлгийн магадлагаад үзүүлээд согтуу гэж гарсан. Сая төрсөн хүүхдээ ахдаа өргүүлсэн байсан. Одоо хотод ажил хийж байгаа” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө эсгий гэрийг буулгаж байхад хамтран амьдрагч ******* байшингийн хажуу талд сүүдэр газарт дээл дэвсээд хэвтээд байсан бөгөөд би цай уухаар байшин руу орсон чинь манай ээж надад хандаж “эхнэр чинь урагшаа хувцасаа чирээд явж байна” гэхээр нь өөрийнхөө эзэмшлийн “” маркийн тээврийн хэрэгслийг асаагаад араас нь очсон. Хажууд нь ирээд “чи хаашаа явах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “сумын төв явлаа” гэхээр нь “хүргээд өгье” гэсэн чинь”машинд суухгүй” гэсэн. Тэгэхээр нь гарын татаад “суу” гэж хэлээд жолоочийн эсрэг талын суудалд суулгасан. Надтай хамт манай том охин явж байсан юм. Тэгээд сумын төв дээр ирээд хамаатан гэрт А-г үлдээгээд эргээд гэр рүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 30/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад жирэмсэн болохоор бие өвдөөд нөхөр М-д түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйхад дуудаж өгөхгүй байхаар нь хажуу талын гэх айлд очиж түргэн тусламж дуудах гээд алхаад явж байтал араас М охин тай “” маркийн машинтай ирээд “намайг гэр рүүгээ буцаад явъя” гэж гуйхаар нь би “явахгүй” гэж хэлэхэд миний толгой, нүүр, нүд рүү цохиж өшиглөсөн. Мөн бөөр рүү цохиод байсан. Тэгээд М “хоёулаа салъя чи одоо яв яв” гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Харин би сумын эмнэлэг дээр очиж үзүүлчихээд сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаж гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 9-10/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны зун санаж байна нөхөр *******-д зодууллаа гээд ******* манайд гүйгээд ирж байсан. Манайд ирж сумаас түргэн дуудаад эмнэлгийн машинтай сумын төв рүү явсан юм. Түүнээс өмнө болон дараа нь зодож цохисон эсэх талаар сонсож байгаагүй...” гэжээ. /хх-ийн 63/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 427 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед зүүн нүд, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 23/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд:

Гэрч ******* /хх-ийн 19-20/, шүүгдэгч Г.М /хх-ийн 17-18/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-39/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд /задгай/ зэрэг болон хуулийн  дагуу цуглуулж, бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “” гэх газарт хамтран амьдрагч *******-г жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад жирэмсэн болохоор бие өвдөөд нөхөр М-д түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйхад дуудаж өгөхгүй байхаар нь хажуу талын гэх айлд очиж түргэн тусламж дуудах гээд алхаад явж байтал араас М охин тай “” маркийн машинтай ирээд “намайг гэр рүүгээ буцаад явъя” гэж гуйхаар нь би “явахгүй” гэж хэлэхэд миний толгой, нүүр, нүд рүү цохиж өшиглөсөн. Мөн бөөр рүү цохиод байсан...” /хх-ийн 9-10/ гэх,

Гэрч *******ийн “...2017 оны зун санаж байна нөхөр *******-д зодууллаа гээд ******* манайд гүйгээд ирж байсан. Манайд ирж сумаас түргэн дуудаад эмнэлгийн машинтай сумын төв рүү явсан юм. Түүнээс өмнө болон дараа нь зодож цохисон эсэх талаар сонсож байгаагүй...” /хх-ийн 63/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 427 тоот дүгнэлт /хх-ийн 23/, гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Анхны үзлэгийн эмчийн магадлагаа /хх-ийн 24/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-39/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би *******-г зодоогүй, найз Болороо нь зодож гэмтэл учруулсан” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүний гаргасан дээрх мэдүүлгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хамтран амьдрагч хохирогч ******* нь шүүгдэгч *******-н гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан “зүүн нүд, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүнийг толгой руу, нуруу, нүд рүү цохиж өшиглөсөн шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь бага насны хоёр хүүхэдтэйгээ байдаг болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г хохирогчид төлөх төлбөргүйд тооцох ба энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж  болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн **************.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821000000212 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *******. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР