| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07338/И |
| Дугаар | 191/ШШ2025/05036 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоот хаягт оршин суух Б******* овогт Э******* С******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Г******* овогт Г******* П*******/регистрийн дугаар:*******/-д холбогдох,
99,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.П*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, гэрч Н.М /цахимаар/, гэрч Л.Р, Ж.Г, А.Ш, П.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие, хариуцагч Г.П үеэл ах болох Н.Мтай 2005 онд танилцан 2007 онд гэрлэлтээ батлуулж 3 хүүхдийг төрүүлсэн. Н.Мөнхбаягалан 2015 оноос гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн 2018 онд өөрөөрөө овоглосон хүүхэдтэй болсон нь биднийг салах шийдвэрт хүргэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан.
2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар ********* тоот байрыг Э.С өмчлөлд хуваан тогтоосонд хариуцагч Н.М нь маргаагүй байдаг.
2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хянагдаж буй хэрэгт хариуцагч Г.П******* бусдын өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрч байрыг суллан өгсөн. Суллан өгөх үедээ эзэмшиж байсан байрны цахилгаан, ус, дулааны төбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Харин 2017 оны 8 сараас 2024 оны 7 сар хүртлэх 6 жил 11 сар орон сууцанд амьдарч байсан төлбөрөө төлөх шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг Г.Пүрэвдавга нь гаргаж байсан боловч ингэх боломжгүй байна. ************ тоотуудыг 2024 оны байдлаар нэг сарын 1,200,000 төгрөгөөр Иргэний хуулийн 308 зүйлээр орон сууц хөлслөх гэрээ хийн орлого олж байгаа. Үүнийг 3 хүүхдийн сургалтын төлбөрт өгдөг. Н.М хүүхдийн тэтгэвэр төлөх шийдвэр гаргасан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.
Иймд нэхэмжлэлийг орон сууц албадан чөлөөлөх шаардлагаас татгалзаж 2017 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртлэх 54.51м2 хоёр өрөө орон сууц ашиглуулсан хохирол, өнөөгийн үнэ цэнэ болох 1 сарын 1,200,000 төгрөгөөр тооцон хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 6 жил 11 сарын үнэ 99,600,000 төгрөг гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг байр болох Ула хот, ****** тоот 54 м2 байрыг анх иргэн Н.Мөнхбаягалан миний ээжийн төрсөн ахын том хүү/ буюу үеэл ахаасаа худалдан авсан юм. Тухайн үед үеэл ах Н.Мөнхбаягалан өөрөө уг байрыг захиалан бариулж барьж байх хооронд хэд хэдэн удаа миний бие өөрийн биеэр очиж уулзаж байсан юм.
Анх 2016 онд Дэлхийн Монголчуудын Хөгжлийн Зорилтот Аяны хүрээнд У хамтлаг Е холбооны 10 оронд аялан тоглолт хийж байх хугацаанд улсаас улс руу явж байх замдаа аялалын багийнхны дунд дүүдээ байрьж байгаа байрнаасаа маш хямдхан үнээр өгнө, дүүгийнхээ амьдралыг сайн мэдэх хүний хувьд, тэр үед би хадмындаа амьдардаг байсан гэж хэлээд бараг бэлэглэх шахам зүйл болоод баг хамт олноороо бөөн баяр болж байсан.Уг баг бүрэлдэхүүнд манай хамтлагийн гишүүд, уг аяны багийн бусад хүмүүс болон Н.Мөнхбаягалан багтан явж байсан юм.Тэд бүгд гэрчлэнэ.
2016 онд Европоос аялан тоглолтоо дуусган Монголд ирээд төд удалгүй байж байхад Хүүхдийн 100-ын караокед Н.М ах дуудан, С*******о эгчийнх нь төрсөн өдрийг тэмдэглтж байна хамтлагийнхныгаа болон дуучин П.И найзыгаа дагуулан хүрээд ир хамт тэмдэглэе хэмээн дуудаж төрсөн өдрөө тэмдэглэж байх явцдаа бас дахин бүх хүмүүсийн хажууд дахин намайг босгон дүүдээ би байр маш хямдхан үнээр зарж байгаа хэмээн хэлж байсан.Тухайн төрсөн өдрийн эзэн одоо нэхэмжлэгч Э.С******* болон тэнд байсан хүмүүс бүгд бас баяр хүргэж байсан. Тэд бүгд гэрчлэнэ.
2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр баруун 4 зам Гранд плаза дэлгүүрийн зүүн талд байрлах The Bull ресторанд Н6М ах намайг эхнэр /Б.Х/-ийн хамт бид 2-ыг дуудан уулзаж ах нь амласан ёсоороо цагаан сар, шинэ оны босгон дээр 2 дүүдээ байраа бэлэглье одоо та 2 очоод байраа сонгоод түлхүүрийг нь аваад дотор нь ороод үзчихээрэй ах нь түлхүүр хариуцаж байгаа хүнд нь хэлээтхье гээд тухайн байрны инженерээр ажиллаж байсан н.Б рүү ярьсан юм. Б. Б нь Солонгын нэхэмжлэгч Э. Солонгын төрсөн дүүгийн нөхөр. Эхнэр бид 2 тэндээс гаран бөөн баяр болон шууд байр руугаа очин одоогийн ************* тоотыг сонгон, түлхүүрийг гардан авч анх энэ байранд орж байсан юм. Төд удалгүй уг байранд бид супер засвар хийн уналттай тааз бүх өрөөндөө нүдэн гэрэлнүүд, шинэ тавилга, зэрэг тохижилтоо хийн 6-р сард эхнэр хүүхдийн хамт нүүн орсон юм.Орохоосоо өмнө тохирсон ёсоор Н.М байр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд тухайн үеийн байр барьсан өртөг буюу 1 м2-ыг 1 сая төгрөгөөр үнэлэн 54.000.000 сая төгрогөөр гэрээлж байсан юм. Намар нь би байрныхаа найрыг хийн хоёр талынхаа гэр бүл хамаатан садан найз нөхдөө бүгдийг нь дуудан цай уулгаж байсан.Тэр цагаас хойш 2021 он хүртэл уг байрандаа амьдарч гэр бүл өргөжин бага хүү минь мэндэлсэн юм.
2021 оны 12 сард манай гэрийн хаягаар Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхээс Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас ирсэн бөгөөд агуулга нь Э.С******* нэхэмжлэлтэй хариуцагч Г.П*******д орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, байрны хөлс 41.600.000 төгрөг гаргуулах гэсэн утгатай бичиг анх ирсэн юм.Үүнээс хойш одоог хүртэл маш олон шүүх хурал болсоны сацуу энэ хугацаанд минй бие дансаа хаалгах, шүүх хуралд удаа дараа оролцох зэрэг олон хохирлыг амсаад байна. Байранд амьдарч байх хугацаанд Э. С******* түүний ээж Лхагвасүрэн болон бусад хамаарал бүхий хүмүүс гэрийн үүдэнд хог авчирч хаях, Э.Солонгын ээж аав нь хүүхдээ чимээгүй байлга гэж уцаарлах мөн манай яг дээд талын давхарт удаа дарааллан бөө бөөлөх зэрэг маш олон төрлийн шахалт дарамт ирдэг байсан. Бид амьдрах хугацаандаа байрныхаа сар бүрийн хэрэглээний төлбөрийг сар болгон тогтмол төлдөг байсан.
2024 оны 07-р сарын 04-өөс 05-ыг шилжин шөнийн 03 цаг 00 минутын орчимд гэртээ унтаж байхад үүдэнд хүмүүс дуугаран тог тасарсан. Гараад хартал манай цахилгааны тоолуурыг Э.С******* 2 залуугын хамт салган авч байсан. Яаж байгаан энэ ямар учиртай хүмүүс вэ гэхээр би хөлсөлсөн танай тогыг тасалж байна одоо энэ байрнаас гар хэмээн дарамтлан цахилгааны тоолуурыг хүчээр салган авч явсан. Бид ямар ч тоггүй болсон.
Харанхуй шөнө шүүхийн шийдвэр гараагүй байхад Н.Мтай гэрээ хийж энэ байрыг худалдан авсан байхад та яагаад ингэж байгаа юм бэ энэ чинь хууль бус шүү гэж хэлэхэд тэр чинь надад хамаагүй энэ байрнаас гар гэж хөөсөн.
Тоггүй байранд би нялх нойтон хүүхэдтэй удаан байж чадахгүй учраас 2 хоногийн дараа наадмын өмнөхөн байрнаасаа нүүж хадам ээжийн гэр лүү түр амьдрахаар дахин нүүж очсон.Нүүхдээ уг байранд өөрийн тавилгуудаа үлдээн явсан юм.
Төд удалгүй наадмын дараа хамтлагийн тоглолтын ажлаар хөдөө аймгуудын 100 жилд дуулахаар замд явж байтал араас эхнэр утасдан манай хаалганы смарт цоожийг эвдэн орж, оронд нь энгийн цоож хийсэн байна. Дотор нь байсан бас юмнууд, хүүхдийн тоглоом үүдний хувцасны шкафны тольтой хаалгыг орцны үүдэнд хогийн саванд гарган хаясан байна гэж залгасан. Уг зүйлийг манай гэртэй ойрхон амьдардаг хадмын талын хүн харж манай эхнэр рүү ярьсан юм билээ. Түүнийг манай гэрт очиход хүмүүс хаалганы цоож сольсон эвдэлсэн үүдний хувцасны шкафны 1 тольтой хаалга нь байхгүй Э.С******* 1 хүнтэй гэр цэвэрлэсэн байдалтай байсан. Энэ ямар учиртай юу болоод байна гэхэд бид өөрсдийнхөө юмыг мэдэж байна түлхүүр цоож чинь байхгүй эндээс одоо гар гэж хөөсөн. Бид цэвэрлэгээ хийж байна гээд цааш хүнтэй утсаар ярин одоо ирж үзэх үү гэх мэтчилэн юм ярьж байсан гэсэн.
Би хөдөөнөөс ажлаа дуусган ирж уг амьдарч байсан байрандаа очин үлдсэн тавилгаа авах гээд очиход өгөхгүй энийг түрээсийн төлбөрт тооцон авна, одоо миний байрнаас гар хэмээн намайг хөөн гаргасан. Тэгээд би өөрийнхөө үлдээсэн тавилгуудаа авч чадаагүй.
Шүүхийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байхад намайг нялх нойтон хүүхдүүдтэй минь гудамжинд хөөн гаргаж удаа дараа доромжлон Н.Мгаас уг байрыг худалдан аведн байхад намайг тус байрнаас хүчээр хөөн гаргаж түрээсийн төлбөрийг одоо нэхэмжилх байна.
Мөн Э.Солонгын нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлд бичигдсэн зүйл бүгд худлаа болно.
Тэрээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 2024 оны 07-р сарын 08-ний өдөр Г. П******* нъ бусдын емчлөлиин байрыг хууль бусаар эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрч байрыг өөрөө суллан өгсөн " гэж бичсэн нь ямар ч ор үндэсгүй худал зүйл болно.
Мөн би Э. С*******той ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй, энэ байранд хууль бусаар нэвтэрч ороогүй. Харин Э.С******* нь хүргэн дүү Б.Бтэй үгсэн хуйвалдаж хуурамч бичиг баримт үйлдэж өөр дээрээ манай байрын гэрчилгээг хууль бусаар гаргуулж авахаас омнө энэ байр миний үеэл ах Н. Мгийн өмчлөлд байхад гэрээ хийж худалдаж авсан байр минь юм.
Иймд Э.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг маргаан үүсэх болсон шалтгаан нь түрүүн нэхэмжлэгч маань хэллээ гэр бүл салалтаас болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тухайн орон сууцыг анх хариуцагчийг оролцуулахад Э.Солонгын хувьд ямар нэгэн маргаан байгаагүй. Уг маргаан яагаад үүссэн гэхээр сүүлд талууд тусдаа амьдраад гэрлэлт цуцлуулах маргаан үүсэж, хариуцагчийг орон сууцнаас гаргая, орон сууц ашигласны зардал гаргуулъя гэж байгаа юм. Гэрчээр мэдүүлэг өгөх Н.М нь анх энэ байранд хариуцагчий орохыг мэдэж байсан. Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч талаас ямар нэгэн татгалзал илэрхийлж байгаагүй. Тэгээд явж байгаад сүүлд нэхэмжлэгч Э.С******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнээс юу дүгнэгдэж байна гэхээр тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан юм бол яагаад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах, уг байрыг захиран зарцуулах буюу шийдэх эрх бүхий этгээд нь Н.М юм. Гэрч Н.М тухайн байрыг орон сууц захиалгын гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийж хариуцагчийг оролцуулсан байдаг. Хариуцагч нь уг байранд орж амьдарснаас хэн нэгэн этгээдэд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, олох ёстой орлого гэж яриад байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд олох ёстой орлогыг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байгаа. Гэхдээ би юу гэж ойлгож байна гэхээр үүн дээр заавал үүрэг үүссэн байх шаардлагатай. Тэгж байж үүргийн харилцаа ярилцана гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ийм зүйл байхгүй, ямар ч үүрэг хүлээгээгүй. Мөн хариуцагчийг буруугаад байгаа хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч нотолж чадаагаүй. Ямар хууль дүрэм зөрчөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн юм. Үүнийгээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй боловч нотолж чадахгүй байгаа юм. Мөн хариуцагч биш гэж үзэж байгаа. Хоёрдугаарт тухайн байрны тооцооллыг гаргахдаа сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэдэг гэж тооцоолоод байгаа. Үүн дээр нотолж байгаа ганц баримт нь гэрчийн мэдүүлэг авхуулсан. Уг гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой юу гэж үзэхээр бас эргэлзээтэй. Яагаад гэвэл гэрч мэдээллийн эх сурвалжаа заах ёстой. Тухайн байрыг үнэхээр хөлслүүлж байгаа юм уу гэдэг бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр тооцоооллын хувьд хангалттай нотолж чадахгүй байгаа юм. Түүнчлэн 1,200,000 төгрөгийг зах зээлийн ханшнаас өндөр гэж үзэж байна. Сүүлд тодруулсан шаардлагадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэм хор гэж үүргийн эрх зүйн хүрээнд тайлбарлаад байгаа. Аль, аль үндэслэлээ нотолж чадаагүй, хууль хэм хэмжээгээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.23№101/ШЗ2022/15796 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022.08.04№63 тогтоол, Э.С*******ос Б.Н олгосон 2021.12.22 итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т А эзэмшигчтэй Худалдаа, хөгжлийн банк дахь тоот дансны хуулга, ********** тоот орон сууцны засварын ажлын төсөв, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.22№183/ШШ2021/02674 шийдвэр, Э.С******* өмчлөгчөөр бүртгэлтэй ******** тоот орон сууцны 2017.07.24№ өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024.02.05№213 тогтоол, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Оч гялс өргөө ХХК-ийн 559 дугаартай харилцагчийн гүйлгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй/, Э.С*******ос Б.Н олгосон 2025.05.16 итгэмжлэл,
Хариуцагч Г.П иргэний үнэмлэхийн хуулбар, Г.П*******ас О.Б олгосон 2023.10.20 итгэмжлэл, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: гэрч О.Молорцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч О.Молорцэцэгийг 2024.05.14-ны өдрийн шүүх хуралдаан дээр асуусан тэмдэглэл, ************ тоот орон сууцны хувийн хэргийн хуулбар ба уг хуулбарыг тус шүүхэд хүргүүлсэн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.06.13№673 албан бичиг, гэрч Н.Мг шүүх хуралдаанд цахимаар оролцуулахыг мэдэгдэж хорих 445 дугаар ангид тус шүүхээс илгээсэн 2025.05.21№5205 албан бичиг,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлснээр уг шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч Г.П*******д холбогдуулан, орон сууц албадан чөлөөлүүлэх, орон сууцнаас олох байсан орлогоор хохирсон хэмээн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч орон сууцыг чөлөөлснөөр уг шаардлагаас татгалзаж, 54.51м2 хоёр өрөө орон сууцыг 2017 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртлэх 6 жил 11 сарын хугацаанд ашиглуулсан хохирол хэмээн 1 сард 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 99,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрийн үеэл ах Н.М барьж буй байрнаасаа маш бага үнээр орон сууц худалдах буюу барьсан зардлыг төлүүлж, хөнгөлөлттэй үнээр худалдахаар болж, улмаар орон сууцанд орж амьдарсан, ийнхүү орон сууцанд оруулсныг нэхэмжлэгч Э.С******* нь Н.Мгийн эхнэр байхдаа мэдэж байсан хэмээн маргасан.
4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдлоо.
Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ********* тоот, 54,51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Э.С******* бүртгэгдсэн болох нь ********** тоот орон сууцны хувийн хэргийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017.07.24№ дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Дээрх орон сууцны хувийн хэргээс үзэхэд, ******** айлын орон сууцны барилгыг Н овогтой М барьж ашиглалтад оруулсан байх ба Н.М нь нэхэмжлэгч Э.Солонгын нөхөр байсан, 2017 оны 7 дугаар сараас салж тусдаа амьдарч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02674 дүгээр шийдвэрээр Н.М, Э.С******* нарын гэрлэлтийг цуцалсан байна.
Н.Мөнхбасгалан, Э.С******* нар 2017 оны 7 дугаар сард салж тусдаа амьдрах болсон талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02674 дүгээр шийдвэрт дурдсан байх бөгөөд дурдаж буй цаг хугацаанаас өмнө 2016 онд Н.М нь өөрийн барьж буй байрнаасаа Г.П*******д хямд үнээр орон сууц худалдахаар амлаж, 2016 онд Н.М нь эхнэр Э.Солонгын төрсөн өдрийг Г.П******* болон түүний У хамтлагийн дуучид ба дуучин П.И нарын хамт тэмдэглэж байхдаа орон сууц хямд үнээр худалдаж, бэлэг барихаар болсноо дахин мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэхдээ Э.Солонгын хажууд бүгдэд танилцуулсан болох нь У хамтлагийн дуучид болох гэрч Л.Р, Ж.Г, А.Ш ба дуучин П.И нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Европод аялан тоглолтоор явахдаа Н.М Г.П*******д байр бэлэглэсэн, гэхдээ барилгын материалын үнийг өгөх ёстой, Н.М кароакед Г.П*******д байр бэлэглэсэн гэж өөрөө хэлж байсан, Г.П байрны өрнөөс даралцаж өгөхийн тулд маш олон газраар явж дуулж байсан, өр төлбөр нь дуусах болсон гэж хоорондоо ярьж байсан, ...хүүхдийн 100-д байдаг кароакед Э.Солонгын төрсөн өдрийг тэмдэглэж байхад Н.М нь Г.П*******д байр бэлэглэж байна гэж хэлсэн, тухайн үед Э.С******* байсан... гэх мэдүүлгээр тогтоогдлоо.
5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02674 дүгээр шийдвэрээс үзэхэд, нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мөнхбаясаланд холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай маргаанд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ, ********* дүгээр байрны үл хөдлөх эд хөрөнгүүдээс ногдох хэсгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гэрлэгчид тус тусын нэр дээр бүртгүүлсэн (маргааны зүйл болох ****** тоот орон сууц нь Э.Солонгын нэр дээр бүртгэлтэй талаар дурдсан) нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж зааснаар харилцан тохиролцож хувааж авсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн байв.
6. Дээр дурдсанаас үзэхэд, ********** байрны үл хөдлөх эд хөрөнгүүд Э.С*******, Н.М нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байсан үйл баримт тогтоогдож байна.
7. Хариуцагч Г.П татгалзал үндэслэлтэй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийн хариу тайлбарт дурдсан 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ********* үйлчилгээтэй 36 айлын орон сууцны барилгыг өмчлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр, уг орон сууцны ****** тоотыг сонгож орон засвар хийж, уг орон сууцанд амьдарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Г.П******* нь нэхэмжлэгч Э.Солонгын өмчлөлийн орон сууцанд амьдрахдаа өмчлөгч Э.С*******той аливаа үүрэг хүлээсэн хэлцэл хийгээгүй ба үндэслэлгүйгээр, шударга бусаар орон сууцанд орж амьдарсан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
9. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж заасан бөгөөд хариуцагч нь маргаж буй орон сууцанд үндэслэлгүйгээр, шударга бусаар орон сууцанд орж амьдарсан гэж үзэх үндэслэлгүй тул 2017 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртлэх хугацаанд нэхэмжлэгч Э.С*******д хохирол учруулаагүй.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. ... гэж зааснаар, орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч биелүүлснээр нэхэмжлэгч уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч Г.П******* нь ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмлэгч Э.С******* уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг баримтлан, хариуцагч Г.П*******ас 99,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,035,202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.П*******ас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгйиг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.С*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА