Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан,   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Э.Б-ид холбогдох эрүүгийн 1809025350587 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто-засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Жаргалантын 4 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1047 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн ялыг өршөөж хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбаатарын Э.Б (РД:),

нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Депогийн буудлын ойролцоо караоке дотор Б.Биндэрьяагийн Самсунг эс-5 маркийн гар утсыг хуурч залилан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сард О.Мөнх-Эрдэнэ нь 100 айлын байран дунд байдаг интернэт тоглоомын газар байж байхад нь гар утсаа өгч бай, утсаар ярьчихаад өгье гэж хэлээд О.Мөнх-Эрдэний Самсунг эс-4 маркийн гар утсыг хуурч залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байрнаас дэлгүүр орчихоод ирнэ гэж хэлээд Алтон брендийн унадаг дугуйг хуурч залилан авч Н.Ариунжаргалд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт арван жилийн найз Г.Итгэлийн Самсунг Эс-5 маркийн гар утсыг нь утсаар ярьчихаад өгье хэмээн хуурч залилан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрт Г.Бямбасүрэнтэй кино үзэж байгаад ариун цэврийн өрөө орох үед нь утсаар чинь ярьчихаад өгье цүнхээ үлдээчих гэж хэлээд Самсунг эс-7 маркийн гар утас болон цүнх /цүнхэнд АйФон 6 маркийн гар утас, Говь брендийн ноолууран ороолт, Шанел брендийн үнэртэй ус/ зэргийг хуурч залилан авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Писи молл" их дэлгүүрийн орчим иргэн Н.Наранцэцэгийн "Самсунг Галакси жи-7" маркийн гар утсыг залилан мэхэлж авсан,

-2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрхан 3-64 тоот нийтийн байранд Ц.Цэвээндагваас эгчтэй чинь зочид буудалд хөгжим сонсож байгаад өгье гэж хэлээд "Делл" маркийн нөүтбүүк, Самсунг Нөүт-1 маркийн гар утас, бэлэн 50.000 төгрөг зэргийг залилан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 буудлын хойд талд байдаг караокед Ц.Эрдэнэхишиг нь найзуудын хамт сууж байхад Ц.Эрдэнэхишигийн Сони А6300 маркийн камерыг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Бат-Ууганы 2739 УНХ улсын дугаартай Тоёота Харриер маркийн авто тээврийн хэрэгсэл дотор байсан 2 ширхэг дугуй хийлэгч, 27 кг хонины мах, МП-3 тоглуулагч зэргийг хулгайлж 240.000 төгрөгний хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их засаг их сургуулийн урд Ч.Отгонжаргалын 16-63 УНЧ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг дуудлагын жолооч байна гэж хэлж илээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 1.132.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байранд Д.Баянмөнхийн Виза картыг авч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүр доторх АТМ-д гүйлгээ хийж картнаас нь 750.000 төгрөг хулгайлсан,

-2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо "Хангарьд" фитнессийн үүдэнд Д.Гэрэлмаад машинд чинь чамайг хүлээгээд сууж байя гэж хэлээд 0614 УБЛ марк-2 маркийн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тусгаар тогтнолын ордны" гадна П.Содномцэрэнг 703 тоотод бичиг оруулаад өгчих гэж хуурч, машинаас нь буулган 8194 УНА улсын дугаартай Тоёота Раум маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2017 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Казино" баарны гадна өөрийгөө дуудлагын жолооч хэмээн Б.Бат-Ууганы 2739 УНХ улсын дугаартай Тоёота Харриер маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 6011 дүгээр байрны гадна М.Пүрэвдоржийн 58-24 УНС улсын дугаартай Тоёота Кроун маркийн машинд чинь хөгжим сонсож байя гэж хэлээд авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2016 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00:15 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Кензо" баарны гаднаас П.Энхбаярт би дуудлагын жолооч байна гэж хэлээд 10-83 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон авч явж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 41 дүгээр байрны гадна зогсоолд гэртээ орж мөнгө аваад ирэх хооронд авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

-2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тусгаар тогтнолын ордон" 6 давхарт байрлах хувцас солих өрөөнд нэвтрэн орж хохирогч О.Хишигдоржийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлж 583.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:-Мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурьдсан үйлдэл, хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Э.Баас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-Би Гэрэлмаатай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо бөмбөгөр худалдааны төвийн орчимд байдаг “Хангарьд” нэртэй фитнесийн дэргэд уулзсан. Би Д.Гэрэлмаатай уулзаагүй нилээн удсан байсан учраас хамт гэр рүүгээ явах бодолтой байсан юм. Тэгээд Д.Гэрэлмаа намайг хамт фитнест орох уу гэхэд нь би бэлтгэлийн хувцас байхгүй учраас шууд л орохгүй гэж хэлсэн харин утсаа өгчих утсаар чинь оролдоод машин дотор чинь суугаад хүлээж байя гэж хэлээд гар утас, машины түлхүүрийг нь аваад үлдсэн. ...Б.Биндэръяагийн гар утсыг нь би зарах гэж авсан. ...Би өмнө нь өршөөлийн хуулиар суллагдсан бөгөөд өмнө нь яллагдаж байсан хэргийн хохирогч нар намайг суллагдсан гэдгийг мэдээд надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд надад мөнгө олох хэрэг гараад яалт ч үгүй Эрдэнэхишигийн гар утас, зургийн аппаратыг нь хэрэглэчихээд өгнө гэж аваад явуулын хүнд зарчихсан. ...Би О.Мөнх-Эрдэнэтэй уулзаад гэнэт л надад гар утсыг нь авч зараад мөнгө олох бодол төрсөн. Тэгээд л би О.Мөнх-Эрдэнийг гар утсаа өгч бай хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд авсан. ...Би тэр дугуйг уг нь анхандаа авч явах бодол надад байгаагүй боловч дугуйг нь унаад дэлгүүр явж байх замдаа гайгүй үнэ хүрч магадгүй дугуй байна гэж бодоод тэр чигээрээ унаж яваад мэргэжилтний 20-ны тэнд явуулын хүнд 50.000 төгрөгөөр худалдчихсан юм. ...Г.Итгэлийг би бага байхын мэднэ. Тэгээд хэрэг гардаг өдөр би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Пийс таур”-ын урд талд ирээд би Итгэлийн гар утсыг нь хүнтэй ярьчихаад өгнө гэж хэлж аваад барилгыг цааш тойроод чигээрээ гараад яваад өгсөн. Би гар утсыг нь нэг явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан. ...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС-ийн үүдэнд 10-н жилийн ангийн залуу Итгэлтэй уулзаад Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс бюльдинг” нэртэй албан газар руу хамт алхсан. Итгэл тэр газарт албан тоот өгнө гэж байсан юм. Тэгээд үүдэнд нь ирэх үед би Итгэлээс гар утсаа өгч байгаач гэхэд надад Юнителийн дугаартай Нокиа маркийн хямдхан гар утсаа өгөхөөр нь Мобикомын утсаа өгч байгаа ч гэхэд “Самсунг галакси эс-5” маркийн гар утсаа өгөөд дотогшоо яваад орчихсон. Би гар утсыг нь аваад хүнтэй ярьж байгаа юм шиг болоод тэр чигт нь утсыг нь аваад явчихсан юм. Тэгээд байрны гол орж такси бариад Монтел гар утас худалдааны төв орж үүдэнд нь байсан хүнд 170.000 төгрөгөөр зарсан гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

1.Б.Биндэръяагаас:-2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах караокед 22 цагийн орчимд би өөрийн найз Жамъяансүрэн болон түүний найзууд гээд хоёр эрэгтэй найзтай нь хамт орж үйлчлүүлээд дуулж байхад 23 цагийн орчимд тухайн Э.Б гээд залуу нь гаднаас үл таних хоёр найзтайгаа хамт орж ирсэн. Бид нар хоорондоо нээх сүртэй танилцаагүй дуулж, ууж сууж байхад Э.Б нь миний гар утсыг фэйсбүүк орчихоод өгье гэхээр нь би гар утсаа өгөөгүй юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Э.Б нь би машиныхаа зургийг авчихаад өгье чиний гар утас гоё авдаг юм байна гээд надаас миний утсыг авсан юм. Тэгээд байж байснаа Э.Б нь би машиныхаа зургийг авчихаад гар утсыг чинь өгнө гэж хэлээд гарах гэхээр нь би Жамъяансүрэнг наад залуутайгаа хамт гарчих гээд хамт гаргасан бөгөөд хэсэг хугацааны дараа Жамъяансүрэн ганцаараа орж ирэхээр нь би Э.Б яасан бэ гэхэд гадаа машиныхаа зургийг аваад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ утас аваад ир гээд араас нь гартал Э.Б байхгүй байсан. Эргээд караокед ороход Э.Бтай хамт орж ирсэн хоёр охин нь бид хоёрын гар утас бас Э.Бид байгаа гэж байсан гэжээ.

2.О.Мөнх-Эрдэнээс:-2016 оны 5 дугаар сард би найз Мөнх-Эрдэнэ, Э.Б нарын хамт Зуун айлын байрны дунд байдаг компьютер тоглоомын газарт нэтэд сууж байтал Э.Б надаас утсаа өгч бай, ярьчихаад өгнө гэж хэлээд авсан. Тэгэхээр нь би надад нэгж байхгүй гэсэн боловч Э.Б утсанд чинь нэгж хийгээд ярьчихая гэхээр нь би зөвшөөрөөд утсаа өгөөд явуулсан юм. Тэгтэл Э.Б миний гар утсыг авч явчихаад эргэж ирээгүй гэжээ.  

3.Н.Ариунжаргалаас:-Би 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна, манай дүү А.Мөнх-Эрдэнэ нь унтаж байхад манай хүүгийн унаж байсан унадаг дугуйг Э.Б гэдэг залуу дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд авч яваад тэр чигтээ алга болсон гэж байсан гэжээ.

4.Г.Итгэлээс:-Миний 10 жилийн найз болох Э.Б нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад залгаад надаас хуулийн зөвлөгөө авах гэсэн юм. Чиний дугаарыг хүнээс олж авлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад Э.Б надаас 2015 онд Өршөөлийн хуулиар суллагдаад дахин гэмт хэрэг үйлдвэл яадаг юм бэ гэж асуусан. Би тухайн үед нь холбогдох хууль тогтоомжийг нь тайлбарлаж хэлж өгсөн. Би тухайн үед өөрөө “Пийс тауэр” дээр хүнтэй уулзах ажилтай байсан учраас бид хоёр “Пийс тауэр”-ын урдаас салахаар болсон. Тэгтэл гэнэт Э.Б найздаа утсаа өгч байгаач хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг аваад цаашаа явсан, би эргээд ирэх байх гээд хүлээсэн боловч эргэж ирээгүй. Тэгээд өөрийнхөө утас руу залгатал миний утас холбогдох боломжгүй болсон байсан гэжээ.

5.Г.Бямбасүрэнгээс:- Би Э.Б гэдэг хүнтэй 2015 оны 11 сард фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна, ямар ч байсан бүтэн сайн өдөр байсан. Э.Б над руу фэйсбүүк хаягаар холбогдон “хамт кино үзэх үү” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театр дээр ирж “Аз жаргал” гэдэг нэртэй киног 20:10-22:20 цагийн хооронд үзсэн юм. Тэгээд бие засах гээд цүнхээ Э.Бид өгсөн бөгөөд Э.Б миний гар утсыг утсаар чинь яриад өгнө гэж хэлээд авсан. Би бие засах өрөөнөөс эргээд гараад ирэхэд Э.Б байхгүй байсан. Тэгээд би өөрийн утас руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Би хяналтын камерыг шүүж үзэхэд Э.Б нь намайг бие засахаар өрөө рүү оронгуут шууд гараад явж байсан гэжээ.

6.Н.Наранцэцэгээс:-2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс Молл төвийн автобусны буудлын орчим Энхбаатар овогтой Э.Б нь миний Самсунг Галакси Жи-7 маркийн гар утсыг ээжтэйгээ холбоо бариад өгье, 4-5 минутын дараа өгнө гээд тэр чигээрээ алга болсон. Би тухайн өдөр Э.Бтай Сансарын колонк дээр 18.00 цагийн орчим уулзаж, зааланд сагс тоглох гээд явж байсан. Миний утсыг надад эргүүлж өгөлгүй залилж алга болсон болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ.

7.Ц.Цэвээндагваас:- 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөөний 10.00 цагийн орчимд сэрэхэд Умдайрий эгч нэг залуутай хамт ирж хоносон байсан. Би орой Умдайрий эгчийг хүнтэй ирснийг нь мэдээгүй өглөө сэрээд мэдсэн. Тэгээд босоод хоол хийж идээд бид 3 хөзөр тоглож байгаад 12.00 цаг өнгөрч байхад Умдайрий эгч хамт хоносон Э.Б гэдэг залуутайгаа гараад явсан. Тэгээд буцаад 15 цаг өнгөрч байхад Э.Б ганцаараа гэрт хүрч ирснээ Умдайрий эгчийг чинь нэг удаа баярлуулах гэсэн юм. Зочид буудалд нэг юм бэлдэж байгаа чи нөүтбүүкээ өгч байгаач удахгүй 20-30 минут болоод аваад ирье гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Тэгээд авчирч өгөхгүй удаад байхаар нь Умдайрий эгч рүү залгах гээд утсаа авахад Умдайрий эгч миний гар утас руу залгаснаа чи нөүтбүүкээ тэр залууд өгөөд явуулчихсан юм уу надаас чиний нөүтбүүкний кодыг асуугаад байна ш дээ би тэр хүнийг сайн танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Умдайрий эгчээс Э.Бийн утасны дугаарыг нь аваад залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь дахин дахин залгаад байсан. Мессэж бичсэн чинь нөүтбүүкнийхээ кодыг өгчих гэсэн мессэж ирэхээр нь хаана байгаа юм бэ би очоод хэлээд өгье гээд мессэж явуулсан чинь тэгвэл одоо яахав дээ гэсэн мессэж ирсэн. Тэрнээс хойш намайг залгахаар гар утсаа авахгүй байгаа гэжээ.

8.Ц.Эрдэнэхишигээс:-Би 2016 оны 3 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр танилцсан найз болох Э.Бтай 2016 оны 4 дүгээр сарын 23-ны үеэс эхлэн үерхэж байсан юм. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би Э.Бтай хамт болон түүний найзуудтай Сүхбаатар дүүргийн таван буудлын хойд талд байдаг караокед ороод дуулж байсан Цэрэнбат, Дэлгэрмаа, Пүрэвсайхан, Амармэнд мөн миний гар утсыг аваад 20-30 минутын дараа нэг мэдэхэд Э.Б алга болсон байсан. Тэгээд Э.Бийг бид нар хайгаад олохгүй байсан бөгөөд тухайн үед караокены хяналтын камерыг үзэхэд Э.Б зам гараад яваад өгсөн байсан гэжээ.

9.Б.Бат-Ууганаас:-Би 2017 оны 01 сарын 06-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино баарнаас найз Лхагватай гарсан бөгөөд баарны үүдэнд 170 см орчим өндөртэй цайвар царайтай саарал өнгийн хүрэмтэй, ногоон өнгийн малгайтай, 25-28 орчим насны залуу дуудлагын жолооч авах уу гэж хэлсэн. Би жолооч юм уу гэж асуухад тиймээ гэж хэлэхээр нь өөрийн машины түлхүүрийг өгөөд машин байгаа газраа заагаад аваад ир гээд явуулсан. Машинаа Гүрэн нэртэй хоолны газрын үүдэнд тавьсан байсан. Тэгсэн тэр залуу ирээгүй бөгөөд би найзтайгаа 30-40 минут хүлээсэн. Ирэхгүй болохоор нь такси бариад Сүхбаатарын талбай, том баарнуудын үүдээр хайсан боловч олоогүй. Арга бараад цагдаагийн байгууллагад өгсөн болно гэжээ.

10.Ч.Отгонжаргалаас:- Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед нөхөр Амартүвшингийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын ард байрлах Роел грел паб, ресторанд хүний хуриманд оролцсон юм. Манай аав, ээж хоёр бид хоёр өөрийн эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн Приүс-20 маркийн автомашиныг 18 цаг 40 минутын үед Роел грел паб, рестораны гадаа үлдээчхээд бид хоёрын араас хуриманд оролцсон юм. Ингээд найранд суугаад байж байсан чинь 23 цаг 30 минутын үед миний дугаар руу залгаад та машинаа холдуулаач ээ би машинаа гаргах гэсэн юм гэж залгасан юм. Ингээд байж байсан чинь 16-63 жолооч байна уу машинаа гаргах гэсэн юм гэж хэлэхээр нь манай нөхрийг дагуулаад гарсан. Манай нөхөрт тэр залуу ахаа би дуудлагын жолооч байгаа юм гэж хэлээд дугаараа өгөөд хэрэг болох юм бол хэлээрэй, би цагийн хямдхан явдаг юм шүү гэж хэлсэн байсан. Удалгүй манай нөхөр орж ирээд шөнийн 01 цагийн үед найрнаас гараад нөхрийн хамт машин дээрээ ирэхэд дуудлагын жолооч гэх залуу би машиныг чинь бариад явах уу гэхээр нь машинаа бариулаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Их засаг Их сургуулийн урд явж байтал манай нөхөр бөөлжихөөр болоод зам дагуу зогсоод бөөлжих гээд би араас нь дагаад нуруун дээр нь дарж өгөх гээд буутал дуудлагын жолооч залуу бид хоёрын машиныг тэр чигт нь унаад зугтаасан юм. Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ.

11.Д.Баянмөнхөөс:-2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байранд манай Антиох монгол сүмийн гэр цуглаан болсон, Э.Б гэх залуутай танилцаад цуглаан тарсан. Тэгээд манай сүмийн групп чат дээр манай найз Борхүүгийн төрсөн өдөр тэмдэглэх арга хэмжээнд чатаар Э.Б гэх залууг урьсан. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байранд найз Баясгалангийн гэрт төрсөн өдөр тэмдэглэх гээд манай цуглааны 10 орчим найзууд цугласан байсан. Тэгээд бид нар хоол цай ууж идээд 21.00 цагийн үед тортны лаа асаах гал болон уух ундаа хэрэг болсон. Тэр үед Э.Б би гарчихаад ирье гэхээр нь би өөрийн Голомт банкны картаа өгөөд пин кодыг нь хэлж өгсөн. Тэгээд 21.16 минутанд миний гар утсанд мессеж ирсэн, уншихад миний данснаас эхлээд 600.000 төгрөг авсан гэх гүйлгээ ирсэн, тэгээд нэг минутын дараа дахиад 150.000 төгрөг авсан. Тэгэхээр нь би шууд 50 дугаар дэлгүүр рүү очиход Э.Б байхгүй байсан. Тэгээд би уг дэлгүүрийн хяналтын камерыг шүүлгэхэд Э.Б мөнгө аваад гарч байгаа бичлэг байсан гэжээ.

12.Д.Гэрэлмаагаас:-2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Э.Б фэйсбүүкээр холбогдон орой нь надтай уулзахаар болсон юм. Би ажлаа тараад Бөмбөгөр худалдааны төвийн орчимд байдаг Хангарьд гэдэг фитнесс дээрээ ирэх үед Э.Б ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгээд би Э.Бийг хамт фитнест орох уу гэхэд Э.Б нь “үгүй би чамайг машин дотор суугаад хүлээж байя” гэж хэлсэн. Тэгээд намайг гараад ирэхэд миний машин байхгүй болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ.

13.П.Содномцэрэнгээс:-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цайны цагаар манай байгууллага буюу Монре даатгалын гадаа уулзаад бид хоёр хамт хоол идээд салцгаасан үдээс хойш гэнэт танихгүй дугаараас залгаад “чи ямар машинтай вэ найзых нь кровн машины аккумлятор суучихлаа машинаараа холбоод өгөхгүй биз” гэж гуйхаар өнөөдөр 4 дэх өдөр миний машин явдаггүй өдөр гэж хэлээд тасалсан, тэгтэл дахиад 19 цагийн орчимд залгаад Банзай байна аа уулзах уу гэхээр нь завгүй бэлтгэл хийнэ гэтэл хамт бэлтгэл хийе би очъё гэхээр нь бэлтгэл хийдэг газраа зааж өгөхөд “Чийрэг Монгол клуб”-т манай бэлтгэл дээр ирээд хоёр дугтуйтай юм барьчихсан хүнд аваачиж өгнө, би чамайг хүлээж байя гэж хэлээд хүлээж байгаад намайг тарахаар хамт гарч энэ бичгийг хүнд хүргээд өгье хамт явья гэж гуйж байна ш дээ гэж хэлээд машинаа авчих гээд байхаар нь би авахгүй ажилтай хоёулаа ингээд салая дараа уулзъя гэтэл найзых нь хөл өвдөөд байна, чи намайг тусгаар тогтнолын ордонд хүргээд өгчих гэхээр нь за гээд машинаа аваад тусгаар тогтнолын ордонд хүргэж өгтөл, миний найз энэ бичгийг 703 тоотод оруулаад өгчих найзынх нь хөл өвдөөд байна гэхээр нь за гээд машинаа унтраагаад дээшээ гарах гэтэл машинаа асаалттай үлдээчих би даарна ш дээ гэж хэлэхээр нь машинаа асааж өгөөд нөгөө цаасыг нь аваад дээшээ гартал 703 тоот нь цоожтой байсан, тэгэхээр нь буцаад буугаад иртэл миний машин байхгүй, Э.Б байхгүй байхаар нь залгатал холбогдох боломжгүй байсан гэжээ.

14.М.Пүрэвдоржоос:-Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээжийн гэрт фэйсбүүкээр ортол надтай хамт 2011 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид нэг жил хугацаат цэргийн алба хааж байсан Энхбаатар овогтой Э.Б гэх залуу холбогдоод хоёулаа уулзъя, ерөөсөө уулзаж байгаагүй юм чинь жаахан юм яръя гэхээр нь би хүүхдээ цэцэрлэгээс авах ёстой гэхэд хүүхдийн цэцэрлэг чинь хаана байдаг юм бэ гэхээр нь вокзалын арын цэцэрлэгээс хүүхдээ авна гэсэн. Тэгээд би хүүхдээ цэцэрлэгээс авах цаг боллоо гэхэд би тэнд чинь яваад очъё гэсэн ба би түүнийг утасны дугаараа биччих гэхэд дугаараа бичээгүй, тэгээд би цэцэрлэг рүү яараад гараад явсан. Тэнд очиход Э.Б ирээгүй байсан ба би хүүхдээ хувцаслаад гараад иртэл үүдэнд Э.Б зогсож байсан, тэгээд миний машинд суугаад манай гэр рүү ирсэн, замдаа цэрэгт хамт байсан он жавуудын талаар яриад уулзаж байна уу гэхэд нь би уулзаагүй, би бараг холбоогүй байгаа гэсэн. Э.Б өөрийгөө Насанжаргал гэх он жавтай уулздаг, эхнэр 2 хүүхэдтэй болсон, Налайхын цэргийн ангид гэрээгээр ажиллаж байгаа талаар ярьж байсан, мөн өөрийгөө төмөр замын шүүхэд бичиг хүргэгч хийж байгаа гэсэн. Хаана амьдарч байгааг нь асуухад Яармагт ээжтэйгээ амьдардаг гэж ярьж байсан. Тэгээд манай гэр болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 60/1 байрны гадаа ирээд хамт манай гэрт оръё гэхэд, үгүй ээ би машинд чинь сууж байя гэсэн, би гайхаад хамт манайд оръё гэхэд машинд чинь гадаа жаахан юм ярьж сууя гээд байхаар нь би машинаа унтраагаад түлхүүрээ үлдээгээд орсон. Э.Б би хөгжим сонсоод сууж байя гэхээр нь итгээд үлдээсэн юмаа. Тэгээд би гэр рүүгээ 3 давхарт шатаар гараад хүүхдээ оруулаад эхнэртээ хүүхдээ үлдээгээд 10 минутын дараа гарахад миний машин алга байсан ба би хойноос нь тэр хавиараа хайсан, тэгээд цагдаад хандсан гэжээ.

15.П.Энхбаяраас:-2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Казино бааранд бүжиглэж байгаад баарнаас 02 цагийн орчимд гарсан, намайг баарнаас гарах үед 20-25 орчим насны цайвар шар царайтай, хар бараан өнгийн ноосон малгайтай, хар куртиктай залуу өөрийгөө дуудлагын жолооч байна авах уу гэхээр нь уг залуугаар машинаа бариулж 10.000 төгрөг төлөхөөр тохиролцоод, уг залуу миний 10-83 УНЕ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг бариад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 77 дугаар байрны гадна очсон би жолоочид хэлээд гэрээсээ ороод мөнгө аваад гараад иртэл жолооч миний машиныг аваад зугтаасан байсан гэжээ. 

16.О.Хишигдоржоос:- Миний бие Соёл урлагийн Их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан ба өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд тоглолттой байсан. Тэгээд тус газрын 6 давхарын хувцас солих өрөөнд жүжигчид хувцасаа солиод тоглолт руугаа 15 цаг 30 минутын орчимд орсон. Тэгээд хоёр дахь тоглолтоо 15 цагт эхлээд 19 цагт дуусаад хувцасаа солих гэхэд хувцасны өрөөнөөс миний хар өнгийн үүргэвчтэй цүнх алдагдсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна гэжээ.

А.Мөнх-Эрдэнээс мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:-Намайг 11 дүгээр хорооллын интернэтэд сууж байхад О.Мөнх-Эрдэнэ залгаад надтай уулзахаар болсон. Тэгээд удалгүй О.Мөнх-Эрдэнэ ирэхдээ Э.Бтай хамт ирсэн бөгөөд бид гурав компьютер асаагаад сууж байхад Э.Б нэгжинд гарчихаад ирнэ гэж хэлээд гарсан. О.Мөнх-Эрдэнэ бид хоёр цаг дуусаад гарах үед Э.Б байхгүй байсан. Тэгээд юу болсон талаар асуухад О.Мөнх-Эрдэнэ Э.Бид гар утсаа өгсөн гэж байсан. Тэгээд Э.Б руу залгахад түүний утас нь холбогдохгүй байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

1.Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авснаас хохирогч Ц.Эрдэнэхишигт 850.000 төгрөгийн, Б.Бат-Ууганд 240.000 төгрөгийн, Ч.Отгонжаргалд 1.132.000 төгрөгийн, Д.Баянмөнхөд 750.000 төгрөгийн буюу нийт 2.972.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тусгаар тогтнолын ордон"-ы 6 давхарт байрлах хувцас солих өрөөнд нэвтрэн орж О.Хишигдоржийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан авснаас түүнд 583.800 төгрөгийн хохирол учруулсан,

2.Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт гар утсаар чинь яриад өгье, дугуйг чинь унаад өгье, зөөврийн компьютерийг чинь ашиглаад өгье гэх зэргээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгө залилж авснаас хохирогч Б.Биндэръяад 340.000 төгрөгийн, О.Мөнх-Эрдэнэд 250.000 төгрөгийн, Н.Ариунжаргалд 250.000 төгрөгийн, Г.Итгэлд 360.000 төгрөгийн, Г.Бямбасүрэнд 1.800.000 төгрөгийн, Н.Наранцэцэгт 290.000 төгрөгийн, Ц.Цэвээндагвад 670.000 төгрөгийн буюу нийт 3.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өөрийгөө дуудлагын жолооч, эсхүл машинд чинь суугаад хүлээж байя гэх нэрээр 06-14 УБЛ улсын дугаартай Д.Гэрэлмаагийн,  81-94 УНА улсын дугаартай  П.Содномцэцрэнгийн, 27-39 УНХ улсын дугаартай Б.Бат-Ууганы, 58-24 УНС улсын дугаартай М.Пүрэвдоржийн, 10-83 УНЕ улсын дугаартай П.Энхбаярын тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй авч явсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,  хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, эд зүйлийн үнэлгээнүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

Иймд шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн уг гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Бийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн уг гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял тус тус сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр 4 удаа, мөн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлсэн нөхцөл байдлаар 1 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг 5 удаа үйлдсэнээс нэг үйлдэл нь хуульд заасан хүндрүүлэх шинжтэй тул тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй юм. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тусад нь ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болно. 

Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг 5 удаа үйлдсэн нь мөн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийг байнга үйлдсэн хүндрүүлэх шинжтэй боловч дээрх үйлдлээс 3 нь шинэ хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгджээ. 2002 оны хуучин Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн хүндрүүлсэн бүрэлдэхүүний шинж байгаагүй тул шинэ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохдоо тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн 5 удаагийн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хүндрүүлж үзээгүй болно.    

Мөн шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг 7 удаа давтан үйлдсэнээс 1 үйлдэл нь шинэ Эрүүгийн хууль дагаж мөрдсөнөөс хойш буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн тул дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасныг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэгт шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын хооронд тус тус үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болно.     

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоосон болно.   

Шүүгдэгч Э.Бийн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их засаг сургуулийн урд замд Ч.Отгонжаргалын 16-63 УНЧ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг дуудлагын жолооч байна гэж авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явж, уг машинаас 1.132.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сар хорих ял биеэр эдэлснийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. (Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн дээрх 9 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1706 02812 0174 дугаартай уг эрүүгийн хэргийг 1809 02535 0587 дугаартай энэ эрүүгийн хэрэгт нэгтгэсэн болно.

Мөн дээрх хугацаанаас гадна шүүгдэгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-наас мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 161 хоног, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 201 хоног, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 114 хоногийг тус тус түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчээс хулгайн эд зүйлийн хохиролд нэр бүхий 4 хохирогчид нийт 2.972.000 төгрөг, залилах гэмт хэргийн хохиролд нэр бүхий 7 хохирогчид 3.960.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Хишигдоржийн хулгайлагдсан эд зүйл буцаан олгогдсон байна. Түүнчлэн Д.Гэрэлмаагийн 06-14 УБЛ, П.Содномцэрэнгийн 81-94 УНА, Б.Бат-Ууганы 27-39 УНХ, М.Пүрэвдорийн 58-24 УНС, П.Энхбаярын 10-83 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгожээ. Харин П.Содномцэрэн, М.Пүрэвдорж, П.Энхбаяр нарын автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад шаардлагатай нийт 1.481.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зөвтгөсүгэй.

2.Шүүгдэгч Б овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн уг гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бид энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг 4 (дөрөв) жил 30 (гуч) хоногийн хугацагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдуулсан 4 (дөрөв) жил 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-аас 8.413.600 (найман сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуу) төгрөг гаргуулж, хохирогч Орхид овогт Цогтбаатарын Эрдэнэхишиг (РД:УХ90050385)-т 850.000 төгрөг, хохирогч Шарайд овогт Батцэрэнгийн Бат-Ууган (РД:ЧИ84042471)-д 240.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Чимэдийн Отгонжаргал (РД:УК89013006)-д 1.132.000 төгрөг, хохирогч Рэн овогт Даваагийн Баянмөнх (РД:ПЮ87111315)-д 750.000 төгрөг, хохирогч Алаг адуу овогт Пүрэвсүрэнгийн Содномцэрэн (РД:ИЙ90022115)-д 156.600 төгрөг, хохирогч Боржигон овогт Мөнхжаргалын Пүрэвдорж (РД:ШУ88081899)-д 250.000 төгрөг, хохирогч Монгол овогт Пүрэвдоржийн Энхбаяр (РД:УД86122379)-т 1.075.000 төгрөг, хохирогч Зэлэм овогт Буянмөнхийн Биндэръяа (РД:ЗЕ95030201)-д 340.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Оюунгэрэлийн Мөнх-Эрдэнэ (РД:УШ94041771)-д 250.000 төгрөг, хохирогч Чүлтэм овогт Нинагийн Ариунжаргал (РД:ЕЮ87103102)-д 250.000 төгрөг, хохирогч Жаргалант овогт Галсанжамцийн Итгэл (РД:УХ91050932)-д 360.000 төгрөг, хохирогч Цоохор овогт Ганчимэгийн Бямбасүрэн (РД:ЦХ91010608)-д 1.800.000 төгрөг, хохирогч Нямаажавын Наранцэцэг (РД:ТА97030401)-т 290.000 төгрөг, хохирогч Маахүү овогт Цэрэндагвын Цэвээндагва (РД:ЙД98111308)-д 670.000 төгрөг тус тус олгосугай.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн ял эдэлсэн 8 сар, цагдан хоригдсон 476 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ