| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2019/0268/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 21.5.1., |
| Улсын яллагч | Ш.Одонсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 461
П.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, П.Б-т холбогдох 1925003550248 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 70 хоногийн хугацаагаар тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...урьд ял шийтгэлгүй...” гэснийг урьд 3 удаагийн ял шийтгэлтэй...” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 жилийн...” гэснийг “...1 жилийн...” гэж, “...2 жил 2 сар 10 хоногийн...” гэснийг “...1 жил 2 сар 10 хоногийн...” гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...2 жил 2 сар 10 хоногийн...” гэснийг “...1 жил 2 сар 10 хоногийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, Я.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайван бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч П.Б нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээдэггүй, улмаар гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж хэт явцуу дүгнэлт хийж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээлгүй, улмаар хохирогч Ч.Э, гэрч С.М нарт хууль бусаар нөлөөлж, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд энэ хэрэгт шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Хохирогч Ч.Э нь П.Б-н ятгалгаар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн байтал давж заалдах шатны шүүх дээрх байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалтыг аль ч шатны шүүх хэрэглэх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг дүгнэх, бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхиүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон болно. Гэтэл үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрч, хохирогч нарт нөлөөлж худал мэдүүлэг өгүүлээд байгаа шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ялыг хөнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх үндэслэлийг эсэргүүцэлдээ дурдаагүй байна. Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн зүйл, хэсэгт зааснаар ялын доод хэмжээг оногдуулах боломжгүй байсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хохирогчийн бичгээр ирүүлсэн санал зэргийг харгалзан оногдуулсан хөнгөрүүлсэн нь хууль буруу хэрэглээгүй. Мөн хохирогчид хууль бусаар нөлөөлсөн болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь хоёр гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогчийг ятгаснаас тэрээр мэдүүлгээсээ буцсан нөхцөл байдал бий. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхий шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн П.Б-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 27а-3 тоотод байрлах гэртээ Ч.Э-н толгойн тус газарт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь "... гавал тархины битүү гэмтэл, баруун дух ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эд дэх болон хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд гэрч С.М-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, Нокиа-26-30 маркийн гар утас 22.000 төгрөгөөр авч өгсөн, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үед түүнийг "... би Ч.Э-г зодоогүй, та нар нийлж намайг гүтгээд байвал би ялаа эдлээд гараад ирж чадна. Үсрээд 2 жил болох байх шүү...” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,
2019 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын үед хохирогч Ч.Э-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор "... шүүхэд худал мэдүүлэг өгвөл чи ял авахгүй юм байна. 450 мянгаас 1 сая төгрөгийн торгууль оногдуулах юм байна. Шүүхээс торгох юм бол би мөнгийг нь төлнө ..." гэж ятгасан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм хорын хохирлын зохих хэсгийг төлсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан байх боловч түүний үйлдсэн хоёр гэмт хэрэгт нийтдээ 2 жил 2 сар 10 хоногийн хорих ял шийтгэснийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хохирлын хэмжээтэй харьцуулахад харьцангуй хөнгөн ял оногдуулсан байна гэж үзэхээр байна.
Ийм байтал давж заалдах шатны шүүхээс хохирол төлбөр төлөгдсөн байдал, шүүгдэгчийн биеийн эрүүл мэнд зэргийг дахин харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч П.Б-т оногдуулсан хорих ялыг дахин хөнгөрүүлсэн нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдлаас хэт зөрүүтэй байдлаар хөнгөрсөн гэж үзэхээр байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг боловч хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь ял тохирсон байх шударга ёсны зарчмыг гажуудуулах үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй.
Хэдийгээр П.Б-н хувьд гэм буруугаа шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, бусдад гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн үндсэн шалгууруудыг хангасан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байж болох боловч анхан шатны шүүхээс оногдуулсан хөнгөн ялыг дахин хөнгөрүүлэхээс хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн татгалзав.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН