Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1059

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Гуравдагч этгээд: “Н” ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, Д.Х, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани нь анх Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтдээ гаргаж Нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.24 га газрыг 3 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон, улмаар Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн 2400 м.кв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 

Бид компанийн байрны ард талын талбайд байсан гаражуудыг буулгаж өөрсдийн зардал, хүч хөдөлмөрөөр дахин тохижуулж, авто машины зогсоолыг бий болгосон. 

Ингээд анх 1997 онд эзэмшихээр хүсэлт гаргаж байсан 124 м.кв газрыг эзэмших хүсэлтдээ дахин 2011 онд гаргасныг нийслэлийн Засаг дарга хүлээн авч  2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 440 дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж байсан 2400 м.кв газрын хэмжээг 112 м.кв-аар нэмэгдүүлж, 2512 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. 

Гэвч “Н” ХХК-аас манай компанид нэмж олгосон 112 м.кв газар нь нийтийн эзэмшлийн зам, талбай тул бусдын эзэмшилд олгох боломжгүй гэж маргасан бөгөөд шүүхээс Засаг даргын 2011 оны 440 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг ч манай компани хүлээн зөвшөөрч, үлдэх 2400 м.кв газрыг баталгаажуулан авахаар болсон. 

Гэтэл Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн 2400 м.кв газраас 1098 м.кв газрыг хассан 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ****дугаар захирамжийг гаргасан. Энэ дагуу бид нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот тогтоолоор тус тус шийдвэрийг хэвээр үлдсэн. 

Харин нийслэлийн Засаг дарга 2014 оны 10 сарын 28-ны өдөр ***дугаар захирамжаар урьд нь шүүхээс “нийтийн эзэмшлийн газар” гэж шийдвэрлэсэн 112 м.кв газрыг “Н” ХХК-ийн эзэмшилд олгосон байна. 

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар ямар санаа, зорилгоор удаа дараа “Н” ХХК-ийн хүсэлтийг хангаж, манай компанид чирэгдэл учруулан, бидэнд мэдэгдэлгүйгээр хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***дугаар захирамж дараах байдлаар холбогдох хууль тогтоомж болон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “нийтийн эзэмшлийн газар” гэж үзсэн. 

Уг шийдвэрийг бид хүлээн зөвшөөрч, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. 

Нийслэлийн Засаг дарга, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, хуулийн этгээдэд адил тэгш боломжийг олгох ёстой юм. 

Өөрөөр хэлбэл нэгэнт шүүхийн шийдвэрээр хэнд ч эзэмшүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн газрыг бусдад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”,  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална зэрэг төрийн удирдлагын үндсэн зарчмыг алдагдуулж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчийн хувьд анх 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2/163 тоотоор 3241,2 м/кв газрыг анх эзэмших хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаар захирамжаар 2400 м/кв газар эзэмших эрх “Н” ХХК-д 3 жилийн хугацаагаар олгогдсон. Энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж “Н” ХХК-д эзэмшүүлсэн ба 2011 оны 05 дугаар сарын 11-ны өдөр дахин тус компаниас 112.3м/кв газрыг эзэмших хүсэлтээ гаргасан. Мөн түүнчлэн 2007 онд маргаан бүхий газрыг өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьж тохижуулан, арчлалт, хамгаалалтанд авсан. 2011 оны 05 дугаар сарын 30-ний өдөр А/440 дүгээр захирамжаар 112 мкв нэмж 2512 м/кв болгон “Н” ХХК-д эзэмшүүлсэн байдаг. Энэхүү эзэмшүүлсэнтэй холбоотой асуудал гарч шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байгаа. Үүний дараагаар 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ****захирамжаар 2400 м/кв-аас 1098 м/кв газрыг хасч манай газрыг 1414 м/кв болгож өөрчилсөн ба уг асуудлаар гурав дахь шатны шүүхээр явсан. Үүнтэй холбоотой баримтыг шүүх дүгнэсэн тухай баримт хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа. Дээрх шүүхийн шийдвэрээр “Н” ХХК-ийн нийт газрыг 2400 м/кв-т талбайгаар тооцож олгосон үйл баримтууд байдаг. Үүний дараагаар Нийслэлийн Засаг даргын зүгээс “И” ХХК-тай холбоотой захирамжууд гарсан ба хамгийн сүүлийн захирамж болох нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн болох 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжаар өмнөх шүүхийн холбогдох шийдвэрүүд дээр тодорхой үйл баримтын талаар дүгнэсэн хэсгийг үндэслэлгүйгээр “И” ХХК-д үндэслэлгүйгээр нэмж олгосон зүйл болсон. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамж гарахдаа тодорхой хуулийн зүйл заалтыг үндэслэсэн гэж дурдсан. Үүнд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаар зохицуулсан байдаг. 

Мөн хуулийн 29.2. Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж тус тус заасан байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 тус тус үндэслэж уг захирамжийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн жилд олгох боломжтой газарт “И” ХХК-нд нэмж олгосон газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 21.2.3. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. 21.2.4. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах. Бас Дүүргийн Засаг даргын саналыг авсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байдаг.  Тиймээс маргаан бүхий захирамж нь хууль нийцэж гараагүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Уг захирамжаа болж нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар гуравдагч этгээдийн зүгээс дурддаг. Үүн дээр тайлбар хэлэхэд Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн процессын дагуу  газар олгох ёстой байсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Гуравдагч этгээд “И” ХХК-нд газар нэмж олгосон үндэслэл хурлын тэмдэглэл дээрээс үзэхэд дуудлага худалдаа зарлах гэдэг өгүүлбэр байдаг ба дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр зөвшөөрөв гэдэг л өгүүлбэр байдаг. Өөрөөр хэлбэл уг газрыг нэмж олгосон гол үндэслэл энэ байдаг. 

Хэрвээ дуудлага худалдаа хийх байсан юм бол хөрш, зэргэлдээ байдаг газрууд нь удаа дараа эзэмших тухай хүсэлтүүдээ гаргаж байсан этгээд нь дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан. Энэхүү эрхээр нь яагаад төрийн захиргааны байгууллага хангаж өгөхгүй байгаа юм.  Дуудлага  худалдаан оруулаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн сүбьктив эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс тухайн газрыг эзэмших талаар хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж байсан ба энэ талаар яг хууль тогтоомжид зааснаар шийдвэрлээгүй хэрнээ тэгш бусаар хандаж бусдад олгож байгаа нь төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь хэр зэрэг оновчтой болох талаар эргэлзээтэй байна. Маргаан бүхий газрыг бол нэхэмжлэгчийн хувьд авто зогсоолын хэлбэрээр ашиглаж байгаа. Тухайн газрын түүнээс  өөр байдлаар ашиглах боломж  байхгүй. Маргаан бүхий газарт шүүхийн зүгээс үзлэг хийсэн болохоор энэ талаар тодорхой харсан байх. Мөн “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-нд нэмж олгосон 112 м/кв-т газартай холбоотой захиргааны хэргийг тус шүүх шийдвэрлэсэн байдаг. Уг шүүхийн шийдвэрийг “Н” ХХК-нь ойлгосон учраас давж заалдах болон хяналтын шатны шүүхээр явсан зүйл байдаггүй. Ямар шалтгаанаар тус шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бэ гэхлээр нийтийн эзэмшлийн газар буюу орц, гарц гэж үзсэн учраас аль аль нь ашиглах боломжтой гэсэн үүднээс уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гуравдагч этгээд энэ талаар орц гарцыг өөр газраар хийх боломжтой гэдэг асуудлыг ярьдаг. Энэхүү асуудлаар бас нэг хэрэг шүүхээр явдаг “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хашаа болон пүтэг буулгах талаар нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг байдаг. Уг хэрэг нь одоогийн байдлаар түдгэлзсэн төлөвтэй байдаг. Тухай хашаа буулгаад тэрүүгээр орц гарц хийсэн тохиолдолд уг хэсэг дээр ногоон байгууламж байдаг. Энэ талаар шүүхийн үзлэгийн баримт нь дээр байдаг. Уг газарт орц гарцыг хийх юм бол тэр модыг тайрахаас өөр арга байхгүй. “И” ХХК нь өөрийн барилгыг барихдаа олгосон газрынхаа хэдий хэмжээнд нь барилгажих ёстой байсан талаар хуулийн шаардлага бас байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх гэж заасан байдаг. Гуравдагч этгээд “И” ХХК нь бид нар зогсоолгүй учраас зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгнө үү? зогсоолгүй учраас уг газрыг авах талаар хүсэлтийг гаргаж байгаа гэдэг зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа барилгаа барихдаа зогсоолын асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Тиймээс зургийн дагуу барилгажилтийн асуудал хийгдсэн бол өнөөдөр зогсоолгүй гэдэг асуудал яригдахгүй байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгч компани эзэмшиж байсан. Маргаан бүхий газрыг эзэмшиж байх үед “И” ХХК нь нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг манай барилгаруу орох нийтийн эзэмшлийн талбайд Нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөн газар олголоо гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг агуулгыг гаргасан байдаг. Мөн манайх эзэмших тухай хүсэлт гаргаж байхад нийтийн эзэмшлийн талбай гээд хариуцагч байгууллагад бид нарт мэдэгдэж байсан талаар үйл баримт хэргийн материал дээр авагдсан байдаг. Хариуцагч тал *** дугаарт шийдвэрт хэргийн шүүх хуралдааны тайлбар өгөхдөө уг газрыг нийтийн эзэмшлийн талбай гэдэг агуулгатай тайлбар өгч байсан. Шүүхийн зүгээс уг хэргийн талаар дараах дүгнэлтийг өгсөн байдаг. Иргэн аж ахуй нэгжийн эзэмшилд байгаагүй авто машины зогсоолоор ашигладаг, нийтийн эзэмшлийн газрыг гэж дүгнэсэн байдаг. Уг шүүхийн шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, мөрдөгдөх ёстой шүүхийн шийдвэр байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.4-т  Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн талбайг гэдгийг нэгэнт шүүх дүгнэсэн учраас дахин уг асуудлаар бид нар дахин хэлэлцэх шаардлага байхгүй. Тийм учраас энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаар ч өгнө үү. 

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг гаргасан хууль зүйн үндэслэлийн хувьд дараах тайлбарыг хэлье. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу олгогдох ёстой байсан. Шинээр олгогдож байгаа газар маань мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасан үндэслэлийн аль нэгнээр олгогдох ёстой байсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т  энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. Гэтэл тухай газар нь дээрх зохицуулалтын аль алинд ч хамаарахгүй. Тиймээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зайлшгүй баримтлах шаардлагатай байсан.

Өөрөөр хэлбэл газар олгох асуудлаар дуудлага худалдаа зарлах ёстой байсан. Тиймээс гуравдагч этгээдэд газар нэмэгдүүлж олгоно гэсэн зүйл огт байхгүй. Маргаан бүхий захирамж гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 заасан хуулийн заалтыг баримталж байгаа тохиолдолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын ерөнхий хөгжлийн ерөнхий төлөвлөгөө үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулах ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэн гэж заасан байдаг. Дээрх тохиолдолд шүүхийн зүгээс дараах зүйлийг анхаар ч үзэх шаардлагатай. Тухайн газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар олголтоор тусгагдсан эсэх, тухайн жилийн газар зохион байгуулах төлөвлөгөөнд уг газрыг иргэн аж ахуй нэгжид олгон гэж тусгасан эсэх талаар анхаар ч үзэх хэрэгтэй. Дээрх шаардлагыг хангаагүй байх юм бол хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн үг. Гол шалгуур нь дээрх шаардлагыг хангасан байх шаардлагатай байдаг. Хариуцагч талаас гуравдагч этгээдэд газар олгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл өмнөх шүүхийн шүүх хуралдаан дээр нийтийн эзэмшлийн талбай гэж тайлбарлаж, тийм итгэл үнэмшил нэхэмжлэгчид олгочхоод нэхэмжлэгч цаашаа маргах шаардлагагүй болсны дараа өөр этгээдэд газар нэмж олгож байгаа нь тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс маргаан бүхий захирамж гарсан хууль зүйн үндэслэлийг харахад хүчингүй болгох үндэслэл тодорхой харагдаж байна. Тиймээс маргаан бүхий захирамжийн “И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амарын 4 хаягт оршин “Н” ХХК-нд 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 216 тоот захирамжаар 1075 м2 талбайтай газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 

Уг талбайг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан техНийн зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн хурлаар эс зөвшөөрсөн тухай хурлын шийдвэр гарсан. 

“Н” ХХК нь манай газарт 2014 оны 03 дугаар сарын 27-ны *** тоот албан бичгээр “эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд газрын хууль тогтоомжийн дагуу техНийн зөвлөлийн хурлаар оруулж, 1075 м.кв талбай дээр 406 м.кв талбайг нэмж баталгаажуулахыг зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот захирамжаар газрын хэмжээг 1481 м.кв болгон шийдвэрлэсэн. 

“Н” ХХК нь тус захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж **** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай эзэмшихээр авсан болно. 

“Н” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар захирамжаар 2400 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай конторын зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот захирамж нь “Н” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ” гэжээ. 

Гуравдагч этгээд “Н” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар   сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “нийтийн эзэмшлийн газар” гэж үзсэн мөн Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, хуулийн этгээдэд адил тэгш боломж олгох ёстой гэж тус тус дурьдан, тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хууль зөрчсөн, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзжээ. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрийн агуулга, тухайн хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаад буй үйл баримт, нөхцөл байдлаас өөр юм.

 “Н” ХХК-ийн өөрийн эзэмшил 2400 мкв газрын барилгаажаагүй талбайтай залгаа “Н” ХХК-ийн 1075 м.кв газар дээр байрлах барилгын өмнөх талбайг өөрийн барилгаа эзэмших, өмчлөх нөхцөлийг хангах зориулалт бүхий /авто зогсоол, орц гарц/ барилгажаагүй өөрийн талбайтай газар эзэмшигч “Н”-д олгосон нь нөгөө газар эзэмшигч болох “Н” ХХК-ийн газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших эрхийг хязгаарласан байна гэж шүүх дүгнэсэн. 

Нөгөө талаас аль нэг аж ахуйн нэгжийн эзэмшлийн бус тэрхүү газрыг үл хөдлөх хөрөнгө болон газартаа нэвтрэх, орох, гарах зэргээр эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх талбайгүй газар эзэмшигчийн өмнөх газар байсан учраас “нийтийн эзэмшлийн газар” гэж үзсэн. 

Тэрнээс өөрийн барилгын өмнө барилгаажаагүй газар бүхий талбайтай, тэр барилгаажаагүй талбайгаа авто зогсоол болгочихсон, орц гарцны хэсгээ өөрөө сайн дураар тоосгоор битүүлэн хааж тэр хэсгээ мөн авто зогсоол болгочихоод зэрэгцээ хойд барилгынхаа урдах талбай руу орох, гарах хөдөлгөөнийг дураараа хориглосон хашаа пост барьчихсан газар эзэмшигчийн эрх ашиг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгээс болж зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ’‘...үл хөдлөх хөрөнгө рүүгээ орж гардаг, авто машины зогсоол хэлбэрээр ашигладаг нийтийн эзэмшлийн газрыг нэг этгээд буюу “Н” ХХК-д конторын зориулалтаар эзэмшүүлж, Газрын тухай хуулийн 21 д^гээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхээ хэтрүүлснээс “Н” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж. ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учрахаар байна” гэж дүгнэсэн бөгөөд яагаад нийтийн эзэмшлийн газар гэж дүгнэсэн бэ гэхээр тэрхүү газрыг нэг этгээд эзэмших нь “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөхцөл бүрдсэн учир. 

Харин анхнаасаа газраа конторын зориулалтаар эзэмших эрхтэйгээр авсан бөгөөд тухайн барилгаа эзэмших, ашиглах нөхцөлийг хангасан талбайтай, нийт эзэмшиж буй 2400 мкв газрынхаа дөнгөж 1414 м.кв хэсгийг барилгажуулсан, үлдэх 986 мкв газрыг конторын барилгыг хэвийн ашиглах орц гарц, авто зогсоол зэрэгт ашиглаж буй газар эзэмшигч “Н” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхгүй тул нийтийн эзэмшлийн газар гэж үзэх боломжгүй. Тийм ч учраас нэхэмжлэгч тэрхүү хэсэг газрыг олгосон нь манай газар болон үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж, ашиглахад саад учруулна гэж дурьдаагүй зөвхөн “..өмнө нь шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн газар гэж үзсэн”, “..тэгш боломжийг олгосонгүй ...” гэсэн үндэслэл бичсэн. 

Нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан “...тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн гэж үзсэн тухайд: Харин ч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн шаардаад буй тэгш байдлыг хангах зарчмыг баримталсан шийдвэр болсон. 

Анх “Н” ХХК болон “Н” ХХК-ийн хоорондох барилгаажаагүй нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газрын талаас илүү хувийг багтаан, 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар 2400 мкв газрыг конторын зориулалтаар “Н” ХХК-д эзэмшүүлсэн.Үүний үр дүнд “Н” ХХК нь дундаа эзэмшиж ашиглах талбайгаас өөрт ногдох хэсгийг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр дангаараа эзэмшиж ашиглах эрхтэй болсон. Иймд үлдсэн хэсэг газрыг нийтийн эзэмшлийн газар гэж хэлж болох газрыг хамтран эзэмшигч ашиглагч байсан “Н” ХХК-д эзэмшүүлсэн нь 2 хуулийн этгээдэд тэгш хандаж, хоёуланд нь тухайн газар болон барилгаа эзэмших, ашиглах нөхцөлийг нь хангасан шийдвэр юм. Ийнхүү олгосноор 2 аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдөхгүй, өөр өөрсдийн орц, гарц, авто зогсоол хийх талбайтай болсон. 

Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 440 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг бол 2 аж ахуйн нэгжийн барилгын дундах талбайгаас  талаас илүү хувийг эхлээд нэг аж ахуйн нэгжид эзэмшил хамруулан олгочихоод, хэдэн жилийн дараа үлдсэн хэсэг талбайг өмнө нь олгосон аж ахуйн нэгжид дахин олгож, 2 аж ахуйн нэгжид тэгш хандаагүй, нэгэнд нь давуу байдал олгосон асуудал юм. Тийм учраас шүүхээс хүчингүй болгосон гэж үзэж байна. 

“Н” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгийг бий болгосон ба тэрхүү үл хөдлөх эд хөрөнгө болох барилгынхаа тодорхой хэсгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх эрхтэй тул түрээслэгч нарыг түрээслүүлсэн байрандаа хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах нь тусдаа бидний асуудал юм. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагчийн байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчсөн процессыг нэхэмжлэгч талаас дурдаж байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч байгууллагатай мэтээр тайлбар өгч байна. Гуравдагч этгээд уг газрыг эзэмшсэнээрээ нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох барилга байгууламжруугаа орох орц, гарцын хаасан эсэх талаар тайлбарыг огт хэлдэггүй. Энэ талаар хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээ энэ талаар дүгнэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас бас сонгон шалгаруулалтын үнийг төлөөгүй эсэх талаар тайлбар хэлж байна. Гэтэл гуравдагч этгээдээс хууль болон дүрэм, журмын хүрээнд уг газрын үнийг төлж авсан байдаг. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж тайлбарлаж байгаа зүйл нь зөвхөн 312 м/кв-т тайлбар дээр л асуудал байгаа. 383 м/кв-т талбай биш. Өмнө нь шүүхийн шийдвэрээр 2512 м/кв-т талбай эзэмшиж байсныг нь 2400 м/кв-т болгосон л гэж маргаж байгаа. Гэтэл дуудлага худалдаанд оролцох эрхээ маань хангасангүй гэдэг зүйлийг хэлдэг боловч дуудлага худалдаатай холбоотой гомдлыг гаргасан зүйл огт байдаггүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны явсан эсэх асуудлаар хэлэлцээгүй ба зөвхөн газар эзэмших акттай холбоотой л маргаан явж байгаа. 112 м/кт-тай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа ба шийдвэрийн 4 дүгээр хуудасны 21-24 дүгээр мөр нь дээр шүүгч н.Мөнхжаргал уг хэргийн шийдвэрлэхдээ ямар дүгнэлт өгсөн гэхлээр хэд хэдэн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөрүүгээ орж, гардаг, буюу орц гарцын хэсэг буюу авто машины зогсоол хэлбэрээр ашигладаг, нийтийн эзэмшлийн талбайг нэг этгээд буюу нийтэд контор зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан хэсгийг  зөрчсөн байна гэдэг л дүгнэлт гаргаж 112 м/кв-т талбайг л хүчингүй болгосон байдаг. Уг шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрыг “И” ХХК-ийн орц гарц байна гээд шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалт зарласан бол оролцох байсан гэж дурдаж байна. Гэтэл гуравдагч этгээдийн орц гарцыг өөр этгээдэд эзэмшүүлэхээр дуудлага худалдаа зарлах нь логикийн хувьд учир дутагдалтай байна. Тиймээс уг асуудлаар шүүх 2012 оны  08 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаарт шийдвэрээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн сонгон шалгаруулалтын үнийг төлөөд буюу процессын дагуу өөрийн орц гарцын урд хэсгийг л эзэмшсэн. Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33.1.1-т заасан хэсгийг зөрчиж, мөн холбогдох хууль тогтоомжийг биелүүлэхгүйгээр ганцхан “И” ХХК-нд газар олгосон гэдэг тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэлж байна. 

Уг тайлбарыг сонсоход маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар субъектив эрх нь зөрчигдсөн талаар ойлгомжгүй байна. Тиймээс уг акт гаргаснаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, сүбьетив эрхэд нь халдсан захирамж хариуцагч байгууллагын зүгээс гаргаагүй. Хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд байрлах зураг дээр тайлбар хийв. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрээр хэнд ч эзэмшүүлж болохгүй газар гэдэг зүйлийн нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурддаг. Гэтэл шүүхийн шийдвэр дээр тэгж заасан зүйл байхгүй. Уг газрыг яагаад заавал “И” ХХК нь эзэмших ёстой бэ гэхлээр хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. “И” ХХК-ийн дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн авто машиныг ачдаг ба өдөрт 10-20 машиныг ачдаг. Иргэдээ манай компанид авто машины зогсоолоо шийдвэрлэн үү гээд байнга гомдол саналыг гаргадаг. Уг газрыг зөвхөн “И” ХХК нь өөрийн эрх ашгийн төлөө ашиглах гэж байгаа зүйл байхгүй. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн авто машиныг зогсоох буюу нийтийн эрх ашгийн төлөө л авто зогсоол хэлбэрээр ашиглах гэж байгаа. Гэтэл авто зогсоолоор ашиглах гэж байгаа газарт нэхэмжлэгч компаниас нэг пост тавьчхаад хэнийг ч оруулдаггүй. Тиймээс уг газрыг ашиглах гэж байгаа цаад зорилгын шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ойлгомжтой асуудлаар ойлгомжгүй хэлбэрт оруулж, олон хуулийн зүйл заалт ярьж байгаа нь уг асуудлыг бүүр ойлгомжгүй болгож байна. Шүүх үйл ажиллагаандаа шударга ёсыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч талаас хуулийг буруугаар ашиглах гэж байгаа мэт харагдаж байна. Тиймээс нэхэмжлэгч тал шударга ёсны талаар ярих шаардлага байхгүй. 1990 оноос хойш Улаанбаатар хотод баригдсан хамгийн анхны номын дэлгүүр ба Улаанбаатар хотын хамгийн гол номын дэлгүүр байдаг.

Яг үнэн бодит байдал зүйл бол тэр олон хуулийн зүйл заалт биш. Бодиттой зүйл бол гарт баригдаж, нүдээр харагдаж байгаа зүйлийг ойлгоно. Ялангуяа сүүлийн хэдэн жилд манай дэлгүүрийн авто машины зогсоол хүндрэлтэй байгаа. Ар талын авто машины зогсоол дээр одоо машин тавиулахаа больсон. Нэхэмжлэгч компани хашаа барьчхаад хашаа нь хоосон байдалтай л байдаг. Маргаж байгаа газар нь орц гарц биш, нэхэмжлэгч тал өөрөө орц гарцаа хааж, өөрөө хашаа барьсан байгаа. Хашаа байсан газар онгорхой байх ёстой. Гэтэл хашааг буулгах юм бол тэнд ногоон байгууламж байгаа учраас боломжгүй мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэтэл уг газарт гарц гаргасан тохиолдолд ногоон талбай эвдэгдэхээр зүйл огт байхгүй. Энэ талаар тухайн газарт очиж үзвэл худлаа хэлж байгаа нь нотлогдоно. Нэхэмжлэгч талын барилгын зогсоол нь нэг хүнд хоёр авто машины зогсоол ногдох хэмжээний зогсоолтой. Нэхэмжлэгч компани гадна авто зогсоол хангалттай байдаг. Харин гуравдагч этгээдийн хувьд авто машины зогсоол хангалтгүй гэдэг нь хүн бүр мэдэж байгаа. Уг газарт нэхэмжлэгч компани нь хашаа болон пүткыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьсан” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өмнө уг асуудлын дагуу шүүхийн шийдвэр байдаг учраас нийтийн эзэмшил учраас энэ талаар маргах шаардлага байхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамжтай холбоотой ямар ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь “Н” ХХК-д нэмж эзэмшүүлсэн газрын баруун хойд талын 78 м.кв, баруун урд талын 5 м.кв газар буюу нийт 83 м.кв газрын асуудал дээр маргахгүй тул “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газраас 83 м.кв газрыг хасч, үлдсэн 323 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал: 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжаар “Н” ХХК-д нэмж 406 м.кв газрыг эзэмшүүлэхээс өмнө “Н” ХХК нь харуулын байр буюу постоо “Н” ХХК-ийн барилгад залгаж барьсан байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна, мөн “Н” ХХК нь маргаан бүхий газарт байрлаж буй цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсаны улмаас “Н” ХХК нь өөрийн барилга руу автомашинаар орж, гарах орц, гарцыг өөрсдөө хаасан, уг цахилгааны дэд станцын урд талаар авто машин явах боломжтой гэж “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. 

“Н” ХХК-ийн барилгад залгаж “Н” ХХК нь харуулын байр буюу пост барьсан болох нь, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь болох нь шүүхээс хийсэн үзлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “... газрын тухай хууль тогтоомж, ...хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газрыг, ... хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, ... төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж газар эзэмшигчийн үүргийг, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус хуульчилсан.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, газар эзэмшигч газраа хууль тогтоомжийн дагуу зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч улмаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах нь Нийслэлийн засаг даргын бүрэн эрх буюу чиг үүрэг байх ба газрыг зохистой ашиглах, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх нь газар эзэмшигчийн үүрэг байна.

Гэтэл хариуцагч буюу Нийслэлийн засаг дарга нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, дээрх нөхцөл, байдлуудыг буюу нэхэмжлэгч гуравдагч этгээдийн маргаж байгаа асуудлуудыг судлан, шалган үзэж, шийдвэрлэлгүйгээр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжаар “Н” ХХК-д нэмж газар эзэмшүүлсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нягтлан шалгаж, шийдвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийг гаргахаасаа өмнө “Н” ХХК-ийн барилгад залгаж “Н” ХХК нь харуулын байр буюу пост барьсан нь хууль нийцсэн эсэх буюу бусдын эрхийг хөндсөн эсэх, уг харуулын байрыг албадан чөлөөлөх эсэх, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь орц, гарц хаасан эсэх, цахилгааны дэд станцын урд талаар авто машин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм журам, норм стандартад нийцэх эсэх зэрэг асуудлуудыг судлан шалгаж, шийдвэрлэсний дараа гуравдагч этгээд буюу “Н” ХХК газар нэмж эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

Хариуцагч Нийслэлийн засаг дарга нь дараах нөхцөл байдлуудыг судлан, шалган үзэж, шийдвэрлэсний үндсэн дээр “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ актыг гаргасны дараа “Н” ХХК газар нэмж эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой гэж шүүх үзлээ. Үүнд: 

• “Н” ХХК-ийн барилгад залгаж барьсан “Н” ХХК-ийн харуулын байр буюу постыг албадан чөлөөлөх эсэх,

• Маргаан бүхий газарт байрлаж буй цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь “Н” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа эсэх буюу уг тоосгон хашааг барьсанаас шалтгаалж уг маргаан үүссэн эсэхийг шалган тодруулж, шийдвэрлэх,

• Цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж барьсан тоосгон хашааг буулгаж, авто машин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэх эсэх 

Дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, шийдвэрлэх үүргээ Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.  

Зүй нь хариуцагч дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн шалган үзэж, шийдвэрлэсний дараа Н” ХХК газар нэмж эзэмшүүлэх, эсхүл эс эзэмшүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой  байжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг шалган үзэж, шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээ ба шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул уг нөхцөл байдлуудыг хариуцагчаар өөрөөр нь шалгаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 Иймд “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ актыг Нийслэлийн засаг даргаас гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж буй боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэ хүсэлт үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд Нийслэлийн засаг дарга нь шүүхээс тогтоосон 4 /дөрвөн/ сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсэг хүчингүй болно. 

Жич: Шинжээчийн дүгнэлт гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шинжээчийн дүгнэлт гаргасны хөлс, зардлыг нэхэмжилсэн холбогдох нотлох баримтуудыг  шүүхэд ирүүлээгүй байх тул шинжээчийн зардлын асуудлыг уг шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй байна. 

Шүүх хариуцагч шалгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж буюу Нийслэлийн Засаг даргаас захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн  Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч “Нийслэлийн Засаг дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны акт гаргасны дараа “Н” ХХК-д газар нэмж эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргаас “Н” ХХК болон “Н” ХХК-уудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ***тоот захирамжийн “Н” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.БАТЗОРИГ