Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01097

 

 

 

 

2022 06 08 210/МА2022/01097

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00797 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Огийн хариуцагч Б.Ш-т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Ш- нь Ц.Огээс 2010 онд үйлдвэрлэсэн Chevrolet Camaro маркийн 4011 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч нь тохирсон хугацаандаа автомашины үнийг төлөөгүй тул миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Б.Ш- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Огийн хохиролыг төлөхөөр Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ-г байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Б.Ш- нь гэрээнд заасны дагуу 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алданги 11,600,000 төгрөг, нийт 51,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Ш- нь Ц.Огээс 4011 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгөөр худалдаж аваагүй. Хариуцагч нь Ц.Огийн найз Д.Бавуужаваас бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож, Д.Бавуужавт өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бетон зуурмагийн төлбөрт тооцон шилжүүлж,зөрүү төлбөрт Д.Бавуужаваас тээврийн хэрэгслийг хариуцагч нь 20 гаруй сая төгрөгөөр худалдан борлуулж, өөрийн зөрүү төлбөрийг гаргуулан авсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас машины төлбөр болох 70,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлж, чамайг яллагдагчаар татуулна гэх мэтээр сүрдүүлж байсан бөгөөд цагдаагийн албан хаагч намайг загнаж, чи хүнээс залилсан мөнгөө өг гэх мэтчилэн айлган сүрдүүлж эхэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Огийн хэлснээр нотариат орж, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг цагдаад өгвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй, гомдлоо татаж авлаа гэсэн. Ц.Огийн тээврийн хэрэгслийг хариуцагч нь 20 гаруй сая төгрөгөөр худалдан борлуулсан байх тул түүнд 30,000,000 төгрөгийг төлж, цаашид төлөх төлбөргүй болсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолын агуулга: Иргэний хуулийн 232.6, 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ш-ээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 415,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хурал 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон боловч төлөөлөгч М.Цэлмүүн нь хүүхдийнхээ сургуулиас зохион байгуулагдсан спорт тэмцээнд эцэг, эхийн төлөөлөл болон оролцох болсон тул товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн намайг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Огийн нэхэмжлэлтэй Б.Ш-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Ш-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 51,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Б.Ш- нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Огээс 2010 онд үйлдвэрлэсэн Chevrolet Camaro маркийн 40-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдагч Ц.О нь уг автомашиныг Б.Ш-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Б.Ш- нь автомашины үнэд 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.О нь Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст автомашин худалдсан төлбөрөө авч чадахгүй залилуулсан гэх өргөдөл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3355 дугаар тогтоолоор иргэд хоорондын иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан ба залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх 6-7/

4. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Б.Ш- нь Ц.Од 2019 онд аман хэлбэрээр байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээний төлбөр 70,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан шилжүүлэх, хугацаандаа төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. /хх 5/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний 4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги болох 11,600,000 төгрөгийг хариуцагч Б.Ш-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Одсүрэнд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд үүрэг хүлээсэн этгээд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

5. Талууд автомашины үнийг 70,000,000 төгрөгөөр тохиролцсон нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байх тул хариуцагчийн тээврийн хэрэгслийг 20 гаруй сая төгрөгөөр худалдаж түүнд 30,000,000 төгрөгийг төлсөн, цаашид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн нь давж заалдах гомдолдоо ... шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн хангаагүйд гомдолтой байна гэжээ.

Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/04844 дугаар захирамжаар хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болохоо нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн Ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 2021-2022 оны хичээлийн жилийн спорт өдөрлөг I-XII ангийн удирдамж гэх нотлох баримт нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй төдийгүй уг спорт өдөрлөгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох талаар удирдамжид дурдаагүй байх тул энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгааныг ойлгох учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БЯМБАСҮРЭН