Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01479

 

2022 08 10 210/МА2022/0

 

"ХС" ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01202 дугаар шийдвэртэй

"ХС" ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

ТСХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хатансүлд ББСБ ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТСХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3%-ийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Лексус 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаалж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Талууд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулж, тухайн үеийн байдлаар 99,960,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирсон боловч мөн л төлбөрийг төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардсаар ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч ТСХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай уулзахад тэрээр, зээлийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ТСХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж Хатансүлд ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хатансүлд ББСБ ХХК болон ТСХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ талаар маргаангүй. Харин зээлийн хүү, алдангийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хатансүлд ББСБ ХХК болон ТСХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 60,000,000 төгрөгийг ТСХХК төлөх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ маргааны оролцогч талуудын хооронд байгуулагдсан тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үнэ болох 34,936,693 төгрөгийг Хатан сүлд ББСБ ХХК нь ТСХХК-д төлөх үүрэг хүлээсэн гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Хатансүлд ББСБ ХХК болон ТСХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ТСХХК бүрэн биелүүлж, гэрээний дагуу Платиниум зочид буудлын шугам хоолойнуудад төхөөрөмжүүдээ суурилуулан өнөөдрийг хүртэл Хатансүлд ББСБ ХХК-ийн хүсэлтээр техник үйлчилгээ хийж ирсэн тул уг гэрээний үнийн дүнгээр Хатансүлд ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг төлөгдсөнөөр тооцогдох ёстой хэмээн ойлгож өдий хүрсэн. Тийм ч учраас манай компанийн зүгээс өнөөдрийг хүртэл энэхүү гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаагүй. Гэтэл Хатансүлд ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний үнийг тооцоогүй байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д заасан, эсхүл 76.5-д заасан нөхцөл байдал байх тул 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаар гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдийн аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй тул тусгайлан тайлбар гаргах боломжгүй. ТСХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруурагч нийлүүлэх гэрээ-тэй холбоотой асуудлаа жичдээ нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд зээлийн гэрээний үүрэгт харилцан тооцуулахаар аль ч гэрээнд тусгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан шаардлагыг хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТСХХК-аас 100,000,000 / нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хатансүлд ББСБ ХХК-д олгож, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2., 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хатансүлд ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч ТСХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,975 төгрөгнөөс 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 279,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ТСХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт бараа нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцох үндэслэлгүй гэж үзэн гэрээний үүргийг харилцан тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үүрэг, бараа нийлүүлэх гэрээний үүрэг ч тэр аль аль нь төгрөгөөр нэхэмжлэгдэж байгаа. Гэтэл шүүх хуульд заагаагүй үндэслэл гаргаж, хуулийг буруу тайларлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх 2014 оны зээлийн гэрээний үүрэгт 2016 оны тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үүргийг харилцан дүгнэж тооцсон хэлбэрээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Үндсэн зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч тал маргадаггүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдсон тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргадаг. Гэтэл нэг нь зээлийн гэрээ, нөгөө нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Шүүх бүрэлдэхүүн эвлэрэх талаар асуугаагүй бөгөөд аль ч шүүхийн шатанд эвлэрэх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хасаад эвлэрэх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Хатансүлд ББСБ ХХК нь хариуцагч ТСХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаар гэрээний үүрэгт 52,405,040 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

3. Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч 60,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдсон.

4. Талууд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, уг хэлцлээр зээлдэгч ТСХХК нь үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 85,920,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,184,000 төгрөг, нийт 163,104,000 төгрөг төлөх үүрэгтэй байгаагаас 100,000,000 төгрөгийг Хатансүлд ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч Хатансүлд ББСБ ХХК нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж үзэх үндэслэлгүй. Харин талууд тооцоо хийж төлөх төлбөрийн хэмжээ болон хугацааг тодорхойлсон шинэ хэлцэл хийжээ. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсгэсэн гэж дүгнэнэ.

Талуудын хооронд байгуулагдсан уг хэлцэл Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан ажил хэргийн хүрээнд үйлдэгдэх тооцоо нийлэх гэрээнд хамаарахгүй юм.

5. Нэхэмжлэгч Хатансүлд ХХК болон хариуцагч ТСХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, ТСХХК 100,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр дээрх 2018 оны хэлцэлд хүлээх үүрэгт хугацаа тогтоож, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

6. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр байх тул хариуцагч ТСХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

7. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх мөнгөн хөрөнгөд нэхэмжлэгчээс тоног төхөөрөмж суурилуулахтай холбоотой төлөх мөнгөн хөрөнгийн үүргийг харилцан тооцуулах агуулгатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д зааснаар шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлд хамааруулж дүгнэсэн нь буруу болжээ.

Харин сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Иймд зээлийн гэрээний үүрэгт тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үүргийг харилцан тооцсон хэлбэрээр шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/01202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, 2 дахь заалтын 65 дугаар зүйлийн 65.1.2, 117 дугаар зүйлийн 117.1 гэснийг 73 дугаар зүйлийн 73.2 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.БЯМБАСҮРЭН