Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон И овогт Н.М-эд холбогдох 1811014960655 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Бөмбөгөр худалдааны төвд туслах тогооч ажилтай, сарын 650.000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2-10 насны 2 хүүхдийн хамт амьдардаг,  Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 20 дугаар гудамж 1170 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Н.М, (РД:),

нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 37 дугаар гудамжинд байрлах №087 худгийн ар талд хохирогч Д.Нарангэрэлтэй ноцолдох явцдаа түүний баруун гарыг хазаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Н.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 19-20 цагийн орчимд би найз Доржийн утас засварын газар болох 7-н буудлын Абсолют гэдэг төвд очсон юм. Тухайн үед манай найз Дорж бас нэг утас засдаг найзынхаа хамт сууж байсан. Тэгээд гурвуулаа хамт архи уух гээд гарсан бөгөөд ажлаас нь гарах явцдаа би Доржийн найзтай нь шатан дээр маргалдсан. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор яг ямар шалтгаанаас болж маргалдснаа мэдэхгүй байна. Тэгээд зам гараад нэг худгийн ард очоод бид хоёр барьцалдаж авсан бөгөөд нэг нэгнийгээ цохисон асуудал болоогүй. Тэр залуу намайг боохоор нь би доошоо тонгойгоод гарнаас нь хазчихсан гэжээ.

Хохирогч Д.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би хамт ажилладаг найз Б.Доржтой хамт Хүсэл гээд пабад хамт пиво ууж байгаад 15 цагийн орчим ажил руугаа ороод ажлынхаа байран дээр сууж байтал Б.Доржийн танил бололтой нэг залуу мөн халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд тэр залуугийн хамт Б.Дорж бид хоёр явахаар болоод Б.Дорж эхлээд бид хоёрыг гарч бай гэхээр нь би нөгөө залуугийн хамт гарсан. Бүрэн плазагаас гараад замын баруун тал руу гарах гэж байтал нөгөө залуу "Надтай үзэх үү" гэх мэтээр намайг өдөөд байсан. Бид хоёр зам гараад улаан худгийн хажууд очиж зогссон чинь надтай ноцолдсон бөгөөд тэр залуу миний хөлийг авах гэхээр нь би дээрээс нь дараад байж байтал миний баруун гарын долоовор хурууг хазчихсан. Б.Дорж араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл тэр залуу наадахыг чинь хазаж ална гээд дахиад миний баруун гарын бугалга орчмоос хазсан. Тухайн үед би нилээн согтсон байсан бөгөөд хуруугаа хазуулаад хэсэг гайхаж шоконд орсон. Б.Доржоо бид хоёрыг салгачихаад аваад явсан гэжээ.

Гэрч Б.Дорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд би ажил дээрээ байж байтал зүс таних залуу /Н.М/ орж ирсэн би нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр залуу намайг завтай байна уу чамд баярласнаа илэрхийлж нэг газар орж суух гэсэн юм, чамайг дайлах гэсэн юм гэхээр нь би хамт ажилладаг Нарангэрэл гэдэг найзтайгаа хамт явахаар болоод зүс таних залуу Нарангэрэл хоёрыг гарч бай гээд би өөрөө ажлынхаа өрөөг түгжчихээд Абсолют төвөөс гартал нөгөө зүс таних залуу манай найз Нарангэрэлийн хүзүүг нь гараараа баглаад зам гараад явж байсан. Тэгээд би араас нь очтол замын цаана байдаг худгийн ард нөгөө залуу Нарангэрэлийн хурууг нь хазчихсан сэгсэрчихсэн байсан. Тэгээд би арай хийж салгаад яаж байгаа юм гэхэд нөгөө зүс таних залуу би шорон оронд байсан хүн, би мэдүүлгээ яаж өгөхөө мэдэж байна яадаг юм гэсэн гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.29-ний өдрийн ¹6846 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Д.Нарангэрэлийн баруун 2-р хуруу, баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.М нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 37 дугаар гудамжинд байрлах №087 худгийн ар талд хохирогч Д.Нарангэрэлийг "Надтай үзэх үү" гэх мэтээр өдөж, түүнтэй ноцолдох үедээ баруун гарынх нь долоовор хуруу, баруун бугалга орчмоос хазаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогчийн  “...нөгөө залуу "Надтай үзэх үү" гэх мэтээр намайг өдөөд байсан. Бид хоёр зам гараад улаан худгийн хажууд очиж зогссон чинь надтай ноцолдсон бөгөөд тэр залуу миний хөлийг авах гэхээр нь би дээрээс нь дараад байж байтал миний баруун гарын долоовор хурууг хазчихсан. ...тэр залуу наадахыг чинь хазаж ална гээд дахиад миний баруун гарын бугалга орчмоос хазсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Доржийн “...Абсолют төвөөс гартал нөгөө зүс таних залуу манай найз Нарангэрэлийн хүзүүг нь гараараа баглаад зам гараад явж байсан. Тэгээд би араас нь очтол замын цаана байдаг худгийн ард нөгөө залуу Нарангэрэлийн хурууг нь хазчихсан байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.29-ний өдрийн ¹6846 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Их шар овогт Намжилын Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүгдэгчийн саналаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч И овогт Н.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ