| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2512001320188 |
| Дугаар | 2026/ДШМ/20 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/20
2026/ДШМ/20
Ө, Х, Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: М.Гансүх
Хохирогчийн өмгөөлөгч В.Удвал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Ө, Х, Д,
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бнарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ө, Х, Д нарт холбогдох 2512001320188 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багийн Х хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Тын Ө /РД:0000/,
2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багийн Х хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигин овогт Төрбатын Н/РД:00/,
3. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт А аймгийн Х сумын А багийн Ч гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигин овогт Түмэндэмбэрэлийн Д /РД:000/
1. Шүүгдэгч Ө нь А аймгийн Х сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед соёолон насны хурдан морь хөлслөх ажилд Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандартыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хүрэн зүсмийн морийг насанд хүрээгүй 12 настай Сунуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон, Мөн энэ үедээ Ө нь Нруу утсаар холбогдож “амь хохирогчийн өмсдөг гутал байвал адууны хашаан дотор аваачаад тавьчих, мөн ташуур тавиарай, энд тэнд гаргаад шидчих, морины ажил хийсэн гэвэл асуудалтай” гэж хэлсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгөхдөө амь хохирогч Б.Д морины хашаан дотор унасан мэтээр, гэрч Дд амь хохирогч Б.Д “манай хашаанд унасан гэж хэлээрэй” гэсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “морины хашаанд дотор моринд чирэгдсэн” гэх зэргээр ятгаж гэрчид нөлөөлсөн,
2. Шүүгдэгч Ннь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Х сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөөнд мөрдөгчөөс түүнийг гэрчээр тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “би 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр том өрөөндөө дайлан оёод сууж байхад Схичээлээ тараад гэрт орж ирсэн, тэгэхээр нь ... би хэсэг хугацааны дараа гэрээсээ гараад харахад хашааны том хаалга онгорхой дотор нь байсан 40 гаруй тооны хонь, ямаа, 2 морь, үхрүүд ...хашаанаас гарсан байхаар нь ... нөхөр рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд удалгүй манай нөхөр залгаад Бондгор буюу Смориноос унаад ухаан орохгүй байна. Хаана мориноос унасан юм бэ гэхэд наад хашаанд дотор чинь...хаалга онгорхой байгаа гээд утсаа салгасан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэхдээ хашаанаас гарах бол надад хэлж явдаг. Өглөө манай нөхөр... морь малд ажил хийгээгүй...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн,
3. Шүүгдэгч Д нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Х сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөөнд мөрдөгчөөс түүнийг гэрчээр тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Ө ахын гэрт очиход Ө ах гэрийнхээ гадаа адуу мал дээрээ байж байхаар нь би хамт юм яриад .... гэнэт адуу үргээд унахаар нь харахад хүрэн мориндоо Счирэгдсэн байхаар нь Ө ах бид 2 морь барьж авах гэж зөндөө хөөцөлдсөн боловч баригдахгүй зугтаад байсан. Тэгээд тэр хашаан дотор нэлээн олон удаа тойрч чирч давхисан. ...хөл мултарч зогсоход Ө ах очоод тэврэхэд нүүр ам нь зулгарсан байсан. Счирэгдэж явахдаа хойд 2 хөлд нь оногдоод байх шиг байсан. ... Тухайн өдөр хашаанаас гарсан зүйл болоогүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Өт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Х, Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолд: А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Нцагаатгаж, Шүүгдэгч Х овогт Тын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б овогт Тийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух А аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Дд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Ө, Х, Д нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө, Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д, Ннарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтдээ: Аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа байдаг тул түүндээ сэтгэхүйн хувьд хэрхэн хандсан, ямар зорилго, сэдэлтийг удирдлага болгосныг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, зүйлчлэл, гэм буруу, ял оногдуулах зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Зориуд худал мэдүүлэг өгөх” гэдэгт хэрэг нь ач холбогдол бүхий үйл баримтыг мэдсэн атлаа санаатайгаар тодорхой үр дагавар, хор уршигт хүргэхийн тулд бодит байдлаас өөрөөр мэдүүлэх буюу болсон зүйлийг болоогүй мэтээр, болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлэх явдал юм. Гэрч НЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг нэг бүрчлэн танилцуулж, баталгаа гаргуулан авч тэмдэглэлд тусгасны дараа тэрээр мэдүүлэг өгөхдөө “Миний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг бүгд худлаа. Харин би одоо бүх зүйлийг үнэн зөвшөөр мэдүүлэг өгнө. Манай нөхөр 14 цаг өнгөрч байхад гар утсаар залгаад амь хохирогчийг мориноос уначихлаа гэсэн...хохирогчийн өмсдөг гутал байвал адууны хашаан дотор аваачаад тавьчих гэсэн. Мөн ташуур тавиарай энэ тэнд гаргаад шидчих гэсэн.” гэж мэдүүлсэн байна. Гэрч тухайн үйл явдал болоогүй гэдгийг мэдсээр байж худал мэдүүлсэн. Түүнчлэн гэрч Ннь хуульд заасан эрхээ эдэлж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсний дараа мэдүүлэг өгсөн. Шүүх ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар хуудасны 2 дахь догол мөрөнд шүүгдэгч ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...” шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж хэрэгт шүүгдэгчийг буруутгаагүй эрүүгийн хэрэг, үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Тус дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа үндэслэлд хамаарч байна. Мөн шүүгдэгч Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа шүүгдэгч Ө гэрчид нөлөөлж буй үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь харилцан уялдаагүй хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж Хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд санаатай хэлбэрээр халдсан, хууль тогтоомжид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Гэрч гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлдэг. Гэрч, хохирогч болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан зэрэг идэвхтэй үйлдэл хийсний гэрч, хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм.
Ятгасан гэдгийг гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасныг ойлгоно. Тэгвэл Ө нь өөрийн эхнэр Х, Д нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасны улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Х, Д нар нь мэдүүлэг өгөхдөө бодит байдлыг нуух замаар худал мэдүүлсэн үйл баримт тогтоогддог. Энэ хуулийн агуулгаараа шүүгдэгч Ө үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Өт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож буй нь нэг үйл баримт нь нөгөө үйл баримтаа няцаан үгүйсгэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүхээс энэ талаар шийдвэртээ тодорхой тайлбарлаагүй байна. Ө нь тухайн морийг уяж уралдуулдаг байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй. Эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгч Ө давж заалдах гомдол саналдаа: Шүүгдэгч Ө би насанд хүрээгүй хохирогч Смориноосоо унаж нас барсан явдалд маш их харамсаж байна. Тухай үед Сүхбатын унаж явсан морь бол О.Д ахын морь байсан. Сэнэ хоёр морь бол миний морьд гэж ярьдаг байсан юм. Хоёр морины унд хоол арчилгаа тордлогоо уналга идэлгээг хохирогч Сөөрөө бүгдийг хийдэг байсан. Снь өөрийн морио дуртай үедээ унаад өөрийн дураар очих газраа очиж, явах газраа явдаг байсан. Бид нарт хэлэлгүйгээр явдаг байсан юм. 2025 оны 02 сарын 19-нд миний хүү П Снар нэг нэг морь унаад нэг нэг морь хөтлөөд хужрын шанд орно гээд явсан. Гэлдэрч шогшоод яваад ирнэ гээд явсан. Ямар нэг морины ажил сунгаа давхилтад оролцоогүй, үсэргээ хөлсний ажил байгаагүй. Ө миний биеийн байдал эрүүл мэнд муу тул хэрх, тулай өвчтэй зүрх даралт маш муу байнга эм ууж өөрийгөө хянаж байдаг. Миний бие энэ хэрэг явдалд маш их харамсаж явдаг. Иймд заасан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: А аймгийн Засаг даргын хууль захирамж нь эрх зүйн хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэсэн агуулга бүхий санал дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө эрүүл мэндийн хувьд цаашид хоригдох боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, эсвэл 7.1 дүгээр зүйлийг ашиглаж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү? гэсэн санал гаргаж байна гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бдавж заалдах гомдолдоо: Миний хүү амь хохирогч Снь багаасаа эхлэн морь унаж өссөн. 2022 оноос эхлэн Өд амьдарч сургуульд суудаг байсан. Тухайн хүрэн морь нь Д ахын нэр дээр байдаг боловч миний хүү энэ морийг байнга унадаг. Тухайн хэрэг болсон өдөр 2025 оны 02 сарын 19-ний өдөр миний хүү өрийн мориндоо хоол шингээх зорилгоор Ө хүүтэй хүрэн морио унаад мөн өөрийн хүрэн үрээг хөтлөөд хамт явсан байсан. Энэ нь хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ морины ажилтай ямар ч хамаагүй байх гэж бодож байна. Хэрэг явдлыг сонсоход хөтөлж явсан хүрэн үрээ үргэж хүүг хойш нь татаж, унах явцдаа хөл нь мориныхоо жолоонд орооцолдож амь хохирсон юм билээ. Би Өтай 15-16 наснаас хойш нөхөрлөөд өдий хүрсэн. Миний хүү Өд тэдний хүүхдүүдээс өөрцгүй амьдардаг байсан. Ө сүүлийн хэдэн жил морь уяагүй. Би хүүхдийнхээ хойноос хэрүүл тэмцэл, хэл ам хийхгүй хүүгийн ясыг өндөлзүүлэхгүй хүүгээ сайн төрлийг олоосой гэж бодож байгаа. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг дахин хянан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хорих ялаас хөнгөлж өгнө үү. Снь миний хүүг санаатайгаар амь хохироосон гэж эцэг хүний хувьд үзэхгүй байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд өөрийн биеэр оролцож чадахгүй. Харин өмгөөлөгч Удвалыг оролцуулна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, зөрчилтэй байна гэж үзэж байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал хууль зүйн дүгнэлт зөрүүтэй болсон.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа тул хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн. Шүүгдэгч буруутай нь тогтоогдоогүй. Морины ажил хийсэн нь тогтоогдоогүй. Морь унасан хүүхэд бүрийг морины ажил хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гээд хүнийг гэм буруутай болгож шийдвэрлэж болохгүй.
Тиймээс шүүгдэгчийг цагаатгах буюу л шийтгэлийг нь хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.
Шүүгдэгч Д, цагаатгагдсан этгээд Ннар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргах тайлбар санал байхгүй гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Өт холбогдох хэргийн үйл баримтын дүгнэлт:
2.1. Шүүгдэгч Ө нь А аймгийн Х сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед соёолон насны хурдан морийг уралдаанд бэлтгэх үедээ өөрийн уяж сойж буй хүрэн зүсмийн морийг насанд хүрээгүй 12 настай Сунуулах үедээ Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандартыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэл хэрэглээгүйн улмаас 12 настай Смориноос унаж, чирэгдэн гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
2.1.1. Энэ үйл баримтууд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсуурийн: “Хүү С нь морь сайн унадаг, найз Өд нь амьдарч сургуульдаа сурдаг байсан. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хөдөөгөөс сумын төвд орж ирээд удаагүй байхдаа хүүхдээ мориноос унасныг мэдэж яваад очтол нас барсан талаар хэлсэн. Тухайн үед унаж явсан хүрэн морь нь Д гэдэг хүний морь бөгөөд хүү нь санамсар болгоомжгүйгээс болоод алдчихлаа гэж бодож байгаа.” тухай мэдүүлэг, /1 хх 14-17, 128-129/,
2.1.2. Гэрч Ч: “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд 2 морьтой хүний араас нь цагаан өнгийн машин нэлээн зайтай дагаж явсныг хараад О, Э нар “Ө ах мориндоо ажил хийж байна даа” гэж хэлж байсан тухай мэдүүлэг /1 хх-ийн 29-30 /,
2.1.3. Гэрч Д: “би 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 18 минутад Ө, Д нар хүүхэд тэвэрчихсэн орж ирсэн. Юу болсон талаар асуухад “мориноос унасан” гэж хэлсэн. Хүүхдийг үзэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, хүүхэн хараа өргөссөн байдалтай байсан тул нь цээж шахалт хийж кордмин тариаг 1 граммаар булчинд нь хийсэн боловч үр дүн гараагүй. Нүүрэнд нь зүсэгдсэн, хөхөрсөн гэмээр шарх үүссэн, ам, хамраас нь хөөстэй цусархаг зүйл гарч байсан.” тухай мэдүүлэг /1 хх 33-34/,
2.1.4. Гэрч Д: “Ө ах хохирогчийг манай хашаанд мориноосоо унасан гэж хэлээрэй гэсэн тул тэгж мэдүүлэг өгсөн. Миний урьд өгсөн энэ тухай мэдүүлэг худлаа байсан. Үнэндээ бол 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ө хамт малын хашаанд байхад нь Сүхбат, П нар гэрээсээ гарч ирээд нэг нэг морь унаад, нэг нэг морь хөтлөөд хашаанаас гарахад Ө нь “хамт морь дагаж явчхаад ирэх үү” гэсний дагуу машинаар дагаж явахад Сүхбатын унаж явсан морь бусгаж Смориноосоо унаж, баруун талын хөл нь жолооноосоо дүүжлэгдээд толгой, цээж хэсгээрээ газарт чирэгдэж, хоёр, гурван удаа машинаар эргүүлж байгаад Ө морийг барьж авч Д мориноос нь салгаж Эмнэлэгт хүргээд удаагүй байтал “нас барсан байна” гэж хэлсэн.” тухай мэдүүлэг /1 хх 88-89/
2.1.5. Гэрч Д: “Тухайн өдрийн 20 цагийн үед нөхөр нь ажлаасаа ирэхдээ танай ангийн хүүхэд болох Б.Д мориноос унаж нас барсан.” гэж сургууль дээр багш нар ярьж байна гэж хэлсэн.” тухай мэдүүлэг /1 хх 83-84/,
2.1.6. Гэрч Д: “Тухайн морийг амь хохирогч дааганаас нь эхэлж унаж эдэлж уралдуулдаг байсан. Өөрөө унаж сойж уралдуулдаг морь байсан. Ө нь тухайн морийг уяж сойж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 132-133/,
2.1.7. Насанд хүрээгүй гэрч Пын: “Өөрөө нас нийлсэн хүрэн халзан морийг унаж хээр хязааланг хөтөлсөн. Харин амь хохирогч Схүрэн соёолонг унаад, хүрэн халзан хязааланг хөтлөөд хашаанаас гарч наадмын талбайн зүг шогшиж явахад аав Ө ах Д нар нь машинтай ирж, дагаж явцгаасан. Наадмын талбай өнгөрөөд шогшиж явахад гэнэт пир, пар гэсэн чимээ гарч эргээд харахад нь амь хохирогч мориныхоо жолоонд хөл нь орооцолдоод чирэгдээд явж байсан.” тухай мэдүүлэг /1хх 149-152/,
2.1.8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд машин замаас гарч эргэж тойрч байсан ул мөр үлдсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-8, 54-60/,
2.1.9. А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн: “Амь хохирогч Б.Сүхбатын биед их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар амь биед аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарах бөгөөд амь хохирогч нь гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан” тухай АРХ0625/031 дугаар дүгнэлт /1 хх 107-114/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 104-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2.2. Шүүгдэгч Ө үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт.
2.2.1. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах стандартыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар заасан.
2.2.2.Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэгт "техникийн зохицуулалт" гэж стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг хэлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд хүний эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой техникийн зохицуулалтыг нийтээр заавал дагаж мөрдөх бөгөөд хэрэгжилтийг улсын хэмжээнд Засгийн газар, хяналтыг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага тус тус хариуцахаар заасан байна.
2.2.3. Түүнчлэн хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
2.2.4. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартын үндэсний зөвлөлөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS 6264:2018 стандарт нь батлагдан мөрдөгдөж байна.
2.2.5. Тиймээс үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны энэхүү стандарт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор боловсруулсан техникийн нарийвчилсан зохицуулалт бүхий заавал дагаж мөрдөх хэм хэмжээний акт байна.
2.2.6. Энэхүү стандартын 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн 27.5.3 дахь заалтад зааснаар хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны үед төдийгүй бэлтгэлийн үед ч уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах үүрэгтэй байхаар заасан.
2.2.7. Уг стандартад зааснаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай гэж уралдаан болон бэлтгэлийн үед мориноос унах, шүргэлцэхэд доргион болон гэмтэл бэртлээс хамгаалах зориулалттай дуулган малгайг, хантааз гэж уралдааны үед дотор эрхтний доргионыг сааруулж, унах үед цээж, нурууг гэмтлээс хамгаалах зориулалтай хэрэгслийг тус тус хэлэх бөгөөд шилбэ бүрхсэн түрийтэй гутлаас өөр төрлийн үдээстэй төрлийн гутал өмсүүлэхийг хориглож, бэлтгэл сургуулилт болон уралдаанд хамгаалалтын үндсэн хувцас хэрэгсэл болох малгай, хантааз, гутлыг заавал хэрэглүүлэхээр заасан байна.
2.2.8. Тиймээс хурдан морины үндсэн бэлтгэл ажил болох хөлс, тар, үсэргээ, сунгаа төдийгүй бусад ажиллагаа болох зөөлөн унаж эдлэх ажиллагаа ч хурдан морины бэлтгэлийн үед хамаарах бөгөөд уяач нь уралдаанч хүүхдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах үүрэгтэй байна.
2.2.9. Гэтэл шүүгдэгч Ө нь амь хохирогч 12 настай Схурдан морины бэлтгэлийн үед морь унуулах үедээ стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр буюу малгай, хантааз, эмээл, гутлаар хангах үүргээ биелүүлээгүйгээс С нь мориноос унах үедээ жолоондоо гуталтай хөлөөрөө орооцолдож моринд чирэгдэж, гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.
2.2.10. Шүүгдэгч Ө амь хохирогчийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах Үндэсний баяр наадмын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS 6264:2018 стандарт, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байна.
2.2.11. Тиймээс прокуророос шүүгдэгч Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх шүүгдэгчийг прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
2.2.12. Анхан шатны шүүх шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Ө нь хурдан морь хөлслөх ажилд Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS:6264-2018 стандартыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
2.2.13. Харин А аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулахыг хориглосон хугацаанд морины ажил хийж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
2.2.14. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байна.
2.2.15. Харин А аймгийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/23 дугаар захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулахыг хориглосон байх бөгөөд энэхүү захирамж нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.
2.2.16. Мөн засаг даргын захирамж нь хууль тогтоомжоор эрх олгогдсон тохиолдолд засгийн газрын тогтоолоос нарийвчилсан зохицуулалтыг тогтоож болох бөгөөд бусад тохиолдолд дээд эрэмбэ бүхий эрх зүйн акт болох засгийн газрын тогтоолд нийцсэн байх ёстой буюу дээд эрэмбэ бүхий эрх зүйн актад заагаагүй, хязгаарлалт, хоригийг шинээр тогтоохгүй байх зарчимтай.
2.2.17. Түүнчлэн Засаг даргын гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
2.2.18. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй, энэ талаар үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгч тухайн тогтоолыг зөрчсөн гэж дүгнэн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ талаарх дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй.
3. Шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийн үйл баримтын дүгнэлт.
3.1. Шүүгдэгч Д нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Х сумын хэсгийн төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Өын малын хашаанд байхад нь амь хохирогч Сморинд чирэгдсэн, хашаан дотор нэлээн олон удаа тойрч чирч давхисны дараа зогсоход нь Ө ах очиж тэврэхэд нүүр ам нь зулгарсан байсан. Счирэгдэж явахдаа хойд 2 хөлд нь оногдоод байх шиг байсан. Тухайн өдөр хашаанаас гарсан зүйл болоогүй.” гэж мэдүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй, худлаа байжээ.
3.1.1. Энэ нь гэрч Ч: “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд сумын төвийн хойно 2 морьтой хүний араас цагаан өнгийн машин дагаж явсныг Отгоо, Энэбиш нар Ө байна гэж хэлж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 29-30/,
3.1.2. Насанд хүрээгүй гэрч Памь хохирогч мориноос унаж, хазаарын жолоонд хөл нь орооцолдож, моринд чирэгдсэн үйл явдал хашаанд биш наадмын талбай буюу морь барианы газрын орчимд болсон тухай мэдүүлэг /1 хх 149-152/,
3.1.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд авто машин замаас гарч эргэж тойрч байсан ул мөр үлдсэн байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-8, 54-60/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
3.1.4. Шүүгдэгч Дбодит байдалд амь хохирогч мориноос унаж, хазаарын жолоонд хөл нь орооцолдож, моринд чирэгдсэн үйл явдал хашаанд биш наадмын талбай буюу морь барианы газрын орчимд болсон тухай мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийн уг мэдүүлгийг үнэн зөв бөгөөд шүүгдэгч өмнө нь худал мэдүүлэг өгсөн болохыг давхар нотолж байна гэж үнэлэх үндэслэлтэй.
3.2. Шүүгдэгч Дүйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт.
3.2.1. Шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн хувиар мэдүүлэг өгөхдөө өөрийн нь өгч буй мэдээлэл бодит байдлыг гуйвуулсан, бодит байдлаас зөрүүтэй гэдгийг ухамсарлаж мэдсээр байж, зориуд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдэд өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
3.2.2. . Прокуророос шүүгдэгч Дүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгдэгч Дтухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.2.3. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Дгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоохдоо хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож доод хэмжээгээр оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, үнэдэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолын Д.Дд холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Шүүгдэгч Өт холбогдох гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн талаарх дүгнэлт.
4.1. Шүүгдэгч Ө нь гэрч Дзориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
4.1.1. Шүүгдэгч Д.Д нь тухайн үед айсан байсан учраас Ө хэлсний дагуу “хохирогч хашаанд мориноосоо унаж чирэгдсэн” гэж хэлсэн талаар мэдүүлсэн боловч Ө ятгалга, нөлөөлөл бодитой байсан эсэх нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.
4.1.2. Шүүгдэгч Дхарилцан эсрэг сонирхолтой байж болох шүүгдэгч Ө талаар өөрийн өмнөх мэдүүлгийг залруулж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх хүрээнд өгсөн бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэн Өыг тухайн гэмт хэрэгт буруутгаж ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй.
4.1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар, 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар заасан.
4.1.4. Мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч Дмэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч Ө яриа болно.
4.1.5. Гэтэл шүүгдэгч Ө нь энэ байдлыг үгүйсгэсэн буюу “Д “Морины ажил хийсэн гэж хэлж болохгүй талаар Д надад хэлсэн. Бид хоёр ярилцаад хашаан дотор унасан гэж хэлэхээр тохиролцсон гэж хохирогчийг моринд өшиглүүлсэн гээд хэлчих гээд байна.” гэж мэдүүлсэн байдаг.
4.1.6. Тиймээс шүүгдэгч Ө, Д.Д нарын энэ талаарх мэдүүлэг нь харилцан эсрэгцсэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар аль аль нь нотлогдоогүй, эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй.
4.1.7. Тодруулбал ашиг сонирхол зөрчилтэй шүүгдэгч нарын харилцан бие биеийнхээ талаар өгч буй мэдүүлэг нь сул нотлох баримтад тооцогдох бөгөөд нөгөө тал зөвшөөрөөгүй, бусад баримтаар батлагдаагүй бол эх сурвалж нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэсэн үндэслэлээр үнэлэгдэх боломжгүй болдог.
4.1.8. Гэр бүлийн гишүүн нь гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа гэрчид гэр бүлийн гишүүнийх нь холбогдсон гэмт хэргийн талаар эсхүл өөрийг нь гэмт хэрэгт сэрдэх үндэслэл бүхий сэжиг таамаг байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүнийхээ болон өөрийн эсрэг эрх зүйн байдлыг дордуулах агуулгатай мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг болон мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй болохыг тусгайлан танилцуулж мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэлгүй, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг тайлбарлаж мэдүүлэг авах шаардлагатай.
4.1.9. Түүнчлэн гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь зөвхөн гэр бүлийн гишүүдэд хамаарах төрийн зүгээс гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах зорилгын хүрээнд Үндсэн хуульд тунхаглан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан үндсэн эрх юм.
4.1.10. Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогч, шинжээч, орчуулагч хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжид гэрчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан үйлдлийг хамааруулж томьёолсон байна.
4.1.11. Шүүгдэгч Ө өөрийн эхнэр болохН гэр бүлийн гишүүнийхээ талаар мэдүүлэг өгөхгүй байх, түүний дотор эсрэг мэдүүлэг өгөх шаардлага үүссэн тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах хууль ёсны эрхтэйг сануулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй зүйлийн талаар бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгөхийг санал болгосон зэрэг үйлдлийг гэр бүлийн хамааралгүй хүмүүст тавигддаг стандартын дагуу гэрчид хууль бусаар нөлөөлсөн буюу гэрчийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй.
4.1.12. Иймд прокуророос шүүгдэгч Өыг гэрчид хууль бусаар нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5. Шүүгдэгч Нхолбогдох зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн талаарх дүгнэлт.
5.1. Шүүгдэгч Нпрокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэхдээ түүний өөрийнхөө эсрэг гэрчээр дахин өгсөн мэдүүлгийг ашиглаж байна.
5.1.1. Гэтэл Ннь мэдүүлэг өгөхөөс өмнө “Миний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг бүгд худлаа. Би одоо бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлнэ.” гэж өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөх гэж байгаа нь нэгэнт тодорхой болсон байна.
5.1.2. Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг болон өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэж байгаа гэрчид ердийн бусад гэрчид тавигдахаас ялгаатай стандартыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, түүнд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон байх бөгөөд энэ тохиолдолд гэрч өөрийн болон гэр бүлийнхээ гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг, нэгэнт мэдүүлэг өгөхөөр шийдсэн тохиолдолд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг үүсдэг болохыг, гэрчийн мэдүүлэгт өөрийнх нь болон гэр бүлийн гишүүнийх нь байдлыг дордуулах мэдээлэл агуулагдах бол мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх боломжтойг мөрдөгч урьдчилан бодитойгоор тайлбарласнаар энэ эрхийн хэрэгжилт хангагдах боломжтой.
5.1.3. Гэтэл мөрдөгч энэ мэдүүлгийг авахдаа гэрчид Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, түүнд нийцүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.
5.1.4. Гэрчид өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлах ажиллагааны дарааллыг алдагдуулах, хэлбэр төдий буюу эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулах төдийгөөр эрхийг нь тайлбарлах ажиллагааг хэрэгжүүлэх, гэрч эрх үүргийн талаар төөрөгдсөн байхад нь мэдүүлэг авсан тохиолдолд тухайн мэдүүлэг нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэгдэх боломжгүй болно.
5.1.5. Түүнчлэн Ннь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.1.6. Тиймээс прокурор Нхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Нбуруутгаж яллах дүгнэлт үйлдсэнийг Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Нцагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Давж заалдах эсэргүүцэл гомдлын талаарх дүгнэлт.
6.1. Дээр тайлбарласан дүгнэлтүүдэд үндэслэн дүгнэвэл анхан шатны шүүхийн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтүүд нь анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрүүгүй, үндэслэлтэй байна.
6.1.2. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Өыг буруутгах үндэслэл болж байгаа А аймгийн засаг даргын захирамж нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй талаарх дүгнэлт үндэслэлтэй.
6.1.3. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Дпрокуророос буруутгаагүй эрүүгийн хэрэг, үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй талаарх прокурорын эсэргүүцэл, дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаар зөвтгөн дүгнэх нь зүйтэй.
6.1.4. Эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохгүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх замаар зөвтгөх боломжтой байна.
6.1.5. Мөн анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
6.1.6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдоогүй, анхан шатны шүүхийн тухайн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хэмжээний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
6.1.8. Тиймээс шүүгдэгч Ө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа чин санаанаасаа гэмшсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар амлалт өгч байгаа зэргийг болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилсөнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс хорих оногдуулсныг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд үүнтэй холбогдох өөрчлөлтийг оруулж, давж заалдах эсэргүүцлийн зарим хэсгийг хангасныг дурдаж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6.1.9. Мөн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасныг дурдаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын шүүгдэгч Өт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдол саналыг хүлээн авсныг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн өөрчлөлт оруулснаас бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4. дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Хоёр жилийн хугацаагаар хорих” гэснийг “1 жилийн хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтыг хасаж, шийтгэх тогтоолын 5, 7, 8 дугаар заалтад “Дд” гэсний дараа “шүүгдэгч Өт” гэж тус тус нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заанаар шүүгдэгч Ө анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 77 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА