Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01092

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01092

 

 

2022.06.06 Магадлал төсөл 1092

 

С.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00995 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М-ийн хариуцагч С.С.П ХХК-д холбогдуулан С.С.П ХХК-ийн хүний нөөцийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-1/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.С.П ХХК-д холбогдуулан С.С.П ХХК-ийн хүний нөөцийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-1/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус компаниас ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад хохирол учруулсан, бусдаас шан харамж авсан гэх хэлбэрийн төдий агуулгатай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг бусдад нийлүүлэн худалдан авсан гэдэг байдлаар тушаалын гол агуулга яригддаг. С.Мийн хувьд тухайн этгээдүүдтэй гэрээг өөрийн биеэр ганцаараа байгуулах эрх бүхий этгээд биш. Тодорхой хэмжээний шалгууруудыг хангасан ханган нийлүүлэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэдэг боловч хяналт, шалгалтын материалыг шүүхэд авчирж өгөөгүй, хуулийн шаардлага хангасан баримтыг өөрсдөдөө авч чадаагүй атлаа ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Ноцтой зөрчил гаргасан гэдгийг дурдсан боловч Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэгт дээрх зөрчлүүдийг нэрлэн заагаагүй. Аль зөрчлийг гаргаад ажлаас чөлөөлөгдөж байгаа гэдэг нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч С.С.П ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.М нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон, мөн албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан, хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, үгсэн тохирох зэргээр ноцтой зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар илэрч, тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчийн зүгээс цуцалсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Мийг Саппорт сервис Монголиа ХХК-ийн хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 37,089,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Саппорт сервис Монголиа ХХК-аас 343,397 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэл болох юм. Хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан ашиг сонирхолын зөрчлийн тухай мэдүүлэгт ашиг сонирхолын зөрчил гэдгийг тодотгож, заасан байдаг. С.Мийн хувьд С.С.П ХХК-д бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг Эм эн юу ХХК, Мөнх-Улирал ХХК-тай ашиг сонирхолтой болох нь тогтоогдож байхад шүүхэд ямар үндэслэлээр ашиг сонирхолын зөрчил үүсээгүй гэж үзсэн нь тодорхой бус байна. Тухайлбал, Эм Эн Юу ХХК, Мөнх-Улирал ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Э.Майн баяр, Б.Олзвой нар, Монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүлийн хувьцаа эзэмшигчээр Б.Олзвой, С.М нар, түүнчлэн Мөнх-Улирал ХХК болон Гүүд Рүүт Интер Трейдинг нар нийлж, Интегрейтэд катеринг сервисес ХХК-г байгуулж, захирлаар нь С.М томилогдсон үйл баримт нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан зөрчлийг гаргасныг эргэлзээгүйгээр нотолж байхад шүүх дээрх үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсан нь үндэслэлгүй юм.

4.б. Мөн С.М нь 2017 онд ашиг сонирхолын зөрчлийн тухай мэдүүлгийг ашиг сонирхолгүй гэдэг байдлаар бөглөсөн боловч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хангамжийн хэлтэст хангамжийн менежерээр томилогдсоноороо Мөнх-Улирал ХХК болон Эм Эн Юу ХХК нартай гэрээ байгуулан ажилллаж, ашиг сонирхол үүсгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэхүүү өөртэйгөө хамаарал бүхий компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь ашиг сонирхолын зөрчлийн тухай мэдүүлэгт 2018 онд өөрчлөлт орсныг харуулж байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т зааснаар ашиг сонирхол үүссэн буюу өөрчлөлт орсон байхад цаг тухайд нь мэдүүлэгүй, нуун дарагдуулсан гэх заалтад хамаарч байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.в. Анхан шатны шүүх С.Мийг хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэж дүгнэлээ. Хариуцагчийн зүгээс С.Мийг Эм Эн Юу ХХК, Мөнх-Улирал ХХК нарт давуу байдал олгосон, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, шан харамж авсан гэж зөрчлийг тодорхойлон гэрээг цуцалсан. Дээрх хоёр ханган нийлүүлэгч компаниудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа копанид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэ нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон. Шүүхэд хүсэлт гаргаж түүний дансны хуулгыг гаргуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Иймд шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар хуулийн заалтыг буруу хэрэглэснээс болоод биелэгдэх боломжгүй буюу хариуцагчийн эрх ашигийг зөрчсөн талаар огт тайлбарласангүй. Зөвхөн гомдол болон үйл баримтыг дурдаж тайлбарласан. Үйл баримтын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр С.Мийг ажлаас чөлөөлсөн. Ашиг сонирхлын зөрчлийг хавтаст хэргийн 72 дугаар талд ажилтнаар бөглүүлж авсан, ажилтан тухайн үедээ тус компаниудад ямар нэгэн хамаарал байхгүй учраас ашиг сонирхлын зөрчилгүй гэх тайлбар өгсөн.

Ашиг сонирхлын зөрчилгүй гээд үргэлжлээд явж байх хугацаанд хоёр жилийн дараа тухайн компани С.С.П ХХК-ийн ханган нийлүүлэгчээр гэрээ байгуулсан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзвэл өмнө нь С.Мтэй гэрээ хийгдсэн байх байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй байгуулагдсан Эм Эн Юу ХХК болон Мөнх-Улирал ХХК нар манай компанийн дотоод журамд заасны дагуу ноцтой хохирол, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс болоод хохирол учирсан талаар тайлбарласан. Гэтэл Аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дээр нэг ч төгрөгийн хохирол гараагүй. Энэ талаар тодорхой баримт хавтас хэрэгт байхгүй. Яагаад ханган нийлүүлэгчийнх нь гэрээ цуцлагдахгүй өнөөдрийг хүртэл үргэлжлээд байна. Ашиг сонирхлын зөрчилд гэр бүл хамаатан садан, найз нөхдийн хамааралтай компани байх шаардлага тавьсан. Эм Эн Юу ХХК болон Мөнх-Улирал ХХК-д С.Мийн болон таньдаг найз нөхдийн ямар хамааралтай болохыг нотлоогүй. Мөн Б.Олзвой нь Эм Эн Юу ХХК болон Мөнх-Улирал ХХК-тай хамааралгүй. Давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энэ хэргийг мөн хэлэлцсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргуулаагүйгээс зохигчдын харилцан мэтгэлцэх бололцоог хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдсан. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаантай холбоотойгоор хариуцагч талын гаргасан бүхий л хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн газраас лавлагаа мэдээллүүдийг авсан. Цахим сан мэдээлэлд үзлэг хийж дутуу авагдсан нотлох баримтуудыг авсан. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах гол үндэслэл болсон.

Аудитын тайлан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шаардлага гаргаж явсаар хамгийн сүүлийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гарч ирсэн. Хариуцагч хамгийн түрүүнд өгөх баримтыг хамгийн сүүлд өгсөн. С.Мийн хувьд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг тухайн үед мэдүүлсэнийг шүүх дүгнэсэн байтал давж заалдах гомдолдоо ямар хуулийг хэрхэн яаж зөрчөөд байгааг тайлбарлаж хэлэхгүйгээр зөвхөн үйл баримтын талаар гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан үзээд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.С.П ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. С.М нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс С.С.П ХХК-ийн бизнес хөгжлийн менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын 1/30 дугаар тушаалаар хангамжийн менежерийн ажилд томилогдон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна. /1хх-ийн 42-43/

 

Хариуцагч С.С.П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б-1/05 дугаар тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон С.Мийг хангамжийн хэлтсийн хангамжийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 5/

 

4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.Мийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

С.М болон С.С.П ХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх ба компанийн санаачилгаар энэхүү гэрээг цуцлана, 5.1.3Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон, 5.1.15-д Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан гэж тус тус заажээ. /хх 45-51/

4.а. Нэхэмжлэгч С.М нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Олзвойтой хамтран Монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулсан, /хх 239/ Б.Олзвой нь Эм Эн Юу ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд нэхэмжлэгч С.М нь С.С.П ХХК-ийг төлөөлж Эм Эн Юу ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэгт манай үйлчлүүлэгчийн хэн нэгэн ажилтантай ажил хэргийн холбоотой, эсхүл хамтарсан санхүүгийн ашиг сонирхолтой бол ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээр заасан байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг гаргахдаа Эм Эн Юу ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй ажил хэргийн холбоотой талаар мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг худал мэдүүлсэн байна. /2хх 70-72/

4.б. Улмаар нэхэмжлэгч С.М нь Мөнх-Улирал ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал байсан бөгөөд уг компани нь С.С.П ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 0000038 дугаар бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. /2хх 35-40/

Гэтэл С.Мийн ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэгт Холбоотой талууд гэдэгт ... миний бие гишүүн нь болох хувь нийлүүлээгүй аж ахуйн нэгж /ямар ч төрлийн/ болон миний бие хувь эзэмшдэг аливаа аж ахуйн нэгж хамаарах-аар заасан байхад нэхэмжлэгч нь Мөнх-Улирал ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал байсан талаараа мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийн 4-т заасан мэдүүлэгт ямарваа нэгэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай нөхцөлд тухайн шаардлагатай өөрчлөлтийг тусган оруулсан шинэ мэдүүлгийг тухайн нөхцөл байдал бий болсноос хойш 5 хоногийн дотор гүйцэтгэх захирал болон Улаанбаатар хот дахь хүний нөөцийн хэлтэст гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан байна. Хариуцагч С.С.П ХХК нь ашиг сонирхлын зөрчил байж болохыг хүлээн зөвшөөрөх бөгөөд аливаа зөрчлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэхийг тухайн байгууллага өөрөө шийдвэрлэнэ гэж заажээ.

4.в. Харин хөдөлмөрийн гэрээг цуцалсан нэг үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний 5.1.15-д заасан Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан зөрчил гаргасан гэж нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд С.М нь ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийг худал мэдүүлсэн, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилтан С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул С.Мийн С.С.П ХХК-ийн хүний нөөцийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б-1/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул С.С.П ХХК-д холбогдох хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч С.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,397 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан асуудлаар гарсан талуудын хоорондох маргаантай хэрэгт нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэж үзэн, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т ашиг сонирхолын зөрчилтэй бол түүнийгээ мэдүүлээгүй, нуун дарагдуулсан өөрчлөлт орсон талаар мэдүүлээгүй гэх зэрэг тохиолдлуудыг нэрлэн заасан. Хэргийн баримтаар Эм Эн Юу ХХК-тай Саппорт сервисс ХХК нь гэрээ байгуулсан энэ үед нэхэмжлэгч нь менежерээр ажиллаж байсан нь харагдаж байна. ашиг сонирхолын тухай мэдүүлэг, түүний танилцуулга гэсэн баримт байгаа. Аливаа асуудлын зөрчил болон ашиг сонирхол болзошгүй зөрчлөө ил тод мэдүүлэх шаардлага тавих зорилготой. Ашиг сонирхолын зөрчил байж болохыг зөвшөөрнө, аливаа зөрчлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэхийг саппорт сервис монголиа шийднэ гэхдээ бодит болон боломж гарсан ашиг сонигрхолын зөрчлийг мэдүүлэхгүй байх нь саппорт сервис монголиа ХХК шийднэ. Гэхдээ бодит болон боломжит ашиг сонирхолын зөрчлийг илрүүлэхгүй байх нь саппорт ХХК-ийн бодлогод нөлөөлөхгүй гэсэн ерөнхий зарчмаар танилцуулсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд эм эн юу ХХК ханган нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч байсан. Нөгөө хувьцаа эзэмшигч олзвойтой хамтарч өөр монгол малчин мэдээллийн агентлаг сэтгүүлийг үүсгэн байгуулсан. Хамааралтай этгээд гэж үзнэ. Иймээс олзвойгийн компанитай бүртгэл гэрээ байгуулсныг ашиг сонирхолын зөрчил гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь ХТХ-ийн 40.1.4-т заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн. ХТХ-ийн 128.1.2-т, 69.1, 46.1.46.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай хариуцагч саппорт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.