| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0621/Э |
| Дугаар | 656 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Иргэдийн төлөөлөгч Е.Баасанжав,
Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэенноров нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Х.Хөд холбогдох 1811005770362 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 793 тоотод суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х.Х, (РД:)
нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 793 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 793 тоотод гэртээ төрсөн эцэг С.Хүрэлбаатарыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: -Хэрэг гарах тухайн хугацаанд би ажилгүй эцэг, эхтэйгээ гэртээ амарч байсан. Тухайн өдөр эгч нэг шил архитай ирснийг бид нар хувааж уусан. Бид дөрвүүлээ 2 шил архи уусан. Аав дахин архи ууна гэж нэхээд намайг түлхсэн. Би боль гэж хэлээд санаандгүй түлхсэн чинь хойшоо орны толгой мөргөж унасан. Унахаар нь гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд хэсэг хугацаанд унтсан. Ээж намайг сэрээгээд аав чинь нэг л биш байна гэсэн. Очоод харахад хөл нь хөшсөн байсан. Ээж түргэн дуудаж аав минь цаг гаруй хугацаанд хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт 3 хоног хэвтээд нас барсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: -Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед байхаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59-7936 тоотод аав, ээж, бид 3 гэртээ байж байхад гаднаас ээжийн дүү болох Отгонжаргал 0.5 литрийн Хараа гэх архитай орж ирсэн. Тэгэхээр нь бид 3 ажилдаа явах гэж байснаа болиод авчирсан архийг нь хуваагаад ууцгаасан чинь Д.Отгонжаргал эгч, надад мөнгө байна би архинд гараад ирье гэж хэлээд ганцаараа гадагшаа гарч яваад ирэхдээ 0.75 литрийн Монгол стандарт архи авчирсан. Бид нар тэр архийг нь хувааж уусан. Архи дууссаны дараагаар би аавтайгаа маргалдаад байх шиг байсан яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь би аавыг ор руу түлхэж унагаад зодож байх шиг байсан. Яг хаана нь хэдэн удаа яаж цохьсоноо мөн л санахгүй байна. Тэр үед би их согтуу байсан. Би унтаад орой 18 цагийн үед сэрсэн чинь ээж Батцэцэг, Отгонжаргал эгч, аав Хүрэлбаатар нар бүгдээрээ унтаж байсан, аав маань ер нь байнга л босож ойр ойрхон бие засдаг, гэтэл ерөөсөө босохгүй болохоор нь хөлийг нь барьж үзсэн чинь хөшчихсөн байхаар нь ээж, эгч хоёрыг сэрээгээд аав сэрэхгүй байна хөл нь хөшчихсөн байна түргэн дуудъя гэж хэлээд ээж өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Ээжийн утсаар би Баттуул ахын утас руу залгаад аавын хөл нь хөшсөн байна, түргэн дуудсан хурдан хүрээд ир гэж хэлсэн, удалгүй Баттуул ирээд яасан юу болсон талаар надаас асуухаар нь би Баттуулаас айсандаа болоод аавыг зодсон талаар хэлээгүй хөл нь хөшсөн байна л гэж хэлсэн. Баттуул ахыг ирээд удаагүй байхад түргэний эмч ирээд аавыг эмнэлэг рүү авч явсан ба Баттуул ах бид хоёр аавтай цуг явсан. Түргэний машин дотор явж байхад аавын нэг нүд нь аньсан байдалтай нөгөө нүд нь нээлттэй ухаангүй байсан. Аавыг гэмтлийн эмнэлэг аваачаад хагалгаанд оруулсан. Хагалгаанд орсны дараагаар эрчимт эмчилгээний тасагт шилжсэн. Аав маань эмнэлэгт хэвтсэнээсээ хойш би аавыг зодож алсан талаараа нуух санааг би өөрөө анх гаргаад ээжид хандан, та намайг аавыг зодож алсан гэж хэнд ч битгий хэлээрэй гэж хэлсэн чинь ээж миний өөдөөс нэг ч үг дуугараагүй гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэенноров шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: -Би төрийн албанаас томилогдсон. Талийгаач Хүрэлбаатар нь архины хамааралтай хүн байсан. Өмнө гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирж байгаагүй. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Ямар нэг хохирол нэхэмжлэх зүйлгүй гэв.
Ш.Цэенноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -Миний бие Чингэлтэй дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хамгааллын ажилтнаар ажилладаг юм. Манай хэлтэс нь Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Жендерийн тухай хууль тогтоомж дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, сурталчилж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон иргэнд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зэрэг ажиллагааг хуулинд заасны дагуу явуулдаг. Манай дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 59-793 тоотод Х.Х нь өөрийн төрсөн эцэг С.Хүрэлбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хэрэгт амь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж холбогдогчийг цагдан хорьсон бөгөөд хохирогч нас барсан тул манай хэлтсээс ажиллагаа явуулаагүй юм. Уг хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
1.Ц.Батцэцэгээс: -2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр талийгаач, дүү Отгонжаргал, хүү Х.Х бид дөрөв архи хувааж ууж байгаад дуусах үед буюу 13-14 цагийн үед бага зэрэг архи үлдсэн байсныг талийгаач нөхөр маань Х.Хөөс надад хийгээд өг гээд нэхэхэд Х.Х ‘’та одоо болно оо, одоо унт’’ гэхэд талийгаач ‘’чи намайг үхэхийн хооронд архи харамлаад яадаг пизда вэ’’ гээд уурлахад Х.Х уурлаад зуухны хажууд байсан галын жижиг дэгээг аваад талийгаачийн бөгс рүү нь нэг удаа цохихоор нь би галын дэгээг булааж аваад гэрээс гаргаад шидчихсэн юм. Тэгтэл Х.Х гараараа талийгаачийн толгой нүүр рүү нь хоёроос гурван удаа цохиод, дээрээс нь цээж рүү нь мөн хоёр гурван удаа өшиглөхөөр нь би голоор нь ороод талийгаачийн дээр нь хамгаалж хэвтэхэд Х.Х талийгаачийг зодохоо болиод нөгөө шилтэй архийг аваад ‘’архийг чинь гаргаад хаячихъя’’ гээд гаргаад асгачихсан. Тэгэхэд талийгаач юу ч дуугаралгүй хурхираад унтаад өгсөн. Хоёроос гурван цаг унтсаны дараа буюу орой 18 цагийн үед амьсгаа нь өндөрсөөд хүчтэй амьсгалаад нэг л биш байхаар нь би хөлийг нь бариад үзэхэд хөшингө байдалтай байхаар нь би цус харавчихаж гэж бодоод би том хүү Баттуул руу ярьж дуудсан. Тэгээд дараа нь би түргэн тусламж дуудсан. Яг үнэнийг хэлэхэд ийм зүйл болсон. Би энэ талаар зөвхөн өөрийн том хүү болох Баттуулд л хэлсэн. Яагаад би энэ талаар урьд яриагүй гэвэл надад маш хэцүү байсан бөгөөд нөхрөө алдсанаас болж сэтгэл санаа шаналж, уймраад даралт ихсээд бие муу байсан. Тэр үед мэдүүлэг өгөхөд янз бүрийн юм бодогдоод, ухаан санаа орж гараад болсон явдлыг ч сайн санахгүй байсан. Мөн хүү Х.Хдөө их санаа зовж байсан. Талийгаачийг алдсаны дараа том хүү Баттуул маань нугасны хагалгаанд орсон нь мөн надад маш их хүндээр туссан. Сэтгэл санаа одоо арай л дээрдэж байна. Би одоо гэртээ ганцаараа байгаа бөгөөд нөхөр, хүү хоёр маань байхгүй болохоор ганцаараа байхад маш их хэцүү дарамттай байгаа. Би энэ хэргийн талаар бүх үнэнээ ярьсан болохоор болсон явдлын талаар дахин дахин мэдүүлэг өгөх үнэхээр хэцүү байна гэжээ.
2.Д.Отгонжаргалаас: -Миний бие Орхон аймгийн Улаан толгой гэх газар ээжтэйгээ хамт амьдардаг. 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой Орхон аймгаас суудлын галт тэргээр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би хороололд байх найз Догсомсүрэнгийнд очиход тэр ажилдаа явах гэж байсан. Тэгэхэд би нэг шил архи авсан байснаасаа талыг нь Догсомсүрэнтэй хувааж уучихаад Хайлаастын шинэ эцэст байх эгч Батцэцэгийн гэрт очиход эгч Батцэцэг, талийгаач хүргэн ах Хүрэлбаатар, тэдний хүү Х.Х гурав байж байсан. Тэгээд бид дөрөв миний авчирсан нэг шил архийг хамт хувааж уусан бөгөөд уг архиа дуусгаад бид дөрөв гаднаас дахин нэг шил архи авчирч уусан. Батцэцэг эгч, талийгаач Хүрэлбаатар, Х.Х бид дөрөв архи ууж байх үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бөгөөд би Орхон аймгийн талаар болон ээжийн талаар тэр хэдэд ярьж өгсөн. Талийгаач Хүрэлбаатар ах тэгэхэд ‘’ах нь энэ өвөл нэг их гадуур гараагүй, бие хавагнаад жоохон тааруу байгаа’’ гэх зэрэг юм ярьж байсан. Талийгаач ах бие тааруу гээд архийг бол тэгэж их шунаж уугаагүй. Бид дөрөв адилхан л хэмжээтэй ууцгаасан. Би талийгаач ахад эм, тариа аваарай гээд 10.000 төгрөг өгсөн. Би урд шөнө нь галт тэргэнд нойр муутай явсан байсан болохоор уусан архиндаа согтоод нойр хүрээд унтаад өгчихсөн, хэдэн цагийн үед унтсанаа санахгүй байна. Тэгээд унтаж байхад орой хэдэн цагийн үед байсныг сайн мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон байхад намайг Х.Х сэрээгээд ‘’аав нэг л сонин болоод байна’’ гэсэн. Босоход Батцэцэг эгч бас боссон байсан бөгөөд талийгаач Хүрэлбаатар ах хурхираад огт сэрэхгүй унтаад байсан. Би талийгаачид огт ойртоогүй бөгөөд удалгүй түргэний эмч ирж үзээд ‘’харвачихсан юм шиг байна’’ гээд аваад явсан. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө Батцэцэг эгчтэй хамт Гэмтлийн эмнэлэгт очиход талийгаачийг хагалгаанд орсон, ухаангүй байгаа гээд оруулаагүй юм. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 12-нд Орхон аймаг руу буцсан юм. Гэртээ харьсан хойноо талийгаачийг нас барсныг мэдсэн. ...2018 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сараас хойш Батцэцэг эгч над руу залгаад том хүү Баттуул хүзүүний хагалгаанд орох гэж байгаа талаар ярьсан. Тэгэхэд Батцэцэг эгч ‘’шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархи нь гэмтэж, хавирга нь хугарсан байна, бид нар шалгагдах юм шиг байна’’ гэхээр нь би ‘’яагаад гэмтчихсэн юм бэ, та нар зодолдсон юм уу’’ гэхэд ‘’сүртэй юм болоогүй ээ, тэр өдөр талийгаач согтчихоод гарна гээд байхаар нь л Х.Х цаашаа унт гээд ганц хоёр удаа цохьсон’’ гэж хэлж байсан гэжээ.
3.Д.Баттуулаас: -Талийгаач нь 2018 оны 01 дүгээр сард толгой өвдөөд, даралт ихсээд байна гэж байсан. Сүүлийн 20 гаруй хоног ажилдаа, гэртээ байнгын хэвтрийн байдалтай, бие нь зовиуртай байдаг байсан. Талийгаач нь гэртээ хэвтрийн байдалтай байж байгаад нэг өдөр ажилдаа яваад ирэхдээ мод хагалж байхад нь хагалсан мод үсэрч ирээд толгой руу нь цохисон гэж байсан. Тэгээд тэр өдрийн маргаашнаас нь ажилд явуулаагүй, тэр өдрийн маргааш нь 103 дуудаж үзүүлэхэд даралт өндөр байна гээд тариа тариулсан гэж байсан. Тэр өдрийн маргааш орой нь 18 цагийн орчимд хоолоо ид гээд дуудах үед талийгаач аавын минь хөл гар хөшсөн байдалтай байхад нь 103 дуудаж улмаар Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү очсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очоод яаралтай тархины хагалгаанд орсон бөгөөд түүнээс хойш ухаан ороогүй байж байгаад өнөөдөр өглөө 06 цаг 25 минутанд талийгаачийг нас барсан гэж байсан. Тэр өдөр 2018 оны 02 дугаар сарын 09-10-ны өдөр байсан шиг санаж байна. Өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр орой 18-19 цагийн үед байх манай ээж Батцэцэг утсаар ярьж Хүрлээ ахын чинь бие муудаад амьсгал нь давхцаж бие нь хөшсөн байдалтай байна, би түргэн дуудсан байгаа чи хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэйн эмнэлгээс машин гарган өгч шууд Гэмтэл орсон юм. Гэмтэл дээр очиж үзүүлсэн чинь гэмтлийн эмч тархиндаа маш хүнд гэмтэлтэй байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай амь насанд аюултай амьд үлдэх боломж 10% гэж хэлсэн юм. Тэгээд яаралтай 22-23 цагийн үед хагалгаанд орсон юм. Тухан үед хагалгаа 2-3 цаг үргэлжилж эмч нь гарч ирээд хагалгаа хийсэн нэг цус хуралтыг авсан одоо дахин нэг хагалгаа хийх шаардлагатай байна амь нас аврагдах боломж маш муу байна шүү гэж хэлсэн юм. ...Тухайн үед би өөрийн мэдэж байгаа зүйлээ цагдаад мэдүүлсэн юм. Тэгээд тэр өдөр цагдаагаас гарч Гэмтлийн эмнэлэг орж талийгаачийн нас барсан бичгийг авсан чинь уг бичгэн дээр тархины хүнд гэмтлээр нас барсан гэж бичсэн байсан гэжээ.
4.Б.Баттулгаас: -Амь хохирогч С.Хүрэлбаатар нь манай хойд аав бөгөөд манай ээж Батцэцэг, дүү Х.Х нар хамт амьдардаг юм. Би эхнэр хүүхдийн хамт тусдаа амьдардаг. Манай том ах Баттуул маань бас эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орой 19 цаг болж байсан шиг санагдаж байна. Над руу дүү Х.Х залгаад ‘’аавын бие нь их сонин байна, та хүрээд ирээч’’ гэхээр нь би ‘’би ажлаа зохицуулчихаад яваад очъё’’ гээд ах Баттуул руу залгаад ‘’аавын бие нь муудсан юм шиг байна, та гэрт нь очоодхооч’’ гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Баттуул ах над руу их сандарсан шинжтэй залгаад ‘’аав огт ухаангүй байна, түргэн дуудчихсан хүлээж байна, чи наад ажлаа хаяад хүрээд ир’’ гэхээр нь би ажлаа зохицуулчихаад аавын гэр рүү явах гэтэл Баттуул ах дахиж залгаад ‘’аавыг аваад түргэний машинаар Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү явж байна, тэнд хүрээд ир’’ гэхээр нь би Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр очоод ах руу залгатал гэмтлийн эмнэлэг рүү явчихсан гэхээр нь би гэртээ харьж хувцсаа сольчихоод Гэмтлийн эмнэлэгт очиход манай гэрийнхэн бүгд цугласан байсан гэжээ.
5.З.Алтаннарангаас: -Би 2014 онд Баттулгатай суусан бөгөөд нэг жил гаруй хугацаанд талийгаач хадам аав Хүрэлбаатар, ээж Батцэцэг, дүү Х.Х нарын хамт амьдарсан. Талийгаач, хадам ээж, Х.Х нар Дэнжийн мянгын зах дээр мод хагалдаг ажил хийдэг байсан. Талийгаач их архи уудаг байсан бөгөөд архи уухаараа их хэцүү ааштай хүн байсан. Архи уучихвал ханахгүй байнга архи нэхдэг байсан бөгөөд архи авч өгөхгүй бол уурлаж агсардаг байсан. Нэг удаа миний түрийвчтэй мөнгийг авч яваад архи авч уусан байсан. Үүрийн 4, 5 цаг гэж гэрээс гарч яваад шил, сав түүж тушаагаад архи аваад уучихдаг байсан. Хадам ээж маань нэг их архи уугаад байдаггүй бөгөөд хааяа л нэг архи уудаг их зөөлөн хүн юм. Х.Х гэрээс гардаггүй, их бүрэг зантай хүүхэд бөгөөд ээж аавдаа тусалж мод хагалдаг байсан. Гэрээс огт гардаггүй, хүнтэй нийлдэггүй бөгөөд гэрт хүн ороод ирэхээр дуугарахгүй буруу хараад суучихдаг байсан. Хүний үгэнд их сайн ордог дуулгавартай хүүхэд юм. Ер нь нэг их архи уугаад байдаггүй бөгөөд хааяа нэг архи уудаг юм. Хадам аав, ээж маань хааяа архи уухаараа Х.Хтэй хамт уучихдаг байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 10-ны орой яг хэд болж байсныг санахгүй байна. Би өөрийн ээжийндээ бууз хийгээд байж байхад Х.Х над руу залгаад “эгчээ аавын бие нэг л сонин болчихлоо’’ гэхээр нь би нөхөр Баттулга руу залгаж “аавын бие сонин болчихлоо гэж байна, чи хурдан оч’’ гээд би Баянхошуунаас Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү очиход хадам ах Баттуул, нөхөр Баттулга, дүү Х.Х нар ирчихсэн байсан. Тэгэхэд аав хүлээн авах дээр хэвтэж байсан бөгөөд ам нь ангалзаад ухаантай байсан. Тэндээс хадмыг гэмтэлтэй байна гээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн юм. Х.Х хадам аавыг зодсон гэж би огт мэдээгүй бөгөөд сүүлд л задлангийн дүгнэлт гарсны дараа цагдаагаас ээжийг дуудахад л ээж бид нарт “аав чинь архи нэхээд байхаар нь Х.Х хоёр гурван удаа унт гээд цохьсон” гэж хэлсэн гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэлд: “…Талийгаач С.Хүрэлбаатарын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь цохих унах үед аль алинд нь үүснэ. Талийгаач С.Хүрэлбаатарын биед учирсан гэмтэл нь их тархины баруун тал бөмбөлгийн зулгаралт чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, зүүн баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус иврэлт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. Уг гэмтэл нь гэмтэл авсан үеэс тархи дарагдах хүртэл амьд явах боломжтой гэмтэл авсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Уг хавирганы хугарал нь шинэ гэмтэл бөгөөд унах цохигдох үед аль алинд нь үүсгэгдэх боломжтой. Хавирганы хугарал нь хугарсан үедээ өвдөлт өөрт бол мэдэгдэх бөгөөд гадна талаас харахад мэдэгдэх боломжгүй гэжээ.
Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.28-ны өдрийн ¹457 тоот задлан шинжилгээний онош:
1.Гавал тархины битүү гэмтэл: Их тархины баруун тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа. /2018 оны 02 дугаар сарын 11-ний баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорхи 200 мл цусан хурааг авсан мэс заслын дараах байдал/, зүүн баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус ирвэлт,
2.Тархи уушгины хаван.
3.Дагзны хуйх, дух, баруун хацар, уруул, зүүн сарвуунд зулгаралтууд, зүүн 9,10-р хавирганы хугарал. Баруун уушгины наалдац. Баруун уушгины дээд дэлбэнгийн ээдэмцэрт сүрьеэ
Дүгнэлтэд:
1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, /2018 оны 02 дугаар сарын 11-ний баруун тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорхи 200 мл цусан хурааг авсан мэс заслын дараах байдал/, зүүн баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус ирвэлт, дагзны хуйх, дух, баруун хацар, уруул, зүүн сарвуунд зулгаралтууд, зүүн 9.10-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хоёр хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр, бусад зулгаралтууд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх хоёр хавирганы хугарал, зулгаралт гэмтлүүд нь үхэлд хүргээгүй.
2. Дээрх гэмтлүүдийн их тархины баруун тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, зүүн, /2018 оны 02 дугаар сарын 11-ний баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорхи 200 мл цусан хурааг авсан мэс заслын дараах байдал/, зүүн, баруун тал бөмбөлгийн зулайн чамархай дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус ирвэлт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.
3.Талийгаач нь баруун уушгины наалдац, баруун уушгины дээд дэлбэнгийн ээдэмцэрт сүрьеэ бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.
4.Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.
5.Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорхи цочмог цусан хураа, /2018 оны 02 дугаар сарын 11-ний баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорхи 200 мл цусан хурааг авсан мэс заслын дараах байдал/, зүүн, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус иврэлт гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ гэжээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.6.04-ний өдрийн ¹502 тоот дүгнэлтэд:
1.Х.Х нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
2.Х.Х нь сэтгэцийн эмгэггүй байна.
3.Х.Х нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
4.Х.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5.Х.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.
6.Х.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах шаардлага үгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:
Прокуророос шүүгдэгч Х.Хийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэртээ төрсөн эцэг С.Хүрэлбаатарыг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгчээс хохирогчийг алахдаа хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг гарсан гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн сэдэлт, зорилго нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин гэмт хэрэг гарах үед хохирогч С.Хүрэлбаатар нь архи ууж согтуурсан үедээ дахин нэмж архи уух гэж өөрийн төрсөн хүү Х.Хөөс архи нэхсэн, хүү нь эцэгтээ архи уулгахгүй гэж үлдсэн архийг асгаж, тэдгээрийн хооронд маргаан үүссэнээс хүү Х.Х нь өөрийн эцэг С.Хүрэлбаатарыг зодсоноос хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь шалтаг шалтгаангүйгээр хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцгийг алсан гэж үзэх боломжгүй байна. Хохирогч нь байнга архи уудаг, согтуурсан үедээ архи нэмж нэхдэг байдал нь тухайн гэр бүлд хэрүүл маргаан болдог болох нь гэрч Ц.Батцэцэг (шүүгдэгчийн эх, хохирогчийн нөхөр)-ийн “...Тухайн үед Х.Х аавыгаа архи нэхээд байхад өгөөгүй. Уг асуудлаас болж маргалдсан. Миний нөхөр Хүрэлбаатар их ширүүн хүн байсан. Залуудаа 3 удаа шоронд орж байсан. 1989 оны 11 дүгээр сард Хүрэлбаатар Зүүн хараагийн чанга дэглэмтэй хорихоос 3 жил 6 сарын хорих ял эдлээд гараад ирэхэд нь би 2 дагавар хүүхэдтэй байхдаа суусан. 1993 онд Х.Х төрсөн. Талийгаач Хүрэлбаатар согтуу орж ирээд хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод, гэр оронд байгаа юм шидээд байдаг юм. Намайг их зоддог байсан юм. Тухайн үед Х.Х гараа зангидаж байгаад толгойн хэсэг рүү нь 3 удаа цохьсон. Тэгсэн чинь Хүрэлбаатарын хамарнаас цус гарсан“ гэх мэдүүлэг (хх-35-36), гэрч Б.Баттулгын “Намайг төрөөд удаагүй байхад ээж маань талийгаач С.Хүрэлбаатартай суусан гэж ярьдаг юм. Би 14.15 найстайгаасаа барилгын ажил хийж, бие дааж тусдаа амьдрах болсон. Талийгаач ер нь их муухай ааштай, архинд дуртай хүн байсан. Согтчихсон байж дахиж архи нэхээд байдаг бөгөөд архийг нь нуучихаар уурлаад, орилоод байдаг юм” гэх мэдүүлэг (хх-47-48), гэрч Ч.Мөнхдэлгэрийн “Батцэцэг, талийгаач Хүрэлбаатар бид нар хамт арав гаруй жил зах дээр мод хагалж байсан. Талийгаач С.Хүрэлбаатар архи уусан үедээ эхнэр хүүхдийнхээ үгэнд ордоггүй адайр ааштай” гэх мэдүүлгүүдээр (хх-55) нотлогдож байх ба энэхүү байдал нь тухайн гэрт гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заасан байх боловч шүүгдэгч Х.Х нь гэр бүлийн хамаарал бүхий буюу нэг гэрт хамт амьдарч буй өөрийн төрсөн эцгийг зодож алахдаа дээрхи үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй болох нь дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Х.Хийн хувьд талийгаачтай гэр бүл, хүүгийн хамааралтай байсан нь дангаараа хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Х.Х нь 2018 оны 02 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 793 тоот өөрийн гэртээ төрсөн эцэг С.Хүрэлбаатарыг архи нэмж нэхсэн шалтгаанаар зодсоноос, хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Батцэцэг, Д.Отгонжаргал, Д.Баттуул, Б.Баттулга нарын мэдүүлэг, Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.28-ны өдрийн ¹457 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Боржгон овогт Хүрэлбаатарын Х.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Хийн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Х.Хөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б овогт Х.Хийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Хийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Х-өд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хийн цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
С.БАТЖАРГАЛ