Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/27

 

 

 

 

 

 

  2026       04        15                                            2026/ДШМ/27

 

 

 

Л.Н, Б.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                Ц.Л

Шүүгдэгч                                                                   Л.Н, Б.Х

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                  Р.Ц

            Нарийн бичгийн дарга                                         Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн Л.Н, Б.Х нарт холбогдох     эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Жаргалтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Л-н Н, Монгол Улсын иргэн,

 

Х овгийн Б-н Х, Монгол Улсын иргэн,

 

Л.Н, Б.Х нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сард танилын харилцаатай Ч.Э-г “хашаандаа агуулах барих барилгын материалыг хямд захиалах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь ашиглан, бид үйлдвэр барих гэж байгаа, Хятад улсаас барилгын карказ төмөр захиалж өгнө гэж, урдаас нэг Өвөр монгол хүнээс материалаа авдаг, үнийг нь бодуулаад өгье, хамтраад захиалбал тээврийн зардал бага, үнэ хямд, төмрөө захиалахгүй бол төмрийн үйлдвэр амрах гээд байна, манайх мөнгөө шилжүүлэх гээд байна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 11,300,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.Н, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б овгийн Л-н Н, Х овгийн Б-н Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

“... Яллагдагч Л.Н, гэрч О.Онар нь 2024 оны намар буюу мөнгө авч, өгснөөс хойш хамтран ажиллаж шүүгдэгч Л.Н нь О.О-т мөнгө шилжүүлж байсан нь шүүгдэгч Л.Нд гэрчийг залилан мэхлэх санаа сэдэлгүй буюу шүүгдэгч нар нь залилах гэмт санаа анхнаасаа байсан гэхэд эргэлзээтэй байна, шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан санаа, сэдэл, сэтгэхүйн харьцааг харахад шүүгдэгч нарыг үйлдсэн гэх гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна.

Хэрэгт хохирогч Ч.Э-с гаргаж өгсөн шүүгдэгч Б.Хтай харилцсан цахим захидлаас харахад хохирогч Ч.Э, шүүгдэгч Б.Х нар нь хоорондоо хувийн таарамжгүй байдлаас үүдэн маргаж улмаар мөнгө өгсөн, авсан асуудал руу орж үүнээс болж хохирогч Ч.Э нь гомдол гаргасан байна гэж үзэхээр байгаа бөгөөд энэ хэрэг нь эрүүгийн гэмт хэрэг биш харин шүүгдэгч Л.Н, гэрч О.О нарын хооронд хийгдсэн амаар байгуулсан иргэний эрх зүйн хэлцэл гэж үзэхээр байна. Энэ тухай гэрч О.О нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “... Л.Н бид 2 төмөр авах өгөх тухай ярилцсан ...” мэдүүлдэг.

Шүүгдэгч Б.Хгийн дансанд ямар ч гүйлгээ ороогүй байхад түүнийг гэм буруутайд тооцсон нь шүүгдэгч Б.Хгийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.

Иймд шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, шүүгдэгч нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Н тайлбартаа: ... Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж, санал нэг байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х тайлбартаа: ... Өмгөөлөгчийн гаргасан саналд нэмж гаргах тайлбар байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү .:. гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Н, Б.Х нарыг бүлэглэн, залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Л.Н, Б.Х нарыг бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч

 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц “... шүүгдэгч нар нь залилах гэмт санаа анхнаасаа байсан гэхэд эргэлзээтэй, ... шүүгдэгч Л.Н, гэрч О.О нарын хооронд хийгдсэн амаар байгуулсан иргэний эрх зүйн хэлцэл гэж үзэхээр байна ... шүүгдэгч Б.Хгийн ... эрх зүйн байдлыг илтэд дордуулсан ... шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байгаа тул ... шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж, ... үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож  “ ... цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт юм.

 

Энэ зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан.

 

Гэвч уг эрүүгийн хэрэгт мөрдөгч болон прокурор хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд буюу хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан дээрх үүргээ гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

 

Тодруулбал: Цагдаагийн байгууллагад О.О, Ч.Э нар “... 2024 оны 4, 5 сард 1,400,000 төгрөгийн мах аваад мөнгөө өгөхгүй байна ... Л.Н, Б.Х нар нь ... нийт 12,700,000 төгрөгийг авч залилан мэхэлж, эргүүлж өгөх санаагүйгээр авсан ... ” гэсэн гомдлыг гаргажээ. /1 хх 9-12 тал/

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О, Ч.Э нарын гаргасан гомдлын зарим хэсэг болох “... 1,400,000 төгрөгийн мах аваад мөнгийг нь өгөхгүй байна ...” гэх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “...шалгах шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн дээрх гомдлыг О.О, Ч.Э нар хамтран бичгээр гаргасан, анх Хятад улсаас төмөр захиалах асуудлын талаар Л.Н, О.О нар нь хоорондоо ярилцсан талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан байхад прокурорын яллах дүгнэлтэд “...Л.Н, Б.Х нар бүлэглэн ... Ч.Э-г залилсан ...” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн улмаас хэн хохирсон болох, хохирогчийг зөв тогтоох шаардлагатай.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай.

 

Шүүгдэгч Б.Хгийн тухайд энэ хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон /гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч/, өөрөөр хэлбэл түүний залилах гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр буюу идэвхтэй үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй байхын зэрэгцээ анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдана.

 

Энэ эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдал бүрэн дүүрэн шалгагдаж тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй Л.Н, Б.Х нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цын гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Н, Б.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч нар нь “шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй”, “дахин гэмт хэрэг үйлдсэн”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л-н нэрийг Э.Г гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Н, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

              ШҮҮГЧИД                                                                         С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                             Г.ЖАРГАЛТУЯА