Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 08 210/МА2022/01464

 

НИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01470 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч НИ ХХК-ийн хариуцагч Б.Цд холбогдуулан түрээсийн төлбөр болон алдангид 15,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: НИ ХХК болон Б.Цтэй 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр оффисийн зориулалттай өрөөг түрээслэхээр 2017/14 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 5-р хороо нарны зам дагуу JS тауэрийн 9 давхарт байрлах 901, 902 тоот 252 м.кв бүхий оффисийн зохиулалтын байрыг сарын 2,520,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр болсон. Талууд харилцан тохиролцсны үндсэн дээр тус түрээсийн хугацааг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус тус сунгаж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээг дуусгавар болгох талаар аль нэг талаас санал гаргаагүй тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр түрээсийн гэрээ сунгагдсан. Б.Ц нь тухайн оффисийн байрыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгасан бөгөөд энэ хугацаанд гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөх, эсхүл талбайг чөлөөлөх талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөх, эсхүл тухайн оффисийн талбайг чөлөөлөх талаар тодорхой үйлдэл хийхгүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр уг оффисийн талбайг чөлөөлөн авсан. Гэвч Б.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хуримтлагдсан түрээсийн төлбөр болох 10,150,000 төгрөгийг огт төлж барагдуулаагүй байх тул түрээслүүлэгч НИ ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт 10,150,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2017/14 тоот Түрээсийн гэрээний 6.5 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн алданги 5,075,000 төгрөгийг түрээслэгч Б.Цс гаргуулах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийн асуудлаар Б.Цэцэгтэй эвлэрэн хэлэлцэх санал гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч Б.Цэцэгийн зүгээс эвлэрэн хэлэлцхээс удаа дараа татгалзсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: НИ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сараас хойш 2 сар хүртэл 43 хоног хөл хорионд орсон. Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан түрээслэгч тал хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Миний зүгээс 34,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, энэ талаар НИ ХХК-ийн нярав, захирал нь мэдэж байгаа. Түрээсийн гэрээ 10 дугаар сард дуусч байгааг мэдэж байсан. Гэхдээ би гадагшаа явах гэж байсан учраас гэрээгээ цуцалж чадаагүй. Гэрээгээ сунгахгүй, нууцаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа учраас хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн хариу хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Тэгээд би гэрээг сунгах хүсэлт гаргаагүй, хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөөгүй. Ажилгүй гэртээ байна, хөнгөлөлт үзүүлээч гэж нягтланд нь хэлэхэд захирлаасаа асууя гэж хариу хэлсэн. Хөл хорио сулруулсан боловч 7 хоног л ажиллах боломжтой байсан. Энэ мэтчилэн ашиг орлого олоогүй, түрээслэсэн, хөрөнгө оруулалт хийсэн, сарын барьцаа байгаа тэрнээс аваарай, хөнгөлөлт үзүүлээч гэхэд хөнгөлөөгүй. Ашиглалтын зардлаа өөрсдөө төлдөг, тэр нь өндөр гардаг. 2020 оны 5 дугаар сард манай үйл ажиллагаа зогссон, тэгээд түлхүүрээ 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэр үед ямар нэгэн маргаан үүсээгүй. Хөрөнгө оруулалт хийсэн болохыг мэдэж байгаа болохоор тохиролцох байх гэсэн боловч тохиролцоогүй шүүхэд хандсан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, би түрээсийн байрнаасаа юу ч аваагүй бүгдийг нь үлдээгээд гарсныг нэхэмжлэгч мэдэж байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Б.Цгээс түрээсийн гэрээний үүрэгт 3,815,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НИ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Нисээч Интэрнэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 75,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НИ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Түрээсийн төлбөр 12,600,000 төгрөг болох бөгөөд үүнээс Б.Цгийн үлдээсэн барьцаа болох 2,450,000 төгрөгийг хасч үлдэгдэл 10,150,000 төгрөгийг нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 70,000 төгрөг 4 сарын түрээсийн төлбөр 10,080,000 төгрөг нийт 10,150,000 төгрөг болж байгаа нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байсан. Гэтэл шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор үнэлэхгүй хайнга хандаж барьцааг түрээсийн төлбөрөөс хасч тооцсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10,150,000 төгрөгөөс барьцаа гэж 2,520,000 төгрөгийг хасч 7,630,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид төлбөрийн хохирол учруулж байна. Түүний эзэмшиж буй оффисийн талбай руу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл шүүхийн шийдвэргүйгээр дур мэдэн нэвтрэн орох, дотор нь байгаа эд хөрөнгөд халдаж зөөвөрлөх боломжгүй юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нь өөрсдөө офиссийн талбайгаа албадан чөлөөлж аваагүй гэдэг үндэслэлээр түрээсийн төлбөрийг шууд 50% хасагдуулж шийдвэрлсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй шийдвэр болсон. Хариуцагчийн зүгээс Ковид-19 өвчний тархалтын улмаас үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр болон алданги төлөхгүй гэж маргасан. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болсон гэх давагдашгүй хүчин зүйл байсан эсэх, мөн түүний үргэлжилсэн хугацааны талаар төрийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ, мөн давагдашгүй хүчин зүйлээс болж гэрээний үүргээс чөлөөлүүлэх, эсхүл хөнгөлөлт эдлэх талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхээс хэрэгсэхгүй болгосон 11,410,000 төгрөгийг НИ ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч НИ ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 10,500,000 төгрөг, алданги 5,075,000 төгрөг, нийт 15,225,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч орон даяар үүссэн цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж, түрээсийн талбайг ашиглах боломжгүй болсон, бизнесийн үйл ажиллагаа зогссон байхад түрээсийн төлбөр, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түрээсийн байрыг өөрийн зардлаар засан тохижуулсан гэх үндэслэл заан маргажээ. /хх 1, 73/

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн, талууд уг үйл баримтын талаар маргаангүй байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлгүй байна.

4.а. Талууд 1 сарын түрээсийн төлбөрийг 2,520,000 төгрөгөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан нэхэмжлэхээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 70,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын түрээсийн төлбөр 10,080,000 төгрөг, нийт 10,150,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөөгүй байна.

Гэрээний 6.6-д Түрээслэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ тухайгаа түрээслүүлэгчид 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч барьцаа төлбөрийг түрээслэгчид буцаан олгохгүй гэж дэнчингийн төлбөрийн талаар заажээ.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ.

Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч барьцаа төлбөрийг түрээслэгчид буцаан олгох, эсхүл гэрээний үүрэгт суутгаж болно.

Дээрх нэхэмжлэхэд уг дэнчингийн гэрээний үүргээс хасч тооцсон талаар дурьдаагүй байх тул барьцааг түрээсийн төлбөрөөс хасч тооцсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10,150,000 төгрөгөөс барьцаа гэж 2,520,000 төгрөгийг дахин хасч нэхэмжлэгчид 1 сарын түрээсийн төлбөрийн хохирол нэмж учруулсан гэх агуулагтай давлж заалдах гомдол үндэслэлгүй.

4.б. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7.1-д гэрээнд оролцогчдын хүсэл зоригоос гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй, дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, хориг, газар хөдлөлт, усны үер, гал түймэр, бусад байгалийн аюулт үзэгдэл зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний оролцогчид харилцан хариуцлага хүлээхгүй гэж заасан байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар удаа дараа хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Талууд гэрээний үүргийн зөрчилд хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлээ гэрээгээр тухайлан тохиролцсон байна. Иймд анхан шатны шүүх алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Иймд хариуцагчаас алданги гаргуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

5. Харин нэхэмжлэгчийн дараах гомдол үндэслэлтэй байна.

Түрээсийн гэрээний 4.2.5-д гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл гэрээг цуцласнаас хойш ажлын 5 хоногт байрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд албадан нүүлгэж гаргах эрхтэй гэж заасан байна. Уг заалтаар нэхэмжлэгчид үүрэг хүлээлгэсэн бус, харин эрх олгосон байх тул эрхээ хэрэгжүүлж хариуцагчийг албадан гаргаагүй нь үүргийн зөрчил биш юм. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрх тэгш байдлын зарчмын хүрээнд шүүхийн шийдвэргүйгээр иргэний эрх зүйн харилцааны оролцогчид харилцан албадлага хэрэглэх эрхгүй юм.

Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,150,000 төгрөгөөс дэнчинд урьдчилан төлсөн 2,520,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 7,630,000 төгрөгийг хариуцагч Б.Цгээс гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт түрээсийн төлбөр төлөх хэлбэрийг тус тус заасан байх ба эдгээр нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт биш юм.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхийг зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр болон алданги шаардсан байна. Түрээсийн төлбөр болон алданги нь гэрээний үүрэг бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хохиролд хамаарахгүй юм.

Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх ба хариуцагч түрээсийн талбайг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно. Иймд хариуцагч нэхэмжлэгчид түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээ үргэлжилсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийг хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй.

7. Дээрх дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318.5, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж, 3,815,000 гэснийг 7,630,000 гэж, 11,410,000 гэснийг 7,595,000 гэж,

2 дахь заалтын 75,990 гэснийг 137,030 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН