Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1070

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б   

Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын дарга   

Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д******* овогтой Б миний бие 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр ажилд орж тасралтгүй 23 жил ажиллаж байна. 2011 оноос өнөөг хүртэл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчаар ажилласан. Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчаар ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “А” үнэлгээтэй биелүүлж байсан бөгөөд миний хариуцсан анги 2011, 2012, 2015 онуудад Онцгой байдлын газрын “Тэргүүний хамт олон”-оор шалгарч байсан. Мөн миний бие 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Шилдэг ангийн захирагч” шагналыг хүртэж байсан. 

Гэтэл Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 7 сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Д*******гийн Б 2016 оны 7 сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилсон шийдвэр гарсан. 

Энэхүү тушаалыг гаргахдаа надад мэдэгдээгүй, санал аваагүй бөгөөд энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хууль, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмыг зөрчсөн шийдвэр болсон байна.  

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т” Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байдаг. Гэтэл намайг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болоогүй мөн надтай тохиролцсон зүйл байхгүй. 

Монгол улсын шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр тушаалаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам”-ын 4.10-т “Албан хаагчийг албан тушаалд томилохдоо тэдний ахуй

амьдралын байдал, ажиллах нөхцөл, сонирхлыг харгалзан аль илүү үр бүтээл гаргаж, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой газар, албан тушаалд томилно” гэж заасан байдаг. 

Нэхэмжлэгч миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 1-8 насны 4 хүүхэдтэй бөгөөд 1 нас 10 сартай 2 ихэр хүүхэдтэй асаргаа их шаардагддаг. Манай эхнэр Т.У Сайхан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажиллаж байна. Би Улаанбаатар хотод шилжин ирж ажиллахад эхнэрийн ажлын байр, амьдрах орон байр, хүүхдийн сургууль цэцэрлэг зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсч байгаа бөгөөд ажлын үр бүтээлтэй, тогтвор суурыиилтай ажиллах боломжгүй нөхцөл байдал бий болж байна. 

Гэтэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга тушаал гаргахдаа миний ажлын үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ур чадвар, ажлын туршлага, ар гэрийн байдал, ахуй амьдралыг харгалзан үзсэнгүй. Мөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлийн 17.1. “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн,

мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэсэн заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд 2016 оны 8 сарын 19-ний өдөр өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 сарын 24-ний өдөр “Өргөдөл шилжүүлэх тухай” албан тоотыг Төрийн албаны зөвлөлийн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн дарга Т.Б-д хүргүүлж хуулийн дагуу шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг даалгасан. Төрийн албаны салбар зөвлөл уг асуудлаар хариу өгөлгүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. 

Иймд шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1993 оны 06 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газарт ажилд тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. 2011 оноос Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын Сайхан суман дахь аврах гал унтраах 61 дүгээр ангид ажиллаж ирсэн ба уг хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ А үнэлгээтэй дүгнэгдэж байсан. Миний ажиллаж байсан салбар 2011, 2012, 2015 онуудад Онцгой байдлын газрын тэргүүний хамт олон болж байсан. Миний хувьд 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын шилдэг ангийн захирагч шагнал хүртэж байсан. Яагаад хуучин албан тушаал дээрээ очих шалтгаан нь эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд амьдардаг. Гэр бүлийн хүн минь тухайн сумандаа тогтсон ажил эрхэлдэг ба 4 хүүхдийн хоёр нь ихэр, том нь 2 настай. Тиймээс хоёр талд амьдарна гэдэг бол маш хэцүү асуудал тулгараад байгаа юм. Тиймээс  Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...***дугаар тушаал нь гарах болсон үндэслэл нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2-т заасныг  үндэслэж гарсан нь хууль тогтоомжид нийцээгүй тушаал шийдвэр гэж үзэж байгаа. Уг тушаалын агуулга бол нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын 61 дүгээр ангийн захирагчаас чөлөөлж, Нийслэлрүү шилжүүлэн ажлуулж  тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчид энэ талаар ямар нэгэн байдлаар мэдэгдсэн болон саналын сонссон зүйл байхгүй. Онцгой байдлын ерөнхий газар үйл ажиллагааны талаар холбогдох журам байдаг. Монгол улсын шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 91 дүгээр тушаалаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад албан хаах журмын 4 дүгээр зүйлийн 4.10-т албан хаагчдыг албан тушаалд томилохдоо эдний ахуй амьдралын байдал ажиллах нөхцөл, сонирхлын харгалзан аль үр бүтээл гаргаж, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой газар томилох зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нэхэмжлэгч нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр нь уг газар ажилтай, хүүхдүүдийн ч гэсэн сургууль, цэцэрлэг нь ч гэсэн Сайхан суманд байхад эдгээр нөхцөл байдлын харгалзан үзэлгүйгээр шилжүүлэн ажиллуулж байгаа нь  тухайн ажлын байр нь дээрээ үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Маргаан бүхий тушаалыг Онцгой байдлын дарга гаргахдаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлж, тушаал шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг барьж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 19 дүгээр ангийн захирагч,  дэд хурандаа Н.Б холбогдуулан тус ангийн салааны захирагч дэслэгч Ц.Б-с гаргасан өргөдөлд ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр явуулсан албан шалгалтын явцад дэд хурандаа Н.Б, дэд хурандаа Д.Б, х/ч Э нар нь бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрх эдлэн Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь гал түймэр унтраах аврах 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн ажлын байрны галын аюулгүй байдлын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн түүн дээрээ хүчингүй болсон тэмдэг, дардас ашиглан аж ахуйн нэгж байгууллагад нэг бүрийг нь 30-300 мянган төгрөгөөр олгон дансаар дамжуулан 2,8 сая төгрөг гарган авч ашигласан албан тушаалаа урвуулсан, албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй асуудал тогтоогдсныг удирдлагын зүгээс Онцгой байдлын ерөнхий газрын Ёс зүйн албаны хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын ёс зүйн албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №4 дүгээр хурлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 19 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Бтэй холбоотой гаргасан тус ангийн салааны захирагч дэслэгч Ц.Б-ийн өргөдлийн дагуу албаны шалгалт хийсэн тухай, мөн газраас иргэд аж ахуй нэгж байгууллагад олгосон хуурамч, галын аюулгүй байдлын зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлтийн талаар хийсэн албаны шалгалтын дүнгийн тухай тус газрын 3 албан хаагчтай холбоотой асуудлыг Д.Б нарыг байлцуулан хэлэлцэхэд Гал түймэр унтраах, аврах, 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн тухайн дансаар дамжуулан бэлэн мөнгө гаргуулан авдаг байсан, 2,8 сая төгрөгийг байцаагч Энхтүвшинд гаргуулан өгч байснаа хүлээн зөвшөөрсөн. Ёс зүйн албаны хурлаас нэр бүхий алба хаагчдыг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр, унтраах 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн ажлын байрны галын аюулгүй байдлын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн түүн дээрээ хүчингүй болсон тэмдэг дардас ашиглан аж ахуйн нэгж байгууллагад нэг бүрийг нь 30-300 мянган төгрөгөөр олгон уг дансаар дамжуулан 2,8 сая төгрөг гарган авч ашигласан нь гэмт хэргийн шинжтэй байх тул уг асуудлыг шалгах эрх бүхий байгууллагаар нь гаргуулахаар шийдвэрлэж, ОБЕГ-ын даргад илтгэх хуудсаар танилцуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Д.Б нарт газар дээр нь сонсгосон. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №6 дугаар хуралдаанаар Д.Б-ыг өөрийг нь байлцуулан түүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүйгээр ажлыг байрыг нь өөрчилнө гэдгийг өөрт нь мэдэгдэж, хуралдаанаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга мөн газрын Гал унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн захирагч нарын ажлыг өмчлөх шийдвэр гаргасан. 

Энэхүү шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалаар Д.Б-ыг Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагчаар албан тушаалын ангилал, зэрэг цалингийн зэрэглэлийг бууруулахгүйгээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар хуралдаанаар Төрийн албаны зөвлөлөөс *** дугаартай албан бичгээр ирүүлсэн нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Б-ын Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай өргөдлийг Д.Б-г өөрийг нь байлцуулан хэлэлцэж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн. 

Энэ шийдвэрийг тэр даруй хурал орхин явсан байсан Д.Бд хуулийн зөвлөх Д.М утсаар хэлж мэдэгдсэн. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  ***дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлт гаргасан байх тул Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хойш Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн ба уг хуульд заасан шийдвэр гаргах шат дарааллын дагуу ашиг сонирхол хөндөгдөж болохуйц этгээдийг урьдчилж тодорхойлсон, нөхцөл байдлыг тогтоож, тодорхойлсон. Мөн нотлох ажиллагаа, оролцогчид урьдчилж мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан. Энэ бүх ажиллагааг явуулсны дараагаар гаргасан шийдвэрийг утсаар болон амаар биечлэн мэдэгдэж байсан. Төрийн албаны салбар зөвлөлийн хурал болоход заавар зөвлөмжөөр хангаж байсан. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийсэн. Дээрх бүх хуралд нэхэмжлэгчийг байлцуулсан. Энэ талаар зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа. Нэхэмжлэгч Садар сайдын албан хаах журмыг дурдаж байна. Журмыг баримтлах уу? Хуулийг баримтлах уу гэдэг зүйл байгаа. 2015 онд Улсын Их хурлаас Цэргийн бодлогын үндэс гэсэн бичиг баримт батлагдсан. Үүнд Зэвсэгт хүчин, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллга нар нь цэргийн байгууллагад хамаарна гэсэн байдаг. Өмнө нь бол Шүүх, цагдаа,  гэх мэт байгууллагууд хамаардаг байсан. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-т .Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно гэж заасан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгчээс хэдэн жил ажиллаж байгаа бэ гэж асуухад 5 жил ажиллаж байгаа гэхээр нь ажлын байрыг солино гэж хэлж мэдэгдсэн байгаа. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 19 дүгээр ангийн захирагч,  дэд хурандаа Н.Бд холбогдуулан тус ангийн салааны захирагч дэслэгч Ц.Б-аас гаргасан өргөдөлд ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр явуулсан албан шалгалтын явцад дэд хурандаа Н.Б, дэд хурандаа Д.Б, Э-н нар нь бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрх эдлэн Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь гал түймэр унтраах аврах 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн ажлын байрны галын аюулгүй байдлын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн түүн дээрээ хүчингүй болсон тэмдэг, дардас ашиглан аж ахуйн нэгж байгууллагад нэг бүрийг нь 30-300 мянган төгрөгөөр олгон дансаар дамжуулан 2,8 сая төгрөг гарган авч ашигласан албан тушаалаа урвуулсан тогтоогдсоныг удирдлагын зүгээс Онцгой байдлын ерөнхий газрын Ёс зүйн албаны хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Онцгой байдлын ерөнхий газрын ёс зүйн албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №4 дүгээр хурлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 19 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Бтэй холбоотой гаргасан тус ангийн салааны захирагч дэслэгч Ц.Б-ийн өргөдлийн дагуу албаны шалгалт хийсэн тухай, мөн газраас иргэд аж ахуй нэгж байгууллагад олгосон хуурамч, галын аюулгүй байдлын зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлтийн талаар хийсэн албаны шалгалтын дүнгийн тухай тус газрын 3 албан хаагчтай холбоотой асуудлыг Д.Б нарыг байлцуулан хэлэлцэхэд Гал түймэр унтраах, аврах, 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн тухайн дансаар дамжуулан бэлэн мөнгө гаргуулан авдаг байсан, 2,8 сая төгрөгийг байцаагч Э-д гаргуулан өгч байснаа хүлээн зөвшөөрсөн. Ёс зүйн албаны хурлаас нэр бүхий алба хаагчдыг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр, унтраах 61 дүгээр ангийн нэрээр арилжааны банкинд *** тоот харилцах данс нээлгэн ажлын байрны галын аюулгүй байдлын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн түүн дээрээ хүчингүй болсон тэмдэг дардас ашиглан аж ахуйн нэгж байгууллагад нэг бүрийг нь 30-300 мянган төгрөгөөр олгон уг дансаар дамжуулан 2,8 сая төгрөг гарган авч ашигласан нь гэмт хэргийн шинжтэй байх тул уг асуудлыг шалгах эрх бүхий байгууллагаар нь гаргуулахаар шийдвэрлэж, ОБЕГ-ын даргад илтгэх хуудсаар танилцуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Д.Б нарт газар дээр нь сонсгосон. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №6 дугаар хуралдаанаар Д.Б-ыг өөрийг нь байлцуулан түүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүйгээр ажлыг байрыг нь өөрчилнө гэдгийг өөрт нь мэдэгдэж, хуралдаанаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга мөн газрын Гал унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн захирагч нарын ажлыг өмчлөх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалаар Д.Б Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагчаар албан тушаалын ангилал, зэрэг цалингийн зэрэглэлийг бууруулахгүйгээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаар хуралдаанаар Төрийн албаны зөвлөлөөс 859 дугаартай албан бичгээр ирүүлсэн нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Б Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай өргөдлийг Д.Б өөрийг нь байлцуулан хэлэлцэж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  ***дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгч Д.Бгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б нь “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ***тоот тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 08 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба уг тушаалд нэхэмжлэгчийг ямар учраас, ямар үндэслэл, шалтгаанаар Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагчийн  албан тушаалд шилжүүлж байгаагаа тодорхой заагаагүй байх тул энэхүү тушаал нь “захиргааны актыг гаргах болсон шалтгаан, үндэслэлээ ойлгомжтой, тодорхой заах” гэсэн захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаас үзэхэд: 

• Албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон 

• Төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсон гэсэн хоёр нөхцөл байдал бий болсон тохиолдолд л шилжүүлэн ажиллуулахаар хуульчилсан байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд  албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон болон Д.Бтай өөртэй нь тохиролцсон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Зүй нь хариуцагч маргаан бүхий дугаар ***тоот тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй, тодорхой шаардлага бий болсон эсэх, Д.Бтай өөртэй нь тохиролцсон эсэх зэрэг үндэслэл, шалтгаануудыг тодорхой заах ёстой байжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б нь хуурамч бичиг баримт үйлдсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, өөрт олгогдоогүй эрх эдлэн албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэсэн агуулгаар маргаж байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсхүл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан гэж үзсэн бол зохих сахилгын шийтгэл ногдуулах эсхүл эрүүгийн гэмт хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх ёстой байжээ.  

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Б томилох тухай” ***дугаар тушаалд хуурамч бичиг баримт үйлдсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, өөрт олгогдоогүй эрх эдлэн албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэсэн шалтгаан, үндэслэлийг заагаагүй атлаа уг зөрчлүүдийг гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон тул хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна. 

Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж тус тус заасан байна. 

Гэтэл Онцгой байдлын ерөнхий газрын даргын ***дугаар тушаал 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан ба Цэргийн албаны тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан тул энэ хууль батлагдснаас хойшхи нийгмийн харилцаанд үйлчлэх учир уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 21 дүгээр зүйлийн 21.2-д заасныг үндэслэл болгон тайлбарлаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн түүнчлэн Цэргийн албаны тухай хуулиар цэргийн албаны харилцааг нарийвчлан, тусгайлан зохицуулсан хэдий ч төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах харилцаанд Төрийн албаны тухай хууль илүү нарийвчилсан, тусгайлсан зохицуулалт болох тул энэ маргаанд Төрийн албаны тухай хуулийг баримтлах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий дугаар ***тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна

Дээрх үндэслэлүүдээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Б томилох тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Б урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Б томилох тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Б урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ