Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 159

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

      Прокурор                                                  А.Энхтуяа

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Отгонбаяр

      Хохирогч                                                   М.Батзориг

       Хохирогчийн өмгөөлөгч                       Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

   Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Оорцог овогтой Батшүүлгийн Атартулгад холбогдох 1831000000094 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1979 оны 05 дугаар саын 31-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн,эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 7 дугаар баг, Орхоны 7-2 тооотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай, ухаан санаа эрүүлм Оорцог овогт Батшүүлгийн Атартулга:/РД:МС79053114/

 

  Шүүгдэгч  Б. Атартулга  нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод  согтуугаар М. Батзоригийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Атартулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 27-28-нд Сэлэнгэ аймагт тариаланчдын зөвлөгөөн болоход би ирсэн. Тэгээд би хуучны танил Батболдын гэрт очиж хоносон. Тэгээд М.Батзориг гэх залуутай танилцаад бид хэд хамт архи ууцгаасан. Намайг М.Батзориг удаа дараа доромжилж маргалдсан. Маргаж байхдаа М.Батзориг намайг гарч зодолдъё гээд хамт гарч миний цамцны захаар намайг боолтонд оруулж цохиж унагасан. Би боолтныоос гарахын тулд М.Батзоригийг хөлөөрөө жийж хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Зодолдож дуусаад орж ирэхэд Батболд надаас “Батзоригийг чи юугаар цохисон юм бэ” гэж асуусан. Би гараараа цохисон гэж хэлсэн. Бид 2 хэсэг хугацааны дараа эвлэрч дахин архи уусан. Тэгээд би унтсан. Өглөө нь 7 цаг өнгөрч байхад цагдаа ирж намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан. М.Батзоригийн эхнэр нь цагдаад мэдэгдсэн юм байна лээ. Бид хоёр маш бага талбайтай шороо чулуу ихтэй газар зодолдсон. Шарка Батболд нарыг хэзээ гараад явсныг мэдэхгүй. Миний өмсөж явсан хувцас урагдаж шороо тоос болсон гэв.

2.Хохирогч М.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 04 дүгээр сарын 28-нд би гэртээ нэг найзтайгаа архи уугаад байж байтал Батболд ах намайг гэртээ дуудсан. Тэгээд очоод байж байтал Алтанбулаг сумаас Б.Атартулга Шарка 2 “Тайга” гэх архитай орж ирсэн. Б.Атартулга орж ирээд миний өөдөөс хараад сууж байсан. Б.Атартулга согтуу байсан учир надад агсан тавиад “зодолдъё”  гээд байсан. Намайг Батболд ахын гэрээс авч гараад нэг үүрч унагаад дэрээс дэвсээд байсан. Нэг мэдсэн чинь намайг Шарка “босоорой” гээд байсан. Би юу болсныг санахгүй байсан. Тэгээд босч ирээд гэрт ороод гар нүүрээ угаачихаад гарч явахдаа колонкын хажууд унтсан байсныг өөр нэг танихгүй хүн хараад цагдаад дуудлага өгсөн байна лээ гэв.

3.Хохирогч М. Батзоригийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед өөрийн таньдаг Батболд нь гэртээ хүрээд ир гэж дуудахаар нь би Батболд ахын хороолод байх шонхор супер маркетын залгаа байх гэрлүү нь ороход Батболд ахын гэрт нь дүү нь гэх нэг гаргүй залуу Батболд ахтай цуг архи уугаад сууж байсан. Би Батболд ахын гэрлүү нь орохдоо ямар ч архи согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд би Батболд ахын дүү гэх тэр гаргүй залууг унтуулчаад Батболд ахтай 2-3 шил архи хувааж уухад би нилээн согтсон байсан. Ямар ч байсан гаднаас нэг шар хослолтой залуу Батболд ахын хаалгийг савж орж ирээд архи архи хундгалах гэж байгаад нэг хундага хагалчихсан юм. Тэгэхээр нь би “чи яагаад хундага хагалаад байгаа юм бэ? Айлд аятайхан байгаа ч” гэж хэлэхэд тэр шар залуу намайг аваад гараад намайг газар унагаад миний дээрээс дэвсээд байсан. Тэгээд би юу болсныг огт санахгүй байгаа юм. Би Атартулга гэх залууд зодуулчаад миний ухаан балартсан. Нэг ухаан ороод сэрэхэд би Цагдаагийн машин дотор суучихсан явсан. Харин тэр үед миний баруун талын нүд хавдаад тагларчихсан юм харахгүй байсан. Ямар ч байсан намайг тэр шар луу болох Атартулгаас өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй. Атартулга л намайг зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/  

4.Гэрч О. Батболдын 2018 оны 05 дугаар сарын 15-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Болсон зүйлийн талаар яриж хэлэхэд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн цайны цаг буюу 13 цагийн үед гэрээсээ гараад машиндаа сэлбэг авах зорилгоор захын ойр орчимд байдаг сэлбэг зардаг дэлгүүрэр явж байгаад партизаны талбай дээр үзэсгэлэнгийн худалдаа болж байгааг хүнээс сонсоод талбай дээр очоо Хушаад сумын засаг дарга Атартулга ирсэн байж магадгүй гэж бодоод Атартулга руу залгаад хаана байгаа талаар асуухад би Чуулга дээр ажилтай байна гэхээр нь би “ах нь чамтай ажил хэргийн талаар асуух зүйл байна” гэсэн чинь “би таньруу ажиллаа дуусгачаад ярье” гэхээр нь утсаа салгасан. Тэгээд би гэртээ харьж машинаа янзлаад сууж байхад 18 цагийн үед Атартулга надруу залгаад бид хоёр яриад м анай гэрт ирэхээр болсон. Тэгээд Атартулга манай гэр ирээд бид хоёр хувийн ажиллаа яриад тэр өдөр Атартулга манай гэрт хоносон юм. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Атартулга бид хоёрыг манай гэрт байж байхад Шарка манай гэрт нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архинаас Шарка Атартулга бид гурав уугаад дуусч байхад миний хүргэнахын хүү Баяржаргал надтай уулзах гээд орж ирсэн. Тэр үед Шарка би явж үрээ заслаа гэсэн чинь Атартулга би хамт явна гээд Шарка Атартулга хоёр манай гэрээс гараад Алтанбулаг сум руу явсан. Харин тэр үед манай гэрт Баяржаргало бид хоёр үлдсэн. Баяржаргал бид хоёрыг манай гэрт байж байхад Батзориг би танай гэр лүү яваад очье гэж хэлсэн. Тэгэд удаагүй батзориг архи уучихсан байдалтай манай гэрт орж ирсэн. Батзориг, Баяржаргал бид гурав манай гэрт 0.75 граммтай нэг шил архи уугаад дуусч байхад. Гаднаас Атартулга, Шарка хоёр орж ирсэн. Тэгээд бид тав 0.75 граммтай хар чингис нэртэй нэг шил архи ууж байгаад Баяржаргалыг гэртээ харь гээд явуулсан. Тэр үед нөгөө хэд нь манай гэрээс орж, гараад тамхи татаад байсан. Миний хажууд ямар нэг маргалдсан асуудал гараагүй. Тэгээд байж байхад, Шарка надад “нөгөө хоёр чинь гадаа гараадт зодолдсон юм шиг байна Зоригоо хашааны ёроолд хэвтэж байхаар нь би очиж босголоо” гэж хэлээд Зоригоог оруулаад ирсэн. Тэр үед Зоригоогийн нүд нь хавчихсан байхаар нь би Атартулга, Батзориг хоёрт хандаж “Та нар яагад зодолдоод байгаа юм бэ?” гэсэн чинь тэр хоёр юу ч дуугарахгүй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо гэр бариад эвлэрсэн. Тэгээд би суужс байгаад та нар одоо явцгаа зүгээр идэж ууж чадахгүй гэж хэлсэн чинь Шарка, Батзориг гараад явсан. Харин Атартулга би унтлаа гээд манай гэрт унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

5.Гэрч Т.Баяржаргалын 2018 оны 05 дугаар сарын 16-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэж санаж байна. /хэдэн цагийн үед/ гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан үдээс өмнө нь Алтанбулаг явах замдаа өөрийн таньдаг Батболд ахын гэрлүү ороход тэдний гарт Батболд ах, Атартулга хоёр байсан. Би Батболд ахын гэрлүү орохдоо нэг шил архитай орсон  бөгөөд тэр архийг Батболд, Атартулга хоёртоо хувааж уусан. Тэгээд би Алтанбулаг сум руу адуу засах гэж явлаа гэсэн чинь Атартулга би цуг явж адууны засаа идье гэхээр нь Атартулгатай цуг Алтанбулаг сумруу явсан ба бид хоёрыг Батболд ахын гэрээс гарах гэж байхад нэг гаргүй залуу зөрөөд Батболд ахын гэрлүү орж байсан. Тэгээд Атартулга бид хоёр Алтанбулаг суманд очоод 2 адуу засчаад буцаад Сүхбаатар сумруу явсан. Тэр хооронд 2 цаг гаран болсон. Буцаж ирээд Атартулга  бид хоёр Батболд ахын гэрлүү ороход Батболд ах, Баяржаргал, Батзориг гурав архи уугаад сууж байсан. Ингээд бид тав хар чингис нэртэй нэг шиг архийг ууж байхад Баяржаргал гэрлүүявлаа гээд явсан. Баяржаргалыг явахад Батболд ахын гэрт Батболд, Атартулга, Батзориг бид дөрөв үлдээд дахин архи уугаад сууж байхад Атартулга, Батзориг хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхдээ зодоон цохион болохоор сүрхий маргаан болоогүй. Тэгээд Атартулга, Батзориг хоёр гадагшаа гараад явахаар нь зодоон цохион хийнэ гэж бодоогүй тамхилах гэж байгаа юм болов уу гэж бодож байсан. Хэсэг хугацааны дараа Атартулга ганцаараа ороод ирэхээр нь би зөрөөд гадагшаа гарсан чинь Батзориг гадаа хашааны ёроолд доошоо харчихсан хэвтэж байхаар нь би очоод босгосон чинь Батзоригийн нэг талын нүд нь тагларчихсан байсан /аль талын нүд хавдан байсныг би санахгүй байна/. тэгээд би Батзоригийг дагуулаад Батболдын гэрлүү ороход Батболд ах та хоёр юунаас болж маргалддаг юм гэж уурлаад тэр хоёрыг загнаад байсан. Тэгээд Атартулга, Батзориг хоёр эвлэрээд байх шиг байсан. Удаачгүй Батболд ах  та нар зүгээр архи ууж чадахгүй бол гэр гэрлүүгээ яв гэхээр нь би түрүүлээд Батболд ахын гэрээс гараад явсан. Тэгээд юу болсон талаар хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №182 тоот актын дүгнэлт хэсэгт:

1. М.Батзоригийн биед хамар ясны хугарал, хиймэл урд дээд 5 шүд хөдөлсөн, духанд зулгаралт, сүвээнд цус хуралт, өвдөгний үеэнд хавантай, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой..

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 32 дугаар хуудас/

7.Шүүгдэгч Б. Атартулгын 2018 оны 05 дугаар сарын 04-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргаар 5 жил ажиллаж байна. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тариаланчдын чуулга уулзалт болох гэж байсан болохоор би тухайн уулзалтанд орох гэж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Хушаат сумаас аймгийн төвд ирсэн. Тэгээд дээрх өдрүүдэд уулзалтанд орчоод 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед миний таньдаг О. Батболд нь надруу залгаад намайг гэртээ урьсан. Тэгэхээр нь би Батболдын гэрт ороод хоол идэж байхад Батболд титэм нэртэй 05 граммтай нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж ууж байхад гаднаас Батболдын гэрт нь Шарка, Зоригоо гэх хоёр залуу орж ирсэн. Уг хоёр залууг би танихгүй бөгөөд тухайн үед Батболдоор дамжуулан танилцаад бид дөрөв хоёр шил архийг хувааж ууцгаасан бөгөөд архи уугаад сууж байхад гаднаас Баяржагаа гэдэг нэртэй халамцуу залуу орж ирээд бид дөрөвтэй хамт суусан. Тэгээд би тэр залуутай танилцаад юм яриад сууж байхад тэр Баяржагаа гэдэг залуу таныг хэн гэдэг юм бэ гээд нудрах үед ширээн дээр байсан хундага унаж хагарсан. Тэр үед Батболд чи согтсон байна гэрлүүгээ харь гээд Баяржагааг гэрлүү нь явуулсан. Тэгээд Баяржагааг явсны дараа удаачгүй Батзориг надруу агсраад чам шиг дарга гэж ямар юм байдаг юм, чи яаж дарга болсон юм гээд байхаар нь би “би чаддаг болоод ажиллаж байгаа юм. миний дарга байх нь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд Батзориг хоёулаа гаръя би чамайг зодоод өгье гэхээр нь би Батзоригийн дагаад гарсан чинь Батзориг миний зүүн талын бүдүүн гуяруу нэг өшиглөөд намайг заамдаж байгаад миний цамцны захаар миний хоолойг боосон. Тэр үед миний амьсгал давчдаад, өвдгөөрөө газар унасан. Тэр үед Батзориг миний толгой, бөөр, зүүн гар, нүүрлүү хэд хэдэн удаа цохихоор нь би зууралдаж байгаад босоод өөрийгөө хамгаалах, Батзоригийг өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа цохисон. Тэгэхдээ хаашаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Тэр үед Батзориг газар унасан бөгөөд хаана ямар байдалтай унасныг нь би хараагүй. Учир нь би Батзоригт зодуулж, маш их шоконд орсон учраас ухаан балартаад манаралтын байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би тайвшрад харсан чинь Батзоригийн нүүр цус болсон байсан учраас би Батзориг дээр очоод хоёулаа орье гэсэн чинт би босож чадахгүй байна гэхээр нь би түрүүлээд Батболдын гэрлүү ороод Батболд, Шарка хоёрт Батзориг уначихлаа та хоёр оруулаад ирээч гэсэн чинь Шарка гараад Батзоиргийн оруулаад ирсэн. Тухайн үед Батзоригийн баруун нүд хавдсан, дух хэсэг нь шалбарсан байсан. Тэгээд би Батзоригоос уучлалт гуйгаад санаатай гэмтээсэн асуудал байхгүй шүү чи өөрөө намайг цохиж зодоод цохиж алчих шахлаа найз нь өөрийнхөө биеийг хамгаалах гэж байгад чамайг нэг удаа цохисон шүү гэдгээ хэлсэн. Тэр үед Батболд, Шарка хоёр Батзоригийг чи өөрөө яах гэж хүн өдөөд байсан юм гэж. Харин намайг чи Батзоригийг юугаар  цохиод гэмтээчихсэн юм гэж хэлэхээр нь би тэр хоёрт хандаж миний хувьд Батзоригийг ямар нэгэн эд зүйлээр цохиогүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан. Ингээд нэг сэрэхэд би өглөө Батболдын гэрт нь сэрсэн. Харин Шарка, Батзориг хоёр байхгүй явчихсан байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 7 цагийн үед цагдаа ирээд намайг Батзоригийг зодсон гээд саатуулах байранд саатуулсан. Тухайн үед ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

                Шүүгдэгчийн гэм буруу, хохирлын талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Оорцог овогтой Батшүүлэгийн Атартулгыг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод  согтуугаар М. Батзоригийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.  

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт учир дутагдалтай байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүгдэгч Б.Атартулга нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод  согтуугаар М. Батзоригийн  биед хамар ясны хугарал, хиймэл урд дээд 5 шүд хөдөлсөн, духанд зулгаралт, сүвээнд цус хуралт, өвдөгний үенд хавантай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч тухайн цаг хугацаанд болсон үйл баримтад тулгуурлан шалгах талаар, гэмт хэрэг хэрхэн гарсан, яаж гарсан талаар эргэлзээ бүхий байдлууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад бий болж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Атартулга нь тухайн цаг хугацаанд аргагүй хамгаалат хийсэн эсэхийг шалгаагүй нь хэргийн бодит байдлыг бүрхэгдүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Атартулгын “...Хохирогч М.Батзоригийн чам шиг засаг дарга байдаг юм уу гэснээс болоод маргалдаж байснаа 2-лаа айлаас гаръя гэж хэлээд байхаар нь дагаад гарахад шууд над руу довтолж зүүн талын бүдүүн гуя руу нэг удаа өшиглөөд, намайг заамдаж байгаад миний цамцны захаар хоолойг боосон. Тэр үед миний амьсгал давчдаад өвдгөөрөө газар унасан. Батзориг миний толгой, бөөр, зүүн гар, нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь би зууралдаж байгаад босоод өөрийгөө хамгаалах, Батзоригийг өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа цохисон, хаашаа цохисноо хэлж мэдэхгүй байна, учир нь би Батзоригт зодуулж маш их шоконд орсон учраас  ухаан балартаад манаралтын байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Батзоригийн “...Бид хоёр маргалдаад айлаас гарахад тэр шар залуу  намайг авч гараад газар унагаад миний дээрээс дэвсээд байсан. Тэгээд би юу болсныг огт санахгүй байгаа юм. Тэгээд би Атартулга гэдэг залууд зодуулчихаад миний ухаан балартсан. Ухаан ороод сэрэхэд би Цагдаагийн машинд суучихсан явсан...” гэх зэрэг зөрүүтэй мэдүүлгүүд шүүхийн хэлэлцүүлгээр яригдав. Шүүгдэгч болон хохирогчийн эдгээр зөрүүтэй мэдүүлгүүдийн аль алиныг мөрдөн байцаалтын шатанд өөр бусад баримтуудаар хангалттай тогтоож чадаагүй ба зөвхөн Шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч М.Батзоригийн биед хөнгөн гэмтэл учирсанаар Атартулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа нь эргэлзээтэй байна.

 Учир нь: Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд шүүгдэгч Б.Атартулгад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 191 дугаартай дүгнэлтэнд хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэжээ. Гэвч 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр түүнийг үгүйсгэж гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Анхны дүгнэлтэнд Атартулгын биед зүүн бугалганы гадна, дунд хэсэгт 6х3 см, баруун бугалганд 6х2.5 см, баруун сүвээнд 3х1 см, зүүн өвдгөнд 3х3 см, баруун өвдгөнд 3х4 см улаан хүрэн цус хуралттай, зүүн хөхний дээд хэсэгт хөхөрч няцарсан гэмтлүүд үүссэн нь тогтоогдсон байгаа ч эдгээр гэмтлүүдийн хамрах талбай бага гэсэн үндэслэлээр гэмтлийн зэргийг үгүйсгэсэн байна.Тэгэхээр Б.Атартулгын биед үүссэн зулгаралт болон зөөлөн эдийн гэмтлүүдийг хэн, хэрхэн учруулсныг шалгаж тогтоогоогүй байгаа нь хэргийг бүрхэгдүүлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэлд эргэлзээ төрүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймээс шүүгдэгч Б.Атартулгыг гэмт хэрэг үйлдсэн үү, эсхүл аргагүй хамгаалалт хийсэн үү гэдэг дээр хавтаст хэрэгт цугларсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг үндэслэн гэм буруутайд тооцох боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

   Харин М.Батзоригт учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Атартулгын үйлдлээс хамааралтай болох нь тогтоогдсон гэж шүүх үзсэн тул  хохирогч М.Батзоригийн эмчилгээний зардалд нийт 7.662.500 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлсний зардалд 500.000 төгрөг бүгд 8.162.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 1 шүдийг 2 сая төгрөг, 3 шүдийг 6 сая төгрөгөөр хийлгэхээр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 сарын 11-ний өдрийн 630 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсгийн заалтаар гэмтсэн шүднүүдийг хиймэл бүрээстэй эсэх, шүдний байрлалыг заагаагүй тул дүгнэлт өгөх боломжгүй гэсэн дүгнэлтийн 1 дүгээр заалтыг үндэслэн шүдний зардалд нэхэмжилсэн 6 сая төгрөг, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг талууд сайн дурын үндсэн дээр тохирч төлсөн, заавал хийгдэх гэрээний шинжгүй  байх тул дээрхи байдлуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов. Харин Улаанбаатар, Дархан хот руу эмнэлэгт үзүүлэхээр 2 удаа явахад гарсан зардал болох 260.000 төгрөгийн, хоолонд зарцуулсан 51.600 төгрөг, эм тарианд зарцуулсан 55.100 төгрөгийн болон толгой нурууны бариа засалчид төлсөн 150.000 төгрөг зэрэг нийт 516.700 төгрөгийг шүүгдэгч Б.Атартулгаас гаргуулж, хохирогч М.Батзоригт олгуулах нь зүйтэй байна. Хамар засуулахад төлөх 650.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтгүй байх тул баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхивол зохино. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд гэрч Б.Нарангэрэлийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 78-80 дугаар хуудсанд авагдсан М.Батзоригийн захиргааны болон зөрчлийн хэрэгт арга хэмжээ авагдаж байсан бүртгэлүүд зэргээс хохирогчийн хувийн байдлуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцсэнийг дурьдах нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг,  36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Оорцог овогтой Батшүүлэгийн Атартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар шүүгдэгч Б.Атартулгаас 516.700 төгрөг гаргуулж. Хохирогч М.Батзоригт олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгээс 6 сая төгрөг болон өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөгийг хүчингүй болгож, хамар засуулах зардлыг баримтаа бүрдүүлсний  дараа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсүгэй.  

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

4.Шүүгдэгч Б.Атартулгад урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

5.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ