| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0540/Э |
| Дугаар | 2026/ДШМ/30 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/30
2026 04 24 2026/ДШМ/30
Б.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н /цахим/
Хохирогч Д.А
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.М, хохирогч Д.А нарын давж заалдах гомдлоор Б.Мт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н М, Монгол Улсын иргэн,
Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө аймгийн сумын баг “Т” зочид буудлын тоот өрөөнд хохирогч Д.Аыг “явах гэлээ, чи явдаг хэн юм” гэж хэлж, үсдэж, толгой, нүүр хэсэгт нь алгадах, хоолойг нь боох зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Моос 1.530.300 төгрөг гаргуулж хохирогч Д.Ад олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.А давж заалдах гомдолдоо:
“... Уг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон Б.М нь намайг гүтгэн доромжилж, хийсэн хэрэгтээ хариуцлагагүй худал ярьж байгаад мөн надад учирсан хохирлоо ч барагдуулаагүйд хэргийн үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байгаа тул шийдэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:
“... Шүүхээс намайг гэм буруутайд тооцохдоо хохирогч гэх Д.А, гэрч Э.М, гэрч Б.О, гэрч Ж.Б, гэрч Б.Д-н мэдүүлгүүдийг үндэслэл болгосон байна. Эдгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа гэрч Э.М, Б.О, гэрч Ж.Б, гэрч Б.Д гэх хүмүүс нь С.П, Д.А нарын маргалдаж муудалцаж ноцолдож байхад хажууд нь байгаагүй. Харин би тэднийг хараад хажууд нь байж байсан болно. Үйл явдал болсон өдөр прокурорын хэрэг гарсан гээд байгаа буудлын 205 тоот өрөөнд Д.А, С.П, Б.М би гээд бид 3 байсан.
С.П-с удаа дараа мэдүүлэг авсан байдаг ба сэжигтнээр болон гэрчээр өгсөн түүний мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй орхигдуулахдаа яагаад тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаар ямар нэгэн дүгнэлтийг бичээгүй байна. Хамт байсан үйл явдлыг харж, сонссон хүнээс мөрдөн байцаах ажиллагаанд удаа дараа мэдүүлэг авсан атлаа тухайн хүний үйл явдлыг ярьж буй мэдээллийг орхих байсан бол анхнаасаа мэдүүлэг авах шаардлагагүй байсан гэж бодоход хүргэж байна.
Гэрч Э.М, Ж.Б, Б.Д нар нь хохирогч гэх Д.Аын худал зохиож ярьж байгаа зүйлийг сонсоод түүнийг нь дамжуулан мэдүүлж буй хүмүүс болохоос өөрсдөө үйл явдлыг нүдээрээ харж, чихээрээ сонссон хүмүүс биш юм. Тодруулбал энэ гэрчүүдийн ярьж байгаа зүйл бол Д.Ааас л эхлэлтэй. Д.Аыг миний утсыг хулгайлж гарсан болохоор нь би хэл үгээр доромжлоод хэдэн үг хэлсэнд хорсож, С.П-аа өмөөрч өөрийнх нь биед С.П-н учруулсан гэмтлийг намайг учруулсан гээд гүжирдээд байж байгаа хүн шүү дээ. Нэг хүн бусад хүнд тэрэнд зодуулсан гэж хэлээд тэр хүмүүсийн үгээр нь хэрэгтэн болгоод хараад байж байсан хүний үгийг үг гэж тооцдоггүй юм бол гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэгтэн болгож болох орчинд бид амьдарч байгаа юм байна гэж би бодож байна. Тэгэхлээр бодит байдлыг харж сонсоод ярьсан хүний мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулахдаа шийдвэртээ үндэслэл бичээгүй нь алдаатай шийдвэр гаргах нэг нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шүүх гэрч Б.О-н /...найз П над руу залгаад “чамайг явснаас хойш зодоон болоод хамт байсан эмэгтэйн ээмэг билүү гинжний нэг нь алга болсон” гэж ярьж байсан ... П надтай ярихдаа чамайг явснаас хойш зодоон болоод нөгөө эмэгтэйг М цохисон юм шиг байна билээ.../ гэх мэдүүлгийг намайг гэмт хэрэгтэн болгохдоо ашигласан байна. Тэгвэл Б.О-г явсны дараа үйл явдал болсон гэж үзэж байгаа бол Д.Аын Б.О намайг зодож байхад хажууд байсан гэх мэдүүлэг нь худал болж таарна. Ер нь Д.А нь С.П-тай маргалдаж муудалцсан асуудлаа санаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Учир нь агсам тавьж орилж, хашхирч байсны дээр 1.06 хувийн согтолтой мэдүүлэг өгөх буюу үнэн бодит байдлыг мэдүүлэх чадваргүй гээд тэмдэглэл бичсэн нь 1 дэх хавтасны 31, 32 дахь талд байж байсан. Согтуу гээд мэдүүлэг авч болдоггүй хуультай юм бол согтуу байхдаа хэлсэн үгийг нь сонссон хүний мэдүүлэг жинхэнэ үнэнийг олох баримт биш болж таарна. Согтуу хүний үгээр үг хийгээд яахав, согтуудаа балай юм ярьж, согтуу хүнтэй маргаад яахав гээд хүмүүс яриад байдаггүй билүү. Гэтэл шүүх согтуу хүний яриаг сонссон гэрчүүд гэх хүмүүсийн яриагаар хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг эргэлзээтэй баримтаар шийдсэн гэх үндэслэл болж байна.
... Таньж олуулах ажиллагаа билүү нэг тиймэрхүү утгагүй ажил мөрдөгч нь зохиож хийсэн байна лээ. Намайг таньдаг хүнээр намайг таниулаад байгаа нь цаанаасаа хохирогч гэх Д.Аын худал мэдүүлгийн хүчийг нэмэгдүүлэх гэж хийсэн дэмий цаас үрсэн зүйл байгаа юм. /намайг хэлмэгдүүлэх зорилготой хүмүүст л их чухал ажил юм шиг байна лээ/. Таньж олуулах ажиллагаа нь мэдүүлгийг шалгах ажиллагааны нэг төрөл бөгөөд Д.А нь надтай танилцаад намайг таньдаг болчихсон байхад таньж олуулах ажиллагаа явуулсан нэрийдлээр хэргийнхээ хуудасны тоо, ялын дүгнэлтийнхээ нотлох баримтын жагсаалтыг нэмснээс цаашгүй л юм болсон байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд таньж олуулах ажиллагааны онцлогийг тодорхой байдлаар буюу “Хохирогчоос хүн, мал, амьтныг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана, хохирогч нь түүнд харуулсан хүнээс аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна. Тэгэхээр нэрлэн зааж танилцсан тухайгаа хэлсээр байгаа хүнээр таньж олуулах ажиллагаа явуулж байгаа нь цаанаасаа энэ хэрэгт намайг буруутан болгох зорилготой болохыг харуулна. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа нь мөрдөгч намайг л буруутан болгох зорилготой байсныг нотлох нотлох баримт болохоос бус Б.М намайг буруутгах хэмжээний чанартай үр дүнтэй нотлох баримт биш юм.
Д.Аын биед учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргийг намайг гэмт хэрэгтэн болгохдоо шүүх ашигласан байна. Энэ шинжээчийн дүгнэлт нь Д.Аын биед С.П-тай маргалдан муудалцаж, агсам согтуу тавьж байх үед нь гэмтэл учирсан болохыг нотолсон болохоос намайг Д.Аыг зодсон үйлдэл хийсэн гэх нотлох баримт биш юм. Биед нь гэмтэл учирсан л бол тэр нь гэмт хэрэг байдаг, тэгээд Б.М ойрхон байсан бол тэр л энэ гэмтлийг учруулсан гэж ханддаг хандлага аймгийн Цагдаагийн газрын зарим албан тушаалтнуудаас гарах болсон байдаг. Намайг Ч гэгч төрийн цагдаагийн албан хаагч өрөөндөө дуудаж чамайг л зодсон гээд байна, үнэнээ хэлээч чи гэж багалзуурдаж хана мөргүүлж эрүүдэн шүүж эхэлсэн цагаас би намайг Д.Аыг зодсон гэж үзэж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Ч-н энэхүү үйлдэл нь хэрэг анх зөрчлөөр шалгагдаж байх үед эхэлсэн ба анхнаасаа намайг буруутан гэж нотлох зорилго тавьсан зөрчил шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болохыг тодоос тод харуулж байна.
Миний болж өнгөрсөн үйл явдлын талаар үнэнийг мэдүүлж байгаа мэдүүлгийг үнэлээгүй шалтгаанаа шүүх /Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “... шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг боловч шүүгдэгч нь өөрийгөө гэм буруугүйг нотлох, өөрт ач холбогдолтой гэх баримтыг үндэслэл зааж тайлбарлаагүй, мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй/ гэжээ.
Би мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан буюу өөрөө тухайн өрөөнд байсан бөгөөд харсан сонссон, өөрийнхөө хэлсэн үгийг хүртэл мэдүүлсэн. Мэдүүлгийн эх сурвалж гэдгийг би тухайн асуудлын талаар мэдэх болсон бодит шалтгаан үндэслэлийг хэлж байгаа юм болов уу гэж ойлгосон. Би өөрөө тухайн өрөөнд Д.А, С.П нартай байсан тул болсон асуудлыг харсан, сонссон зүйлээ хэлсэн. Тэгтэл шүүх намайг мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж тухайн газарт байгаагүй мэтээр дүгнэсэн атлаа тухайн өрөөнд Д.Аыг зодсон гэж байгаа нь учир зүйн алдаатай шийдвэр болсон байна. Үүний дээр миний мэдүүлгийг дангаараа байна гэжээ. Хэргийн талаар хамт байсан гэрч С.П-н мэдүүлэг миний мэдүүлгийг дангаараа байгаа бус болохыг нотолж байна. Шүүхийн шийдвэрт гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан байна гэсэн атлаа гэрч нарт гэх дотор С.П-ын мэдүүлэг орж байгаа эсэх нь тодорхойгүй болжээ.
Шүүх хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг гэж хохирогчийн мэдүүлгийг үнэлсэн шалтгаанаа бичжээ. Хохирогчид хууль сануулж, эрх үүргийг нь тайлбарлан өгснөөр түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх шууд шалтгаан холбоо үүсэж бий болдог гэж бий бодохгүй байна. Яагаад гэвэл Д.А хууль сануулсаар байтал худлаа хэлээд хүн гүжирдээд шүүхийн өмнө зогсож байна. Д.А нь эрх зүйч мэргэжилтэй гэсэн байсан тэгэхлээр Д.А нь хууль мэддэг судалсан хүн болохоороо хүн гүжирдэх ажилдаа мэргэжлийн хүн юм байна. Д.Аын намайг М зодсон гэх мэдүүлэг, С.П-ын мэдүүлэгтэй эрс зөрүүтэй, өрөөнд Б.О байсан гэх мэдүүлэг, гэрч Б.О-н би байгаагүй гэх мэдүүлэгтэй эрс зөрүүтэй, С.П зурагт хараад суугаад байсан гэх мэдүүлэг нь гэрч Б.Д-н П нь хажуугаас болио гэж хэлсэн гэх мэдүүлэгтэй тус тус эрс зөрүүтэй. Д.Аын хууль сануулж авсан мэдүүлэг нь үнэн юм бол яагаад бусад хүмүүсийн мэдүүлэгтэй зөрүүтэй байна вэ. Үүний дээр Д.Аын мэдүүлэгт С.П-т би их гомдолтой байна гэж мэдүүлсэн нь ямар шалтгаантай болох талаар тодруулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Д.А яагаад С.П-т гомдолтой байгаа нь энэ хэрэгт маш чухал юм. Би Д.Аын ээмэг, бөгжийг хулгайлаагүй, түүнийг зодоогүй байхад шүүх ээмэг бөгж, хувцас хунар, эмнэлгийн баримт, бензиний мөнгө зэрэг нийт 1,530,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Намайг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж шийдвэр гаргасан атлаа ээмэг, бөгж, хувцас, бензиний мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт хамааралгүй мөнгө авах боломжийг хохирогчид олгосон гэж үзэж байна. Хулгай хийсэн хүн өөрөө буцаад надаас авлагатай болж байгаа нь шударга үнэн шийдвэр гаргаагүйг харуулж байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд прокуророос гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан Д.Аын ээж гэх Б.Д гэх хүнийг оролцуулан хэргийн талаарх нөхцөл байдлыг мэдэх боломж олгож, намайг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр шүүгчийн хуралд оролцуулсан гэрч Б.Д нь зодсон. Шүүгчийг би санаатайгаар Б.Д гэх гэм буруугийн хуралдаанд гэрчээр оролцуулахаар яллах талаас хүсэлт гаргасан хүнийг суулгасан гэж бодож байгаа. Учир нь тухайн гэрчийг хэргийн талаар мэдээллээр хангаж гэм буруугийн хуралдаан дээр ярих зүйлийнх талаар тодорхой ойлголттой болгох зорилготой байсан болов уу гэж хардаж байна. Энэ хүнийг гэм буруугийн хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа оролцуулалгүйгээр 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие бичгээр гаргаж буй хүсэлтээ өгөхөд шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа атлаа миний бичгээр гаргаж байгаа хүсэлтийг авахгүй гээд буцааж өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хугацаагаа сунгаж урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоосон байхад оролцогчоос хүсэлт гаргаж болохгүй хугацаа дууссан гээд намайг ялгаварлан үзэж аваагүйд гомдолтой байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад яллах талын нотлох баримтыг сонгон авсан атлаа хамт байсан гэрч С.П-н мэдүүлгийг няцаасан үгүйсгэсэн үндэслэл бичээгүй, хохирогчийн мэдүүлэг бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй байхад тухайн мэдүүлгийг үнэлэхдээ эргэлзээ бүхий нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан, хэргийн бус хохирол төлбөр гаргуулж хэт нэг талыг барьсан зэрэг үндэслэлүүдээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хоёр. Мөрдөгч нарын болон Прокуроруудын шийдвэр үйл ажиллагаанд гаргаж буй гомдлын утга: Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тодорхойлсон зорилгыг бус Б.Мыг яаж гэмт хэрэг үйлдсэн мэтээр болгох вэ гэдэг зорилго тавьж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааг тус тус явуулсан. Энэ хуулийн зорилт зөрчсөн ажиллагаанд өмнө хэрэг хянаж байсан прокурор, мөрдөгч нар оролцсон байдаг. Тодруулбал Э.Ч гэгч нь өрөөндөө намайг А чамайг зодсон гээд л байгаа юм даа, үнэнээ хэл гэх мэтээр үгээр доромжлон дарамталж хоолой боож хана мөргүүлэх зэргээр зодож эрүүдэн шүүж эхэлсэн. Прокурор нь С.П-г өмөөрч түүнээс сэжигтнээр мэдүүлэг авсан ажиллагааг хүчингүйд тооцож намайг сэжигтнээр үлдээж хэрэгт тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэж эхэлсэн нь намайг буруутан болгох зорилгыг харуулж байна. Энэ мэтчилэн хэргийн бодит байдлыг тогтоохын оронд Д.Аын худал мэдүүлгийг үнэн мэт харагдуулж Б.Мыг л гэмт хэрэгтэн болгох зорилго тавьж байсан. Үүний тод жишээ нь намайг өмгөөлөгчгүй байсан болохоор хуульд заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын эх хувийг гардан авах эрхийг зөрчсөн. Надад эрх үүрэг тайлбарлаж өгөхдөө Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гардаж авах эрхтэй талаарх хуулийг тайлбарлаж өгөөгүй.
Тодруулбал надад эрх үүрэг тайлбарлаж өгсөн баримтад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцах эрхтэй гэж тайлбарлаж өгсөн болохоос гардаж авах эрхтэй талаар огт тайлбарлаж өгөөгүй. Үүний хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1. Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан дариу дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө гэж заасан ба 7.3 дугаар зүйлийн 2. Яллагдагч яллагдагчаар татсан шийдвэртэй танилцах шийдвэрийн хувийг авах эрхтэй гэж тус тус заасан. Яллагдагч би энэ эрхээ мөрдөгчөөр тайлбарлуулж чадаагүй буюу мэдээгүй надад хуульд заасан дээрх эрхийг тайлбарлаж өгөөгүйн дээр тогтоолын хувийг гардуулж өгөх хуульд заасан ажиллагаа хийгдээгүй байдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ямар нэгэн болзол нөхцөлгүйгээр тогтоолыг гардуулан өгөх үүргийг мөрдөгчид хуулиар бий болгож, яллагдагчийн эрхийг хуулиар баталгаажуулсан байна. Тэгтэл энэ талаар явагдсан урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч нь хүсэлт гаргаж байж тогтоолыг гардаж авах эрхээ эдлэх ёстой мэтээр хандаж тогтоол гардаж авах талаар хүсэлт гаргаагүй байна гэж намайг буруутгаж прокурор мөрдөгчийг илт өмөөрсөн. Надад шүүгчийн энэ байдлаас шүүгч прокурор, мөрдөгчийг өмөөрөх гэж ажил хийдэг яллах талын хүн мэт ойлголт төрсөн. Хуульд хүсэлт гаргаж байж тогтоолыг гардаж авна гэх нөхцөл заагаагүй ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр мөрдөгч гардуулан өгнө гэх агуулга бүхий заалт байсаар байтал шүүгч нь мөрдөгч, прокурорын хуульд заасан хийвэл зохих ажлаа хийгээгүй байдлыг намайг хүсэлт гаргаагүй гэж буруутгаж, эрхээ бүрэн эдлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байсаар байтал гэм буруугийн хурал хийхээр улайрсанд асар их гомдолтой байна.
Мөрдөгч Ц.М нь миний хүсэлтийн дагуу утасны үнэлгээ хийлгэхээр тогтоол гаргаж өгсөн. Тогтоолыг аваад үнэлгээ хийлгэхээр явж байтал тогтоол дээр үг үсгийн алдаа гаргасан байна буцаагаад аваад ир гэхээр нь буцаагаад аваачаад өгөхөд үг үсгийн алдааг нь засаад эргээд яръя явж бай гэж хэлсэн. Тэгээд нөгөө тогтоолоо зассан уу гээд асуухад үнэлгээ хийх шаардлагагүй гэж хэлээд өнгөрсөн. Үүнээс болж утас хулгайлахаар завдсан Д.А гэгч нь ял завшиж үлдсэнд гомдолтой байна.
Буудлын эзэн болох Б.Э-н мэдүүлэгт хяналтын камерын бичлэг байгаа бөгөөд 15 хоног хадгалагдаад устдаг талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл хяналтын камерын бичлэгийг хэрэгт бэхжүүлэн авахгүй байх замаар Д.Ад худал мэдүүлэг өгөх боломжийг санаатайгаар олгосон. Тухайн хяналтын камерын бичлэгт хэн хэн хэзээ буудлын өрөөнөөс явсан, Д.А хэзээ буудлаас гарсан, буцаад хэн оруулж байгаа, буудлын коридорт хэн хэрхэн юу гэж ярьж байгаа гээд Д.Аын худлаа ярьж байгааг нотлох бүхий л нөхцөл байдал хадгалагдан үлдсэн байх учиртай. Гэтэл хяналтын камерын бичлэгийг санаатайгаар нуун дарагдуулж энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит байдлыг нотлох чиг үүрэгт санаатай алдаа гаргаж байгааг харуулж байна.
Шүүх хуралдаан дээр Д.А нь мөрдөгч Ц.М нь С.П луу Д.Аыг утсаар яриулж хэлэх үгийг нь зааж өгч өөрөө утсаар яриаг нь бичиж авсан тухай хэлдэг. Ингэхдээ Д.Ааар Пт хандан “Мтой тааралдахад Ч-тэй чинь ална гээд дарамтлаад байна” гэх утгатай зүйл хэлэхийг зааж зөвлөж өөрөө утсаар бичлэг хийгээд байсан гэдэг. Энэ нь мөрдөгч Ц.М энэ хэрэгт хувийн сонирхолтой байсныг, хууль бус гүйцэтгэх ажил явуулсныг тус тус харуулж байна.
Энэ мэтээр хяналтын камерын бичлэгийг нуун дарагдуулсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гардан авах эрхийг тайлбарлаж өгөөгүй, тогтоолыг гардуулан өгөөгүй, үнэлгээ хийх тухай тогтоолыг мөрдөгч надаас авч устгасан, хууль бусаар гүйцэтгэх ажил буюу нууц далд аргаар, зохиомол байдал бий болгон бусдын яриаг бичиж авсан зэрэг хууль бус шийдвэр үйл ажиллагаанууд явуулсанд гомдолтой байна ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н тайлбартаа:
“... Хохирогч давж заалдах гомдолдоо “... Б.М нь намайг гүтгэн доромжилж, хийсэн хэрэгтээ хариуцлагагүй худал ярьж байна, ... хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Хохирогч Д.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мт зодуулсан мэтээр мэдүүлж, түүний мэдүүлгийг үндэслэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн болох” нотолбол зохих байдал тус тус бүрэн нотлогдоогүй гэж үзэж байх тул хохирогчоос гаргасан давж заалдах гомдол нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэж, няцаагдана. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлуулж, цагаатгуулах байр суурьтай оролцсоныг хохирогчийн зүгээс хийсэн хэрэгтээ хариуцлагагүй худал ярьсан хэмээн давж заалдах гомдол гаргажээ. Гэтэл шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Аын биед халдаагүй буюу эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:
Тухайн цаг хугацаанд буудлын өрөөнд хамт байсан С.П гэрчээр мэдүүлэхдээ “... М тухайн өдөр Аыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин А нь Б.Мыг алгадсан. Тэгсэн Б.М алгадуулаад уурлаад байхаар нь би дундуур нь ороод хоёр тийш нь салгасан юм”, дуудлагаар ирсэн 2 цагдаад ”... би наад эмэгтэйгийн чинь зодсон цохисон гээд байгаа хүн энэ байна л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх 5-8 хуудас/,
С.П сэжигтнээр мэдүүлэхдээ "... Тэгээд А Мтой хэрэлдээд дайраад байхаар нь би Аыг болиулах гээд хэсэг ноцолдсон. Би баруун гартаа цагтай байсан юм. А надтай ноцолдож байгаад салахад зүүн чихнийх нь ард толгой хэсэгт нь шалбарсан байсан. Тухайн шалбархай нь ил харагдаж байсан. Тэгээд байж байсан чинь М “би унтаж амармаар байна наад пиздагаа цагдаа дуудаад өг” гэсэн чинь А жоохон байж байгаад гараад явчихсан. Тэгээд би араас нь гарсан чинь А машин дотроо сууж байхаар нь би машинд нь орсон чинь “би М гэх хүнд зодуулчихлаа" гээд цагдаад дуудлага өгч байхаар нь “чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм болиоч” гээд юм яриад байж байсан чинь цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх 95-97 хуудас/-ээр хохирогчийн чихэнд учирсан шарх гэмтэл нь С.П гартаа зүүсэн байсан цагаараа учруулсан буюу М хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй болохыг нотолдог.
Гэрч Э.М нь тухайн цаг хугацаанд болсон процессыг шууд харсан гэрч биш бөгөөд Э.М-н мэдүүлэг нь С.П-н дээрх /2хх 5-8 хуудас/ мэдүүлгээр үгүйсгэгддэг. Мөн хохирогч А нь зодуулах үед өрөөнд М, С.П, О нар гурвуулаа байсан гэж мэдүүлдэг боловч О нь байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогддоггүй. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож чадаагүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирогчоос Мыг хийсэн хэрэгтээ хариуцлагагүй худал ярьж байна гэх давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлаагүй, зөрчсөн. Хууль сануулж авсан гэх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд илтэд зөрүүтэй, хохирогчийн чихэнд учирсан шарх гэмтлийг гэрч П нь "... би учруулсан, миний зүүж явсан цагны оосорт урагдсан” гэх мэдүүлгийг өгсөөр байхад анхан шатны шүүх энэхүү үндэслэл бүхий эргэлзээтэй нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлээгүй шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газрын алба хаагч хохирогч Б.Аыг зодсон гэх хэргийг Б.Мт хүлээлгэхээр эрүүдэн шүүж, хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байдаг. Энэ талаар тус шүүхээс шийтгэх тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх “... Б.Моос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй” гэж зөвтгөж дүгнэсэн нь нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн болохыг нотолно. Хохирогч давж заалдах гомдолдоо “Б.М нь надад учруулсан хохирлоо ч барагдуулаагүй хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байна” гэжээ. Хохирогчоос нэхэмжилж буй эмчилгээний зардал гэх баримтууд /1хх 81-83/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ээмэг, бөгжтэй байсан гэж нэхэмжлэх боловч түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хохирогчийн төрсөн эх, найз хоёроор гэрчлүүлсэн, урагдсан гэх цамцыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа өнгөрснөөс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсний дараа хохирогчоос хурааж авч, үнэлгээ тогтоосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасан журмын дагуу үнэлж дүгнэлгүй, хохиролд тооцож шүүгдэгчээс 1,530,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хохирогчоос гаргасан “хохирлоо барагдуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-т “Дээрх зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт гарсан. Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Б.М нь миний нүүр рүү алгадсан гэж мэдүүлдэг. Алгадсаны улмаас чихний дэлбэнд шарх гэмтэл үүсэх боломжтой эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Харин гэрч С.П-н "... миний зүүж явсан цагны оосорт урагдсан” гэх мэдүүлэг нь үүссэн гэмтэлтэй харьцуулахад бодит байдалд нийцэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын зөрүүтэй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл, гэмтэл учирч болох үйлдлийн арга, хүчин зүйлийн нөлөө хоорондоо харилцан шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хохирогчоос гаргасан хохирол барагдуулаагүй гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... давж заалдах гомдолдоо дурдсан байгаа...тогтоолыг хүчингүй болгож дахин шалгаж өгнө үү ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа: “... давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.А тайлбартаа: “... шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Энэ хэрэгт нотлогдвол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, мөн хэсгийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.
Тодруулбал: Иргэн Д.А нь анх “ ... үл таних хүн намайг Пүрэвхүүтэй муудалцахад доромжлон хоолой боомилж, зугтахад утас хулгайлсан хэмээн гүтгэж, ... гүжирдэж өрөөндөө оруулж зодсон ... нүд цохисон, чих сэтэрсэн ... ” гэсэн утгатай өргөдлийг Орхон аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргаж,
хохирогчоор мэдүүлэхдээ “ ... П-н ах гээд байгаа нэг жижигхэн бүдүүн залуу намайг зодсон ... , ...үснээс зулгааж чирч өрөө рүү буцаж оруулсан ... хоолойноос боож толгой хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиж хөдөлгөөнгүй болгож, дээр гарч суугаад багалзуурдаад толгой руу маш олон удаа нүдэж зодоод ална шүү гэж дайраад ... би сүүлдээ орилоод байсан чинь өөрөө цаашаа буугаад яваад өгсөн ... ” гэж /1 хх 36/ мэдүүлсэн байна.
Гэтэл тухайн үйл баримт болох үед хохирогч Д.А, шүүгдэгч Б.М нартай хамт байсан С.П анх сэжигтнээр мэдүүлэхдээ “...А Мтой ... хулгайч гэлээ ... гээд хэрэлдээд байхаар нь би Аыг болиулах гээд хэсэг ноцолдсон. Би баруун гартаа цагтай байсан ..., А надтай ноцолдож байгаад салахад зүүн чихийг нь ард толгой хэсэгт нь шалбарсан байсан ... тухайн гэмтлийг би учруулсан, миний цаг Ж-шок гэсэн бичигтэй төмөр оосортой төмөр цаг байсан ... ” гэж /1 хх 96/,
гэрчээр “... бие засах өрөө орчихоод гараад ирэхэд тэр хоёр хоорондоо хэрүүл хийчихсэн, М нь Аыг ... утас аваад явчихлаа, хулгайч ... гэж хэл үгээр доромжлоод байсан ... А ...би хулгайч биш... гэж хэлээд намайг алгадаад Мыг алгадаад, хоёр талаасаа босож ирээд хоорондоо барилцаж авах гээд байхаар нь би дундуур нь орж салгасан ... М тухайн өдөр Аыг цохиж зодсон зүйл байхгүй, ... тэр хоёр зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод хоёр тийш нь болгоод Аыг би бариад зогссон ...” гэж /2 хх 5-8/ тус тус мэдүүлжээ.
Прокурор нь С.П-с сэжигтнээр мэдүүлэг авсан мөрдөгчийн ажиллагааг хүчингүй болгосон гэх боловч мэдүүлэг авсан тэмдэглэл нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр бичигдэж, гарын үсэг зурсан хэсэгт X/04 гэж гараар бичсэн байгаа нь прокурорын 11 дугаартай тогтоол /1 хх 93/-д дурьдсан огнооноос зөрүүтэй байгааг дурьдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Б.М сэжигтнээр “... А П-н зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа алгадсан, П буцаагаад мангасдаад түлхсэн чинь А нь ор налаад суучихсан ... А П-г ... чи яагаад намайг зодож байгаа юм, уруул чих хэсэг рүү цохилоо ... гэж уурлаад байсан. Тэгэхэд П нь ...чи өөрөө надтай ноцолдож байгаад бугуйн цагны оосорт урагдсан ... гэх юм яриад байсан ... П цаг зүүсэн байсан ... ” гэж мэдүүлсэн байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч С.П-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон Б.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдтэй агуулгын хувьд зөрүүгүй, бие биенээ нотолсон шинжтэй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч нар нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх өгөх” үүрэгтэй юм.
Мөрдөгч нь хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тэдгээрт хуульд заасан дээрх үүргийг тайлбарлан, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулж /1 хх 35, 41, 43, 2 хх 3/ мэдүүлэг авсан атал хохирогч Д.Аын өгсөн мэдүүлгүүд нь С.П-н гэрчээр өгсөн дээрх мэдүүлгээс зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг огт хийгээгүй байна.
Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрх, ашиг, сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хохирогч, гэрч нарын хэнийх нь үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тухайн зочид буудлын 2 давхарт өрөөний бүх хаалга руу харсан хяналтын камер ажилладаг талаар гэрч Ж.Б-н мэдүүлэгт дурьдагдсан, гэрч Б.Э “ ... 2024 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө манай буудлын камер хэвийн ажиллаж байсан ... ” гэж мэдүүлсэн атал камерын бичлэгийг шалгасан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй,
шинжээчийн 800 дугаартай дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байх боловч хөнгөн хохиролд хамаарах “... зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь ямар зүйлийн үйлчлэлээр үүссэнийг нарийвчлан тогтоолгоогүй, шинжээч Э.Батбаяраас мэдүүлэгт энэ талаар дурьдагдаагүй байна.
Түүнээс гадна хохирогч Д.Аын алга болсон гэх монетан ээмэг, монетан бөгж, урагдсан гэх цамцны үнэлгээ болон хар өнгөтэй, урагдсан, шороогоор бохирлогдсон цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 234/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх боловч уг цамц нь шүүгдэгч Б.Мын санаатай үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд урагдаж гэмтсэн эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх талаар тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгоогүй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгах ажиллагаа огт хийж гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Моос 1.126.353 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт харилцан зөрүүтэй нотлох баримт буюу С.П-н гэрчээр өгсөн дээрх мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдэд хамаарна.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Мын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч Д.Аын “... Б.М намайг гүтгэн доромжилж, хийсэн хэрэгтээ хариуцлагагүй худал ярьж байна ... надад учирсан хохирлоо барагдуулаагүй ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Мын давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Д.Аын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР
С.УРАНЧИМЭГ