Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01082

 

 

 

 

 

 

 

 

2022 06 03 210/МА2022/01082

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00446 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч М.Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Г.Б- ньМ.Э хими цэвэрлэгээ, угаалгын газарт 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд өөрийн хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ажиллаж, хими цэвэрлэгээ, угаалгын явцад гэмтсэн үйлчлүүлэгчийн хувцсыг оёж, засаж байсан. Мөн ажилчдын хувцас болон компанид шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийн гадар уут гэх мэт оёж янзлах бүхий л ажилд оролцдог байсан. Гэтэл байгууллагын захирал Г.Учралт нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг өрөөндөө дуудаж, ажлын байрнаас олон удаа эд зүйл буюу оёдлын утас, 00 цаас хулгайлсан гэж ажил хэргийн нэр хүндэд халдаж, бичгийн цаасан дээр ажлаас халагдах өргөдлөө бичиж өг гэж дарамталсан. Би тухайн үед буруугүй тухайгаа хэлж, үнэн бодит байдлыг тайлбарлахад ажлаас халагдах тушаал-ыг чинь гаргасан гэж хөөсөн. Намайг ажлаас халсан тухай захирлын тушаал гарсан гэж хэлж байсан боловч надад уг тушаалыг танилцуулж, хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан боловч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд Г.Б- намайгМ.Э хими цэвэрлэгээ, угаалгын газрын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Б- нь ажлын байрнаас 2020 он 11 дүгээр сараас хойш оёдол засварын үйлчилгээнд ашигладаг компанийн эд хөрөнгө буюу оёдлын утас, 00 цаасыг өөрийн хувьдаа ашиглахаар ажлын байрнаас нууцаар цүнхэндээ хийж авч гарсан нь камерын бичлэг болон шууд удирдлагын харснаар нотлогдсон. Шууд удирдлагын зүгээс аман сануулга удаа дараа өгч сануулсан боловч Г.Б- нь үл тоомсорлон компанийн эд хөрөнгийг завшсаар байсан. Ажлаас чөлөөлж байгаа тухай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Химийн төвийн менежер С.Энхтуяа, Оёдолчин А.Батбаяр, тооцооны нягтлан бодогч Э.Номинзул, Дэд захирал Г.Учралт нарын хамтаар Борлуулалтын албаны менежер Б.Оюунтунгалаг тушаалыг уншиж танилцуулж, эд зүйлс нууцаар шамшигдуулж буйг харуулсан бичлэгийг өөрт нь харуулсан. Г.Б- нь тушаалыг сонсож танилцаад За ойлголоо, бодож байгаад гарын үсэг зуръя гэж гараад, эргэж ирээгүй. Г.Б- нь бусад ажилтанд буруу үлгэрлэл үзүүлж, шууд удирдлагын үгийг үл тоосон, байгууллагын эд зүйлсийг хувьдаа шамшигдуулсан тул түүнийг ажлаас чөлөөлөх нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-гМ.Э ХХК-ийн Химийн төвийн оёдолчин ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчМ.Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,976,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагчМ.Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчМ.Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 260,769 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсан. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцаж, ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан бөгөөд нийт 84 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Гэтэл шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэрт дүгнэлт хийгээгүй.

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ тусгагдаагүй байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

4.б. Хэрэгт авагдсан дүрс бичлэгт нэхэмжлэгч Г.Б- ажлын цагаар ажлын байраа орхиж явах, компанийн эд хөрөнгийг өөртөө дур мэдэн авсан зэрэг зөрчлүүд гаргасан нь нотлогддог. Гэтэл шүүх баримтаар нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Б- нь шүүхэд гомдол гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн.М.Э ХХК-аас ажлаас чөлөөгдсөн тухай тушаалыг нэхэмжлэгчид танилцуулж, гардуулж өгөөгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн байцаагчид хандсан боловч харьяа байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Тухайн үед цар тахлаас болсон хөл хорио байсан учир хөл хорио сулруулсан үед гардаж авсан. Анхан шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн зүйл байдаггүй. Ажил олгогчийн итгэлийг алдсан, их хэмжээгээр хувьдаа байгууллагыг эд зүйлийг завшсан гэсэн зүйлийг ярьж, дүрс бичлэг судлуулсан нь Г.Б- нь юм авж гарж байгаа биш, ажлын байран дээрээ байгаа байдал нь харагддаг. Шүүх хуралдааны явцад талуудыг хангалттай мэтгэлцүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагчМ.Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагчМ.Э ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хими цэвэрлэгээний төвийн хүлээн авагч, угаагч, оёдолчингоор ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/129 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /хх 23, 34-38/

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.5.1, 5.2.5.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.2.7 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

4.а. ХариуцагчМ.Э ХХК нь давж заалдах гомдлын үндэслэлээ ... шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. ХариуцагчМ.Э ХХК нь нэхэмжлэгч Г.Б-д ажлаас халсан тушаалыг хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийг маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

4.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, 21.1.3-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ-г хөдөлмөрийн гэрээнд заахаар зохицуулсан. Хэдийгээр хариуцагчМ.Э ХХК нь нэхэмжлэгч Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний хийх ажил болон үндсэн цалинг тохиролцоогүй байна. Энэхүү ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал нь ажилтныг ажлаас чөлөөлснийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5. Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтны гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

5.а. Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ ...ажилтан Г.Б- нь ажлын байрнаас ажлын багаж болох утас, зүү, ажилчдын хэрэглээний 00 цаас зэрэг эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлан хувьдаа завшсан гэсэн байна. Гэвч уг нөхцөл байдлыг шалган тогтоосон талаар баримт хэрэгт байхгүй болно.

5.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэлээ нотлохоор дүрс бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/07814 дугаар шүүгчийн захирамжаар хангасан. Үзлэгийн тэмдэглэлээр ...Г.Б- нь 2020 оны 10 сарын 15-ны өдрийн 11 цаг 25 минутад ажлын байрнаас гарч яваад 11 цаг 39 минутад өрөөндөө орж ирсэн, ...11 цаг 50 минутаас 12 цаг 03 минутын хооронд ажлын өрөөндөө байхгүй байсан, ... 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 10 минутаас 09 цаг 13 минутын хооронд цүнхэндээ эд зүйлс хийсэн, ... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 19 минутаас 12 цаг 59 минутын хооронд өрөөнд байж байгаад 00-ын цаас цүнхэндээ хийсэн гэж тэмдэглэжээ. /хх 54-55/ Г.Б-д байгууллагаас өмч хөрөнгийг хүлээлгэн өгсөн бүртгэл, дутагдуулсан гэх өмч хөрөнгөд хийсэн тооллогын баримт хэрэгт авагдаагүй, дээрх үзлэгийн тэмдэглэлээр Г.Б-гийн гаргасан гэх эд хөрөнгийн зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Г.Б-гМ.Э ХХК-ийн Химийн төвийн оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,976,190 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,570 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН