| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0154/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 162
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Далаахан овогтой Даваахүүгийн Шинэбаярт холбогдох 18310011800114 дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багт оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан гэх, Далаахан овогтой Даваахүүгийн Шинэбаяр /РД:МЕ83061710
Шүүгдэгч Д. Шинэбаяр нь 2018 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Долоон гол” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрийн хэвлийд халдсан гэмт хэрэгг холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: : 2018 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Долоон гол” нэртэй газарт 2 экскаватор 2 оператортой хөрс хуулсан. Очсон өдрөөсөө 3 дахь өдрөөс хөрс хуулж эхэлсэн. Бугант тосгоны цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Нөхөрлөлийн гэрээг маш их хүлээсэн. Зөвшөөрөлгүй хөрс хуулсандаа гэмшиж байна гэв.
2.Хохирогч Х.Батцэнгэлийн 2018 оны 05 дугар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Шинэбаяр нь хууль, дүрэм зөрчиж байгаль экологид дур мэдэн халдаж хохирол учруулсан байна. Түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан 4.911.996 төгрөгийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг й/хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/
3. Гэрч Д. Шинэбаярын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Байгаль экологид 4.911.996 төгрөгний хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн үзсэн “Долоонгол” нэртэй газар нь миний ухсан газар мөн. Байгаль экологид дур мэдэн халдаж хохирол учруулсан миний буруу, буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
4.Гэрч Б. Орилбайгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Долоон гол нэртэй газар бууснаас хойш 6 хоногийн дараа 2 эксковатороор хөрс хуулалтын ажил хийсэн. Манай уурхайн эзэн Шинэбаяр ах “энд ух” гэсэн. Тэгээд би болон нөгөө эксковарторын операторчин Эрдэнэбаяр бид хоёр ухаж эхэлсэн юм. Долоон гол нэртэй газар нь биднийг очиход их модтой эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/.
5.Гэрч Б.Эрдэнэбаярын 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Шинэбаяр ахын эксковаторын операторчингоор ажилладаг. 2018 оны 03 дугаар сарын 18-нд эксковаторыг нь траллер гэдэг том оврын машин дээр ачаад Дарханаас гарч 2018 оны 03 дугаар сарын 21-нд Бугант тосгоны долоонгол гэдэг газар бид нар гэр орон болон техник хэрэгслээ буулгаж гэр сууцаа барьсан тэгээд 5,6 хоногийн дараа Шинэбаяр ах Оролбай бид хоёрыг эксковаторуудаа асаагаад энд карьер гарга гээд нэг газар заасан миний эксковатор шанагагүй соёотой болохоор Оролбой өөрийн шанагатай эксковатороор тэг орчмын газрын модыг унагаж талбайг цэвэрлэсэн тэрний дараа би хөлдүү газрыг эксковаторын соёогоор ухаж шороог зөөллөсний дараа Оролбай бид хоёр 2 эксковатороор хамжиж карьер гаргасан юм. Бид нарыг анх очиход тэр газар ухсан карьер юуч байгаагүй цоо эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/
6.Гэрч О. Алтанбаярын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Ерөө сумын иргэн Д. Шинэбаярт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага байдаг уу? Байхгүй ээ. Тухайн газарт ашигт олборлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага байхгүй. Тус газарт өмнө нь ямар нэгэн аж ахуй нэгж байгууллага ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаагүй ээ. Биднийг анх очиход тус газарт 5-6 хүн, 2 эксковатор, 1 ковш, 3 монгол гэр барьсан, тэнд байсан мод бургас бутыг унагааж, карьер гаргасан байдалтай байсан. Ерөнхийдөө Д. Шинэбаяр гэдэг хүн хариуцаад ажиллаж байсан. Тэр газарт манай байгууллага болон хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 22 дугаар хуудас/.
7.Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт: “...Д. Шинэбаярын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 95.982+2.042.550+585.000 +2.188.554 нийт 4911996 (Дөрвөн сая есөн зуун арван нэгэн мянга есөн зуун ерөн зургаа) төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн43 дугаар хуудас/.
8. Шүүгдэгч Д.Шинэбаярын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны төвөөс зүүн зүгт 25 орчим км зайд байрлах “Долоон гол” гэх газар “Хюндай-480 LS 9S” маркийн 2 экскаватор,“Lg953” маркийн ковш 1 ширхэгийг авчирч техникээ байрлуулсан. Зарын дагуу Оролбай, Эрдэнэбаяр гэж хүнийг ажиллуулахаар болж бага хэмжээний талбайд хөрс хуулалт хийсэн эхний өдрөө цагдаагийн ажилтан нарт баригдсан. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/.
15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/.
16.Шүүгдэгч Д.Шинэбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Шинэбаярын холбогдсон гэмт хэрэг, гэм
буруугийн талаар өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Далаахан овогтой Даваахүүгийн Шинэбаярыг 2018 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Долоон гол” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрийн хэвлийд халдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь: Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (95.982+2.042.550+585.000+2.188.554 нийт 4.911.996 төгрөгийг шүүгдэгч Д.Шинэбаяр төлж барагдуулсан байна.
Гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд, шүүгдэгч Д.Шинэбаяр нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Иймд Даваахүүгийн Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Шинэбаярт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар.
Даваахүүгийн Шинэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Даваахүүгийн Шинэбаярт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт “… таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан ялаас 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Далаахан овогт Даваахүүгийн Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Даваахүүгийн Шинэбаярыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Шинэбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Д.Шинэбаяр нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогчид буюу эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ