Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 05 210/МА2022/01453

 

 

 

 

 

М-И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 102/ШШ2022/01689 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М-И ХХК-ийн хариуцагч О ХХК, ӨЭЭ ХХК нарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг ОХХК нь үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, ОХХК-аас түрээсийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль болох 37,500 ам доллар буюу 100,182,375 төгрөг, үйлдвэрийн агуулахад засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан зардал 511,255,506 төгрөг, 543,417,460 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хөрөнгийг, ӨЭЭХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 50,807,164 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, ОХХК-аас 228,913,871 төгрөг болон үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан Уудам говийн хишиг ХХК-ийн эд хөрөнгийг биет байдлаар нь гаргуулах тухай шаардлагатай хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Бай И Ла /Baiyila/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золзаяа, М.Мөнхжаргал, орчуулагч Б.Батцэнгэл, хариуцагч ОХХК-ийн төлөөлөгч Ч.Буд, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч ӨЭЭХХК-ийн төлөөлөгч Б.Очирбат, түүний өмгөөлөгч Г.Халиунаа, гуравдагч этгээд Уудам говийн хишиг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М-И ХХК нь Ч.Будын хүү Б.Очирбатын компани болох ӨЭЭХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөгийг ӨЭЭХХК-д төлсөн байдаг ба энэхүү барьцааг өнөөдрийг хүртэл буцааж аваагүй байгаа. Энэ үед ОХХК-ийн агуулахыг 2014 оноос хойш огт ашиглаагүй, хуучирсан байсан ба үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй агуулах байсан. Ингээд М-И ХХК нь гэрээ байгуулсан даруйдаа ОХХК-ийн агуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, агуулахын шал цутгаж, барилгын өргөтгөл барьж, махны үйлдвэр, ажилчдын өрөө, тасалгааны засвар тохижуулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засан сайжруулалтыг бүтэн 8 сарын турш хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар М-И ХХК нь хариуцагч компанийн агуулахад нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, засан сайжруулалт, тохижилт, суурилуулалт, тоног төхөөрөмж, дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийн зардал гаргаж, 542,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлж, нийт 1,6 тэрбум орчим төгрөгийн зардал гаргасан. ОХХК-ийн агуулахыг засч тохижуулж дуусах үед 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХХК-тай М-И ХХК болон Уудам говийн хишиг ХХК нь О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг байгуулж, Уудам говийн хишиг ХХК нь түрээсийн зүйлийг актаар хүлээн авч, түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байсан боловч Уудам говийн хишиг ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахгүй болж, гэрээг хэрэгжүүлэхгүйгээр гэрээнээс гарсан. Түрээсийн гэрээний 8.4 дэх хэсэгт заасны дагуу Уудам говийн хишиг ХХК гэрээнээс татгалзсан тул түрээслэгчийн эрх, үүрэг М-И ХХК-д шилжиж, М-И ХХК түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ дангаар биелүүлж ирсэн. Энэ талаар М-И ХХК-аас ОХХК болон ӨЭЭХХК-д хандан явуулсан албан бичгүүдэд мэдэгдсэн байдаг. ОХХК-ийн зүгээс түрээслэгчийн эрх, үүргийг М-И ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч, холбогдох гэрээнүүдийг М-И ХХК-ийн нэр рүү шилжүүлэхийг зөвшөөрч, албан бичиг явуулсан. Ингээд М-И ХХК нь түрээсийн гэрээний түрээслэгчийн эрх, үүргийг дангаар хэрэгжүүлэх болсон. Ийнхүү М-И ХХК нь түрээсийн гэрээний үндсэн үүргийг биелүүлж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг дангаар төлж барагдуулж ирснээс гадна шаардлагатай хөрөнгө оруулалт, завсар, өргөтгөл, тоног төхөөрөмж худалдан авалт, үйлдвэрлэлийн ажлыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэсэн. Гэтэл түрээслүүлэгч ОХХК нь Уудам говийн хишиг ХХК-ийг тус түрээсийн байранд үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хэмээн үзэж үйлдвэрийн байрыг суллаж өгөхийг М-И ХХК-аас шаардаж, улмаар энэхүү хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн даруйд түрээсийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цуцалсан. Түрээсийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан учраас ОХХК-аас түрээсийн гэрээг Иргэний хууль болон түрээсийн гэрээгээ зөрчиж үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэж байна. ОХХК нь хүн ашиглах боломжгүй хуучирч муудсан хоосон байсан агуулахаа М-И ХХК-ийн хөрөнгөөр засч сайжруулж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр болгож өөрчилснийхөө дараагаар бусдад түрээслүүлж илүү их ашиг олох зорилгоор түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан явдалд түрээслэгч М-И ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Иймд 1 жил 6 сарын хугацаанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан М-И ХХК нь их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохироод үлдэж байгаа тул хариуцагч нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж анх шүүхэд хандсан. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-г ОХХК нь үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг 3 дахин нугалсантай тэнцэх торгууль болох 37,500 ам.доллар буюу 100,182,375 төгрөг түрээслүүлэгч ОХХК-аар төлүүлэх, М-И ХХК-аас үйлдвэрийн агуулахад хийсэн засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан нийт зардал 511,255,506 төгрөг, нийт 611,437,881 төгрөгийг ОХХК-аас гаргуулах, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ-ний дагуу шилжүүлсэн түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөгийг Өү Эм ЭсХХК-аас гаргуулах, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар өөрийн шаардлагыг ихэсгэсэн. Үүнд: 543,417,460 төгрөгийн үнэ бүхий махны зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлуудыг хариуцагч ОХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах, учир нь М-И ХХК нь хариуцагч Өү Эм ЭсХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээ гэрээ байгуулсан даруйдаа хариуцагч ОХХК-ийн агуулахад 505,608,760 төгрөгийн үнийн дүн бүхий махны үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, 37,808,700 төгрөгийн үнийн дүн бүхий тавилга, эд хогшил, нийт 543,417,460 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хөрөнгийг түрээсийн байранд суурилуулж, махны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэвч хариуцагч ОХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, нэхэмжлэгчийг түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй атлаа нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, хэрэгсэл, эд хөрөнгийг буцаан өгөхгүй, өөрийн өмч мэтээр бусдад түрээслэн ашиглуулах гэж байна. Иймд М-И ХХК-ийн өмчлөлийн 505,608,760 төгрөгийн үнийн дүн бүхий махны үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, 37,808,700 төгрөгийн үнийн дүн бүхий тавилга, эд хогшил, нийт 81 нэр төрлийн 543,417,460 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ОХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ОХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: М-И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Манай компани 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Уудам говийн хишиг ХХК, М-И ХХК-тай О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 1.1-т заасны дагуу бид өөрсдийн өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай байр, хөргөлттэй агуулах, оффисын байр, газар болон холбогдох инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн объектыг Уудам говийн хишиг ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн ба энэ акт дээр түрээсийн обьектын сайн үнэлгээтэйг хүлээн зөвшөөрч авсан. Гэтэл гэрээ байгуулагдсаны дараагаас эхлэн Уудам говийн хишиг ХХК нарын хооронд үл ойлголцол, хөрөнгийн маргаан гарч аль аль нь Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээнээс нэгнээ гаргахыг хүсч байсан боловч гэрээнээс татгалзах санал гаргаагүй. Бид Уудам говийн хишиг ХХК болон М-И ХХК-ийн удирдлагуудад дотоодын маргаанаа хоорондоо шийдвэрлэх, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, цаг хугацаа боломжийг олгосон боловч түрээслэгч талууд хоорондын маргаанаа шийдвэрлэж чадаагүй. Түрээсийн гэрээний 3.11 заалтын дагуу цахилгааны трансфоматор болон компрессорыг даатгуулах ажлыг хийгээгүй, шаардсан боловч хийгээгүй, хөрөнгийг ноцтой эрсдэлд оруулсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт түрээсийн гэрээг бүртгүүлэхийг шаардсан боловч бүртгүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, жингүүдийг баталгаажуулах ажлыг хийгээгүй, галын аюулгүй байдлаас хамгаалах үзлэг хийлгээгүй нь хөрөнгийг ноцтой эрсдэлд оруулсан. М-И ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 19/80-01 дугаар албан бичгээр манай байгууллагад түрээсийн гэрээний төлбөрийг цаашид төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд бид дээрхи гэрээний үүргийн зөрчил болоод түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдлаас шалтгаалан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг дангаар цуцлах мэдэгдлийг М-И ХХК болон Уудам говийн хишиг ХХК-иудад хүргүүлэн гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсан асуудлыг М-И ХХК нь хүлээн зөвшөөрч, комисс томилон объектыг хүлээлцсэн байгаа.

М-И ХХК нь ОХХК-д хандан Уудам говийн хишиг ХХК-ийг гэрээнээс гаргахыг хүсэж байсан боловч Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-ний 8.4-т заасны дагуу Уудам говийн хишиг ХХК гэрээнээс татгалзах санал гаргаагүй харин ч М-И ХХК-тай хөрөнгө оруулалтын талаар маргаан гарсан тул тус компанийг мөн гэрээнээс гаргах саналыг хүргүүлж байсан хавтаст хэрэгт авагдсан. Уудам говийн хишиг ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн а/29 дугаар албан бичиг, Уудам говийн хишиг ХХК түрээсийн гэрээнээс гарсан талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй.

Дээрх актуудаас харахад хүн ашиглах боломжгүй хуучирч муудсан гэх хоосон агуулахаас М-И ХХК нь түрээсийн гэрээний дагуу 2 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авч байсан байх боломжгүй билээ. Иймд дээрхи үндэслэлүүдээр ОХХК нь Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ-г цуцалсан нь үндэслэлтэй хуульд нийцсэн байх тул гэрээг цуцалсантай холбоотой хохирол, торгуультай холбоотой нэхэмжлэлийн шаардлагууд мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээний 6.2-т заасны дагуу ОХХК-ийн санаачилгаар цуцлагдсан тул гэрээний дагуу М-И ХХК нь Уудам говийн хишиг ХХК-ийн эзгүйд сайн дураараа эд хөрөнгийг ОХХК-д актаар хүлээлгэн өгсөн ба акт үйлдсэнээр тухайн эд хөрөнгүүд нь ОХХК-ийн өмчлөлд шилжиж, дахин энэ талаар нэхэмжлэл гаргахгүй байх үүргийг М-И ХХК хүлээсэн ба үүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрч тодорхой журмын дагуу түрээсийн гэрээ цуцлагдсан. Дээрхээс гадна түрээсийн гэрээний түрээслэгч тал нь дан ганц М-И ХХК биш бөгөөд дээр дурдсан эд хөрөнгүүдийг өөрсдийнх өмчлөлийнх болохоо шүүхэд нотлоогүй бөгөөд нотолж чадахгүй гэж үзэж байна. Учир нь тухайн эд хөрөнгүүдийн Уудам говийн хишиг ХХК нь өөрийн өмчлөлийнх гэж үзэн М-И ХХК-тай маргадаг. Иргэний хуулийн 106.1-д заасан заалт нь өмчлөгчийн шаардах эрх байхад М-И ХХК нь өмчлөгч болохоо нотолж чадахгүй бол дээрхи шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ӨЭЭХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: М-И ХХК нь ОХХК-д явуулж байсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19/75, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19/80 дугаар албан бичигт тус тус дээрхи шаардлагад дурдагдсан 20,000,000 төгрөгийн барьцаа төлбөрийн талаар тодорхой дурьдаж өгсөн. М-И ХХК нь Өү Эм ЭсХХК-д барьцаа болгон төлсөн 20,000,000 төгрөгөө ОХХК-д төлөх ёстой 2019 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт өөрийн хүсэлтээр тооцуулан хасуулж, хоёр ч албан бичгээрээ тодорхой баталгаажуулсан атлаа эрх ашиг сонирхол нь огт зөрчигдөөгүй байхад шүүхэд худал мэдүүлэг гаргаж Өү Эм ЭсХХК-д холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ОХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан О/А-18-2 тоот Үйлдвэр, хүнсний агуулахын барилга, байгууламжийн түрээсийн гэрээ- ний 4.2, 5.3.1, 6.1-т тус тус заасны дагуу түрээсийн төлбөр, урсгал зардал, алданги болон гэрээ цуцлагдсанаас хойш хийгдсэн засвар засан тохируулалтын зардал бусад төлбөрт нийт 50,807,164 төгрөг гаргуулна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан О/А- 18-2 тоот Үйлдвэр, хүнсний агуулахын барилга, байгууламжийн түрээсийн гэрээ-ний 4.2, 6.1-т заасан түрээсийн төлбөр, алданги болон гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор тус гэрээний 5.3.1-т заасан түрээсийн зүйлийг хэвийн ажиллагаанд оруулахад гаргасан дараах зардлуудыг түрээслэгч тал буюу Уудам говийн хишиг ХХК болон М-И ХХК-иуд төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Түрээсийн гэрээний түрээслэгч тал буюу Б тал нь Уудам говийн хишиг ХХК болон М-И ХХК-иуд тул холбогдох зардлыг нэг хуулийн этгээд дангаараа хариуцан барагдуулах үндэслэлгүй гэж үзээд 101,614,327.09 төгрөгийн тал хувийг буюу 50,807,164 төгрөгийг М-И ХХК-аас гаргуулж өгнө үү. Уудам говийн хишиг ХХК болон М-И ХХК-аас нэхэмжилэхээр тооцсон бараа материал, ажил үйлчилгээ, зардлын жагсаалтыг байгууллагын санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулан анхан шатны санхүүгийн баримтуудын хамт сөрөг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй байдлаар хавсаргасан болно гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч М-И ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн санхүүгийн баримтуудад тухай бүрд нь манайхаас хариу тайлбар өгсөн. Тухайлбал 7 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Манайх 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтээр барьцаанд өгсөн 20,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдлээс хасуулахаар хүсэлтийг ОХХК-д өгсөн. ОХХК нь 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хариу албан бичигтээ түрээсийн төлбөрт тооцохгүй буюу төлбөрөө бүхэлд төлөөрэй гэсэн байдаг. Ингээд 8 дугаар сарын 18-ны өдөр Өү Эм ЭсХХК нь М-И ХХК-д хүргүүлсэн албан бичигтээ барьцаанд өгсөн 20,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотой хариуцагч нар нь 20,000,000 төгрөгийг нэг бол түрээсийн төлбөрт авсан гэдэг, нэг болохоор аваагүй гэдэг байдлаар одоог хүртэл нэхэмжлэгчийн мөнгийг өгөөгүй. Тиймээс 20,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгасан гэж байгаа бол сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа түрээсийн төлбөрийн үлдэгдлийг төлөх үндэслэл байхгүй. Харин тухайн 20,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж аваагүй гэж байгаа бол Өү Эм ЭсХХК-тай байгуулсан гэрээг нь дуусгавар болсон учраас манайх Өү Эм ЭсХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж мөнгөө буцаан шаардах эрхтэй. Мөн 8 сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй гэж алданги шаардсан байгаа. Гэтэл манай компанийн хувьд 7 сарын 26-ны өдрийн албан бичгийн дагуу түрээсийн байрыг чөлөөлж, гэрээг цуцалсан байдаг. Иймд 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойших ашиглалтын зардал болон алданги зэргийг манайх хариуцахгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь хэзээ, хаанаас ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй, и-баримтад шивэгдээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Уудам говийн хишиг ХХК бие даасан шаардлагадаа М-И ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Уудам говийн хишиг ХХК бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байна. Уудам говийн хишиг ХХК нь анх ОХХК-иас 336,590,624 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Улмаар ОХХК-д холбогдуулж гаргасан шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

6.а. ОХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан, байгаа Уудам говийн хишиг ХХК-ийн дараах эд хөрөнгийг биет байдлаар нь гаргуулна. Үүнд: мах баглах тавцан ширээ /том/, мах хөргөөх тэрэг /нүхтэй/, хөлдүү мах зөөх тэргэнцэр, вакумны машин /вакум насостай/, хуйлж ороодог баглааны машин, ариутгалын тогоо /Автоклад/, хөлдөөгчийн тоног төхөөрөмж, 9-р гүн хөлдөөгч, уураар чанадаг тогоо, мах амтлагч машин /барбанан/, мах амтлагч машин /шифризэн/, мах ангилах сагс /улаан/, мах ангилах сагс /цэнхэр/, тавиур поддон /цэнхэр 100 ширхэг/, ус нөөцлөгч сав /цагаан, 90 литр/, мах ангилах сагс /цагаан/, мах ангилах сагс /цэнхэр/, цаг бүртгэлийн машин, төмөр шүүгээг ОХХК-иас биет байдлаар нь гаргуулна. Учир нь Уудам говийн хишиг ХХК нь М-И ХХК-тай хамтран ОХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №0/А-18-2 дугаар Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө Уудам говийн хишиг ХХК нь уг түрээсийн гэрээний зүйлүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түрээсийн гэрээ байгуулснаас хойш мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Тодруулбал, М-И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хэргийн 1 дүгээр хавтсын 38-40 дүгээр талуудад авагдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №0/А-18-2 дугаар гэрээг цуцалсан гэх 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Мон ивээл ХХК-аас ОХХК-д хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга эд хогшлын жагсаалт АКТ №1-д болон хэргийн 1 дүгээр хавтсын 38-40, 69-75 дугааар талуудад авагдсан М-И ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №19/93 дугаар албан бичгийн хавсралтад дурдсан ажил, эд хөрөнгүүдийн тодорхой хэсэг нь Уудам говийн хишиг ХХК-ийн хөрөнгө оруулалтаар бий болсон. ОХХК-иас 336,590,624 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлага гаргасан. Харин уг мөнгө дүнгээр гаргуулах бие даасан шаардлагыг өөрчилж, нэхэмжлэлийн шаарлагын үндэслэл болгосон тоног төхөөрөмжийг биет байдлаар нь гаргуулахаар болгосон. Учир нь Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс ОХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид мах боловсруулах үйлдвэрлэл явуулах зориулалтаар суурилуулсан тоног төхөөрөмж, ашиглаж байсан эд зүйлс нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох эд зүйлд хамаарах тул биет байдлаар нь гаргуулж авах боломжтой юм. Иймд ОХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан, байрлаж буй Уудам говийн хишиг ХХК-ийн гаалиар орж ирсэн тоног төхөөрөмж, хэрэгслийн бүртгэл нэртэй баримтад дурдсан эд хөрөнгийг биет байдлаар нь гаргуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье.

6.б. ОХХК-аас 228,913,871 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ОХХК-иас 336,590,624 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлага гаргасан. Уг мөнгө дүнгээр гаргуулах бие даасан шаардлагыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон тоног төхөөрөмжийг биет байдлаар нь гаргуулахаар болгож өөрчилсөн. Нэхэмжлэгчийн зүгээс ОХХК-ийн үйлдвэрийн агуулахад хийсэн засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл, хийхэд гаргасан нийт зардлыг бүхэлд нь М-И ХХК дангаар гаргасан гэсэн нь үндэслэлгүй. ОХХК-ийн үйлдвэрийн байранд суурилуулсан тоног төхөөрөмж худалдан авсан зардал 336,590,624 төгрөгийг Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс гаргасан болно. Мөн түүнчлэн ОХХК-ийн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардалд 228,913,871 төгрөгийг Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс гаргасан бөгөөд энэ нь нэмэгдүүлсэн шаардлагын хавсралтад буй баримтуудаар нотлогдоно. Иймд ОХХК-ийн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардал 228,913,871 төгрөгийг ОХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн шаардлагад хариуцагч ОХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч ОХХК гуравдагч этгээдийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Нэмж тайлбар хэлэхэд үл хөдлөх эд хөрөнгө дээр хийсэн засан сайжруулалтад 3 өөр үнийн дүн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүн болон М-И ХХК, Уудам говийн хишиг ХХК нар нь бүгд тус тусдаа өөр өөр үнийн дүн хэлдэг, хоорондоо огт тохирдоггүй. Аль байгууллага нь ямар хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогддоггүй. М-И ХХК, Уудам говийн хишиг ХХК хоёр хоёулаа засан сайжруулалт хийсэн талаараа баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтуудыг харахаар яг нэг цаг хугацаанд нэг компаниар ажил гүйцэтгүүлсэн, хоёулаа нэг компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байдаг. Төлбөрийн баримтууд нь нэг бол яг ижилхэн, нэг бол зөрүүтэй байдаг. Энэ хоёр компани төлбөрийн баримтаа гаргаж өгөхдөө нэг төлбөр төлсөн баримт нөгөөдөх нь зарлага гарсан баримтаа гаргаж өгдөг. Уудам говийн хишиг ХХК нь засан сайжруулалт хийсэнтэй холбоотой санхүүгийн тайлан холбогдох бүх баримтаа гаргаж өгдөг. Харин М-И ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээ гаргаж өгсөн боловч төлбөр төлсөн баримтуудаа гаргаж өгөөгүй, төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ асуудлаар манайх цагдаагийн байгууллагад хүртэл хандаж байсан. Гэвч цагдаагийн байгууллагаас эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тохиолдолд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарна, одоогоор тухайн баримтууд нь үнэлэгдээгүй байгаа учраас хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн хариу өгсөн. Иймд манайхаас нэр бүхий хоёр компани нь манайд засан сайжруулалт хийсэн гэх боловч түүнийгээ нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Энэ бүхнээс харахад ОХХК нь нэхэмжлэгч болон гуравдагч талтай түрээсийн гэрээ байгуулснаараа өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал дээр хөрөнгө оруулалт хийсэн хоёр компани нь хоорондоо тооцоо нийлээгүй байж ОХХК-иас өндөр үнэтэй мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн түрээсийн гэрээний 6.2-т зааснаар бид нараас төлбөрийн нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул ОХХК-иас 228,913,871 төгрөг гаргуулах, мах баглах тавцан ширээ, том, мах хөргөөх тэрэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр, вакумны машин /вакум насостай/, хуйлж ороодог баглааны машин, ариутгалын тогоо /Автоклад/, хөлдөөгчийн тоног төхөөрөмж, 9-р гүн хөлдөөгч, уураар чанадаг тогоо, мах амтлагч машин /барбанан/, мах амтлагч машин /шифризэн/, мах ангилах сагс /улаан/, мах ангилах сагс /цэнхэр/, тавиур поддон /цэнхэр 100 ширхэг/, ус нөөцлөгч сав /цагаан, 90 литр/, мах ангилах сагс /цагаан/, мах ангилах сагс /цэнхэр/, цаг бүртгэлийн машин, төмөр шүүгээг биет байдлаар нь гаргуулах тухай Уудам говийн хишиг ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ОХХК-иас 389,418,795 төгрөг болон мах шулах тавцан ширээ-9 ширхэг, мах баглах тавцан ширээ /жижиг/-4 ширхэг, мах баглах тавцан ширээ /том/-4 ширхэг, дугуй тэргэнцэр /мах зөөх савтай/-11 ширхэг, доороо дугуйтай хэвтээ тавцан-6 ширхэг, мах хөргөөх тэрэг-10 ширхэг, 2 секцтэй гар нүүрийн угаалтуур-2 ширхэг, хутга ариутгагчтай гар угаах төхөөрөмж-2 ширхэг, 1 секцтэй жижиг угаалтуур-2 ширхэг, усны гутлын тавиур-2 ширхэг, хөлдүү мах зөөх тэргэнцэр-20 ширхэг, шулсан махны төмөр сав-483 ширхэг, гэсгээх сав /2440х1220х800мм/-2 ширхэг, гэсгээх сав /2440х1220х1000мм/-8 ширхэг, вакумны машин /Вакум насостой/-1 ширхэг, баглааны машин /Вакум насостой/-2 ширхэг, хуйлж ороодог баглааны машин-1 ширхэг, ариутгалын тогоо /Автоклаб/-1 ширхэг, хөлдөөгчийн тоног төхөөрөмж 9-р гүн хөлдөөгч ком-1 ширхэг, тогоо /уураар чанадаг/-8 ширхэг, цахилгаан чанах тогоо-2 ширхэг, мах амтлагч машин /Барбанан/-1 ширхэг, мах амтлагч машин /Шифризэн/-1 ширхэг, мах ангилах сагс /Улаан/-100 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-287 ширхэг, тавиур /Поддон, цэнхэр/-100 ширхэг, ус нөөцлөгч сав /90 л, цагаан/-48 ширхэг, мах ангилах сагс /Цагаан/-60 ширхэг, мах ангилах сагс /Цэнхэр/-55 ширхэг, мах өлгөх өлгүүрийн роликтой дэгээ, зам, ком-1 ширхэг, ариутгагч камер-1 ширхэг, гутал ариутгагч-1 ширхэг, подносон таваг-60 ширхэг, ажлын хувцасны өлгүүр-4 ширхэг, ажлын гутлын шүүгээ-2 ширхэг, ус буцалгагч-2 ширхэг, угаалгын машин-2 ширхэг, аяга таваг ариутгагч-1 ширхэг, будаа агшаагч-1 ширхэг, поднус-14 ширхэг, гал тогооны хиншүү сорогч -1 ширхэг, ус шүршигч компресер-1 ширхэг, пресний машин-3 ширхэг, гүн хөлдөөгчинд тавиур-5 ширхэг, ханын хамгаалалт-50 ширхэг, махны машин-1 ширхэг, автоклабын тэргэнцэр-4 ширхэг, хоолны ширээ /сандал/ -7 ширхэг, гал тогооны бэлтгэлийн ширээ -1 ширхэг, гал тогооны доод талын ком-1 ширхэг, агуулахын тавиур гал тогоонд-1 ширхэг, 1, 2 хоолны тогоо-1 ширхэг, хогийн сав-3 ширхэг, үүдний шкаф /4 хаалгатай/-1 ширхэг, цаг бүртгэлийн машин-1 ширхэг, гар хатаагч-4 ширхэг, шингэн савангийн хайрцаг-4 ширхэг, хувцасны шкаф 8 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 6 хаалгатай-1 ширхэг, хувцасны шкаф 2 хаалгатай-1 ширхэг, урт бор сандал-6 ширхэг, ус буцалгагчны тавилга -2 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, ус цэвэршүүлэгч-1 ширхэг, ус цэвэршүүлэгч -1 ширхэг, модон подон -34 ширхэг, галын булан -1 ширхэг, цэнхэр подон /100 ширхэг/, камер-25 ширхэг, төмөр шүүгээ-2 ширхэг, гарны цаасны сав-1 ширхэг, хөдөлмөр хамгааллын самбар-1 ширхэг, план самбар-1 ширхэг, ханын дугуй цаг-1 ширхэг, хувцасны шүүгээ 5 хаалгатай -1 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М-И ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 6,260,380 төгрөг, хариуцагч ОХХК-иас төлсөн 411,986 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн нийт 3,144,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХХК-иас 4,822,131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

9. Хариуцагч ОХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.а. Иргэний хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул түрээсийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Тодруулбал, талууд хуульд заасан шаардлага хангаж, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8, 318.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болно.

9.б. Бие даасан шаардлагын тухайд манай байгууллагын зүгээс түрээсийн гэрээний түрээслэгч талууд болох Уудам говийн хишиг ХХК, М-И ХХК нарын зардлын баримтууд нийлээд нэг л дүнг илэрхийлж байх ёстой гэж ойлгодог. Гэтэл энэ хоёр байгууллагын гаргасан зардлын баримтууд ноцтой зөрдөг бөгөөд нэг ширхэг сандлыг ч хоёулаа хоёр өөр төлбөрийн баримтаар худалдаж авсан хэмээн шүүхэд баримт гарган маргасаар ирсэн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 8 болон 10 дугаар хэсэгт Уудам говийн хишиг ХХК , М-И ХХК нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэг бүрчлэн зааж дурьдсан байх боловч ямар үндэслэлээр энэ 2 байгууллагын нэгнийх нь санхүүгийн баримтыг илүү үндэслэлтэй гэж үзээд нөгөөгийнх нь гаргасан баримтуудыг огт үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх энэ асуудлаар шийдвэртээ дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаас аа Иргэний хуулийн 106.1-т заасны дагуу Нэхэмжлэгч тал хөдлөх хөрөнгийн асуудлаар өмчлөгч гэдгээ ямар баримтаар нотолж буй талаар мөн шүүх дүгнээгүй.

Иргэний хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаж буй этгээд нь өөрийгөө эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болох оо нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэн аль нь Хариуцагчаас гаргуулахаар шаардаад буй эд хөрөнгийн өмчлөгч болох оо нотолж чадахгүй, хоорондоо маргаантай байхад Нэхэмжлэгч М-И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн агуулгаар шууд түүний өмчлөлд эд хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь хоорондын маргаанаа эцэслэж, тооцоо нийлээгүй байхад энэ талаархи маргааныг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

9.в. ОХХК-ийн зүгээс М-И ХХК, Уудам говийн хишиг ХХК-иудын агуулахын засвар, тоноглолт, суурилуулалт, өргөтгөл хийхэд гаргасан зардлаа нотолсон баримтууд нь нэг ажлыг хоёр гэрээгээр давхцуулан байгуулж, ижил төлбөрийн баримт үйлдсэн хуурамч байх магадлалтай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон ба тэдгээрийн Мөнх Ару ХХК, Салхивч винт технологи ХХК, Хай тек архитектур ХХК, иргэн Б.Батцэнгэл, Теплосервис ХХК, Мянган ватт ХХК, Жусон гебал ХХК зэрэг байгууллага хувь хүнтэй давхцуулж байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримтуудыг нэг бүрчлэн шүүхэд шинжлэн судлуулсан байдаг. Энэ талаараа ч мөн цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн 500 гаруй хуудас санхүүгийн баримт баримт болон манай байгууллагын татгалзлаа нотлоод буй Нэхэмжлэгч, Гуравдагч этгээд нарын гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь зөрүүтэй, хуурамч байх магадлалтай талаархи тайлбар, мэдүүлгийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж үзэхгүйгээр бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байхад түүнийг бусад нотолгооны хэрэгслээс илүүд авч үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргааны зүйлийг буруу тодорхойлж, хэргийн агуулга руу орохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үйл явдлын учрыг тайлаагүй, үнэн худлыг зааглаагүйгээс хэргийн оролцогчдын маргааныг таслалгүй хэлбэрийн төдий шийдэл гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг болон 2 дахь хэсгээр М-И ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж бүхэлд нь шийдвэрлэсэн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна.

10.а. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, талуудын хооронд үүссэн хэргийн нөхцөл байдлыг нэг мөр олйголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүй, Иргэний хууль болон Компанийн тухай хууль тогтоомж зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь манай компаниас нотлох баримтаар өгсөн 500 гаруй хуудас санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан, бланс зэргийг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч компанид ямар ч баримт нотолгооны үндэслэлгүйгээр хууль бусаар давуу байдал олгосон.

10.б. Шүүх тухайн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг М-И ХХК дангаараа хийж гүйцэтгүүлж, хөрөнгө оруулалтыг уг компани гаргасан, мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хогшил, бусад эд хөрөнгийн өмчлөгч нь М-И ХХК мэтээр дүгнэж байгаа нь баримт нотлогооны үндэслэлгүй болох ажил гүйцэтгэх дагуу төлбөр төлсөн баримт буюу банкны дансны гүйлгээний баримт байхгүй, ажил гүйцэтгэхсэн байгууллагад татварын цахим баримт шивж баталгаажуулж өгөөгүй, үйлдвэрт байрлуулсан тоног төхөөрөмж, эд хөрөнгө Уудам говийн хишиг ХХК-ийн өмчлөлийн болохыг нотлох гаалийн мэдүүлэг, татвар, хураамж төлсөн баримттай, уг эд хөрөнгүүд Уудам говийн хишиг ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгө хэсэгт тусгагдаж баталгаажсан, харин М-И ХХК-ийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэгдэх боломжгүй юм. Дээр дурдсанчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч талын тайлбар зэргээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан ОХХК-ийн үйлдвэрийн барилга, байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардалд 228,913,871 төгрөгийг Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс гаргасан, мөн мах боловсруулах үйлдвэрт ашиглаж байсан, уг байранд байрлах суурьлуулсан тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн өмчлөгч нь Уудам говийн хишиг ХХК болох нь баримтаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Уудам говийн хишиг ХХК-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд хариуцагч ӨЭЭХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч ОХХК-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Харин Уудам говийн хишиг ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Гэрээ дуусгавар болох үед талууд хамтран ажиллахад гаргасан зардалтай холбоотой бүх тооцоог дуусгавар болсон гэж үзэн дараагийн гэрээнд өргөтгөлийн зардалтай холбоотой үг, үсэг ороогүй. Харин түрээсийн барьцаанд байсан 20,000,000 төгрөгийг ОХХК-ийн барьцаа руу шилжүүлье гэсэн тохиролцоог хийсэн. Гэрээний 5.5 дахь заалтын дагуу М-И ХХК-аас ямар нэгэн асуудал тавиагүй учраас түрээсийн обьектыг байгаа байдлаар нь тоног төхөөрөмж бараа материалын хамтаар хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээний хөнгөлөлт болон бусад түрүүний дурдсан зардлуудад манай компанийн зүгээс 205,600,000 төгрөгийг зардал гаргасан. Үүнээс хойш ОХХК нь өөрийн өмчлөлийн үйлдвэрийн байгуулжийг манай өмчлөлийн дундын агуулахын хувьд Уудам говийн хишиг ХХК-д түрээслүүлэхээр хүлээлгэн өгсөн. М-И ХХК, Уудам говийн хишиг ХХК нар өргөтгөлийн ажлыг дан дангаараа хийсэн мэтээр төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Манай байгууллага өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхэд зардал гаргасан болохыг шүүхээс анхаарч үзнэ үү. Өргөтгөлийн ажлын зардлаар ОХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Гэтэл 2018 оны 02 дугаар сард байгуулсан гэрээтэй хамааралтай болохыг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

12. Давж заалдах гомдолд ОХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээд Уудам говийн хишиг ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Анхны гэрээ ӨЭЭХХК, М-И ХХК нарын явцад хамтарч бүтээгдэхүүн гаргах, данс тооцоо болон зөвшөөрлийг ӨЭЭХХК-ийн нэр дээр авах үйл ажиллагаа байсан боловч нөгөө талаар Уудам говийн хишиг ХХК-ийн тухай яригдсан. Үүнийг бид сүүлд мэдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Уудам говийн хишиг ХХК байгуулагдсан. Хувьцаагаа Бай И Ла /Baiyila/-д бэлэглэлийн гэрээ байгуулан 39 хувийг 09 дүгээр сарын 20-ны өдөр өгч гүйцэтгэх захирлаар томилсон. Тус компани 3 хувьцаа эзэмшигчтэй. Бид нарт мэдэгдэлгүй хөрөнгийн маргаан үүссэн. Үүнийг ялгаж өгнө үү. Ингээд явцын дунд манай гэрээнүүдэд нөлөөлж эхэлсэн. ӨЭЭХХК, М-И ХХК нар хоорондоо шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа бид нартай асуудлыг ярих байсан. Гэрээнд аливаа үйл ажиллагаа миний хөрөнгөд халдаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол зөвшөөрөл авах хэрэгтэй. Зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Дур мэдэн ажлаа гүйцэтгэсэн гэжээ.

13. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 500 хуудас баримтыг шүүх бүрэлдэхүүн нэг бүрчлэн үзэж тооцог хийнэ гэж байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчтэй адил шинжээчийн дүгнэлт гаргах асуудал юм. Ийм зардал гарсан гэж байгаа бол тусгай мэдлэг шаардлагатай учраас шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох ёстой. Шууд нотлох боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргуулсан шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй дахин нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Талуудын хүсэлтийн дагуу хийгдэх ажиллаагаа учир шүүх бие дааж хийх боломжгүй. Энэ баримтуудад тусгай мэдлэг шаардлагатай олон тооны баримтууд байгаа. 18 төрлийн хөдлөх хөрөнгө гэж ярьсан тэр болгоны үнийг төлж худалдаж авсан баримт хэрэгт авагдаагүй. Санхүүгийн тайлан тооцоо бүртгэл баримтад шинжээч ажиллаж дүгнэлт гаргасан. Энэ зүйлд маргаагүй учир тайлбарлах шаардлагагүй. Гуравдагч этгээд ярьсан асуудалдаа бие даасан шаардлага гаргасан бол нэхэмжлэгчийн адил мэтгэлцэх боломжтой байсан. Гуравдагч этгээдийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2.а. Нэхэмжлэгч М-И ХХК нь хариуцагч ОХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн О/А-18-2 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийн түрээсийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, түрээсийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль болох 37,500 ам доллар буюу 100,182,375 төгрөг, үйлдвэрийн агуулахад засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан зардал 511,255,506 төгрөг, ӨЭЭХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТГ/01 тоот Үйлдвэрлэл, хүнсний агуулахын цогц байгууламжийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн барьцаа болох 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, 543,417,460 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хариуцагч ОХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2.б. Хариуцагч ОХХК, ӨЭЭХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ОХХК нь М-И ХХК-д холбогдуулан 50,807,164 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

2.в. Гуравдагч этгээд Уудам говийн хишиг ХХК нь ОХХК-д холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 336,590,624 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ОХХК-аас 228,913,871 төгрөг болон ОХХК-ийн үйлдвэр, агуулахын зориулалттай барилга, байгууламжид суурилуулсан Уудам говийн хишиг ХХК-ийн гаалиар оруулж ирсэн мах баглах тавцан ширээ /том/, мах хөргөөх тэрэг /нүхтэй/, хөлдүү мах зөөх тэргэнцэр, вакумны машин /вакум насостай/, хуйлж ороодог баглааны машин, ариутгалын тогоо /Автоклад/, хөлдөөгчийн тоног төхөөрөмж, 9-р гүн хөлдөөгч, уураар чанадаг тогоо, мах амтлагч машин /барбанан/, мах амтлагч машин /шифризэн/, мах ангилах сагс /улаан/, мах ангилах сагс /цэнхэр/, тавиур поддон /цэнхэр 100 ширхэг/, ус нөөцлөгч сав /цагаан, 90 литр/, мах ангилах сагс /цагаан/, мах ангилах сагс /цэнхэр/, цаг бүртгэлийн машин, төмөр шүүгээг тус тус гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч ОХХК эс зөвшөөрч маргажээ.

2.г. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

 

3.а. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй, гуравдагч этгээдийн гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт байхгүй байна. Тодруулбал, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ ...ОХХК-ийн үйлдвэрийн байранд суурилуулсан тоног төхөөрөмж худалдан авсан зардал 336,590,624 төгрөгийг Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс гаргасан болно.

Мөн ОХХК-ийн үйлдвэрийн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн зардалд 228,913,871 төгрөгийг Уудам говийн хишиг ХХК-ийн зүгээс гаргасан гэх зэргээр тайлбарласнаас үзвэл тэрээр үйлдвэрлэл, хүнсний агуулахын барилга байгууламжийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг төлүүлэх болон тухайн барилга байгууламжид хийсэн салгаж болох засан сайжруулалтыг гаргуулахаар шаардсан байна. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг буюу өмчлөгчийн шаардах эрхэд хамаарах талаарх зохицуулалтаар хязгаарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шүүхийн шийдвэрт заах шаардлага хангагдаагүй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлийг тодруулах, дүгнэлт өгөх нь хэрэгт хамаарах эрх зүйн харилцааг тодорхойлж, хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой.

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт ... шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар тусгах-аар заасан. Гэтэл хариуцагч ОХХК-ийн М-И ХХК-д холбогдох 50,807,164 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд М-И ХХК нь ОХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, өөрийн хөрөнгөө хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн, түрээсийн төлбөр дутуу байгаа нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна.

3.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч үйлдвэрийн агуулахад хийсэн засвар үйлчилгээ, тохижуулалт, тоног төхөөрөмж суурилуулалт, өргөтгөл хийхэд гарсан зардлын хэмжээг тогтоолгох асуудлаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн гомдол болон бие даасан шаардлагыг хангуулахаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04ий өдрийн 102/ШШ2022/01689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хариуцагчийн төлсөн 5,234,117 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 3,144,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН