Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01081

 

 

 

 

 

 

 

 

2022 06 03 210/МА2022/01081/

 

 

 

 

Ш.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01462 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.С-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01057 дугаар захирамжаар Ш.С-гаас 38,055,705 төгрөгийг гаргуулж Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийж, төлбөр төлөгч Ш.С-н өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073868 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-н 23 дугаар байр, 74 тоотод байрлах 39 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн хураахдаа төлбөр төлөгч Ш.С-г байлцуулаагүй, түүний аав, охин хоёроор гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, 33 дугаар зүйл талуудын эрх үүрэг 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэж заасныг зөрчсөн. Мөн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулаагүй мөртлөө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж түүнд мэдэгдсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчээс Ш.С-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013868 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-н 23 дугаар байр, 74 тоотод байрлах 39 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилсэн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01057 дугаар захирамжаар Ш.С-гаас 38,055,705 төгрөг гаргуулж Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.С-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-ийн 23 дугаар байр, 74 тоотод байрлах 39 метр квадрат талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4-187/18349 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.С-н эхнэр Т.Саранмижидэд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсний дагуу талууд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус газар ирж үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад харилцан тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/266 тоот шинжээч томилох тогтоолоор Виннэр-Вэй ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгоход 137,501,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 95969394 дугаартай утсаар ярьж ирж авахыг мэдэгдэхэд очих боломжгүй Сэлэнгэ аймагт аавыгаа харж байгаа тул шуудангаар гэрийн хаягаар явуулж болно гэж тайлбар өгсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ш.С-тай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж үнэлгээний тайлантай танилцуулж анхны албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг гардуулж өгсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ш.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайванд 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид дамжуулан өгөхийг даалган хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013868 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-н 23 дугаар байр, 74 тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/00719 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.С-н өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч байгууллага 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн хураахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй, түүний аав, охин хоёроор гарын үсэг зуруулсан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус зөрчсөн. Мөн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг түүнд танилцуулаагүй мөртлөө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж түүнд мэдэгдсэн нь дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг хангаж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ш.С- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21380592/2 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21380592/4 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Ш.С-гаас 37,872,000 төгрөгийг гаргуулж Арвайн үр ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01057 дугаар шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ТЗ-н 23 дугаар байр, 74 тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилоход 137,501,000 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 100,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон. /хх 34-106/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлэхээр зохицуулжээ.

Үүний дагуу хариуцагч байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/57 тоот тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/41 тоот тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдэгдсэн байна.

Иймд албадан дуудлага худалдааны товыг төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.б. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Ш.С-д үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн 87 дугаар талд авагдсан баримтаар нотлогдсон байх тул орон сууц үнэлсэн шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

4.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар төлбөр төлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн, хураахдаа төлбөр төлөгчийг байлцах эрхийг нь хязгаарласан, хориглосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тухайн арга хэмжээ гүйцэтгэхэд төлбөр төлөгч байлцаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд орон сууцыг битүүмжлэн хураахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.БЯМБАСҮРЭН