| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2025/01049/И |
| Дугаар | 301/ШШ2026/00379 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00379
| 301/ШШ2026/00379 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, ..... дүгээр хороо, ...... байр, ....... давхарт байрлах Д ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Ж сум, .... дугаар баг, Б гэх газар оршин суух Д овгийн Бын Н /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,836,606.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б
Хариуцагч Б.Н т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Н ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг 6,836,606.72 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Зээлдэгч Б.Н нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ЗГ2221318Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 2,849,900 төгрөгийг жилийн 39.6% хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Н нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-ны өдөр дууссан. Зээлдэгч Б.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад “... нэмэгдүүлсэн хүү 20% байна. ...” гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7,172,606.72 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 348,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 6,824,606.72 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,836,606.72 төгрөгийг Б.Н ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Д ББСБ ХХК нь хариуцагч Б.Н тэй 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээний дагуу 2,849,900 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар олгосон бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн гэрээний үүрэг зөрчсөнд тооцогдож, гэрээний 3.1.6-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагчийн зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,703,962.96 төгрөг, зээлийн хүү 3,626,115.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,527.80 төгрөг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу нотариатын зардал буюу зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой 12,000 төгрөгийн зардал гарсан. Иймд нийт 6,836,606.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Б.Н нь Сайн интернэшл ХХК-иас цахилгаан бараа буюу зурагт худалдаж авсан, уг зурагтны үнийг манай байгууллага Сайн интернэшл ХХК-д манайхаас шилжүүлсэн. гэв.
2. Хариуцагч Б.Н т нэхэмжлэлийн хувийг .............gmail.com гэсэн цахим шуудангийн хаягаар илгээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч байгууллагаас:
- Д ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь,
- Д ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь,
- 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн .............дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь,
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь,
- Зээлийн эргэн төлөлтийн хуулга,
- Төлбөрийн баримт,
- Бараа хүлээлгэн өгөх акт,
- Сайн интернэшнл ХХК-ийн нэхэмжлэх,
- Зээл хүсэгчийн анкет зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Н т холбогдуулан үндсэн зээл 2,703,962.96 төгрөг, хүү 3,626,115.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,527.80 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,836,606.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Д ББСБ ХХК нь хариуцагч Б.Н тэй 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2,849,900 төгрөгийг 24 сарын хугацаатай олгож, гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Хариуцагч Б.Н нь С ХХК-иас цахилгаан бараа буюу зурагт худалдаж авсан, уг зурагтны үнийг манай байгууллага Сайн интернэшл ХХК-д шилжүүлсэн.
Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн гэрээний үүрэг зөрчсөнд тооцогдож, гэрээний 3.1.6-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,703,962.96 төгрөг, хүү 3,626,115.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,527.80 төгрөг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу нотариатын зардал буюу зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэнтэй холбоотой 12,000 төгрөгийн зардал гарсан. Иймд нийт 6,836,606.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ2221318Х дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эргэн төлөлтийн хуулга, бараа хүлээлгэн өгсөн акт, Сайн интернэшнл ХХК-ийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Д ББСБ ХХК нь Б.Н тэй 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ2221318Х дугаар зээлийн гэрээ байгуулж, 2,849,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийхээр зохицуулжээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д “эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж, 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлдүүлэгч Д ББСБ ХХК гэрээнд зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн байна.
Зээлийн гэрээний 3.1-н 3.1.2-т “зээл олгох хэлбэрийг худалдан авч буй барааны үнийг худалдагч руу бэлэн бусаар шилжүүлэх” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан UE55TU7002UXCE загварын зурагтны үнэ 2,849,900 төгрөгийг нэхэмжилсэн Сайн интернэшл ХХК-ийн нэхэмжлэх, зээлдэгчийн гарын үсэг бүхий бараа хүлээлгэн өгсөн акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дгийн тайлбар зэргээр зээлдүүлэгч Д ББСБ ХХК нь зээлдэгч Б.Н ийн худалдан авсан зурагтны үнэ 2,849,900 төгрөгийг худалдагч Сайн интернэшл ХХК-д шилжүүлж, үүргээ биелүүлжээ.
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ2221318Х тоот гэрээний 3.1-н 3.1.3, 3.1.5, 5.1-н 5.1.12-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ2221318Х дугаар зээлийн гэрээгээр 2,849,900 төгрөгийн зээл авснаас хойш үндсэн зээлээс 145,937.04 төгрөг, хүү 201,999.84, нэмэгдүүлсэн хүү 63.12 төгрөг, нийт 348,000 төгрөгийн төлөлт хийж, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,703,962.96 төгрөг, хүү 3,626,115.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,527.80 төгрөг, нийт 6,824,606.72 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, гэж, зээлийн гэрээний 3.4.4-т “зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Б.Н ээс зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нотариатын үйлчилгээний зардал 12,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Н ээс үндсэн зээл 2,703,962.96 төгрөг, хүү 3,626,115.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,527.80 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 6,836,606.72 төгрөгийг гаргуулан Д ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэлд ............gmail.com гэсэн хувийн цахим шуудангийн хаяг тусгагдсан бөгөөд хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээл хүсэгчдийн анкетанд бичигдснээр ............gmail.com цахим шуудангийн хаяг хариуцагч Б.Н ийнх болох нь тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.3, 754.4 дэх хэсэгт энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээх ба илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцохоор зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.
Хариуцагч Б.Н т хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбар, нөлөөллийн мэдүүлгийн хамт ...............gmail.com гэсэн цахим шуудангийн хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 13, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд илгээсэн боловч хариу ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124,336 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 124,336 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар хариуцагч Б.Н ээс 6,836,606.72 /зургаан сая найман зуун гучин зургаан мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,336 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Н ээс 124,336 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д зааснаар шийдвэрийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ