| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0140/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 156
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Хохирогч С.Гэрэлтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Өөлд овогт Даваарагчаагийн Оюунчимэгт холбогдох 1831000000121 дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар саын 20-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсчин мэргэжилтэй, ам бүл 3 , нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5-р баг, Ган зам, 2-р хэсэг,16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Өөлд овогт Даваарагчаагийн Оюунчимэг, РД: /МЮ-78102061/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Оюунчимэг нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 019 тоотод оршин суух иргэн С.Гэрэлтуяаг хашаандаа байхад нь хэрүүл хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.Оюунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Содбаярт хашаандаа цэвэрхэн сууж бай гэртээ олон хүүхэд битгий дагуулж ирж байгаарай гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоогогүй юм. Тэгээд би Содбаярын ээж болох Гэрэлтуяа эгчид очиж хэлсэн. Би Гэрэлтуяа эгчийг зүгээр байхад нь цохиогүй намайг эхэлж өөрөө шаланкаар ороолгосон. Би зөрүүлээд цохисон. Над руу мод авч шидэхээр нь би бултсан. Тэр модыг өөр рүү нь шидсэн чинь толгой хэсэгт нь оночихсон. Энэ гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна гэв.
2.Хохирогч С.Гэрэлтуяа шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 6 дугаар сарын 4-нд Д.Оюунчимэг манай гэрт орж ирээд танай хүүг цагдаад өгч шоронд хийнэ гэж хэлсэн. Юу болсныг асуухад хэл амаар доромжилсон. Би шаланкаар ороолгоход хашаа оносон. Би эхлээд мод шидсэн чинь зөрүүлээд над руу шидээд миний толгой руу онож миний толгойг хагалсан. Намайг маш их хэл үгээр доромжилсон гэв.
3.Хохирогч С.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед би гэрийнхээ хашаан дотроо нөхрийн хамт худгийн насос солиод байж байсан чинь манай нөхрийн эгч Оюунчимэг хашааны гаднаас орж ирээд хашаан доторх ногооны явган хайсан тулж ирээд намайг хайсан дотроо байхад тэр золбин шээсээ аваад зайл, тэр хүүхдийг чинь цагдаад өгч шоронд хийлгэнэ” гэх мэтээр хэлээд хоёр жавьжнаас нь хөөс сахраад ороод ирсэн тэгэхээр нь би гайхаад учрыг нь олохгүй яасан гэнээ юу болоод орилж хашчихаад байгаа юм бэ, яахаараа манай хүүхдийг чи шоронд хийлгэдэг юм гэсэн чинь танай хүүхэд чинь манай эгчийн гэрт орж бурхан тахилынх нь чихэр боовыг идэж, уугаад худгийн насоссыг нь залгаад орхисон байна гээд л уурлаад байсан тэгснээ намайг эрийн дэвсгэр,4 нөхрийнхөө толгой залгисан, өчнөөн олон эрийн шээс гаргасан гэх мэтээр доромжлоод орилж хашгичаад байсан тэгэхээр нь би чи манайхаас зайл гэж хэлээд бид хоёр хэрэлдэж маргалдсан тэгээд би эргэж хараад хийж байсан ажлаа хийсэн чинь миний араас нэг тал нь өмхөрч ялзарсан хашааны шон модны тайрдас авч шидээд толгойны ар хэсэгрүү оночихсон юм тэгэхээр нь би эргэж хараад тэр модыг нь аваад буцаагаад өөр лүү нь шидсэн чинь оноогүй тэгсэн чинь хашааны банзны цуурсан нарийн модоор миний зүүн гар луу цохиод авсан тэгэхээр нь би нөхөртөө энэ эгчийгээ явуулаач ээ намайг зодоод байна гэсэн чинь манай нөхөр юм дуугараагүй,тэгсэн чинь л худгийн онгоцны дэргэд байсан модны хугархай,шидлээд байсан,тэгж байхдаа нөгөө анх шидсэн модны тайрдасаа аваад дахиад шидэхэд нь миний толгойн зүүн талруу онож толгойноос цус гарган тэгээд намайг холдох тусам араас юм авч шидлээд байхаар нь чи болиоч яагаад байгаа юм бэ ? гэж хэлээд ойртоод очихоор газраас юм шүүрч аваад намайг цохиод байсан, тэгснээ хашаан дотор байсан тоосгоноос авч тоосгоор цохиод алчихъя муу пиздаг гээд нөхөр надруу шидэх гээд дайраад байсан тэр үед нь манай нөхөр Оюунчимэгийг чи манайхаас зайл чи яагаад балайраад байгаа юм гэж хөөж байж нэг юм хашаанаас гаргаж явуулсан юм. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан тухайн үед манай хүү Содбаяр миний гар утасыг аваад явсан болохоор би утас руугаа залгаад миний хүү холхон байгаараа Оюунчимэг ээжийг зодоод цустай хольчихоод гэрээс гараад явлаа гэж хэлсэн юм удаагүй байж байтал Содбаяр хүрч ирээд би такси авааад ирлээ 103-т мэдэгдчихсэн байгаа таныг аваад ир гэсэн юм гэж хэлсэн тэгээд би хүүтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлэн толгойдоо оёдол тавиулсан юм....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 08-09дугаар хуудас/
4.Гэрч Г.Содбаярын... “Тэр өдөр би ангийнхаа хүүхэд Мөнхтулгынд хоол идэх гээд хүлээгээд ширээг нь дэрлээд “толгой өвдөх” хэвтэж байсан чинь 15 цагийн орчим байхаа Оюунчимэг эгч орж ирээд миний нуруу руу цохиж аваад...Төрөө эгчийн хашааны хаалга үүдийг нь хаахгүй явсан юм бэ ? чи... гэсэн тэгэхээр нь би...та чинь яагаад намайг цохиод байгаа юм бэ?...гэсэн чинь...тэр худгийн насосыг нь унтраахгүй яасан юм бэ...гээд дахиад цохиод авсан тэгэхээр нь би...та чинь одоо яачхаад байгаа юм бэ би тэрийг нь яаж мэддэг юм бэ?...гэсэн чинь ...та нар яасан том болчихсон юм, чи муу хэзээ ийм байсан юм бэ?...гэж хэлээд хаалга саваад гараад явсан...манай ангийн Сугармаагийн ахыг гуйгаад машинтай нь гэрлүүгээ явахад ээж өөдөөс ирж байсан. Тэгээд толгойг нь харсан чинь цус урсаад байсан тэгээд машинд суулгаад төв зам дээр ирээд таксинд сууж эмнэлэгт ирж үзүүлсэн юм...”гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дүгээр хуудас/
5.Гэрч Т.Мөнхтуяагийн 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Гэрэлтуяагийнд ирэхэд Гэрэлтуяа эгч нэлээн уйлсан бололтой нүд нь бүлцийчихсэн толгойгоо боочихсон байж байсан тэгээд болсон явдлын талаар асуухад өдөр хашаандаа байж байхад Оюунчимэг амнаас хөөс сахарч орилж хүрч ирээд л газраас мод чулуу авч шидлээд орилж хашгичиж зодлоо,тоосго бариад алчихъяа гэж дайрахад нь нөхрийнхөө араар орж байж нэг юм гайгүй үлдлээ.Энэ талаар нь цагдаад мэдэгдсэн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №235 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. С.Гэрэлтуяагийн биед толгойн хуйханд няцарсан шарх, дал, мөр, гуя, шилбэнд
цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
7. Яллагдагч Д.Оюунчимэгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манай эгч Төртүвшин Солонгос улсруу яваад 2 сар гаран болж байгаа юм тэгээд түлхүүрээ хажуу айлдаа үлдээгээд явсан байсан.Гэтэл энэ оны 05 дугаар сарын 30-ны орой Төртүвшин эгчийн гэрт очиж үзэхэд тэдний гэрт бэлэн хоол идэж тогой шанагыг нь заваартуулаад орхисон байсан юм. Тэхээр нь хажуу айлын нөгөө түлхүүрээ үлдээсэн айлын хүүхэд Мөнхтулгаас Төрөө эгчийн гэрт хэн орсон юм бэ? гэсэн чинь түүний найз Гэрэлтуяагын хүү Содбаяр бид 2 орж бэлэн хоол дэвтээж идсэн юм. Тэгээд нь гэр орныг нь цэвэрлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тэгээд 6-р сарын 03-ны өдөр буцаад очиход гэр орныг нь янзалж цэвэрлэсэн байсан. Тэгээд маргааш буюу 06 дугаар сарын 04-ны өдөр дахиад очиход худгийн нассоссыг залгаж орхиод хашаагаар нэг ус гойжуулчихсан байсан. Тэгээр нь Мөнхтулгын гэрт яваад орсон чинь Содбаяр Мөнхтулга нар хэдэн банди нартай хамт байсан. Тэгэхээр нь Мөнхтулгаа та нар яагаад Төрөө эгчийн худгын нассосыг залгаад орхичихсон юм бэ? гэж хэлсэн чинь айн гээд өөдөөс мэлэлзээд хараад зогсоод байсан. Тэгээд Содбаяр намайг харчихаад ширээ дэрлээд нүүрээ нуугаад байхаар нь чи Төрөө эгчийнд орсон юм бол үүд хаалгыг нь хааж уячихгүй яасан юм бэ? жаахан сэтгэл сайтай байгаач гэж хэлээд мөрлүү нь түлхсэн чинь та хэн юм бэ? та хэд насандаа хүн зохидог болцон юм бэ? гэх мэтээр хэлээд пэдийсэн. Тэгэхээр нь би чи одоо юу гээд байгаа юм бэ? ээжид чинь хэлнэ шүү гэж хэлээд тэндээс гэраад ээж Гэрэлтуяа нөхөр Оюунболд 2 хашаандаа худгынхаа дэргэд байж байсан.Би очоод Содбаяр найз нартайгаа нийлж Төрөө эгчийн гэрт орж гэр орныг нь завааруулж худгынх нь нацоссыг залгаж орхиод хашаагаар нь нэг ус болгосон байна гэж хэлсэн чинь миний хүүхэд яахаараа тэгдэг юм чиний хүүхэд архичин хоноцийн шээс биздээ гээд хэрэлдэж маргалдсан. Тэгэж байхдаа ногооныхаа хальсны цаанаас намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би яахлаараа чи намайг цохидог юм гэсэн чинь дахиад худгын шалаанкаар миний зүүн мөрлүү гуядсан.Тэгээд надруу өмхөрсөн модны тайрдас болон худгынхаа дэргэд байсан жижиг шажиг зүйлүүдийг надруу шидэлсэн. Тэгэхээр нь би тэр өмхөрсөн модны тайрдасыг буцаагаад өөр лүү нь шидчихсэн чинь толгой руу нь оноод толгойноос нь цус гарсан тэгээд ер нь бол бид 2 нэг нэгрүүгээ газраас юм авж шидэлцсэн тэгэж байхдаа чи Сүхбаатарын удмыг мэдэх юу ? харуулнаа чамд гэх мэтээр хэлээд орилж хашигчаад байсан. Би ч мөчөөгүй өгөхгүй өөдөөс нь хэрэлдэж маргалдан адилхан нэг нэгнийгээ доромжилсон юм. ...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Өөлд овогтой Даваарагчаагийн Оюунчимэг нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 019 тоотод оршин суух иргэн С.Гэрэлтуяаг хашаандаа байхад нь хэрүүл хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Оюунчимэг нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 019 тоотод оршин суух иргэн С.Гэрэлтуяаг “танай хүүхэд чинь манай эгчийн гэрт орж бурхан тахилынх нь чихэр боовыг идэж, уугаад худгийн насоссыг нь залгаад орхисон байна” гэж уурлаад хашаандаа байхад нь хэрүүл хийж, улмаар түүнийг зодож, биед нь толгойн хуйханд няцарсан шарх, дал, мөр, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учруулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. Нөгөө талаар шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж гэм хорыг арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Даваарагчаагийн Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэргийн хохирогч Сүхбаатарын Гэрэлтуяа нь шүүхэд өгсөн: “...бид хамаатан садан улсууд тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өөлд овогтой Даваарагчаагийн Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Даваарагчаагийн Оюунчимэгийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Д.Оюунчимэг нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ