Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/527

 

 

 

 

 

      2026          04             28                                                                     2026/ДШМ/527

 

С.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Марал,

хохирогч С.Х-,

шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503011561319 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн С-ын Ч-, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С- аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С-” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЛС-/;

С.Ч- нь 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 1000 оюутны байрны баруун хойд замд, Тоёота приус маркийн С- УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 2 дугаар хавсралтын 1.1. “Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэж, 1.4. дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж, 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Х-ыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: С.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 8,646,000 /найман сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Х-д олгуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 162,000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч С.Х- нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Ч-ээс нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ч- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь бус, зөвхөн ял шийтгэлийн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Анхан шатны шүүхээс 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг, өдрийн 8 цаг ажил хийдэг. Хэрэв ажилдаа явахгүй бол намайг ажлаас хална. Миний хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадахгүй нөхцөл байдал үүсэж, бид 5 амьдрах ямар ч боломжгүй болно. Би учруулсан хохирлоо өөрийн боломжоор төлж барагдуулсан. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй байх талаар өөртөө хатуу шаардлага тавьж байна. Миний хувьд урд ял шийтгэлгүй, тогтмол ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг хүн юм. Иймд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Ч-ийн өмгөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Ч- үйлдсэн хэрэгтээ гэмшиж, цаашид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирогчид хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн. С.Ч- хохирогчтой удаа дараа хохирол төлбөр төлөх талаар уулзсан. 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хохирол төлбөрийг төлж барагдуулах, эвлэрэх байр сууртай байна. С.Ч- бага насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн ажилтай. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн нөхцөлд С.Ч- нь ажилгүй болох, хүүхдүүдээ сургууль болон цэцэрлэгт явуулах боломжгүй болно. Түүний үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, С.Ч-ийн гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Ч- нь өрх толгойлсон эмэгтэй учраас 4 хүүхдийг нь бодоод анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин хохирол төлбөрийг барагдуулах ёстой. ...” гэв.

Прокурор А.Марал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Үүнээс хойш 5 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн. Нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлбөр төлөгдөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон шүүгдэгчийн ам бүл 6, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэсэн хувийн байдалд өөрчлөлт ороогүй. Анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд “торгох ял биелэгдэх боломжгүй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шатанд бүх хохирол төлбөр төлөгдөөгүй. Шүүгдэгчид оногдуулах хамгийн боломжтой ял нийтэд тустай ажил хийлгэх ял учраас прокуророос шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Дээрх гэмт хэрэг нь явган хүний гарц дээр үйлдэгдсэн хэрэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч С.Х-ы “...Би тухайн үед яг гарцаар гарч дуусаж байхад гэнэт нөгөө машин хөдлөөд намайг мөргөчихсөн. Машин хөдөлж байгааг хараагүй, гэнэт л хөдлөөд мөргөчихсөн. ...Гэрлэн дохио байгаагүй. Миний баруун талаас мөргөсөн. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэх зүйл эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. ...” /хх 19-20/ гэсэн мэдүүлэг,  

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11660 дугаартай: “...С.Х-ы биед баруун мөрний эргүүлэгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал, баруун шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 26-27/ гэсэн,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4033 дугаартай: “...С.Х-ы сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” /хх 32-34/ гэсэн дүгнэлтүүд,

-шүүгдэгч С.Ч- Тоёота приус маркийн С- УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.4, 10.3 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1512 дугаар магадлагаа /хх 38/,

-иргэний нэхэмжлэгч Ч.З-ын: “...Дээрх гэмт хэргийн улмаас С.Х- нь Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагаас эмчилгээ хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас С.Х- нь 162,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсний зардал гарсан байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд нөхөн төлүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэл /хх 62-68/,

-зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас /хх 3-4/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/,

-С.Ч-ийн хувийн байдлыг тогтоосон бичгийн нотлох баримтууд /хх 52-60/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч С.Ч- нь 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 1000 оюутны байрны баруун хойд замд, Тоёота приус маркийн С- УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 2 дугаар хавсралтын 1.1. “Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэж, 1.4. дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж, 10.3. “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Х-ыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн С.Ч-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Ч-ээс “... миний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар заасан хохирлоос 2.000.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, бага насны хүүхдүүдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч С.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч С.Ч- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирогч С.Х-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/361 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ч- нь шүүхээс оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ч- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч С.Ч- нь гэмт хэргийн хохирлоос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч С.Х-д төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                       Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ