Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 154

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

Прокурор                                                      М.Энхбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.Орхонтуул

Хохирогчийн өмгөөлөгч                            Р.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга                             Б.Намуунзул нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Хамниган овогтой Чүлтэмийн Бямбасүрэнд холбогдох 1831000570080 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

                                          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Биеийн байцаалт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатат суманд 1976 оны 04 дүгээр сарын 03-нд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 30 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд монгол хэл бичгийн багш ажилтай, ял шийтгэлгүй, Хамниган овогт Чүлтэмийн Бямбасүрэн /РД:МЭ-76040300/

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Ч.Бямбасүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багшаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн 8-Б ангийн сурагч Ц.Хонгорзулыг “хичээл хийсэнгүй” гэх шалтгаанаар хацар руу нь алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ч.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Би багш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн өдөр 8б ангийн сурагч Хонгорзул ганцаараа хичээлээ хийгээгүй байсан. Яагаад хичээл хийгээгүй талаар асуухад шалтгаанаа хэлэхгүй байсан учир хацар руу нь нэг удаа алгадсан гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Орхонтуул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Хүүхдийнхээ толгойны зургийг авахуулахад “тод сайн гарахгүй байна, нарийн мэргэжлийн эмчид дахин хандана уу” гэж эмч хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулсан. Мэдрэлийн судас нь хазайсан байна. Зөөлөн эд нь хазайж мэдрэлээ шүргэсэн байна гэж хэлсэн. Түүнээс болж баруун гар нь татсан. Маргааш нь багштайгаа охин бид 3 Улаанбаатар хотод очоод зураг авахуулсан. Ирээд эмнэлэгт хэвтүүлэх гэсэн чинь цагаан сарын баяр болоод аймгийн эмнэлэгт хэвтэж чадаагүй. Тийм болохоор Дархан-Уул аймагт ирж эмнэлэгт хэвтсэн. 14 хоног эмнэлэгт хэвтэхэд багш нь над руу охины минь биеийг асууж утсаар яриагүй болохоор сургуулийн захиралд нь очиж гомдол мэдүүлсэн. Ч.Бямбасүрэн багш миний охин руу залгаад “яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ чиний бие тийм муу байгаа юм уу, хичээлдээ ирэхгүй бол улирлын дүнг муу гаргана” гэж хэлсэн байна лээ. Маш их гомдолтой байна гэв.

3. Насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзулын 2018 оны 03 дугаар сарын 06-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 8 цагийн үед сургууль дээр ангидаа ангийхантайгаа хамт математикийн хичээл орох гэтэл математикийн багш ирээгүй цонхолсон ба ангийн багш Уранцэцэг 1 дүгээр цаг дээр багш нь оръё гэж хэлээд “Амьдрах чадвар” гэдэг хичээл орсон. Түүний дараа 2 дугаар цаг дээр ангийн дунд эцэг, эхүүд “Сүхбаатар жанжны тухай” эссэ бичлэгийн уралдаан зохион явуулсан ба бичиж дууссан хүүхдүүд ангиас гарч бай гэсэн. Тэгээд 3 дугаар цаг дээр уран зохиолын хичээл орсон ба уран зохиолын багш Ч.Бямбасүрэн бид нарт дасгал хийж бай гэж хэлээд ангиас гарсан юм. 3 дугаар цаг дээр ангийн багш Уранцэцэг амьдрах чадвар гэдэг хичээл орох байсан ба уран зохиолын багш Ч.Бямбасүрэн 5, 6 дугаар цаг дээр орох байсан юм. Тэгээд 3 дугаар цаг дээр нөхөж орсон. Ингээд Ч.Бямбасүрэн багш бид нарт дасгал хичээл орж бай гэж хэлчихээд ангиас гараад явсан ба 40 минутын дараа эргэж орж ирээд “Үрэгдсэнийг хүлээгч” гэдэг өгүүллэгийн дасгал хичээлийг хий гэсэн багшийг гараад явсны дараа манай ангийхан үймүүлээд хичээл хийгээгүй байсан. Тэгээд удалгүй Ч.Бямбасүрэн багш орж ирээд “Хичээл хийсэнгүй” гэж манай ангийн сурагч Дагвадорж, Шинэбаяр хоёрыг өшиглөөд, чимхэж, 2 чихийг нь мушгиж, гараараа баруун гар руу нь цохисон. Би тухайн үед тэр хоёрын ард сууж байсан болохоор айгаад байж байтал намайг багш баруун талын хацар, чихийг хавсруулан 2 удаа алгадсан. Миний хажууд сууж байсан Болор-Эрдэнийг 1 удаа хацар хэсэгт алгадсан ба манай ангийн хүүхдүүдийн хичээлийн дэвтрийг нь шалгаад явсан....Миний баруун гар нилэнхүйдээ яс дагаж их өвдөж байна. Мөн баруун гар бадайран, гар хөдөлгөхөөр дотор муухай оргиж байна. Толгой өвдөж, гарын хурууны яс өвдөөд байгаа.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 6 дугаар хуудас/

4. Гэрч С.Мөнгөн-Ирисийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Надад Ч.Бямбасүрэн багш энэ асуудал болсноос 2 хоногийн дараа сурагч Ц.Хонгорзулыг хичээл хийсэнгүй гэж алгадсан талаар ярьсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 96 дугаар хуудас/

5.Гэрч Ж.Навчаагийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би сүүлд хэд хоногийн дараа мэдсэн. Сурагч Ц.Хонгорзулын ангид 2 цаг хичээл ороод 2 цаг хичээлийн хоцрогдол арилгах нэмэлт давтлага өгөхөд тухайн сурагч Ц.Хонгорзул хичээлээ хийгээгүй сууж байхаар нь Ч.Бямбасүрэн багш гарын ар талаараа алгадсан талаар ярьсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч Г.Түмэнзаяагийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 8:30 минутаас Б.Анхбаяр багш математикийн хичээл 2 цаг орох гэж байгаад багш өвчтэй гээд ангийн багш П.Уранцэцэг эхний 2 цаг дээр ангийн хичээл болох “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа, хичээлээс гадуур үйл ажиллагаа” гэсэн 2 цагийн хичээл орсон. Түүний дараа 3,4  дүгээр цаг дээр монгол хэл, уран зохиолын багш Ч.Бямбасүрэн 2 цагийн хичээлийг урагшлуулан нөхөж орсон. Ингээд уран зохиолын багш Ч.Бямбасүрэн дахин илүү цагаар ороод “Үрэгдсэнийг хүлээгч” эх зохиолын дасгал даалгаврыг хийж байгаарай гэж хэлээд ангиас гарсан. Тэгээд 5, 6 дугаар цаг дээр илүү цагийн хичээл орсон. Тэгээд Ч.Бямбасүрэн багш орж ирээд сурагчдын дасгал даалгаврыг нэг бүрчлэн шалгасан ба манай ангийн сурагч Ц.Хонгорзул 1 дүгээр салааны хамгийн ард сурагч Болор-Эрдэнийн хамт суугаад хичээлээ хийгээгүй байна гэсэн ба Ц.Хонгорзулыг багш Ч.Бямбасүрэн баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд сурагч Ц.Хонгорзул уйлсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч Д.Одгонжаргалын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...5 дугаар цаг дээр Монгол хэл, уран зохиолын багш Ч.Бямбасүрэн орж ирээд сурагчдын дасгал, даалгаврыг нэг бүрчлэн шалгасан ба манай ангийн сурагч Ц.Хонгорзул 1 дүгээр салааны хамгийн ард сурагч Болор-Эрдэнийн хамт суугаад хичээлээ хийгээгүй байна гэсэн ба Ц.Хонгорзулыг багш Ч.Бямбасүрэн баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд сурагч Ц.Хонгорзул уйлсан...Манай ангийн эрэгтэй сурагч Шинэбаярыг мөн адил 1 удаа алгадсан. Манай ангиас Шинэбаяр, Хонгорзул 2 хичээл хийгээгүй байсан....гэх мэдүүлэг /ХХ-ийн 107-108 дугаар хуудас/

8. Насанд хүрээгүй гэрч Б.Ганзамын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...5 дугаар цаг дээр Монгол хэл, уран зохиолын багш Ч.Бямбасүрэн орж ирээд сурагчдын дасгал, даалгаврыг нэг бүрчлэн шалгасан ба манай ангийн сурагч Ц.Хонгорзул 1 дүгээр салааны хамгийн ард сурагч Болор-Эрдэнийн хамт суугаад хичээлээ хийгээгүй байна гэсэн ба Ц.Хонгорзулыг багш Ч.Бямбасүрэн баруун гараараа нэг удаа алгадсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 109-110 дугаар хуудас/

9. Гэрч З.Хулангийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Намайг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед ажилтай байхад сурагч Ц.Хонгорзул ээж болон багш Бямбасүрэн нарын хамт ирсэн. Би Ц.Хонгорзулын биеийг үзэхэд учиргүй гар, хөл нь татсан зүйл ажиглагдаагүй. Харин баруун гарт нь зөөлөн иллэг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хэлээд явуулсан. Намайг харахад айсан, уйлсан, чичирсэн байсан ба цай өгөөд тайвшруулсан.....гэх мэдүүлэг /ХХ-ийн 122  дугаар хуудас/

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №105 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Ц.Хонгорзулын биед хүзүүнд нугалам дарагдал, жийргэвчийн бүтцийн өөрчлөлт бүхий  зөөлөн эдийн гэмтэл  тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

11. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №489 тоот актын дүгнэлт хэсэгт:

1. Өмнөх гаргасан шинжээчийн 105 дугаартай дүгнэлтийн 2, 3 дугаар заалт нь үндэслэлтэй, 1, 4 дүгээр заалт үндэслэлгүй байна. Ц.Хонгорзулын биед хүзүүний 4-5 дугаар нугаламын жийргэвчийн гулсалт /шилжилт/ гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

2. Ц.Хонгорзулын биед илэрсэн “хүзүүний 4-5 дугаар нугаламын дискний гулсалт” гэмтлийг авснаас хойш чиг зүүх, хөдөлгөөн хязгаарлах болон хүзүүний хөдөлгөөний нөхөн сэргээх уламжлалт эмчилгээг тогтмол цаг тухайд нь хийлгэсэн тохиолдолд эдгэрэлт 4 долоо илүүгүй үргэлжилж болно.

3. Ц.Хонгорзулын биед тогтоогдсон дээр гэмтэл нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Хамтарсан үзлэгийн явцад хамрын талаас ямар нэгэн зовиургүй, гэмтэлгүй байх ба өмнө гаргасан 105 дугаартай дүгнэлтийн үзлэг болон зовиур хэсэгт ч хамар ясны талаас ямар нэгэн зовиур цохиулсан гэх өгүүлэмж үгүй тул шинжээч томилсон асуултын 2-т байх “Хамрын таславчийн мурийлт” нь тухайн үед үүссэн гэж үзэх боломжгүй байна.

5. Ц.Хонгорзулын биед өмнө гаргасан №105 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан “Ишемический инсульт головного мозга /Тархины цус харвалт/” илэрсэнгүй.

6. Ц.Хонгорзулын нь хүзүүний чигийг удаан хугацаагаар зүүж, өөрийн биед дасал болгосон мөн хүзүүний хөдөлгөөнийг нөхөн сэргээх эмчилгээг дутуу хийсэнтэй холбоотойгоор зовиур үүсч болно....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/

 

12.Шүүгдэгч Ч.Бямбасүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар сургуульлд хамгийн анх Монгол хэл, Уранзохиолын багшаар ажиллаж байгаад 1999 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар өнөөдрийн хүртэл 19 жил ажиллаж байна. 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн өглөө 10 цагаас эхлэн 3, 4 дүгээр цаг дээр хуваарийн дагуу хичээлээ орж байгаад дахин нэмэлтээр 13 цаг хүртэл мөн хичээл орж байсан. 8Б ангид уран зохиолын хичээл орж байсан. Ингээд 13 цагийн үед буюу 3, 4 дүгээр цагт уран зохиолын хичээл ороход ангийн 32 сурагчаас охидуудаас сурагч Ц.Хонгорзул ганцаараа хичээл хийгээгүй сууж байсан ба удаа дараа хичээлээ хий гэж анхааруулсан боловч хичээлээ хийгээгүй байсан учраас би сурагчч Ц.Хонгорзулыг 1 удаа зүүн гараараа баруун хацао орчим алгадсан. Тэгээд Ц.Хонгорзул уйлаад гар өвдөж байна гэхээр нь би дагуулан сумын эрүүл мэндийн төв дээр очиж уламжлалт эмчилгээний бага эмч Хулангаар сурагч Ц.Хонгорзулын гарыг бариулж цагийн дараа ангийн багш П.Уранцэцэг, ээж Б.Орхонтуулын хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын хүүхдийн эмч, гэмтлийн эмч нарт үзүүлсэн......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар  хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хамниган овогтой Чүлтэмийн Бямбасүрэнг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багшаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн 8-Б ангийн сурагч Ц.Хонгорзулыг “хичээл хийсэнгүй” гэх шалтгаанаар хацар руу нь алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Ч.Бямбасүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багшаар ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн 8-Б ангийн сурагч Ц.Хонгорзулыг “хичээл хийсэнгүй” гэх шалтгаанаар хацар руу нь алгадаж, хүзүү, нугаламд дарагдал, жийргэвчийн бүтцийн өөрчлөлт бүхий  зөөлөн эдийн хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. Прокурорын газраас Бямбасүрэнгийн гэм буруутай үйлдэлд “Бага насны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь “тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” энэ зүйл хэсэгт зааснаар зүйлчлэхээр заасантай нийцэж байх тул хэргийн зүйлчлэл зөв гэж Шүүх дүгнэв.

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Ч.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.    

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс бага насны хохирогч Ц.Хонгорзулын эмчилгээнй болон өмгөөлөгчийн зардалд ний 3 сая 57 мянган төгрөг нэхэмжилжээ. Үүнээс өмгөөлөгчийн зардалд 1 сая төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, үнэ хөлсөө тохиролцож, өгөлцөж авалцсан байхад байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцож нэхэмжилсэн нь буруу гэж шүүх дүгнэв. Талууд тохиролцоогүй ч, тохиолдлоор бий болсны улмаас өмгөөлөгчид төлсөн зайлшгүй зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зардалд хамааруулан тооцож болох тул өмгөөлөгчид төлсөн 1 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Мөн шүүгдэгч Бямбасүрэн хохирогчийг өөрийн зардлаар эмчилгээ оншлогоо хийлгэсэн ба цаашид эмчлүүлэхэд нь зориулж 1 сая төгрөг нэмж төлжээ. Нэхэмжлэлийн дүнгээс үндсэн 1.057.000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх шаардлагыг хохирогч хангаагүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Е баримтууд байх ба эдгээр баримтуудаар чухам юу юу худалдаж авсан болох, аль хэсэг нь эмчилгээний баримтууд болох, юу худалдаж авахад зарцуулсан мөнгөний баримтууд болох нь бүрхэг байх тул эдгээр баримтуудыг задалж нэг бүрчлэн зарцуулсан болон худалдаж авсан эд зүйл, эмчилгээний баримтуудыг зааглаж ялган Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Хамниган овогт Чүлтэмийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чүлтэмийн Бямбасүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

 5.Ялтан Ч.Бямбасүрэн нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Хонгорзул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Орхонтуул нарт эмчилгээний зардалд 1 сая төгрөг урьдчлан төлсөн, мөн насанд хүрээгүй хохирогчийг өөрийн зардлаар эмчилгээ оншилгоонд оруулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний хууль зүйн туслалцаа үзүүлсний зардалд 1 сая төгрөг өмгөөлөгчид төлснийг шүүгдэгч Бямбасүрэнгээс гаргуулахаар нэхэмжилснийг талууд сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй харилцан тохиролцсон  үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1.057.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдсугай.

8.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ