Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01436

 

 

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01436

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/02083 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч МП ХХК-д холбогдуулан гаргасан 88,350,513 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, утасны үнийг 17.95 хувиар болон 11.57 хувиар буюу 9,362,473 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, Т.Анхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ш.Далхжав, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон манай МХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183,000,000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд зээлээр дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу МХХК, Хантайхайрхан ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу манай компани МП ХХК-д 66,020,342 төгрөгийн үнэ бүхий хонины ноосон ээрмэл утсыг гэрээний 5.1-т заасны дагуу зээлээр нийлүүлсэн. Хоёр талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл өнөөдрийн байдлаар 66,020,342 төгрөг гарсан бөгөөд үүнийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж баталгаажуулсан. Хариуцагч МП ХХК нь уг мөнгөнөөс 7,120,000 төгрөгийн бараа материал манай компанид нийлүүлсэн тул үүнийг хасаж тооцож, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 58,900,342 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр МП ХХК-д мэдэгдсэн боловч тус компани ямар ч төлбөр төлөхгүй, хугацаа авч, манай компанийг хохироосоор өдийг хүрлээ. Дээрх зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй удааж байгаагаас болж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам манай компанийг удаа дараагийн төсөл, хөнгөлөлттэй нөхцөлийн зээл тусламжид хамруулахаас татгалзаж, нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсож, шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийн барьцаанд манай компанийн дансыг битүүмжилж, үүний улмаас үйл ажиллагаа зогсоод байна. Монголноос ХХК, МП ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний 6.3-т Талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заагдсан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээнэ. Торгуулийн дүн нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Хохирогч талын банкны зээлийн хүү, торгуулийг бүрэн хариуцаж ажиллана гэж зааснаар алданги төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч МП ХХК-иас хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн үлдэгдэл 58,900,342 төгрөг, алданги 29,450,171 төгрөг, нийт 88,350,513 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: МХХК нь чанар, стандартын шаардлага хангахгүй утас нийлүүлсэн. Энэ нь ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Чанаргүй утасны асуудлыг МХХК-д тухай бүр мэдэгдсэн ба гэрээнд заахдаа хамтран асуудлыг шийдвэрлэнэ гээд өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. МХХК нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр мөнгөө манайхаас нэхэж байна. Утасны төлбөрийг бид төлөх үүрэггүй. Гэрээний 5.3-д зааснаар утасны үнийг ҮХААЯ-нд төвлөрсөн борлуулалтын данснаас МХХК үл маргах журмаар шууд авах тохиролцоотой. Талууд бүх тооцоогоо тухайн үед ҮХААЯ-нд өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Алданги шаардах эрхгүй. Дээр дурьдсан асуудлаар Монголын Ноосон бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбоо, Оёдлын Нэгдсэн холбоо зэрэг нь батлан даалтын гэрээ хийсэн. МХХК-тай байгуулсан гэрээгээр бид мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Гэрээний 5.3-т утсаар хийсэн бүтээгдэхүүн боловсролын байгууллагад нийлүүлэгдэх бүрд хоёр тал хувцасны үнийг тооцоолон баталгаажуулж Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд өгнө. Энэ баримтыг үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төвлөрсөн борлуулалтын данснаас утасны үнийг төлнө гэж заасан байгаа учраас бид МХХК-д ээрмэл утасны үнэ төлөх үүрэг хүлээгээгүй, тиймээс үүнийг төлөх боломжгүй. Утасны чанарын асуудал гарч ирснээс болж ажил зогссон. Тиймээс нэхэмжилж байгаа асуудлуудыг бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх, "Монгол ноосон даавуу" үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсэж МХХК-ийн зүгээс өөрийн үйлдвэрийн дэмжиж, хөрөнгө оруулалт хүссэн төслөө яаманд ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, аливаа сонгон шалгаруулалтгүйгээр шалгарсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байсан ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12 тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 сая төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот Зээлийн гэрээ-г аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, гэрээ хэрэгжих хугацааны хяналтын зардалд нийт зээлийн 1% хувийг нэмж тооцох үндсэн нөхцөлтэйгөөр байгуулсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс зээлийн гэрээнд заасны дагуу МХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 405008308 тоот төгрөгийн дансанд даавуу үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж нийт 12,061,170,000 төгрөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шилжүүлсэн байна. МХХК-ийн хувьд сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 сая төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлтийг яаманд буцааж төлөөгүй байна. Цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ХХААХҮЯамнаас хууль хяналтын байгууллагад хандахаар бэлтгэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Зээлийн гэрээний 2.2.3 дахь заалтаар Хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн хуваарь /хавсралт 3/-ийн дагуу МХХК-аас Хантайхайрхан ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу МП ХХК-д хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн байна. Нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний Ерөнхий зүйл болон 3.1-д зааснаар МХХК нь гэрээгээр нийлүүлэгдэх ээрмэл утсыг чанар стандартын дагуу үйлдвэрлэх, чанар болон эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан утас нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл МХХК-ийн үйлдвэрлэсэн утас нь чанар стандартын шаардлага хангахгүй болох нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ болон түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг олон нийт дүгнэснээр илэрхий болсон ба энэ асуудлыг нэхэмжлэгч тал шийдвэрлэж өгнө гэж удаа дараа тохиролцсон боловч өнөөг хүртэл тохиролцсоноороо шийдвэрлэж өгөөгүй. Иймд МХХК-иас МП ХХК-д нийлүүлсэн 24/2 номертой хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17,95%-иар, цагаан саарал утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11,57%-иар бууруулахыг даалгаж өгнө үү. Ингэсэн тохиолдолд МХХК-ийн МП ХХК-д нийлүүлсэн 24/2 номертой хар хөх өнгийн 453,7 кг утас нь 2,481,739 төгрөгөөр /453,7 кг х 5,470/, цагаан саарал өнгийн 2104,2 кг утас нь 6,880,734 төгрөгөөр /2104,2 кг х 3,270/, нийт 9,362,473 төгрөгөөр буурах юм гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хариуцагч өөрөө нотлох ёстой. Үндэслэл нь утас чанаргүй байсан тул ийм хэмжээгээр бууруулах ёстой гэж хэлж байгаа. Хэрэв тухайн үед манайхаас чанаргүй утас нийлүүлсэн бол чанар дээр хяналт тавих нь худалдан авагчийн эрх үүрэг байгаа. Энэ нь гэрээгээр зохицуулагдсан. Чанарын шаардлага хангахгүй бол худалдагч талд мэдэгдэн хоёр талын харилцан тохиролцсоноор буцаан өгөх эрхтэй. Тухай бүрд утас чинь чанаргүй байна гэж мэдэгдсэн, албан тоот ирүүлсэн зүйл байхгүй. Нэхмэлийн хүрээлэнд хийсэн шинжилгээний дагуу чанарын өндөр шаардлага хангасан утсыг нийлүүлж байсан. Хариуцагч тал гэрээнээс гадна өөр утас манайхаас худалдаж авсан байдаг, тэр талын баримт хэрэгт байгаа. Хэрэв манай утас чанаргүй байсан бол эдгээр хүмүүс манайхаас дахиж утас аваад хэрэглээд явахгүй байсан. Тийм учраас чанартай холбоотой үндэслэл тогтоогдохгүй байна, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Утасны үнийг бууруулах эрх хэмжээ манай компанид байхгүй. Төслийн хэмжээнд анхнаасаа саарал утас нь ийм, хар хөх өнгийн утас ийм үнэтэй байна гэж заасан байгаа. Энэ талаар гэрээний 2.2-т заасан байгаа. Яамтай байгуулсан гэрээний хавсралтууд дээр ийм үнэтэй борлуулагдана гэдэг нь тогтоогдсон байсан учраас бид үүнийг бууруулах боломжгүй. Чанарын шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдохгүй байга учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МП ХХК-аас 88,350,513 /наян найман сая гурван зуун тавин мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МП ХХК-ийн утасны үнийг 9,362,473 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай хариуцагч МХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 599,702.50 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 164,422 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МП ХХК-аас 599,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

7.а. Шүүх худалдах, худалдан авах гэрээний гарчигт ач холбогдол өгч үндсэн агуулгыг орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, уг гэрээнд утсыг хүлээн авсан тал болох МП ХХК нь хэн нэгэнд утасны үнийг төлөх ямар ч үүрэг уг гэрээгээр хүлээгээгүй.

7.б. Шүүх гэрээнд байхгүй үүргийг бий болгож, гуравдагч этгээд Үйлдвэр Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны буруутай үйл ажиллагааг зөв дүгнэж чадахгүй, хэт нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэснээс ямар ч буруугүй МП ХХК-аас их хэмжээний буюу 29,450,171 төгрөгийн алдангийг МХХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шудрага ёсонд огт нийцэхгүй байна.

7.в. Шүүх хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос нотлох баримт цуглуулах талаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй, зайлшгүй шаардлагатай биш гэж үзэн хангаагүй.

7.г. Шүүгч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10082 дугаар захирамжийнхаа үндэслэлийн эсрэг утгатай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11038 дугаартай захирамж гарган үндэслэлгүйгээр татгалзсан нь хуульд огт нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид төлүүлэхээр шийдвэрлэсэн 29,3450,171 төгрөгийг хасч өгнө үү, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Манай компани гэрээний үүргийн дагуу хариуцагч компанид утас нийлүүлсэн. Уг нийлүүлсэн утасныхаа төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд гэрээнд заасны дагуу алданги шаардсан. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2019 онд 2 талын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан. Хариуцагч талаас төвлөрсөн дансанд байршуулах ёстой байсан тул манайх төлбөрийг төлөхгүй гэж тайлбарладаг. Төсөл хэрэгжихгүй болсон тул төвлөрсөн дансанд байршуулахгүйгээр бэлнээр дамжуулсан

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч МП ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,900,342 төгрөг, алданги 29,450,171 төгрөг, нийт 88,350,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч утасны үнийг 17.95 хувиар болон 11.57 хувиар буюу 9,362,473 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Талууд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох МХХК 3 нэр төрлийн 74,257,810 төгрөгийн хонины ноосон ээрмэл утас хүлээлгэн өгөх, худалдан авагч тал болох МП ХХК үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон.

Хэргийн 15 дугаар тал дахь баримтаар хоёр талын компанийн нягтлан бодогч нар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж уг баримтад МП ХХК нь МХХК-д 66,020,342 төгрөг төлөөгүй байгаа талаар дурьджээ. Ийнхүү 66,020,342 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс 7,120,000 төгрөгт бараа материал тооцож, 58,900,342 төгрөгийн үлдэгдлийн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлгүй байна.

4.а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна. Иймд шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Гэрээг нэг талаас МХХК, нөгөө талаас МП ХХК байгуулсан байх ба өөр үүрэг гүйцэтгэгч гэрээнд оролцоогүй байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэх харилцаа гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

4.б. Худалдах, худалдан авах гэрээний 6.3-т Талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заагдсан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги хүлээнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна. Иймд алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Харин шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн данс хаасан, оёдлын үйлдвэрүүд борлуулалтын орлогоо өөрсдийн дансаар авах болсон, Төмөртрейд ХХК нь сүлжмэл хувцас авахаа больсон, манай компани үйлдвэрлэлд ороогүй, ээрмэл утсыг МХХК-д буцаан өгсөн гэх тайлбар болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасны дагуу тооцогдсон 29,450,171 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж 14,725,085 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

4.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг зохигч өөрөө олж авах боломжтой гэх үндэслэлээр шүүх хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй. Иймд нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй, зайлшгүй шаардлагатай биш гэсэн үндэслэлээр хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

4.г. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч нь утасны үнэ бууруулахыг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр дахин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн тус тус хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм. Иймээс хариуцагчийн шүүгч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэх гомдол үндэслэлгүй.

5. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь чанар, стандартын шаардлага хангахгүй утас нийлүүлсэн гэх үндэслэлээр утасны үнийг бууруулахаар шаарджээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан байх ба сөрөг нэхэмжлэлээс үзвэл хариуцагч доголдлыг арилгуулах, өөр эд хөрөнгөөр солиулахыг шаардаагүй байна.

Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч МП ХХК-аас гэрээний үүрэгт 58,900,342 төгрөг, алданги 14,725,085 төгрөг, нийт 73,625,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,725,086 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/02083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 88,350,513 /наян найман сая гурван зуун тавин мянга таван зуун арван гурав/ гэснийг 73,625,427 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,725,086 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 253 дугаар зүйлийн 253.1 дэх гэснийг 254 дүгээр зүйлийн 254.2 дахь гэж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 599,702 гэснийг, 526,077 гэж тус тус өөрчлөн 60.1 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН