Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01046

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01046

 

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/01247 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, сэргээн явуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-ь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрыг албадан дуудлага худалдаагаар худалдах тухай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/22668 дугаар албан бичгийг хугацаа алдаж мэдсэн. Хариуцагч байгууллага мэдэгдсэн гэж байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/29 тоот тогтоолыг танилцуулаагүй, мөн шууданд хэзээ хийсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдааг 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл 4/22668 тоот мэдэгдэл нь уг хугацааг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан болохыг мэдээгүй. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гомдол хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудаас үнийн санал аваагүй, үнэ тогтоох ажиллагаа хийгээгүй. Томилогдсон шинжээч нь барилгад хэмжилт хийж баталгаажуулаагүй. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолын 4 дэх хэсэгт 307.18 м.кв-аар үнэлсэн нь үнэлгээ гаргахад нөлөөлсөн гэж дурдсан. Өөрөөр хэлбэл шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, дуудлага худалдаанд оруулах объект нь маргаантай байгааг мэдсээр байж дуудлага худалдаанд оруулсан. Шүүхэд үндэслэлтэй гэж үзээд иргэний хэрэг үүсгэчихсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч мэдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан боловч түдгэлзүүлээгүй. Дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан байтал 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дэнчингийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Хуульд зааснаар 14 хоногийн дотор дэнчин төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаа цуцлагдах буюу дараагийн өндөр үнийг санал болгосон этгээдэд шилжих ёстой. Гэтэл 1 жилийн дараа дэнчингийн мөнгийг төлүүлсэн нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байхаар заасан. Гэтэл бэлэн мөнгө хүлээж авсан, шилжүүлсэн баримтууд нь бүгд засвартай байна. Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг баталсан бөгөөд уг журмын 1.1-д байшинг хувьчлах гэж байгаа тохиолдолд газрыг дуудлага худалдааны анхны үнээр дуудлага худалдаанд оруулах ёстой гэж заасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хангаагүй. Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Аргачлал шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг бодох жишиг тогтоосон. Гэтэл шинжээч нь энэ үндэслэл, журам болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж дураараа үнэ тогтоогоод тус үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллага газрын дуудлага худалдааны эрхийг бие даасан объект гэж үзнэ гэснийг зөрчиж дуудлага худалдааг хамтад нь явуулсан нь хүчин төгөлдөр бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд гэж заасан бөгөөд төлбөр төлөгч С.Г-ь, өмгөөлөгч Х.Даваасүрэн болон гуравдагч этгээдийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл, гомдол гаргаад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Дуудлага худалдааны ялагч нь 04 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн мөнгийг төлсөн байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага 04 дүгээр сарын 11-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх бичгүүдийг Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн газар болон Газрын алба руу хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ хэрэг түдгэлзсэн байгаа, нотлох баримт хавтаст хэргийг төв рүү татсан, прокурорын газар луу татсан гэх үндэслэлээр нотлох баримт, хавтаст хэрэгтэй огт танилцуулдаггүй. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хэрэг сэргэсэн байна гэсэн үндэслэлээр дуудсан. Тэр үед би хавтаст хэрэг, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоол, шинжээчийн дүгнэлттэй анх удаа танилцсан гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1675 дугаар магадлалаар С.Г-иас 271,572,950 төгрөг гаргуулж Б.Од олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, 42 тоотод байрлах 414 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310737331 дугаартай 400 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг талуудад 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/19800 дугаар албан бичгээр өгөхөд төлбөр төлөгч С.Г-ь нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан байдаг. Төлбөр авагч Б.О үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 304 дүгээр тогтоолоор М.О.Т ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21723 тоот албан бичгээр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулах мэдэгдэл болон тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр тус тус С.Г-ьт мэдэгдсэн. 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25656 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө болон газар нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/02 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1-135/32605 тоот албан бичгээр өмчлөх эрхийн гэрчилгээг албадан дуудлага худалдааны ялагчийн нэр дээр шилжүүлсэн. Мөн албадан дуудлага худалдааны орлого болох 262,550,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, төлбөр төлөгч С.Г-ийн төлсөн төлбөрийн зөрүү 7,450,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр авагч Б.Огийн дансанд тус тус шилжүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээнд хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар С.Г-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, Өнөр хороолол, 42 тоот хаягт байрлах 414 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310737331 /шинэ нэгж талбарын дугаар 1800301396/ дугаарт бүртгэлтэй 400 м.кв газарт явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/02 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/29 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/27 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эдгээр тогтоолыг үндэслэн явуулсан албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, Өнөр хороолол, 42 тоот хаягт байрлах 414 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310737331 /шинэ нэгж талбарын дугаар 1800301396/ дугаарт бүртгэлтэй 400 м.кв газарт үнэлгээ хийсэн М.О.Т ХХК-ийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, Өнөр хороолол, 42 тоот хаягт байрлах 414 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Гүльдарт буцаан шилжүүлж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэр, 2017 оны 184/ГХ2017/00072 дугаар гүйцэтгэх баримт бичгээр үүссэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21-12/1013 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаар шийдвэр, 2017 оны 184/ГХ2017/00072 дугаар гүйцэтгэх баримт бичгээр үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.    Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүгч зөвхөн

албадан дуудлага худалдаа болохоос өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үйл баримтыг дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байх ба албадан дуудлага худалдаанаас хойш явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаархи С.Г-ийн нэхэмжлэл, гомдолд ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн талаас шүүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэл бүрджээ гэж тайлбарлах үндэслэлтэй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэж хэргийг шийдвэрлэхдээ үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл бусдыг үндэслэлгүй хөрөнгөжүүлэх үйлдлийг уг шийдвэрээр гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгч нь хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахдаа нэмэлт тайлбар гаргах, нэхэмжлэлийн үндэслэл тайлбараа бүрэн тайлбарлаж ярих бололцоогоор хангалгүй их ярьж байна, ингэж ярих юм бол өнөөдөр энэ хэрэг шийдэгдэхгүй, нэхэмжлэлээ товчхон ярь гэх мэтээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг загнаж хурлын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Үүнд маш их гомдолтой байна. Иймээс хэргийн үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, дээрх хуулийн зүйл заалтуудыг үндэслэн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.Г-ь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, сэргээн явуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. С.Г-иас 270,000,000 төгрөгийг гаргуулж Б.Од олгохоор шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2016/00462 дугаартай шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москва гудамж, 42 тоотод байрлах, 414 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах, 400 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр үнэлүүлж, 521,100,000 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг Б.Батбаяр 262,550,000 төгрөгөөр худалдан авч ялагч болсон үйл баримт тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/29 тоот тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/27 тоот тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус шуудангаар хүргүүлсэн тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол хэрэгт авагджээ.

Иймд албадан дуудлага худалдааны товыг төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргаж болно. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан, төлбөр төлөгч нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан байна. Төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй, харин хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх тул дээрх хуульд зааснаар тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдөр буюу албадан дуудлага худалдаа явагдсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш гомдол гаргах хугацааг тоолно. Иймд гомдол гаргах хугацааг анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг шууданд хийсэн өдрөөс хойш тооцон гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/13 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байхад газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, сэргээн явуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч С.Г-ьт үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21723 тоот мэдэгдлийг мөн өдөр гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ. Төлбөр төлөгч дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21-12/1013 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг болон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москва гудамж, 42 тоотод байрлах, 414 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах, 400 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг С.Г-ьт буцаан шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж тус тус өөрчилж, 210,600 гэсний дараа төгрөгөөс 70,200 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, улсын орлогоос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г-ь нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН