Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0542

 

 

   

Ц.А, О.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.А, О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А, О.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр:

     1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 20.3 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй,

     2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй,

     3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай,

     4 дэх заалтаар: Нэхэмжлэгч Ц.А, О.Б нарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Г.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Гуравдагч этгээд Т.Б давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар өмчлөх эрх нь дуусгавар болсон гуравдагч этгээд Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, харин эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болох шинэ газар өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль болон хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэж, процессын ноцтой алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Б-ыг бусдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохоос эрх ашиг нь хөндөгдсөн газар өмчлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.

2. Анхан шатны шүүх нь 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс газар эзэмших эрх нь дуусгавар болсон, хуульд зааснаар хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө түүнийг сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, газрын албатай газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаажуулалт хийгээгүй, кадастрын зураггүй, бүртгэлгүй, газар эзэмшигчийн үүргээ огт биелүүлээгүй, тухайн газарт нэг өдөр ч амьдарч байгаагүй Ц.А-ыг буруутай гэж дүгнэсэн хэрнээ эдгээр баримт байхгүй нь дүүргийн газрын албаны буруутай ажиллагаа тул Ц.А-ыг шууд буруутгах боломжгүй юм гэж эсрэгээр дүгнэсэн нь ойлгомжгүй. Нөгөө талаас Ц.А нь дээр дурдсан үндэслэлээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

3. Иргэдэд газар эзэмших эрх олгосон 1995 ба 1996 оны үед кадастрын зураг байгаагүй ба нэгэн жигд 300-400 м.кв гэсэн ерөнхий хэмжээ зааж өгдөг байсан. Хил хязгаарыг хөршүүд хашаагаар заагладаг байсан. Харин 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Газрын тухай хуулиар газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг буюу кадастрын зургийг үйлдэж, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгэдэг болсон. Харин талийгаач Ж.А нь хуульд заасны дагуу кадастрын зураг хийлгүүлж, заагийг тэмдэглүүлэн, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаажуулалт хийлгэсэн нь хуульд заасныг биелүүлээгүй, газар дээрээ нэг хоног ч амьдраагүй зарим хүмүүсийн өмнө буруутай болсныг ойлгосонгүй.

4. Анхан шатны шүүх нь тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Ж.А-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь кадастрын зураглал, түүний бүртгэлээр ямар ч давхцал байхгүй байтал шүүх ямар ч нотлох баримтгүйгээр давхцал байна гэсэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талд үйлчилж, хөндлөнгийн байр сууриа алдсаныг гэрчилж байна.

5. Нөгөө талаас Ж.А нь газраа Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өмчилж авсан ба тэрээр 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Түүний өв нэг жилийн дараа нээгдэх хуультай ба 2011 оноос хойш 8 жилийн хугацаанд шударга өмчлөгч нар жил бүр бие биедээ 0,07 га газрыг дамжуулан худалдсан тохиолдолд хэчнээн гуравдагч этгээдүүд хохирч болохыг шүүх огт хайхарсангүй. Монгол улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул шүүхийн шийдвэрээр Ж.А-ын газрын хэмжээ 0,04 га болж багассанаар 8 хүн бие биенээсээ өмчилсөн 0,03 га газрын үнийн зөрүүг шүүхэд хандан нэхэмжлэх болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой зарчмыг шүүх анхаарсангүй.

Иймд давж заалдах гомдлын үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.А, О.Б нараас “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

1. Анх Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг үндэслэн иргэн Д.Т /Ж.А-ын нөхөр/-т гэр бүлийн зориулалтаар 300 м.кв газар /Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны /одоогийн 18 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамж, 000 тоот хашааны газар/ эзэмшүүлэх 00000 дугаар газар эзэмших үнэмлэхийг олгожээ.

Д.Т нь 1997 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тул түүний эхнэр болох Ж.А нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар шилжүүлэх тухай өргөдлийг, улмаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлөн авах тухай хүсэлт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70А тоот хашааны газар хэмжилтийн акт, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийн хавсарган 2003 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргажээ.

Тус өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны /одоогийн 18 дугаар хороо/ нутаг дэвсгэрт Бэлхи 37 дугаар гудамж, 70А тоот хашааны газар болох 700 м.кв газрыг Ж.А-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамж, 70А тоот 400 м.кв газрыг амины хашааны зориулалтаар нэхэмжлэгч Ц.А-д эзэмшүүлэхээр 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 00000 дугаар гэрчилгээг олгожээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ.

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Ц.А-д газар эзэмшүүлэхээс өмнө 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ж.А-т Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамж, 70А тоот газрыг өмчлүүлсэн болох нь нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.А-д 400 м.кв газар эзэмшүүлэх үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамж нь хавсралтгүй, тухайн үед газрыг иргэдэд эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа хавсралтгүй гардаг байсан гэх боловч 2003 оноос хойш Ц.А-ын нэр дээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр гаргасан нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж байхгүй, түүний нэр дээр нэгж талбарын дугаар бүхий газрын хувийн хэрэг үүсээгүй, хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгч Ц.А-ын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.А-ыг 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00000 дугаар гэрчилгээнээс өөр газар эзэмших эрх бүхий этгээд гэх нотлох баримт байхгүй байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсэг нь нэхэмжлэгч О.Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж ойлгохоор заасан.

Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 197 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Бэлхи 37 дугаар гудамжны 70Б тоот хашааны /одоогийн 18 дугаар хороо/ 400 м.кв газрыг анх нэхэмжлэгч О.Б-д эзэмшүүлэхээр газар эзэмших үнэмлэх олгосон байна.

Харин нэхэмжлэгч О.Б-д нь оршин суух газрын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамж, 70 тоот хашааны газрын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг зэргийг хавсарган, “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70 тоот хашааны газрыг эзэмших” тухай хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргажээ.

Дээрх хүсэлт болон кадастрын зургийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70 тоот хашааны 287 м.кв газрыг нэхэмжлэгч О.Б-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, түүнд нэгж талбарын 00000 дугаар бүхий 287 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Тодруулбал, нэхэмжлэгч О.Б нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70 тоот хашааны газрыг эзэмших хүсэлтээ 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Газрын албанд гаргахдаа газрын кадастрын зургийн хэмжээгээ 287 м.кв газар гэж өөрөө тодорхойлсны дагуу 287 м.кв газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд одоо эзэмшил газрын хэмжээ нь өөрчлөгдөөгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгч О.Б-ны газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70Б тоот 256 м.кв хашааны газрыг /одоо 18 дугаар хороо/ иргэн Г.Д-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Гуравдагч этгээд Г.Д нь “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхи 37 дугаар гудамжны 70Б тоот 256 м.кв хашааны газрын өмчлөх эрх хүчингүй болсон, одоо уг газартаа ямар нэгэн маргах зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Г.Д-д холбогдох хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй, энэхүү захирамжийн Г.Д-д холбогдох хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийг Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ц.А, О.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэн, “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, О.Б нарын “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтын дугаарыг “2” болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд Т.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Т.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР